Орон нутагт интернэтийн "ИЖИЛ ҮНЭ - ТЭГШ ХУРД"-ын нээлт өнөөдөр Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газарт боллоо.
Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф буурсанаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний чанар дээшлэх нөхцөл бүрдэж байна. Мөн үүнээс гадна хөдөө орон нутаг, хот суурин газарт газарзүйн байршлаас үл хамааран интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдэж байгааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.
Мэдээлэл холбооны сүлжээ компани нь өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 аймгийн төвийг 1Гбит/с багтаамжтай сүлжээнд холбожээ. Үлдсэн аймгуудыг дөрөвдүгээр сарын 1-ний дотор холбох юм байна.
д/д | Аймгийн нэрс |
---|---|
1 | Архангай |
2 | Баянхонгор |
3 | Булган |
4 | Говьсүмбэр |
5 | Дархан-Уул |
6 | Дорноговь |
7 | Дорнод |
8 | Дундговь |
9 | Орхон |
10 | Өвөрхангай |
11 | Өмнөговь |
12 | Сүхбаатар |
13 | Сэлэнгэ |
14 | Төв |
15 | Хөвсгөл |
16 | Хэнтий |
д/д | Аймгийн нэрс |
---|---|
1 | Баян-Өлгий |
2 | Говь-Алтай |
3 | Завхан |
4 | Ховд |
5 | Увс |
Интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф буюу интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд /ISP/ нийлүүлэх үнэ тариф:
Хурд | Хуучин үнэ тариф (төгрөг) | Шинээр мөрдөх үнэ тариф (төгрөг) |
---|---|---|
1Мbps | 160,000 | 80,000 |
2Mbps | 320,000 | 160,000 |
Хөдөө орон нутагт интернэтийн хурд 3 дахин нэмэгдэж байна.
Хурд | Web хуудас унших (1.4Mb) | 3 минутын дуу (4Mb) | 3 минутын видео (10 Mb) |
---|---|---|---|
300kbps (Өнгөрсөн) | 40 секунд | 120 секунд | 270 секунд |
1Mbps (Одоо) | 11 секунд | 32 секунд | 80 секунд |
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь харилцаа холбооны төрийн эзэмшлийн үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг бөгөөд өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан 178,421 км шилэн кабелийн сүлжээг хариуцан ажиллаж байна.
Тус компанийн үндсэн сүлжээ нь газар зүйн байршлын хувьд зүүн, төв, баруун чиглэлээр шилэн кабелийн цагираган сүлжээ буюу тойруу холболт үүсгэн ажилладаг. Уг сүлжээг ашиглан интернэт, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлгийн болон бусад үйлчилгээг орон нутагт хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг.
Өнөөгийн байдлаар үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа нь хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүрэлцээгүй байна.
Монгол Улсын Засгийн газраас дээрхи нөхцөл байдлыг шийдвэрлэх санхүүгийн болон хууль, эрх зүйн нөхцөл боломжийг 2016 оны 123 тоот тогтоолоор шийдвэрлэж уг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар үүрэг болгосон.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байгаа аж.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!