Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид нийтийн эрх ашгийн төлөө МАХН-аас гарлаа"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа талаар 12 гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.

БГД-ийн МАХН-ын дарга, дэд дарга, Бага чуулганы гишүүн Д.Батмөнх хэлэхдээ "МАХН гишүүдийнхээ эрх, үзэл бодлыг хорьж байна.

2016 оны сонгуульд МАН-тай эвсэн нэгдэж, оролцох гэж байсан. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 01-ний өдрийг хоёр намын төрсөн өдөр болгох, хамтран эвсэх гэх мэт зүйлсийг МАХН-ын удирдлагууд санаачилчхаад, иргэдэд хүлээлт үүсгэчхээд өнөөдөр эвсэхгүй хэмээн ярьж байна.

Аливаа намд хүсэл тэмүүлэлтэй, үзэл бодол, итгэл үнэмшилтэйгээр элсэн ордог. Гэтэл мянга мянган гишүүдийнхээ эрх ашиг, хүсэлтийг сонсохгүй байгаад МАХН болон МАН-ын зарим гишүүд эсэргүүцэж байгаа.

Иймд өнөөдөр намын удирдлага эвсэж чадахгүй юм бол гишүүд нь нийтийн, ард иргэдийн эрх ашгийн төлөө нэгдэж байна

МАН бол НҮБ-т Монгол Улсыг элсүүлсэн, ард түмнийг бичиг үсэгт сургасан, үндсэн хуулийг баталсан нам. Бид нэг том хүчээ дэмжиж, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө явах гэж байна.

Бид үндсэн эрхийнхээ дагуу, нийтийн эрх ашгийн төлөө МАХН-аас гарч байна" гэв.

Тус хэвлэлийн бага хурал дууссаны дараа МАХН-ын зарим гишүүд болон иргэдийн төлөөлөл эсэргүүцэл үзүүллээ.

 
 

МАХН-ын Бага чуулганы гишүүн А.Одончимэг хэлэхдээ "МАХН бол асар их хэлмэгдүүлэлт, тэмцэл дотроос нэрээ олж ирсэн. Миний хувьд тэмцлийн үеэс эхлэн МАХН-ын гишүүн байж ирсэн.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс бол над шиг эгэл жирийн тэмцэгч хүмүүсийн ачаар албан тушаал, нэр төртэй болсон. Д.Тэрбишдагва даргаас ОБЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга, Худалдан авах ажлын газрын даргын суудлыг авсан хүмүүс өнөөдөр манай мянгатуудын дарга нарыг мөнгөөр худалдан авч хурал хийлгэж байна.

Өмнө нь Д.Батмөнх Д.Тэрбишдагват хэдэн сая төгрөг өгөөд МХЕГ-ын дарга болсон гэж хэлж байсан. Манай намын гишүүд бүгд мэднэ.

 

Өмнө нь Н.Энхбаяр даргыг шоронд байх үед Д.Тэрбишдагвийг хүндэтгээд, намынхаа хамгийн өндөр албан тушаал болох шадар сайд гэсэн тушаалыг өгсөн. Гэтэл тэрбээр бүх агентлагуудын даргын албан тушаалыг өөрийн гэсэн хүмүүст өгч эхэлсэн. 

Өнөөдөр Ардын нам өөрөө нэр дэвшигчдээ багтааж чадахгүй байна. Нам эвсэх, салсан асуудал бол Н.Энхбаяртай ямар ч холбоогүй.

Өнөөдрийн үйл ажиллагааг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар Н.Энхбаяр даргыг ганцаардуулаад, МАХН-ын гишүүдийг аваад явъя гэсэн МАН-тай тохирч зохион байгуулж байна.

Маргааш бид хэвлэлийн хурал хийхдээ бүх мэдээллийг дэлгэх болно. Өнөөдөр МАХН-ын ирээдүй Н.Энхбаяр даргатай хамаагүй. Харин эгэл жирийн тэмцэгчидтэй холбоотой шүү" гэв.


МАХН-аас гарч байгаа 12 гишүүн

Д/д

Нэр

Албан тушаал

1

Д.Батмөнх

БГД-ийн МАХН-ын дарга, дэд дарга, Бага чуулганы гишүүн, Ардчилал, шударга ёс Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 

2

Т.Дуламдорж

МАХН-ын гишүүн, Бага чуулганы гишүүн, Ардчилал, шударга ёс Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

3

Д.Энхжаргал

МАХН-ын гишүүн, Бага чуулганы гишүүн, Ардчилал, шударга ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

4

Г.Энхтөр

МАХН-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ес” эвслийн бүлгийн Ажлын албаны дарга

5

А.Алаубек

Баян-Өлгийн аймгийн МАХН-ын дарга, МАХН-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

6

А.Үүрцайх

БЗД-ийн МАХН-ын дэд дарга, Бага чуулганы гишүүн

7

Ү.Тэгшбаатар

ЧД-ийн МАХН-ын нарийн бичгийн дарга, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Бага чуулганы гишүүн

8

Б.Цолмон

СХД-ийн МАХН-ын гишүүн, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

9

Ш.Дагва

БЗД-ийн 16-р үүрийн дарга

10

Ж.Төрмөнх

ЧД-ийн МАХН-ын Ардчилал, шударга ёс Монголын Залуучуудын холбооны тэргүүн

11

Л.Тэрбиш

ЧД-ийн МАХН-ын Ардчилал, шударга ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

12

Т.Цэдэндамба

МАХН ын гишүүн, Архангай аймгийн Засаг дарга асан