Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оргил: Алтны төлбөрийг өдөрт нь шилжүүлж байна

Д.Оюун
2017 оны 8 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Алт ”хөтөлбөрийн талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодруулав.

-Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Алт” аяныг эхлүүлэх гэж байгаа юм байна. Энэ аянаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Алтыг Лондоны металлын биржийн ханшаар авдаг байх журам батлагдаад, хэрэгжиж байна. Аж ахуйн нэгж болоод иргэдэд хандан олборлосон алтаа Монголбанкинд тушаахыг уриалж байгаа юм. Ингэхдээ алтыг дэлхийн зах зээлийн үнээр авч байгаа гэдгийг дахин онцолъё. Мөн тушаасан алтны төлбөрийг өдөрт нь шилжүүлж байна.

Ер нь “Алт” аяныг хэрэгжүүлснээр алтыг зөвхөн Төвбанкиндаа тушаан иргэд, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, улмаар үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах боломжтой.

-Ипотекийн зээлд эзлэх чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хувь хэд байгаа вэ?

-Ипотекийн зээлийн хувьд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн үзүүлэлт 1.8 хувьтай байна. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 1.6 орчим хувьтай байсан. Түүнчлэн шинээр олгож буй ипотекийн зээлийн хэмжээ өнгөрсөн сартай харьцуулахад өссөн.

-Ам.долларын ханш чангарч эхэллээ. Алгуур буурч байсан ханш яагаад өсөх болсон бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үеэс эхлэн ам.долларын ханш чангарч эхэлсэн. Энэ нь зах зээл дээр богино хугацаанд үүссэн тодорхой бус байдалтай холбоотой. Ялангуяа сонгуулийн дараагаас эхлэн ам.долларын ханш чангарах нь гэх хүлээлт үүссэн. Гэтэл бодит байдалд манай валютын орох урсгал нь гарахаасаа их байгаа.

Тэгэхээр макро суурь хүчин зүйлтэйгээ харьцуулбал, төгрөгийн ханш сулрах нөхцөл үүсээгүй гэж харж байна. Тиймээс энэ байдал алгуур засагдах байх. Нөгөөтээгүүр төлбөрийн тэнцлийн статистикийг харвал, нийт төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан. Мөн хөрөнгө, санхүүгийн данс ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлт цаашид хадгалагдана гэж харж байна.

Зураг