Монгол улсад олимпын таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсөж байна.
Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр нь саяхан болсон ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарч, мөн БНСУ-д зохиогдсон “Корёо опэн” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин боллоо.
Ийнхүү тэрээр Дэлхийн таеквондогийн холбооны 8-р сарын Дэлхийн чансааны 54кг, 58кг жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан Олимпын чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28-рт эрэмбэлэгдлээ. М.Түмэнбаяр нь олимпын жиндээ шилдэг 32-т багтаж Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин боллоо.
Таеквондогийн спортын онцлог нь Олимпын чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпын чансааны эхний 6-д эрэмбэлэгдсэн тамирчид Олимпын наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпын эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпт оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.
Тэрээр есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Морокко улсад зохион байгуулагдах Rabat 2017 World Taekwondo Grand Prix тэмцээнд оролцох урилгаа гардаж аваад байна.
М.Түмэнбаярт болоод Монголын Таеквондогийн үндэсний шигшээ багийн нийт тамирчдадаа амжилт хүсье.