Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргын томилгоог буюу нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна.
Таван нэр дэвшигчээс Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг Ж.Батбаясгалан авсан байна. Түүний араас Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нар саналын тоогоороо жагсчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдон өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа.
Намын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг авсан гурав дахь эрхэм нь Г.Төмөрбаатар. Тэрбээр дүүрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон явсан төдийгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Нийслэлийн МАН-ын хорооноос олонхийн санал авсан эдгээр 3 эрхмийг намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр нэрийг нь дэвшүүлсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурлаас дээрх гурван эрхмийн хэн нь дэмжигдэн НИТХ-ын даргад нэр дэвших нь удахгүй тодрох нь.