Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас ₮27.6 тэрбумыг хэмнэхээр тусгасан

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны үеэр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ "НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр 429.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалахаар төсвийн төсөлд тодотгол хийсэн.

Гэвч Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг СЗХ-ноос түр хойшлуулсантай холбогдуулан урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл бий болсон тул "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл"-ийг арваннэгдүгээр сарын 2-нд НИТХ-ын даргад өргөн барьсан гэдгийг танилцуулгын эхэнд онцлов. 

Иймээс 429.1 тэрбум төгрөгөөр бууруулан тооцож, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн тодотголын төсөвт тусгалаа.

Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээр 2023 онд санхүүжүүлэх сургууль цэцэрлэгийн бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Иймд Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцсон. Үүнд

  1. Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг
  2. Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын зардлаас 1.1 тэрбум төгрөг
  3. Нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн арга, хэмжээний зардал 7.8 тэрбум төгрөг
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон 10.8 тэрбум төгрөг
  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу нүүн шилжихээр төлөвлөсөн 800 сая төгрөгийн хэмнэлт хийхээр төлөвлөсөн.

Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний эхний арван сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл арга хэмжээний санхүүжилт болох зургаан тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу төсөл арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг буюу нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар тооцов.

Санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээний нийт төсөв 42.8 тэрбум төгрөг байна. Үүнд

  1. Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй  шаардлагатай - 27.6 тэрбум төгрөг
  2. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан шаардлагатай тусгай зориулалтын машин механизм - 14.4 тэрбум төгрөг
  3. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил - 800 сая төгрөгөөр тус тус санхүүжихээр тусгалаа. 

НИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье" хэмээв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/khural.ulaanbaatar.mn/videos/1726398577836021