- Зуданд өртөж, амьжиргаагаа алдах аюулд өртөөд байгаа малчдад олон улсын байгууллагуудын тусламж шаардлагатай байна -
Монгол Улс дах Нэгдсэн Үндэстний Байгууллага зуданд хамгийн ихээр өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сан /CERF/”-гаас босгосон байна.
НҮБ-ын Суурин Зохицуулагч хатагтай Биата Транкман "Энэ тусламж зуд, гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн 4,390 малчин өрхөд чиглэнэ. Ингэхдээ амьжиргаа нь эрсдэлд орсноос сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлэх, хамгаалахад тус дөхөм болно." гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас зуданд нэрвэгдсэн аймаг, сумдад боогдсон зам нээх, түргэн тусламжийн машин нийлүүлэх, өвс тэжээлийг үнэгүй болон хөнгөлттэй үнээр тараах, тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх зэрэг ихээхэн хэмжээний дэмжлэгийг үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь буюу 339 сум зудтай болон зудархуу байна. Зуд нь зөвхөн Монгол Улсад л тохиолддог, тодорхой хугацаанд давтагддаг үзэгдэл бөгөөд өмнөх зун нь гантай байж, өвөл нь цаг агаар эрс хүйтэрч -40° C аас -50° C хүрч, цасны зузаан 10-350 см болсноос бэлчээр доройтож, ус хомсдсоноос мал эцэн олноор хорогдох нөхцөл байдал үүсдэг.
Түүнчлэн Номхон далайн Экватор дээрх хэсгийн төв болон баруун хагаст далайн гадаргын болон далайн гүний температур олон жилийн дундажтай харьцуулахад нэмэгдэж, дулаарах үзэгдэл буюу EL-Nino нь 2015 оны зун ган болоход нөлөөлсөн ба улмаар улаан буудайн ургац төдийгүй зарим газрын бэлчээрийн гарцыг 40 хувиар бууруулсан гэсэн үзүүлэлт гарчээ.
Энэ оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар 211 сумд өвөлжилт хүндэрч, 225,788 хүн буюу 62,719 малчин өрх /нийт малчин өрхийн 41%/ хүнд зутруу өвөлжиж байна. Эдгээр иргэдийн дотор ТАВ хүртэлх насны хүүхэд 28,290, жирэмсэн эх 3,340 байна. Мөн энэ 98 суманд амьжиргааны түвшин нь хүнд байдалд орсон, хамгийн эмзэг бүлэг тооцогдож байгаа, 100-с доош малтай малчин өрх ойролцоогоор 11,800 байна.
Хэт хүйтэрч, цас ихээр унаж, цасан шуурга болсноос малын хорогдол 2016 оны 1-р сард 40,000 байсан бол 2016 оны 3-р сарын 10 гэхэд 10 дахин нэмэгдэж 359,981 болсон. Сульдаж, өлссөн мал хавар олон тоогоор хорогдох аюул байгаа ба малын хорогдлын тоо 1.2 саяд хүрч болзошгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!