2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
17:00
S26
-7°
18:00
S26
-5°
19:00
S26
-3°
20:00
S26
-3°
21:00
S26
-4°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-7°
01:00
S26
-8°
02:00
S26
-9°
03:00
S26
-11°
04:00
S26
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байлаа

Б.Даваахүү
2017 оны 6 сарын 27
Монголын мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн  сонгууль болж, монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө өчигдөр сонголоо. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ дэлхий дахинаа танигдаж, байгалийн баялгийн арвин нөөцөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль ч олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байв.

Тэр дундаа Японы томоохон хэвлэлүүд манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж, өөр өөрийн өнцгөөс мэдээллийг хүргэж байсан билээ. Ингээд бид “Монгол дэлхийн хэвлэлд” буландаа гаднын хэвлэлүүдэд сонгуулийн талаарх мэдээлэл хэрхэн нийтлэгдсэнийг уншигчдадаа хүргэж байна.

NHK: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн 27-ны өглөө гарч магадгүй

Японы “NHK” агентлагийн цахим хуудаст Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлж байна. Түүнд “Монгол Улсад энэ сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан, ашигт малтмалын үнэ унасны улмаас эдийн засаг нь хямарч, санхүү, эдийн засгаа дахин сэргээхээр ажиллаж байгаа.

Хоёр удаа сонгогдож, нийтдээ найман жил төрийн тэргүүнээр ажилласан өнөөгийн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан явуулж буй Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд Монгол ардын намаас нэр дэвшиж буй бол Засгийн газрын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга хамгийн том сөрөг хүчин Ардчилсан намаас, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас тус тус нэр дэвшиж байна.

Нүүрс, зэс гэх мэт байгалийн арвин их баялагтай Монгол улс БНХАУ руу хийх экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж, 2011 оноос хойш гурван жил дараалан эдийн засгаа хоёр оронтой тоонд хүртэл нь өсгөж чадсан юм. Гэвч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн түүхий эдийн үнэ буурсны нөлөөгөөр Монголын эдийн засаг хямарч, өнгөрсөн жилийн байдлаар эдийн засгийн өсөлт нь 1 хувь хүртлээ буурсан юм.

Тиймээс сонгуулийн өрсөлдөөнд  эдийн засгийг дахин сэргээх асуудал голлох байр суурийг эзэлж буй бөгөөд эрх баригч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт татахаа амласан. Харин сөрөг хүчний нэр дэвшигч Х.Баттулга байгалийн баялгийн зөв зохистой ашиглалтад Засгийн газрын оролцоог бэхжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ гэдгээ амлаж байгаа бол МАХН-ны нэр дэвшигч С.Ганбаатар хөдөө аж ахуй, мал аж ахуйг сайжруулж, ажилгүйдлийн эсрэг бодлого явуулна гэдгээ амлаж байна.

Санал хураалт өнөөдөр өглөө 08:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн эртдээ гэхэд энэ сарын 27-ны өглөө гэхэд үр дүн нь олон нийтэд ил болох төлөвтэй байна.

asahi.com: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ард түмний тавих дүн болох юм

Японы алдартай өдөр тутмын сонин “Асахи”-гийн цахим хуудаст “Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд болно” гэсэн гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Энэхүү мэдээнд “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болно.

Эрх баригч МАН-аас УИХ-ын дарга 52 настай М.Энхболд, АН-аас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан 54 настай Х.Баттулга, МАХН-аас 46 настай С.Ганбаатар нарын гурван эрхэм нэр дэвшиж байгаа ч, М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд голлох өрсөлдөөн явагдаж байна. Улмаар энэ сарын 27-ны үүрээр гэхэд санал тооллогын дүн гарч магадгүй байна.

Монгол Улсын голлох салбар болох уул уурхайн салбар уналтад орж, өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт нь нэг хувь хүртлээ буурсан. Тиймээс нэр дэвшигчдийн гол амлалт нь санхүү эдийн засгийн байдлыг сэргээх, ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх асуудал болж байна. МАН өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар парламентын 80 гаруй суудлыг авч, үнэмлэхүй олонх болсон. Гэвч түүнээс хойш санхүүгийн хэмнэлтийн бодлого баримтлах болсон нь ард түмний дургүйцлийг төрүүлснээс гадна нэр дэвшигч М.Энхболдын талаарх авлигын  дуулиан дэгдсэн юм. Харин эсрэгээр  бизнесийн байгууллагад туршлага хуримтлуулсан Х.Баттулгын рейтинг өсөх хандлагатай болсон.

Монгол Улс нь парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай орон  бөгөөд улс төр дэх Ерөнхийлөгчийн эрх мэдэл бага.  Тиймээс энэ удаагийн сонгууль нэг талаар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт тавих ард түмний дүн болох  юм” гэжээ.

Nikkei: Шийдвэрлэх шатны сонгууль явагдаж болзошгүй

Эдийн засгийн “nikkei.com” сайтад Японы сэтгүүлч Шюнсүкэ Табэтагийн бичсэн сонгуулийн үр дүн, цаашид гарах үр дагаврын тухай сонирхолтой нийтлэл цацагдсан байлаа. Тэрхүү мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан даваа гарагт монголчууд гурван нэр дэвшигчдээс сонголтоо хийн, дараагийн шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

Сонгуулийн өрсөлдөөнийг өнөөгийн УИХ-ын дарга, эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд тэргүүлж байна. Түүнчлэн тэрбээр дэмжигчдийнхээ тоог улам ахиулахыг хичээж байгаа бол  өрсөлдөгч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга эх оронч залуусын дэмжлэгийг авахыг зорьж байна.  Тодруулбал, Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрөгч пүрэв гарагт хийсэн уулзалтынхаа үеэр “Би Монголын баялгийг гурван сая ард түмэндээ эргүүлэн авчрах болно” гэж хэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний дээд командлагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН ялалт байгуулсны  дараа нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байсан юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд төсвийн шинэчлэлийн төлөөх  “Эв нэгдэл”-ийг онцолж, гаднын хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэчлэлтийн талаарх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Эхэндээ тэрбээр сонгуульд ялах нь бараг тодорхой байсан. Гэвч, нийслэлийн албан тушаалыг үнэлэн наймаалцсан гэх авлигын дуулиан гарснаар дэмжигчдийнх нь тоо буурсан билээ. Саяхны олон нийтийн дунд явуулсан  санал асуулгын дүнгээс үзвэл М.Энхболд, Х.Баттулга нарын аль аль нь 30 гаруй хувийн санал авсан бол түүний араас С.Ганбаатар 10-20 хувийн санал авахаар байв.  М.Энхболдыг ихэвчлэн ахмадууд дэмжих хандлагатай байна.

Түүнчлэн, нэр дэвшигч С.Ганбаатар ч,  гадаадын байгууллагаас хандив авч буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор “үүлэн дээрээс унасан” юм.  Ингэснээр бизнесийн туршлагатай Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдсэн. Гэхдээ АН-ын нэр дэвшигч ч цэвэр байсангүй. Түүний талаар ОХУ-тай гүн харилцаатай, хилийн чанадад 898 сая ам.доллар нуусан гэх зэрэг мэдээлэл  гарсан.  

Ямартай ч, даваа гарагийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй тохиолдолд, хамгийн олон хувийн дэмжлэг авсан хоёр нэр дэвшигчийн хооронд шийдвэрлэх шатны санал хураалт болно. Ингэснээр 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш анх удаагаа  тус улсад шийдвэрлэх шатны сонгууль болох юм” гэсэн байв.  

Xinhua: Шинэ Ерөнхийлөгч 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавина

Манай урд хөршийн төрийн мэдээллийн “Шинхуа” агентлагийн сайтад “Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улсын ард иргэд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН болон МАХН гэсэн тус улсын гурван гол намаас нэр дэвшигчдийн төлөө 1.978.298 сая сонгогч саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 7:00 цаг эхэлсэн бөгөөд оройн 10:00 цагт дуусна.

Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо өрийн дарамтыг багасгах харилцан адилгүй арга хэмжээнүүдийг санал болгож байв. Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон сөрөг хүчний АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь Монголын эдийн засгийг тогтвортой болгох зорилгоор ОУВС тэргүүтэй олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас олгохоор болсон 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавих юм” гэх мэдээлэл нийтлэгдсэн байлаа.

Reuters: Зарим сонгогчид хоосон хуудас уншуулж байв

Ройтерс агентлагийн сэтгүүлч Терренс Эдвард, Иосеф Кампбелл нар доорх нийтлэлийг бичжээ. “Монголчууд даваа гарагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газраас дэвшүүлсэн эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, БНХАУ-ын улс оронд нөлөөлөх нөлөөллийн төлөө саналаа өглөө. Харин зарим нь эсэргүүцлээ илэрхийлж хоосон саналын хуудас уншуулж байсан юм. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ танигдсан байгалийн баялаг ихтэй Монгол улсын Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч гурвуулаа сонгуулийн үеэр авлигын хэрэгт нэр холбогдсон.

Нийслэл Улаанбаатар хотын санал авах хэсгийн хороонд очин,  хоосон хуудас уншуулаад гарч ирсэн 22 настай орчуулагч Хишигжаргал “Би үнэхээр сонгуульдаа оролцон саналаа өгөхийг хүсэж байна. Гэхдээ эдгээр гурван нэр дэвшигчийг алиныг нь ч дэмжмээргүй байна. Эцэст нь хэлэхэд, хэрэв хангалттай олон хүн хоосон хуудас уншуулбал, өөр сонгууль болох боломжтой” гэж Ройтерс агентлагт ярьжээ. Гэхдээ ихэнх сонгогчид эрх баригч МАН-ын нэр дэвшигч, хөрөнгө оруулалтад ээлтэй улстөрч  М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэсэн хүлээлттэй байна.

Гэхдээ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хангалттай санал авч чадсан тохиолдолд,  хоёр долоо хоногийн дараа шийдвэрлэх шатны санал хураалт болох юм. Улаанбаатар хотын зах хэсгийн сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгсөн 66 настай малчин Осоржамын Эрдэнэтүвшин “Миний хувьд хамгийн чухал нь агаарын бохирдол, улс орон, ард түмний амьдралын хөгжил, цэцэглэлт” гэж ярьжээ. Монгол Улс парламентын ардчилалтай. Өнгөрсөн жил шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын санал эдийн засгийн хямралаас улс орноо гэтэлгэх эрх баригч МАН-д тавих ард түмний дүнгийн  чухал барометрийн үүрэг гүйцэтгэх билээ” гэсэн байв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x