Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

20 ЖИЛ ТАСАРСАН МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙН КИНО …

Ч.Болортуяа
2015 оны 5 сарын 14
IKON.MN

     

        Монголын анхны олон ангит, анимейшн хүүхэлдэйн кино гарах гэж байгаа тухай iKon.mn сайтын “Өглөөний хүн” булангийн зочин Ч.Лодойравсалын ярилцлага-нд дурдагдсан билээ.

Энэхүү хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги ирэх сарын 1-н буюу Хүүхдийн баяраар олон нийтэд хүрэх гэж байна.

Анхны олон ангит, 3 хэмжээст загварчлалаар хийгдсэн, дээрээс нь Монгол сэтгэлгээг шингээсэн зэрэг олон зүйлээрээ сонирхол татах тус бүтээлийн талаар нэхэн сурвалжлах хүсэлтийг энэхүү Төслийн удирдагч, продюсер  Ч.Лодойравсалд тавьж түүхэнд бичигдэх багийнхантай уулзлаа.

 

20 ЖИЛ ТАСАРСАН НЬ …

 

Ардчилсан хувьсгалын дараагаар Монголын үйлдвэрлэлийн салбар нуран унахтай зэрэгцэн бодлогоор хэрэгжиж байсан Монгол контент буюу Монголын оюуны их үйлдвэрлэл ч тухайн цаг үед сүйдэн алга болжээ.

Монгол кино үйлдвэрлэл, хүүхэлдэйн кино бүтээх их үйл явц нэг л өдөр зогсож уран бүтээлчид нь хаа ч юм бүү мэд өөр өөрсдийн амьжиргааг залгуулахаар таран одоцгоожээ.

Харин социализмын үед хийгдэж байсан бүх л хүүхэлдэйн кинонд гар бие оролцож явсан Ү.Болдсайхан гуай 20 жилийн дараа дахин Монгол хүүхэлдэйн кино хийх ажилд оролцож байгаа нь үнэхээр олзуурхууштай байлаа.

Үнэнийг хэлэхэд Монголд хүүхэлдэйн кино хийж байсан мэргэжилтнүүд тал тал тийшээ таран одоцгоож энэхүү салбар эзэнгүй болоод 20 гаруй жил болжээ. Дээрээс нь хүүхэлдэйн кино бүтээх үйл явц хөгжлийн тэс өөр шатандаа явж буй.

Бүх л дүрүүдээ өөрсдийн гараар урлан бүтээж, харандааны үзүүрээр баатруудаа амилуулж байсан тэдний ажлын арга барил өнөөдөр зөвхөн компьютерийн хулганыг л ашиглаж чадвал гайхамшигтай бүтээл туурвих боломжтой цаг хугацаанд ирээд байна. Яг л цаг хугацааны машин мэт өчигдөр хийж байсан бүхэн нь түүх болон үлдэж өнөөдөр шал өөр ажлын орчинд ажиллах сорилт хуучин үеийн уран бүтээлчдийн өмнө 20 жилийн дараа тулгарчээ. Гэхдээ шинэ чадварыг Ү.Болдсайхан гуай дор нь эзэмшиж аль хэдийнэ өөрийн шавиа бэлдээд эхэлсэн нь үнэхээр сайхан байлаа.

Хамгийн гол нь Монголын хүүхэлдэйн киноны салбар 20 гаруй жил тасарсан учраас энэ талын боловсон хүчин гэх хүнгүй болжээ. Уг нь их, дээд сургууль болгонд шахуу байдаг аниматор бэлтгэх ангийн төгсөгчид жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч тэд хүүхэлдэйн кино буюу дүрс, зургийг амьдруулах уран сайхны шийдлээр хөгжүүлэхэд яах аргагүй мэргэшил, мэдлэг, туршлага дутагддаг байна.

 

Ү.Болдсайхан гуайн ярьж буйгаар одооны залуусын компьютерийн мэдлэг, эзэмшилт сайжирсан ч хөдөлгөөн буюу моделио амилуулах тал дээр үнэхээр чадвар, туршлага дутагдаж байна гэж байв. Ямарсайндаа Орост төгссөн социализмын үеийн хүүхэлдэйн киноны зураачдад бүтэн хоёр жил тайзны жүжиглэлт заадаг байж. Тэднийг цаасан дээр амилдаг, харандаа барьсан жүжигчид гэж хэлдэг байсан тухай Ү.Болдсайхан гуай дурсаж байв. Харин одооны аниматорууд жүжиглэлт, хөдөлгөөн зэргийг урлагийн түвшинд үзээгүй зүгээр л компьютерийн техник эзэмшсэн байдаг нь хүүхэлдэйн кино бүтээгчид төрөн гаргаж ирэх бодлого 20 жил тасарсантай шууд холбоотой ажээ. Үүнтэй "Гоодой Моодойн адал явдал" кинонд Ерөнхий аниматороор ажиллаж байгаа Н.Ганбаатар ч мөн санал нэгдэж байлаа.

 

"ГООДОЙ МООДОЙН АДАЛ ЯВДАЛ"-ЫН ШИЙДЛҮҮД

 

ССАЖЯ байх үед 2013 онд хүүхдийн хүүхэлдэйн кино зохиолын уралдаан зарлаж тус уралдааны ялагчаар Х.Хүчитхарын “Бага хөлгөн туульс” зохиол шалгарсан байна.

Энэхүү хүүхэлдэйн киноны зохиол нь ч мөн өөрөө их сонин түүхтэй аж.

Зохиолч Х.Хүчитхар “Бага хөлгөн туульс” хэмээх хүүхэлдэйн киноны зохиолоо хэцүү нэртэд хоригдож байхдаа бичиж түүнийгээ хүүдээ шивж, янзлуулахаар өгч явуулсан байж. Харин хүү нь ССАЖЯ-наас зохиолын уралдаан зарлагдсаныг дуулаад аавынхаа бүтээлийг сойсон нь ийнхүү шалгарчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн зохиолчийг шоронд хоригдож байгааг огт мэдээгүй бөгөөд энэ талаар шалгаруулалтын дараа дуулаад багагүй цочирдсон гэдэг.

Ямартай ч ССАЖЯ-ны уралдаанд зориулагдаагүй, зохиолчийн хүүхдүүдийг хүүхэлдэйн кинотой болгох юмсан гэсэн мөрөөдлийн дор бичигдсэн бүтээл ийнхүү шалгарчээ.

Харин дараа нь шалгарсан зохиолыг амьдруулах буюу Хүүхэлдэйн кино бүтээх тендерт И Эй Эс Эс компани шалгарсан нь өнөөдрийн та бүхний уулзаж байгаа баг юм.

Тендерт шалгарсан баг шавжны ертөнцөд өрнөх түүх өгүүлэх “Бага хөлгөн туульс” зохиолыг хүлээн авч зохиол дээр дахин ажилласан байна. Эх зохиолын нэг ангид гарах үйл явдал хэт их, макро микро ертөнцийг хольсон хэтэрхий өрнүүн өгүүлэмжтэйгээс дүрслэхэд төвөгтэй, ажиллагаа их шаардах ба хязгаарлагдсан нөөцөөр бүтээгдэхэд асуудалтай байжээ. Иймээс төслийн баг, тэр дундаа хүүхэлдэйн киноны туршлага арвинтай найруулагч Д.Ганбаатар, Ерөнхий зураач, аниматор Ү.Болдсайхан нар хэлэлцээд Х.Хүчитхарын “Бага хөлгөн туульс”-аас сэдэвлэн “Гоодой, Моодойн адал явдал” зохиолыг шинээр найруулж захиалагчаар батлуулснаар ажилдаа оржээ. Тодруулбал зохиолд өрнөх үйл явдал, үг хэллэг, үзэгдэл зэргийг жигдэлж, дахин найруулга хийжээ.

Ингэхдээ Д.Дашдондов гуайгаар хүүхдийн зохиол болгон хялбаршуулж, хүүхэлдэйн киноны редактор Н.Урангоогоор зохиолыг дахин шүүлгүүлсэн байна.  Мөн Монгол хүүхдэд зориулсан гэдэг утгаар үг хэллэг, хэл найруулга талаас нь доктор Ш.Чоймаа гуайгаар редакторлуулсан нь энэ бүтээл илүү чамбай болох нь гэсэн хүлээлтийг өөрийн эрхгүй бий болгоод байна.

 

Ерөнхий продюсер Д.Батхуягийн хэлснээр “Энэхүү зохиол хүүхдэд зориулсан бүтээл учраас Монгол ардын 10 зүйр үгэнд үйл явдлыг базаж оруулсан байгаа. Жишээ нь, Хүүхэд нэг ангиас “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэсэн зүйр үгний санааг ойлгоно” гэсэн юм.

Төслийн багийнхан “Гоодой Моодойн адал явдал”-ыг таваас 12 насны хүүхдэд зориулсан дүрслэл, агуулгаар хийж байгаа аж.

Киноны хөгжмийг Монгол Улсын Морин Хуурын Чуулгын морин хуурч, продюсер А.Даваазориг хариуцан ажиллаж байна. Тэрбээр хүүхэлдэйн киногоо хөгжмийн зохиолчдод үзүүлэн ая хийлгэх санал тавих үед тэдгээр уран бүтээлч “Монголд ийм хүүхэлдэйн кино хийдэг болчихсон юм уу” гэж гайхацгаадаг аж. Угтаа бол социализмын үеийн хүүхэлдэйн киногоор төсөөлж хөгжмийн шийдлээ бодож байдаг байна. Харин “Гоодой Моодойн адал явдал”-ын хэсгээс нь үзээд энэ төсөл дээр өөрөөр ажиллах хэрэгтэй юм байна гэдэг ойлголттой болдог аж.

 

ТООЧООД БАЙВАЛ ТҮМЭН БЭРХШЭЭЛ БИЙ

 

Өнөө үед болсон, болоогүй уран сайхны кино ундран гарсаар байгаа билээ. Харин хүүхэлдэйн кино олноороо гарахад олон саад бэрхшээл бий.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хамгийн түрүүнд анимейшн хүүхэлдэйн кино бүтээх боловсон хүчин байхгүй, санхүү бага, цаг хугацаа их шаарддаг, техник төхөөрөмжийн нөөц бололцоо гачигдалтай гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.

“Гоодой Моодойн адал явдал”-г бүтээх төсөл 2014 оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд төслийн үр дүн 2015 оны арванхоёрдугаар сард гарах ёстой. Өөрөөр хэлбэл хоёр жилийн хугацаанд 50 -80 минут орчмын буюу нэг анги нь 5-8 минуттай 10 ангит хүүхэлдэйн кино бүтээх хугацааг яамнаас өгсөн байна. Ингэхдээ нийт 120 сая төгрөгийн төсөвт багтаах ёстой.

И Эй Эс ЭС компанийн захирал Ө.Батбаяр  “50 минут орчмын хүүхэлдэйн киног хийх зардал 120 сая юм байна гэж хүмүүс буруу ойлгох вий. Бид энэ хүүхэлдэйн киног бүтээхэд олон залууг сургаж тэднийг ажиллуулах гэж хичээсэн. Гэвч амиматоруудын хувьд реклам хийгээд  явах нь илүү ашигтай, орлоготой учир жаахан суралцаж байгаад орхих нь элбэг байлаа. Бидний төсвийн хүрээнд тэднийг туршлагажтал нь хангалттай цалинжуулаад ажиллуулах ямар ч боломж байсангүй. Энэ жил гаруйн хугацаанд хоёр аниматор маань бүтэн цагаар энд ажиллаж цалин авч байгаа. Гэхдээ зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлэгдэж цалин авч байгаа. Бусад аниматоруудыг нь гэрээгээр ажиллуулж ирсэн.  Харин продюсер гэх энэ олон хүн мөн бидний зохиол, хөгжим дээр мэргэжлийн үнэтэй чадварууд, туршлагаа зориулж буй мэргэжилтнүүд ихэнх нь сэтгэлээрээ буюу цалингүй эсвэл маш бага урамшуулалтайгаар энэхүү ажилд оролцож тус болж байгаа гэдгийг хэлэх нь зөв” гэж байлаа.

Үнэхээр энэхүү хүүхэлдэйн киног бүтээх явцад олон хүний үнэлэгдээгүй хөлс, хүч хөдөлмөр шингэсэн аж.  Татварын дараах үлдэгдлээр буюу 100 орчим сая төгрөгөөр хоёр жил орчим 20 жил тасарсан боловсон хүчнийг бэлтгэн, бүхэл бүтэн 10 ангит хүүхэлдэйн киног босгоно гэдэг үнэхээр амаргүй ажил ажээ.

Дээрээс нь, анимейтэд контент бүтээх систем нь хөгжөөгүй учраас уран бүтээлчид маань ямар нэгэн байдлаар бүтээлээ бэлэн болгоод эцсийн бүтээгдэхүүн болгох буюу хөрвүүлэх (render) үйл явц хамгийн их цаг авдаг байна. Нэгэнт төсөв багатай ажил болохоор хөлстэй гадаадын үйлчилгээгээр рендер хийлгэх боломжгүй. Тиймээс өөрсдийн нөөц боломж бас бусдын дэмжлэгтэй 10 гаруй компьютер холбож байгаад таван минутын хүүхэлдэйн киногоо рендерлэхэд гурван сарын хугацааг зарцуулсан байна.  Өөрөөр хэлбэл, render farm гэх үйлчилгээ Монголд байхгүйгээс бүтээлч үйлдвэрлэл явуулах үйл явц зогсонги байдалд ороход хүрээд байгаа аж.

Тиймээс энэ төрлийн нийтлэг дэд бүтэц, хангамжийн асуудлыг шийдэж байж дараа дараагийн хөгжлийн асуудлыг ярих ёстой болж байна.

 

Төслийн ахлагч Ч.Лодойравсалын хэлж буйгаар “Уг салбар нь өөрөө 20 жилийн хугацаанд тасарчихсан. Монголд орчин үеийн хүүхэлдэйн кино хийхэд нэг секундийг хэдэн төгрөгөөр тооцох вэ гэдэг үнэлгээ байхгүй байгаа юм. Энэ дутагдал нь захиалагч талдаа ч, хийж байгаа бидэнд ч байна. Бидний хэлэх гээд байгаа санаа энэ мөнгө бол хаанаа ч хүрэхгүй юм байна. Гэхдээ сэтгэлээрээ энэ уран бүтээлийг босгочихъё, жишиг бий болгоё гэдэг л зорилготой ажиллаж байна гэсэн үг. Бид ингэж ажиллаж байж тодорхой жишиг тогтоохгүй бол энэ салбар цаашаа явахгүй болчихоод байна.” гэв.

 

ҮЛ ТАСРАХ ХОЛБООГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

 

“Гоодой Моодойн адал явдал” Монголын анхны анимейшн хүүхэлдэйн кино биш бөгөөд үүний өмнө хэд хэдэн дууссан, дуусаагүй оролдлогууд бий.

Жишээ нь, уг төслийн багийнхан “Чөтгөрийг дийлэгч Чагаа хүү”-г  Конрад-Аденауэр сангаас санхүүжүүлж бүтээсэн байдаг.

20 жилийн дараа ч болтугай Монгол хүүхэлдэйн кино бүтээх үйл явц юутай ч эхлээд байна. Харин процессыг хэрхэн үл тасрах үйл явц болгох вэ гэдэг хамгийн чухал асуудал юм.

Олон улсад жишээ нь Pixar студи хүүхэлдэйн киноны нэг секундийг 16 мянган доллараар үнэлж хийдэг бол Монголын уран бүтээлчид нэг секундийг 10 хүрэхгүй долларт багтаах гэж хичээж байгаа нь энэ.  Манай уран бүтээлчид өөрсдийгөө Pixar-ийн аниматоруудтай харьцуулахгүй нь ойлгомжтой, гэхдээ дэлхийд жишиг бол ийм байгаа гэдгийг нь дуулгах нь зүйтэй гэцгээж байлаа.

1,600 дахин бага үнэлэмжтэй ч тэд өөрсдийн хийж буй киног чамгүй бүтээл болж байгаа гэлцэж байв.

Хамгийн гол нь энэ төслийн багийнхан үр дүн гаргаж Монголд хүүхэлдэйн киноны шинэ жишгийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Цаашид бидний тогтоосон энэхүү жишгээс илүү чанартай, сайн бүтээлүүд төрөхөөр зорьцгоох байхаа гэсэн юм.

50-80 минутын анимейтед хүүхэлдэйн кино хийх төсөв 120 сая төгрөгт багтах боломжгүй байгаа нь ийм төрлийн уран бүтээлээс Монголд бол ашиг олно гэдэг хэцүү. Гэхдээ хүүхэлдэйн киноны тасарсан уламжлалыг сэргээхэд хувь нэмрээ оруулахаар хөлсгүй, эсвэл бодит үнэлгээнээсээ их доогуур хөлсөөр хүчин зүтгэсэн багийнхны шууд бус хөрөнгө оруулалтыг тооцохгүйгээр цаашдын төслийн жишиг үнэлгээг тогтоож болохгүй билээ.

Тиймээс төр бодлогоор эсвэл гадны төсөл хөтөлбөрийн хүрээнд л Монгол хүүхэлдэйн киноны үйлдвэрлэл амь тасрахгүй үргэлжлэх боломж харагдаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр эхний ээлжийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдээд бэлэн болсон үед Монгол агуулгаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор илүү бүтээлч баг нь Монголдоо зохиол, шийдэл, агуулгаа бүтээж цаг хугацаа, техник төхөөрөмж их шаарддаг хэсгийг хямд зах зээлээр буюу гадаад аутсорсинг байдлаар гүйцэтгүүлж дэлхийн стандартад нийцсэн Монгол хүүхэлдэйн кинонуудыг үйлдвэрлэх боломж бас бий.

Ингээд Монголдоо анх удаа олон ангит, анимейшн, Монгол хүүхдэд зориулсан бүтээл туурвиж буй багийнхандаа амжилт хүсч, бүү шантраарай гэх үгээр энэ удаагийн сурвалжлагаа өндөрлөе.

 

"Гоодой Моодойн адал явдал" хүүхэлдэйн киноны төслийн багийнхан:

  • Төслийн удирдагч, продюсер Чоймаагийн Лодойравсал
  • Ерөнхий продюсер Дашдондовын Батхуяг
  • Продюсер Өнөрсайханы Батбаяр
  • Продюсер Чулууны Чинзориг
  • Продюсер  Алтангэрэлийн Даваазориг
  • Найруулагч Доржсүрэнгийн Ганбаатар
  • Ерөнхий зураач, аниматор Үржингийн Болдсайхан
  • Ерөнхий аниматор Намжилжавын Ганбаатар

 

Ч.БОЛОРТУЯА Bolortuya@ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.