2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт Засгийн газар, Ажил Олгогч Эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард гарын үсэг зурсан. Гэвч энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл биелэлээ олсонгүй. Иймд МҮЭХ-ныхон Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж үзэж өнөөдөр тайван жагсаал хийв.
Жагсаалын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,
-Иргэдийн орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдсэн гэдэг тооцоо судалгааг ҮСХ-ноос гаргажээ. Тухайлбал, өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсч, 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55.8 хувиар, хоёр өрөө байрны төлбөр 56.4 хувиар, гурван өрөө байрны зардал 86.1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөн байна.
Их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөн.
Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажиллагчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг МҮЭХ-ныхон шаардаж байна.
Өнөөдрийн жагсаалд эмч, багш, төрийн албаныхан гээд нийслэлийн дүүргүүд, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн төлөөлөл оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байна.
Бид Засгийн газраас үйлдвэрлэл үйлчилгээний уналтыг бууруулах, өсөлтийг дэмжихийн тулд төрөөс тогтоодог эрчим хүч, дулааны суурь зардлуудыг зохистой түвшинд байлгах, гадаад зах зээлийн үнийн хямдралтай уялдуулан дотоодын бензин, түлш шатахууны үнийг бууруулах, ажлын байрыг шинээр буй болгохын тулд татвар, хөрөнгө оруулалт, зээл эргэлтийн хөрөнгөөр дэмжин эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлж байна гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!