Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ дефолтод хөтлөх үү?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Намрын ажил, өвлийн бэлтгэл гээд ард түмэн чөлөө завгүй байгаа энэ үеэр Саарал ордонд эрх мэдэл хуваарилах тэмцэл үргэлжилж байна. Энэ дунд орхихгүй өнгөрч болохгүй сэдэв бол нэхэгдэх цаг нь хаяанд ирчихээд байгаа бондуудын төлбөр юм.

Бид Чингис бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард, Дим сан бондын төлбөр болох 160 сая ам.долларыг 2018 оны тавдугаар сард төлөх ёстой.

Энэ төлбөрүүдийн эх үүсвэр хуримтлагдаагүй байгаа бөгөөд Засгийн газраас шинэ бонд гаргах бэлтгэл ажил хийж байжээ.

Уг асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Манай валютын нөөц бага, төсвийн алдагдал өндөр хэвээрээ байна. Хэдийгээр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч бидэнд энэ төлбөрүүдийг нэг дор төлөх хуримтлал үүсээгүй байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Нөгөө талд бид байгаа боломжоо шавхаад энэ төлбөрүүдийг дотооддоо хийх юм бол эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сөрөг байх магадлалтай.

Тийм учраас бондын төлбөрүүдийг гадаад зах зээлээс санхүүжилт татах замаар хийх нь зүйтэй гэж үзсэн. Бондын бэлтгэл ажил эхэлчихсэн явж байна. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас болж бондын бэлтгэл ажлыг наймдугаар сарын 23-наас зогсоосон. Гол шалтгаан нь хөрөнгө оруулагчид цаашид Засгийн газар тогтвортой ажиллах уу, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил тууштай явах уу гэдэгт эргэлзэж байгаа учраас харзнах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

"Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас болж бондын бэлтгэл ажлыг наймдугаар сарын 23-наас зогсоосон"

Бондын төлбөрүүдийг төлж чадахгүй бол дефолт буюу дампуурал зарлах процесс руу орно. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу зөвхөн нэг бондод дампуурал зарлахгүй, бусад бүх бондууд оролцдог. Хоёрдугаарт олон улсын байгууллага, улс орнуудаас авсан зээлүүддээ дефолт зарлах нөхцөл рүү орох эрсдэлтэй” гэсэн юм.

Монголын эдийн засагт мөнгөний урсгал татарсан нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Мөн төр засгийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг түлхэх үндэслэл болдог. 

Тиймээс Засгийн газар огцрох асуудал яригдахын өмнө эдийн засагт нүүрлэж болох аюулын тухай эхлээд ярих ёстой гэдгийг сануулмаар.