Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Баянхонгор, Хэнтий аймагт боллоо

ikon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ний үдээс өмнө Баянхонгорт аймгийн төвд зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш уг төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өрнөв.

 

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч баг хийсэн юм.

Тухайлбал, Улсын Их Хурлын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа. Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна.

Түүнчлэн Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэж төсөлд тусгагдсан. Энэ нь Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангах, парламентыг бодит мэдээллээр хангах, иргэдэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлын бодит нөхцөлийг илрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

 

Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг сонссон юм. Тухайлбал, Баянхонгор сумын 1-р багийн иргэн Баттөр, Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж болно, харин бусад гишүүд давхар алба хашиж байгаа нь төрийн ажлыг алдагдуулж байна гэлээ.

Түүнчлэн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд орон нутгийн 4-5 сумыг нэгтгэж, бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Шаргалжуут тосгоны иргэн Баярмагнай, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд “хот” гэдэг нэгж нэмэгдвэл тосгоныг хотын нэгжид хамруулах гэсэн санал хэлж байв. Учир нь одоогийн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд тосгон сумын нэгжид харьяалагддаг боловч хүн ам, газар зүйн хэмжээтэй харьцуулбал багаас том гэсэн санал хэлж байв.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг амжилттай өрнөж, тус хэлэлцүүлэгт 390 иргэн оролцсноос 318 саналын хуудаст саналаа өгөв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг Хэнтий аймгийн төвд эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан билээ.

Тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас 7 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт явуулж, хэлэлцүүлэг хийж эхлээд байна.
 
Өчигдөр (2017.07.31) эхний баг болох /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эхний сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгуулсан юм.

Ингээд хоёр дахь баг болох УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүгээр ахлуулсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.08.01) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулж байгаа юм. Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилсэн сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

 

Өглөө эхэлсэн сургалтыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Тулгуур Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дордуулсан гэж яригддаг долоон өөрчлөлтийг эс тооцвол өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт иргэдээ олноор оролцуулахыг зорьж байна. Энд саналаа өгсөн иргэдийн тоо бусад аймгуудаас илүү байгаасай гэж хүсч байна” гэв.

 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлсэн юм. Тэрбээр “Нийгэм, эдийн засгийн том өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулиндаа тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тогтолцооны хувьд өөрчлөлт хийх шаардлага бий.

Эцэг хуульд өөрчлөлт оруулаагүйгээс болоод УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах бололцоо алга. Жишээлбэл, хэт улстөржилт, төрийн албаны тогтворгүй байдал, Ерөнхийлөгч, УИХ-ын давхацсан эрх үүрэг гээд олон тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд ард иргэдийн саналыг авах нь чухал” хэмээн онцолсон юм.

Дараа нь Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

 

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх П.Амаржаргал хариуллаа.

 

 Асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явууллаа.

 Ийнхүү сургалт өндөрлөлөө. Үдээс хойш 13.00 цагт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн дунд хэлэлцүүлэг явагдана

 

 Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс