ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эндрью Вүдлэй: Компани өр, төлбөрөө төлж дуусмагц л ногдол ашиг тарааж эхэлнэ

Д.Мөнхчимэг
2015 оны 5 сарын 21
iKon.MN

iKon.mn  “Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Эндрью Вүдлэйгийн ярилцлагыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцсон гэдгээ олон улсын хэмжээнд зарлаж, Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан билээ. 

Ингэснээр 22 сарын турш гацаанд байсан энэ асуудлын эхний бөгөөд томоохон зангилааг тайлав. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хасах үзүүлэлттэй болж, зах зээл мөнгөний хомсдолд орсон энэ үед үүнээс сайн мэдээ юу байх вэ.

Гэвч далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 4.9 тэрбум ам.доллар байх уу, зургаан тэрбум байх уу гэдгээс эхлээд “Оюу Толгой” болон “Эрдэнэс Оюу Толгой” компанид ногдох өр, төлбөрийн хэмжээ нэмэгдсэнээр бидний ногдол ашиг авах хугацаа дахиад л хойшлох уу зэрэг олон асуулт толгой гашилгаж буй.

Энэ бүхэнд хариулт авахын тулд “Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Эндрью Вүдлэйтэй ярилцлаа.

 

-“Оюу Толгой”-н хувь нийлүүлэгчид Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан нь энэхүү төсөлд ямар нөлөө үзүүлэх вэ. Далд уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарлаа гэж ойлгож болох уу? 
- Тийм ээ, Монгол Улсын Засгийн газар, “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto”-гийн зүгээс энэхүү төлөвлөгөөг баталж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр "Оюу Толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх зам нээгдэж байна. Энэ бол бидний хувьд маш сайн мэдээ. 

- Гэвч шинэчилсэн ТЭЗҮ-ийг хараахан эцэслээгүй байгаа. Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөс энэхүү бичиг баримтыг батлахад ихээхэн хугацаа зарцуулж байгаа тал дээр Та ямар бодолтой байна вэ? 
- Энэ бол олон улсын хэмжээний нэлээд том төсөл. Бид багаар бодоход 50, магадгүй 100 жил ашиглах нөөцийн тухай ярьж байна. Үүнд олон тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах шаардлагатай. Тиймээс санхүүжүүлж, бүтээн байгуулж, үйл ажиллагааг нь явуулах гэдэг нүсэр, том ажил.

Хувь нийлүүлэгчдэд, ажилчдад, ер нь бүх талд ойлгомжтой байх төлөвлөгөө боловсруулж, батлахад мэдээж цаг хугацаа шаардлагатай. Тэгээд ч далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоогоод хэдэн жил болсон учраас ТЭЗҮ-ийг шинэчилж, батлах тал дээр ажиллах нь зүй ёсны хэрэг. Энэ тал дээр хамгийн сүүлийн тооцооллыг гаргаж хийх нь чухал. 

Бид багаар бодоход 50, магадгүй 100 жил ашиглах нөөцийн тухай ярьж байна

-ТЭЗҮ-ээс гадна "Оюу Толгой"-н хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд өөр шийдэх асуудал бий юу?
- Өмнө нь хэлсэнчлэн, гэрээ байгуулснаар далд уурхайг урагшлуулах зам үндсэндээ нээгдсэн. ТЭЗҮ-ийг эцэслэж, батлахаас гадна санхүүжилт олгох талуудтай хэлэлцэх, тохиролцох асуудал мэдээж маш чухал. Эдгээр асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх тал дээр хувь нийлүүлэгчид тохиролцсон байгаа. 

- 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгох баталгааны хугацаа өнгөрсөн есдүгээр сард дууссан. Тэдгээр банк одоо санхүүжилт олгоход бэлэн гэж Та бодож байна уу. Эсвэл төслийн санхүүжилтийн тал дээр шинэ төлөвлөгөө хэрэгтэй юу?
-“Оюу Толгой”-н хувь нийлүүлэгчид боломжит санхүүжүүлэгчидтэй холбоо, харилцаатай хэвээр байгаа. Гэвч энэ асуудал их удаан хойшлогдсон учраас тодорхой бус болсон байх. Ямар ч байсан одоо далд уурхайн ажлыг урагшлуулах тал дээр эерэг мэдээлэл цацагдсан учраас энэ асуудлыг аль болох хурдан шийдэх боломжтой гэж найдаж байна. 

- Татварын маргааныг шийдсэн гэж бидэнд мэдээлсэн. Тэгэхээр “Оюу Толгой” 30 сая ам.долларын торгуулиа төлөхөөр болсон гэж ойлгож болох уу?
- Тийм ээ, энэ тухай олон нийтэд зарласан. 30 сая ам.долларыг бид төлнө. Татварын асуудлыг ингээд шийдсэн. 

30 сая ам.долларыг бид төлнө. Татварын асуудлыг ингээд шийдсэн

- Мөн дээрх гэрээний хүрээнд “Оюу Толгой” таван хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялтийг нийт орлогоосоо төлөхөөр болсон гэх мэдээлэл бий. Ингэснээр манай Засгийн газарт төлөх роялтигийн хэмжээ нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
- Энэ тухай “Turquoise Hill Resources” компани албан ёсны хэвлэлийн мэдээлэлдээ тодорхой мэдээлсэн байгаа. Энэ нь манай хувь нийлүүлэгчийн асуудал учраас би нэмэлт тайлбар хэлмээргүй байна л даа. 

- Далд уурхайн хөрөнгө оруулалтыг сэргээснээр “Оюу Толгой”-н өр дахиад нэмэгдэнэ, тийм үү? 

- Тийм ээ. Гэхдээ “Оюу Толгой” үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөх боломжтой болно. Далд уурхай ашиглалтад орсноор энэ төслийн нас нэмэгдэж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болох юм. Өөрөөр хэлбэл, багаар бодоход 50-иас олон жил ашиглах, олон үе дамжин үр ашгаа өгөх төсөл болно. Ил уурхайн хувьд эдгээр боломж хаалттай байгаа шүү дээ. 

-“Оюу Толгой”-н өр нэмэгдэхээр тэр бүхнийг төлж дуусгахад хэр их хугацаа шаардлагатай гэж Та бодож байна вэ?
- Мэдээж бид аль болох эрт л дуусгахын төлөө ажиллаж байгаа. Гэхдээ энэ бүхэн зах зээл, үнэ ямар байх, компанийн ашиг, орлого ямар байхаас хамаарна. 

-“Оюу Толгой” бүх өр, төлбөрөө барагдуулж байж л ногдол ашиг тараах учраас би үүнийг ахин дахин асуугаад байна л даа. Мөн “Эрдэнэс Оюу Толгой” Монголын талын 34 хувьд ногдох хувьцааны санхүүжилтийг хөрөнгө оруулагч талаас зээлчихсэн. Ингээд бодохоор монголчууд “Оюу Толгой”-гоос хэзээ ч ногдол ашиг хүртэхгүй гэж яриад байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
- Компани өр, төлбөрөө төлж дуусмагц л ногдол ашиг тарааж эхэлнэ шүү дээ

 

"ТЭЗҮ гэдэг чинь тухайн цаг үеийнхээ л хамгийн сайн тооцоолол юм"

 

- Далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх тухай ярьж эхэлчихээд байгаа ч үүнд яг хэчнээн их хөрөнгө зарцуулах нь одоог хүртэл тодорхойгүй байна. “Turquoise Hill Resources” компанийн зүгээс өмнө нь 4.9 тэрбум ам.доллар гэж байсан бол манай Ерөнхий сайд зургаан тэрбум ам.доллар гэж яриад байгаа. Аль нь зөв тоо юм бэ?
- Аль талаас нь харж байна вэ гэдгээс хамаарна. Зарим нь өмнөх зарлагыг үндэслээд нэг тоо гаргаж ирдэг. Ирээдүйн өртгийг яривал бас нэг өөр тоо гараад ирнэ. Хэн, аль талаас нь харж, ярихыг зохицуулж болохгүй шүү дээ. Гэхдээ ТЭЗҮ-ийг эцэслээд, баталчихвал бүх зүйл тодорхой болоод ирнэ. 

- Өмнө нь ил уурхайн хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар байна гэж байснаа 50 гаруй хувиар хэтэрсэн нь хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцлын нэг шалтгаан болсон. Энэ удаад тийм зүйл болохгүй, төслийн өртөг заасан хэмжээнээсээ хэтрэхгүй гэсэн баталгаа бий юү?
- Ямар ч томоохон төслийг авч үзсэн тийм баталгаа гэж байдаггүй. Учир нь, ТЭЗҮ гэдэг чинь тухайн цаг үеийнхээ л хамгийн сайн тооцоолол юм. Энэ өртөг буурч ч болно, өсөж ч болно. 

- Далд уурхайн санхүүжилтийг зогсоосноос хойш Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар, одоо бүр хасах үзүүлэлттэй болоод байгаа. Энэ ажлыг эргээд сэргээснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
- Шууд хөрөнгө оруулалт мэдээж өснө. Бүтээн байгуулалтыг дагаад ажлын байрны тоо нэмэгдэнэ. Энэхүү шууд үр дүнгээс гадна бусад салбарт, тухайлбал ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ. Тэд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжээд ирэхээр төсөв, татварын орлого ч нэмэгдэх сайн талтай. 

 Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд гурван мянга орчим ажлын байр бий болох тооцоо бий

- Оюу Толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг зогсоох үед 1700 орчим хүн ажлын байраа алдсан гэх мэдээлэл бий. Одоо бол хэчнээн хэмжээний ажлын байр бий болох боломжтой вэ?
- Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд гурван мянга орчим ажлын байр бий болох тооцоо бий. Дараа нь далд уурхайг ашиглалтад орох үеэр хэчнээн ажлын байр хэрэгтэйг тэр цаг үе нь дөхөөд ирэхээр тодорхой болгох болов уу. 

- Далд уурхайг ашиглалтад оруулахад хэр их хугацаа шаардлагатай вэ?
- Бүтээн байгуулалтыг хийгээд, үйл ажиллагааг нь нээтэл 5-7 жил болно. 

-“Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастян Жак дэлхийн зах зээл зэсийн хомсдолд орох хугацаа наашилж байгаа тухай ярьж байсан. Чилийн “Codelco” компанийн гүйцэтгэх захирал Нелсон Пиззаро хомсдол нүүрлэснээр тонн зэсийн үнэ ойрын таван жилд 11 мянган ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байдгаа илэрхийлсэн. Харин Та ямар бодолтой байгаа вэ? 

Бүтээн байгуулалтыг хийгээд, үйл ажиллагааг нь нээтэл 5-7 жил болно

- “Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал зэсийн зах зээлийн талаарх таамаглал нааштай байгааг ярьсан л даа. Үнэхээр ч энэ тал дээр судлаачид олон таамаг дэвшүүлж, ерөнхийд нь харвал төлөв байдал эерэг байгаа. Зэсийн үнэ ойрын хугацаанд сул байх боловч урт хугацаанд сайжрах төлөвтэй байна. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ миний хувьд ирээдүйг хараад, ямар нэгэн тоо хэлэх боломжгүй, зохисгүй л дээ. 

-“Оюу Толгой”-н далд уурхай ашиглалтад орох үеэр зах зээл хомсдолд орж, үнэ огцом өсөх аз таарах болов уу?
-Тэгвэл үнэхээр сайхан хэрэг болно. Олон тэрбум ам.доллар зарцуулж байж үйл ажиллагааг нь эхлүүлэх үеэр зах зээл сайн, үнэ өндөр байвал мэдээж бүх талдаа л ашигтай. 

 

Ярилцсан:  Д.МӨНХЧИМЭГ - news@iKon.mn

Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР - MPA.mn 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [76.245.193.126] 2015/5/21
Ene bol luivar gedeg n haragdaj bna.Tuhai burtee uur yum yariad, tuhai burd n zardalaa zohiomloor usguud, tuhai burd n ih hural zasagiig lobbidood,Tuhai burd n orl8goo nuuj, tatvaraa hasuulah l dur zurag bna. NEG CH TODORHOI YUM BAIHGUI BUGD BITUU. Luivar hiih undsen nuhtsul bol buh yum todorhoi bus vaih shuudee. Suuld n tuuniigee uursdiinhuu sanaagaar tailbarlaad yavchdag.Jisjee n 30 saya dollariin tatvar avahaat bolson geed baigaa bolovch tsaana n 300 saya $iin aldagdaltai tohiroltsoo hiilgeh mayagaar l baruuniihan ajilladag. Ted delhiig suuliin 200 jil shulsan arvin turshlaga bii.Afrikiin araas orloodoo.heden balgas,hazgai murui zam tavisan bolood hamag bayalgiig n hovh sorood alga boldog.hamt luivat hiisen Bayartsogt shig humuus n gadagshaa zugtaad alga boldog afrik zagvar bii. Odoo Sanjiin Bayar,Zorigt ,bayartsogt nar zah zuh n iletch ehellee.Mongolchuud bolazi tsaraitai afrik,tsiganuud bolohoor baruuniihan tedneer amarhan toglodog.
1 | 1 Хариулах
юун сүртэй юм [150.129.140.19] 2015/5/21
онцгой эрхтэйгээр хүргэж байна ч гэх шиг. олимпийн дамжуулалт байгаа биш дээ. тэнэг.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.225] 2015/5/21
битгий атаарх
0 | 0 Хариулах
Зочин [202.70.41.146] 2015/5/21
харин тийм. Энэ шал тэнэг сайт шүү дээ.
0 | 0 Хариулах
Төр [165.228.37.246] 2015/5/21
Ер нь яагаад Засгийн газар энэ том компаниудтай хэлэлцээ хийгээд байдгийг огт ойлгохгүй юм. Нэг компани л төлөөлөх ёстой шүү дээ. Эрдэнэс Оюутолгойд хамаг зүйлсээ даалгаад тэрэнд нь улстөрчид нь орж хутгалдахгүй л явах ёстой баймаар. Өөрсдөө нэг компанийн аж ахуйн ажилд орж ирчихээд дараа нь олон долоо жижиг сажиг юм донгодоод байхаар Риогийн зүгээс манай ЗГ-г ямар нүдээр харах нь ойлгомжтой ш дээ
1 | 1 Хариулах
Зочин [150.129.143.125] 2015/5/21
us uneher asuudal bolj medeheer bgaa,, uuniihee une haniig sain tusgah heregtei l dee,,!
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.118] 2015/5/21
Хувьцааны ашигаас наана юутай ч ажлын байр нэмэгдэнэ, ханган нийлүүлэгчид хөдалгөөнд орно, эрх биш хөрөнгө оруулалтанд зориулагдахаар доллар орж ирэх юм л гэж үр ашгийг нь хараад бгаашд, түүнээс биш ашиглалтанд ортлоо 5-7 жил, ашигтай ажилтлаа бүр хэдэн жилч юм, ингэж их хугацаа зарцуулдаг ажлуудыг хэдэн жилээр нь гацаадаг, үнэхээр цаг хугацааны мэдрэмжгүй хүмүүсийн л хийдэг ажил бхдаа
3 | 0 Хариулах
Зочин [103.229.176.166] 2015/5/21
ИРЭХ 10 ЖИЛ УСНЫ ТӨЛӨӨ БАРАГ ДАЙТАХ ГЭЭД БАЙХАД, ТЭР ЗЭСНЭЭС АВАХ ӨЧҮҮХЭН ТАТВАР ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ
4 | 5 Хариулах
Яахав [125.35.60.153] 2015/5/21
Гэрээ зурагдсан нь сайн мэдээ, гэвч манай тал нөхцлөө сайжруулж чадсан гэвэл юу л бол. Роялти тэртэй тэргүй борлуулалтын орлогоос л төлдөг, эсвэл өөр байсан юм уу. Риогийн мэнэжмэнтийн төлбөр нийт зардлын 6% хэвээрээ л байгааг харвал за яахав дээ, явуулахаас даа л гэрээ болсон юм уу гэж санагдаг, нарийн зүйлийг нь мэдэхгүй болохоор ийм л сэтгэгдэл төрлөө.
1 | 0 Хариулах