Уншиж байна ...

Бразилд зохион байгуулсан Мадоннагийн үнэ төлбөргүй тоглолтыг 1.6 сая хүн үзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Америкийн поп хөгжмийн од Мадонна өөрийн тоглолтыг Бразилын Рио де Жанейро хотын алдарт Копакабана наран шарлагын газарт үнэ төлбөргүй зохион байгуулсан юм.

Энэ нь түүний “Celebration” дэлхийг тойрсон аялан тоглолтын хаалт байжээ.

Тоглолтыг үзэхээр нийтдээ 1.6 сая орчим хүн далайн эрэг дагуу цугларсан байна.

Үзэгчдийн зарим нь сайн байрлал олж авахын тулд хэдэн цаг, бүр хэд хоногийн өмнө энд ирж байрлажээ. Баян чинээлэг үзэгчид хувийн хөлөг онгоцоо хэдэн өдрийн өмнөөс эрэгт байрлуулсан байна.

Тоглолтын өдөр агаарын температур Цельсийн 30 хэм давж халсан тул гал сөнөөгчид үзэгчдийг сэрүүцүүлэх зорилгоор ус шүршиж, ундны ус тарааж байв.

зураг
 

65 настай Мадонна энэ орой 10:45 цагаас эхлэн хоёр цагийн турш “Like a Prayer”, “Vogue”, “Express Yourself” зэрэг хит дуунуудаа дуулжээ.

Бразилын поп дуучид болох Анитта, Пабло Виттар нар болон самба сургуулийн залуу уран бүтээлчид Мадоннагийн тоглолтод оролцсон байна.

“Далайтай, уултай, Есүстэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот Риод бид байна” гэж Мадонна үзэгчдэд хандан хэлж байв.

Рио де Жанейро хотын алдарт Есүс Христийн гараа алдалсан хөшөөг тэр ингэж хэлсэн байна.

Хотын эрх баригчид тоглолтын эргэн тойронд 3,000 гаруй цагдааг ажиллуулжээ.

Тоглолтын зохион байгуулалтад өөрийн төсвөөс 20 сая реал ($3.9 сая) зарцуулснаа Рио хотын захиргаа мэдээлсэн байна. Үлдсэн хэсгийг ивээн тэтгэгчид гаргажээ.

Мадоннагийн тоглолт Риогийн эдийн засагт 300 сая реалийн ($60 сая) хувь нэмэр оруулах тооцоо гарсан байна.

 

Эх сурвалж: CNN