Инженерчлэл    
1
2
3
4
5
6

Ч.ЛОДОЙРАВСАЛ: МОНГОЛЧУУДАД ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙХ АВЬЯАС БАС БОЛОМЖ БАЙНА

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 28
IKON.MN
Ч.ЛОДОЙРАВСАЛ: МОНГОЛЧУУДАД ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙХ АВЬЯАС БАС БОЛОМЖ БАЙНА

Чоймаагийн Лодойравсал.

Уулын баяжуулах "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ийн “Баяжуулалтын эксперт удирдлагын систем”, “Чойбалсан хотын ДЦС-ын зуухын шинэчлэл” зэрэг өөрийн сурсан мэдсэн зүйлсээ үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүддээ нэвтрүүлэн түүнээс нь Монголын бүх ард түмэн ашиг шимийг хүртсээр байгаа билээ.

iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Техникийн ухааны доктор Чоймаагийн Лодойравсал уригдсан юм. Тэрбээр 20 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж дотоодын төдийгүй гадаадын нэр хүндтэй сэтгүүл, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьжээ. Тухайн улсын хөгжлийн хамгийн чухал хэсэг нь шинжлэх ухааны салбар байдаг гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ.  Монголын Шинжлэх ухааны салбарын ТОД төлөөллийн нэг Ч.Лодойравсал доктор билээ.

Тэрбээр өөрийнхөө тухай биш өнөөгийн боловсролын систем, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүнийг хэрхэн төлөвшүүлэх талаар л ярих болно хэмээх нөхцөлтэйгөөр ярилцлага хийх урилгыг маань хүлээж авсан юм.

Ингээд МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсалын ярилцлагыг хүлээн авна уу.

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцлагын зочин:  Ч.Лодойравсал @Lodoiravsal

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

 

"Бид өөрсдийн гэсэн MOOC -ийн платформтой болно гэсэн үг"

- Боловсролын салбарт эрчээ аваад байгаа нээлттэй боловсролын тогтолцоо гэгч чухам юу болох тухайгаас яриагаа эхэлье гэж бодож байна.
- Нээлттэй боловсрол гэдэг хүн бүрт сурах боломжийг олгож нийтэд нээлттэй онлайн агуулга буюу хичээл санал болгохыг ойлгож болно.

Нийтэд нээлттэй онлайн хичээлд суралцагчид эхлээд маш идэвхтэй бүртгүүлдэг боловч эхний 1-2 долоо хоногт ихэнх нь орхидог. Цаашдаа идэвх улам буурсаар хичээл дуусах үед анх бүртгүүлсэн хүмүүсийн ердөө 10 -20 хувь нь хичээлээ бүрэн дуусгадаг. Тиймээс нийтэд нээлттэй онлайн хичээлийн тогтолцооноос гадна холимог хэлбэрийн хичээлийн систем их яригдаж байна.

- Нээлттэй боловсролын тогтолцоо Массачусетсийн Технологийн Их Сургуулиас (MIT) үүдэлтэй гэдэг. Чухам яагаад МУИС энэ тогтолцоогоор хичээлээ явуулах болсон талаар ярьж өгөхгүй юу?
- Хамгийн анх MIT лекцийн материалаа нээлттэй тавьж эхэлсэн. Тэд 2000 орчим хичээлийн лекцээ нээлттэй тавьсан. Гэхдээ үүн дотор нь багшийн гараар бичсэнийг сканнердсан лекц ч байна. Сайтар бэлдсэн видео хичээлүүд ч байсан. Ингэж лекцүүдийг нээлттэй болгосон нь хүн онлайнаар бие даан суралцах боломжийг олгохоос гадна сургалтын байгууллагууд хичээлийн нэмэлт материалаа ашиглах боломжтой болж буй хэрэг. 

Үүний дараагаар MIT-н edX нийтэд нээлттэй онлайн хичээлийн системээс гадна Coursera, Udacity Khan Academy зэрэг нээлттэй боловсролын системүүд үүссэн.

2011 оны арванхоёрдугаар сараас тавигдаж эхэлсэн edX-н анхны туршилтын хичээлд Монголоос анх "Сант" сургуулийн сурагчид хамрагдаж байсан. "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх MIT -ийг төгссөн учраас энэ талаар илүү их мэдээлэлтэй байж өөрийн найз Тонигийн хамтаар туршилтын хичээлүүдэд сурагчдаа хамруулсан байдаг.

2012 оны тавдугаар сард энэхүү сургалт албан ёсоор эхэлсэн юм. Тухайн оных нь есдүгээр сард Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд Монголын их, дээд сургуулийн багш, БСШУЯ-ны мэргэжилтнүүдийн баг туршлага судлах аялал MIT, Станфордын их сургуульд хийх үеэр MIT-ийн edX-н төвийнхөнтэй МУИС-д энэхүү сургалтыг нэвтрүүлэх талаар санал солилцож хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэж бид туршилтаар хоёр улирал дараалан холимог сургалтыг туршсан.  

Монголын хичээлийн улирал зөрж байснаас MIT-ийн зүгээс манай сургуульд тусгай num.edx.org хэмээх дэд домайн (sub domain) гаргаж бидэнд зориулж хичээлүүдээ нээж өгснөөр бид хичээлүүдийг өөрсдийн хөтөлбөрт тохируулан цаг төлөвлөж, тодорхой өөрчлөлтүүдийг хийх болсон юм.

Ингэснээр МУИС-ийн багш нар edX-ийн агуулгаар хичээл заах хэрэгтэй болсон юм. 

Лекц, даалгавар цаанаасаа буюу MIT-аас өгөгдөнө. Манай багш нар хичээлээ семинар хэлбэрээр оюутнуудын ойлгоогүй зүйлийг тайлбарлаж өгөөд чиглүүлэх, хэлэлцэх мөн лабораторийг удирдан оюутнуудтай ажиллаж байсан. Багш нар маань нэмэлтээр сошиал медиаг ашиглан зөвлөөд явсан л даа. Мэргэжлийн суурь хичээл байснаас эхний хоёр улирал энэ сургалтад харьцангуй цөөхөн хэдэн оюутан хамрагдсан. Амжилттай суралцсан оюутнууддаа МУИС-ийн кредит тооцсон.

Бидний туршилтын улирлын дараагаар MIT албан ёсоор холимог загвар буюу Blended  model хичээлээ гаргаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл МУИС, "Сант" хоёр энэ сургалтын загваруудыг туршилтаас нь эхлээд оролцоод явсан гэсэн үг. 

Япончууд “Бид шинэ зүйлд их болгоомжтой хойрго ханддаг. Цэвэр онлайн хичээлээс илүү ийм холимог сургалт эхний шатанд их нийцтэй санагдаж байна” гэсэн

 

- Одоо ямар явцтай байгаа вэ?
- Одоо энэ сургалтын загвар албан ёсны лицензтэй төлбөртэй хичээл болсон байгаа. Бид хэсэг хугацаанд төлбөрөө төлөөд гэрээ байгуулаад лицензээр хичээлийн агуулга, платформыг хэрэглэж байсан. Энэхүү сургалтын гэрээ нь өөрөө их өндөр шаардлагатай. Хамгийн багадаа 500 хүүхэд хамрагдах ёстой зэрэг бидний хувьд бэрхшээлтэй шаардлага бий. Бид анхнаасаа туршилтад нь ороод явчихсан учраас тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг эдэлж байсан. Гэхдээ гэрээгээр хөнгөлтийн нөхцөлийг дэлгэрэнгүй ярьж болохгүй. MIT-н edX-н  гүйцэтгэх захирал Анант Агарвал TEDx-д тавьсан илтгэлдээ "Сант" болоод МУИС -ийн тухай дурдаж байгааг та бүхэн сонсож болно. 

Видео:

Тухайн үед энэ сургалтын системд дэлхийн 15 сургууль хамрагдсан байсан. Эдгээрийн 12 нь Хойд Америкт, гурав нь Турк, Хятад, Монголоос ийнхүү хамрагдаад байгаа юм. Биднийг энэ тогтолцоог нэвтрүүлээд эхлэнгүүт олон улсын нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн агентлагууд сонирхож эхэлсэн. New York Times, NHK гээд томоохон хэвлэлүүд МУИС болон "Сант" сургуулиар зочилж энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сурвалжилсан шүү. Ялангуяа Япончууд “Бид шинэ зүйлд их болгоомжтой хойрго ханддаг. Цэвэр онлайн хичээлээс илүү ийм холимог сургалт эхний шатанд их нийцтэй санагдаж байна” гэсэн. 

 

Сүүлийн улирлаас бид өөрсдийн багш нарын агуулгаар холимог сургалтыг явуулж эхлээд байна.

- Дэлхийн томоохон их сургуулиуд энэ системээр хичээллэж эхлээд байгаа. Олон улсад ч тэр, Монголд ч тэр яагаад энэ холимог тогтолцоо руу орох шаардлага бий болов?
- Орчин үед хүн аливааг сурч, мэдье гэвэл мэдээлэл хангалттай болчихсон байна. Оюутан, сурагчдад мэдээлэл хангалттай байгаа энэ үед зөвхөн тухайн мэдээллийг боловсруулж мэдлэг болгоход нь багш тусалдаг байя гэдэг ойлголт бий болсон. Нэгэнт Google -дээд хайгаад олчих мэдээллийг багш дахин дахин ярих шаардлага байна уу гэдэг нэг дэх асуудал. Үүний оронд багш хүнд хичээл цээжлүүлдэг нэгэн биш зөвхөн сурах чадварыг эзэмшүүлэхэд туслагч байх үүргээ түлхүү анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

- Холимог сургалтын тогтолцоо гэдгийн утга нь үүнд оршиж байгаа юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Оюутан, сурагчид лекцийн хичээлийг буюу онолыг өөрөө бие дааж аваад танхимд зөвхөн семинарын хичээлд сууж, лабораторид ажиллах л шаардлагатай болж байна гэсэн үг. Ингэснээр суралцагч багшийн тусламжтай өөрөө бие дааж боловсруулсан мэдээллээ батжуулах, тунгаах, тодорхой жишээгээр баяжуулах, шаардлагатай чадвар, дадлыг түлхүү эзэмших боломжтой. 

- Энэ тогтолцоог нэвтрүүлэхдээ та бүхэн багш нарыгаа хүртэл дахин сургах шаардлагатай болсон уу?
- Харьцангуй гайгүй. Шинэ хэлбэрээр хичээл заах сонирхолтой, агуулгаа өөрчлөн бэлтгэх чадвартай багш нартайгаа ажиллаад явж байна.

Бид энэ холимог сургалтын тогтолцоог албан ёсны лицензтэй заах явцад зарим хамтран ажиллах санал ирсэн. Тухайлбал, Стэнфордын Их Сургуулиас холимог сургалтын системийн үр дүнг хамтран судлах санал тавьсан. Бидний хувьд өмнө нь сонирхлоор нь хамруулдаг байсан нь зөвхөн сайн оюутнууд сонгогдсон байх магадлал өндөр. Ингэж зөвхөн сайн хүүхдүүдийг сургахаар үр дүн нь нийтийг төлөөлж чадахгүй. 

Тэгэхээр нь бид оюутнуудыг санамсаргүй байдлаар хоёр хуваагаад нэг хэсгийг нь уламжлалт аргаараа, нөгөө хэсгийг нь холимог системд хамруулаад явж байна. 

Хамгийн гол нь оюутанд хүрч буй хичээлийн агуулга ижилхэн. Арга барил нь л өөр гэсэн үг. Нэг агуулгыг хоёр аргаар оюутанд хүргээд шалгалт авахаар аль систем нь илүү байна вэ гэдгийг үнэлж болохуйц болж байгаа юм. 

- Энэ туршилтаа эхлүүлчихсэн гэсэн үг үү?
-  Тийм ээ. Нэг улирал үндсэндээ дуусч байна. Үүнтэй холбоотойгоор хичээлийн агуулгыг зөрүүлэхгүйн тулд багш нар маань агуулгаа дахин бэлдэж байгаа. Стэнфорд болон MIT нийлээд нээлттэй боловсролын Open edX платформ гаргасан. Нээлттэй платформ. Бид нээлттэй боловсрол болон холимог сургалтдаа энэ платформыг  нутагшуулаад хэрэглэх боломжтой болсон. Өөрсдийн гэсэн MOOC -ийн платформтой болно гэсэн үг. Одоогийн байдлаар багш нарынхаа долоон хичээл системд байршуулаад холимог сургалтаа явуулж байгаа. 

- Сургалтын хоёр янзын арга барилын энэ нь илүү юм байна гэдэг үр дүн хэзээ гарна гэсэн үг үү?
- Нийт судалгаанд 500 орчим суралцагч хамрагдаж байж судалгааны үр дүн гарахуйц болно. 

- Та бүхний бэлтгэж буй энэ нээлттэй сургалтын агуулгыг зөвхөн МУИС биш өөр бусад сургууль, оюутан ашиглах боломжтой юу?
- Манай оюутнууд хамрагдаад боломжийн үр дүн үзүүлж байгаа учраас энэ хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэвтрүүлэхээр шийдсэн. Эхний ээлжинд “Сант”, “Шинэ Монгол”, Хөвсгөлийн нэг ЕБС, Байгаль Эх Лицейтэй хамтын ажиллагааны санамж бичиг зурж эдгээр сургуулийн сурагчдыг хамруулах боломжийг олгосон.

- Яагаад “Сант”, “Шинэ Монгол” зэрэг хувийн сургуулиудыг сонгох болов?
- Нэгдүгээрт туршилт гэдэг утгаар миний хувьд таньдаг захирлуудынхаа сургуулийг сонгосон. Хоёрдугаарт дээрх сургуулиуд байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн суурь харьцангуй сайн. Ингээд эхэлтэл Хөвсгөлийн сургууль боломжгүй болсон. Үлдсэн гурван сургуулийн сурагчдыг онлайн хичээлд хамруулаад МУИС дээр долоо хоногт нэг удаа семинар хийж, лабораторид хичээллүүлээд хянаад явсан. Энэ сургалтыг амжилттай дүүргэсэн сурагчдын сурсан хичээлийн кредитийг нь тооцоод явъя гэдэг нөхцөлтэй байсан. Тухайн сурагч сургуулиа төгсөөд МУИС-д элсвэл эдгээр онлайн хичээлийн кредит нь тооцогдоно гэсэн үг. 

- Нээлттэй боловсролын нэг давуу тал дунд сургуулийн сурагч их сургуулийн хичээлийг судлах боломж гэдэг. Энэ сургалтын үр дүн тэгээд гарав уу?
- Уг нь бол тийм. Харамсалтай нь энэ хичээлийг нэг ч сурагч дуусгаж чадаагүй. Бидний алдсан зүйл нь тухайн сургуулиудад нь тус бүрт нэг туслагч багш томилж өгөх ёстой байсан юм шиг байна лээ. Бид эндээс сурагчдад хэчнээн анхаарал хандуулаад сургуулиас нь ямар нэгэн байдлаар шаардлага тавьж, тусламж өгөхгүй болохоор хичээл маань хаягдчихаад байсан. Энэ бол эхний туршилт байсан. Яваандаа чадвартай л бол дунд сургуулийн сурагч ч их сургуулийн кредит цуглуулах боломжтой болж байна гэж ойлгох хэрэгтэй.

- 2012 оноос хойш буюу нээлттэй хичээлүүдэд туршилтаас нь эхлээд хамрагдсан танай оюутнууд эхнээсээ сургуулиа төгссөн байх. Тэдэнд ямар давуу тал бий болсон бэ?
- Тэдний дипломын хавсралтад тухайн хичээлийг албан ёсны edX-ийн индекстэйгээр оруулж байгаа. Тухайн оюутан МУИС-д суралцах хугацаандаа MIT-ийн энэ хичээлийг үзсэн шүү гэдгийг баталгаажуулж өгсөн гэсэн үг. Энэ нь тухайн оюутан мэдлэг эзэмшихээс гадна олон улсын сайн сургуульд үргэлжлүүлээд сурах, ажилд орох зэрэгт эерэг нөлөөтэй юм. 

"Боловсрол хүнд мэдлэг, чадвар, дадал, үнэт зүйл, итгэл үнэмшлийг цогц чадамж хэлбэрээр төлөвшүүлэх ёстой"

 

- Холимог системд санамсаргүй байдлаар хамрагдаагүй оюутнуудад ямар нэгэн байдлаар хохиролтой зүйл бий юу?
- Тэдэнд хохиролтой зүйл байхгүй. Уламжлалтаар үзэх ёстой хичээлийн агуулгаа үзээд л явж байгаа. 

Манай сургуулийн хувьд багш нар нийлээд сургуулийнхаа нэгдүгээр курсийн оюутнуудад судалгаа явуулахад тэдгээрийн дийлэнх нь онлайн хичээлд хамрагдахад бэлэн байна гэсэн үр дүнд хүрсэн. Гэхдээ үүний гол асуудал нь оюутнуудын идэвхийн асуудал байгаа юм. Ерөнхий боловсролын сургуульд олгогдож байгаа сурах арга барил хангалтгүй байгаад онлайн хичээлийн чанарт сөрөг нөлөөлж байна.

- Бие даан суралцах чадварын тухай та ярьж байна уу?
- Тийм ээ. Бие даан суралцаж, өөрийгөө дайчлах чадвар манай оюутнуудад нэгдүгээрт дутагдаж байна. 

Дээрээс нь суурь боловсролын түвшин, мэдлэг хангалттай биш байна. Энэ нь бидний гол асуудал болоод байгаа юм. Тэгэхээр асуудал маань доошлоод буюу хүүхдийн суурь боловсрол, хүмүүжлийн асуудалтай яах аргагүй холбогдож байгаа юм. 

Сүүлийн үеийн оюутнуудын хичээлд хамрагдах байдал идэвх ирц гэдэг их анхаарал татсан асуудал болж байна. Тэгэхээр хүүхдүүдтэй ажиллах арга барил, заах арга зүй зэргээ өөрчлөх хэрэгтэй болж байна гэсэн үг. 

- Сүүлийн үеийн оюутнууд гэж онцлоод байна. Яагаад сүүлийн үеийн оюутнуудын хичээл хамрагдалт буураад байна вэ. Юутай холбоотой вэ?
- Үүнийг ярихын тулд бүр суурь зүйлийг ярилцъя. 

Боловсрол хүнд мэдлэг, чадвар, дадал, үнэт зүйл, итгэл үнэмшлийг цогц чадамж хэлбэрээр төлөвшүүлэх ёстой. 

Сүүлийн хоёр нь тухайн суралцагчийг иргэн хүн болгох талд нь илүү ажиллах ёстой. Энэ хоёрыг боловсролын нэгдсэн бодлоготойгоор төлөвшүүлснээр Монгол Улсын иргэд нийтлэг үнэт зүйлс, итгэл үнэмшилтэй иргэдийн нэгдмэл нийгмийг бүрдүүлнэ. Энэ хоёр нийтлэг байдалтайгаар төлөвшигдөхгүй байгаагаас нийгэм одоогийн эмх замбараагүй буюу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалд орчихоод байх шиг.  БШУЯ-аас батлуулсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн тодорхойлолтод сайн туссан санагдсан.

- Эдгээр таван зүйлийг хүүхдүүдэд бид өгч чадахгүй байна гэсэн үг үү?
- Боловсролын системийн түвшин бүрт олгох ёстой цогц чадамжийг тодорхойлж мэдлэг, чадвар, дадлыг олгож байгаа. Гэхдээ шаардлагатай бүх цогц чадамжийг чанартайгаар өгч чадаж байна уу гэдэг өөр асуудал. Боловсролын шинэчлэл явагдаж л байгаа. Боловсролын шинэчлэлийн үр дүн удаан хугацаанд гардаг учир шууд дүгнэн хэлэхэд хэцүү юм.

Харин бид хүүхэд бүрийнхээ хувьд зөв монгол хүүхэд болж төлөвшиж байгаа эсэх, шаардлагатай мэдрэмжийн (soft skills) болон мэдлэгийн (hard skills) чадвар  эзэмшиж байна уу гэдгийг хянаад явчихвал илүү хурдан үр дүнд хүрнэ.

Эцэг эхчүүд “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн тодорхойлолтыг нэг харчихмаар.

Зөв монгол хүүхэд

Дараа нь оюуны төлөвшлийн талаар ярилцъя. 

Хүний оюун төлөвших  явц таван түвшинтэй гэж сонсож байсан юм.

Нэгдүгээрт, мэдрэх буюу хүн мэдрэхүйгээрээ өгөгдөл авдаг.  Хоёрдугаарт, тухайн өгөгдлийг хүлээж аваад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэг.  Ямар ч хүнд өөрт нь төлөвшсөн суурь чадвараараа өгөгдлийг хүлээж аваад хариу үйлдэл үзүүлдэг. Үүнд ямар нэгэн мэдрэмж төрч эмоц үзүүлдэг. Гуравдугаарт тухайн өгөгдлийг эргэцүүлдэг. Үүний дараа мэдээллийн учир шалтгаантай уялдуулж ухамсарлаж байж төсөөлөл гэдэг зүйл бий болдог гэх. Тэгэхээр хүн аливааг шууд ойлгочихдоггүй байгаа биз.. 

- Тэгэхээр манай боловсролын системээр хүүхдэд өгөгдлийг энэ таван түвшинтэй боловсруулах чадвар олгож чадаж байна уу гэдэг асуудал дахиад тавигдах байх. Тийм үү?
- Боловсролын систем ярихаас урьтаж хүүхэд залуус, эцэг эхчүүдэд оюун мэдлэг хэрхэн төлөвшдөг талаар мэдээллийг хүргэх нь зүйтэй мэт. 

Мэдлэгийн пирамид хэмээх ойлголт байдаг. 

 

Энгийнээр тайлбарлавал:
Өгөгдөл гэдэг өөрөө түүхий эд. 

Мэдээлэл гэдэг боловсруулсан өгөгдөл гэж ойлгож болно. 

Гэхдээ яаж боловсруулсан бэ гэдэг бас тусдаа. Зөв аргачлалаар уу, буруу аргачлалаар уу гэдэг нь. 

Боловсруулсан өгөгдөл буюу мэдээллээ цэгцэлснээр аливаа зүйлийн тухай мэдлэг бий болно. Тухайн мэдлэгийнхээ үнэн, зөвийг тунгааж итгэл үнэмшилтэйгээр хэрэглэхээр болгосноор wisdom буюу миний орчуулж байгаагаар цэц болно. Өөрөөр хэлбэл цэц гэдэг нь тунгаасан мэдлэг. 

Цэцэн хүн гэдэг мэдлэгийг үнэн зөвийг тунгаагаад ямар ч эргэлзээгүйгээр хүмүүст хэрэглэх түвшинд авчирч чадах хүнийг хэлнэ. 
Ухаантай хүн гэдэг бол мэдээллийг цэгцэлж мэдлэг гаргаж авах чадвартай хүнийг хэлнэ. 

Сэтгэлгээтэй хүн гэдэг бол өгөгдлийг боловсруулах чадвартай хүнийг хэлнэ. Жишээ нь хурдан сэтгэдэг гэдэг нь мэдээллийг хурдан боловсруулдаг гэсэн үг. Эдгээр түвшингийн чадварууд хүнд хэрэгтэй байна. 

"Монгол ардын үлгэрийг одоогийн хүүхдүүдэд уншиж өгөх нь тохиромжгүй болчихоод байна"

 

- Та боловсрол олгох, мэдлэг бий болгох зэрэг суурь ухааныг ярьж байна. Үүнийг яаж бодит амьдрал дээр бий болгох вэ?
- Суурь ойлголтоо бид эхлээд мэдэх, таних хэрэгтэй байгаа юм. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тал дээр гэсэн үг. 

Цоо шинэ компьютерт бид ямар үйлдлийн систем суулгах уу гэдэг асуудалтай тулгардагтай адил шинээр төрсөн хүүхдийг ямар хүн болгож төлөвшүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. 

Виндовс уу линукс уу эсвэл iOS уу? Бас ямар нэг үйлдлийн системийг орчуулсан монгол хувилбарыг сонгох уу эсвэл ямар нэг үйлдлийн системийг өөртөө тааруулж өөрчилсөн хувилбарыг сонгох уу?

Үүнтэй адилаар бид даяаршлын чиг хандлагад нийцүүлэн үндэстний оршин тогтнохуйн нөхцлийг хангасан язгуур чадамжтай монгол хүнийг төлөвшүүлэх нь зүйтэй болов уу.  

Компьютер байнга мэдээллийн урсгалд өртөж байдагтай адил орчин үед хүн ч байнгын мэдээлэлд амьдарч байна. Компьютер вирус, троян, спамаас хамгаалах зорилготой файервол (firewall), антивирус системтэй байдаг бол хүн аливаа мэдээллийг үнэлэх, тунгаах чадвар, хууль журам стандартаар өөрийгөө хамгаалах учиртай.     

... Тэгэхээр Миний бодлоор Монгол хүний аливааг эргэцүүлэх, тунгаах чадвар муудаад байна гэж харж байна. Бид хэтэрхий их мэдээлэл дунд байна. Түүнийгээ боловсруулахгүй байна.

Боловсруулаагүй мэдээлэл гэдэг бол мэдлэг биш хог гэсэн үг. 

Боловсруулаагүй мэдээлэл гэдэг бол мэдлэг биш хог гэсэн үг. 

Хоёрдугаарт мэдээллийг зөв боловсруулахгүй бол олон сөрөг асуудлыг дагуулж байна. 

Хаа нэг харсан, үзсэн, дуулсан мэдээллийг хүүхэд ч, насанд хүрсэн хүн ч боловсруулахгүйгээр шууд үнэн гэж хүлээж авч байна.

Энэ тохиолдолд мэдээлэл түгээж байгаа хүмүүсийн хариуцлага их чухал асуудал болж байгаа юм. 

Ялангуяа хүүхдэд хүргэж байгаа агуулгын асуудал хамгийн чухал. Хүүхдэд зөв мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэхийн тулд  байнга зөв агуулга хүргэх хэрэгтэй болж байна. 

Яагаад гэхээр бид хүүхдүүдэд цаашлаад зарим насанд хүрэгчдэд хортой, муу мэдээллээс өөрийгөө хамгаалах дээрх өгүүлсэн дархлааг төлөвшүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл аливаа мэдээллийг эргэцүүлэх, тунгаах чадвар төлөвшөөгүй байна.

Хүүхдэд зориулсан агуулгын стандарт гэдэг зүйл хамгийн чухал. 

Хүүхдийн насны онцлогт тохируулан агуулгын стандарт гэж зүйл байдаг бол түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Байхгүй бол гаргах хэрэгтэй.  
Хүүхдэд хүргэж байгаа агуулга дан харь орных болоод ирэхээр тэр хүүхэд Монгол хүн болж төлөвших боломжгүй. 

Түүнээс гадна сүүлийн үед сошиал ертөнцөөр хүүхдэд зориулсан зохисгүй агуулгын талаар зөндөө өгүүлэх болжээ. Орчин үеийн Монгол хүүхдэд зориулсан агуулгуудыг бид бүтээх хэрэгтэй. Жишээ нь, Монгол ардын үлгэрийг одоогийн хүүхдүүдэд уншиж өгөх нь тохиромжгүй болчихоод байна. Орчин үеийн хүүхдийн сэтгэхүй тэр үлгэрийг хүлээж авах боломжгүй болчихоод байна. Харин тэдэнд тааруулсан найруулсан үлгэрийг бүтээх ёстой. Хүргэх гэж зорьсон философийг нь хэвээр хадгалаад найруулан өөрчлөх өөрчлөх хэрэгтэй санагддаг. 

- Хүүхдэд хүргэх агуулгын тухай гэснээс шинэ хийж байгаа хүүхэлдэйн киноныхоо тухай ярьж өгөхгүй юу?
- Бид өмнө нь “Чөтгөрийг дийлэгч Чагаа хүү” гээд хүүхэлдэйн кино хийж байсан. Конрад-Аденауэр сангаас төсөл аваад хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг цуглуулаад баг бүрдүүлж энэ хүүхэлдэйн киног бүтээсэн. Харин үргэлжлүүлээд бүтээл туурвих оролдлого санхүүжилт олдоогүйгээс зогссон.

Харин сүүлд Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас санхүүжилтаар 10 ангит шинэ хүүхэлдэйн кино хийж байна.

- Яам нь байхгүй болчихсон биз дээ?
- Тийм ээ. Энэ төсөл Соёл Урлагийг Дэмжих Сангаар дамжиж одоо хэрэгжиж байгаа. Гэхдээ төсөв нь их ядмаг. Pixar хүүхэлдэйн киноны нэг секундыг 16 мянган ам.доллараар хийж байгаа. Бид нар 10 хүрэхгүй доллараар хийх гээд чардайж байна. Хүмүүс хүүхэлдэйн кино бүтээх амархан гэж андуурах нь бий. 

Реклам гоё хийж байгаа юм чинь гээд л ... Гэтэл хөдөлгөөн гэдэг маш нарийн. 

Одоо Монголчууд 3D моделинг их гоё хийж байгаа. Харин хөдөлгөөн гэдэг өөр. Хуучин орос школтой хүүхэлдэйн киноны мэргэжилтнүүдийг 3D технологи сургачихаар илүү мэргэжлийн бүтээл гарч ирж байна. 

Анимейшн хөгжүүлэхийг миний хувьд их өөр өнцгөөс хардаг.

Яах ёстой вэ гэхээр бид өөрсдөө зохиол, дүр, сторибоардоо бэлэн болгочихоод анимэйшнээ Энэтхэгийн Банглорт очоод хийлгэчих ёстой юм байна лээ. Энд хийнэ гэхээр хүний нөөц бэлтгэж, туршлагажуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө үлэмж их шаардаж байна. Нэг хүн сургаж бэлдэнэ гэдэг бол маш их хугацаа, хөрөнгө шаардаж байх жишээтэй. Тэгэхээр Банглорт хар ажлыг нь ацаглан хийлгэчихвэл эхний ээлжинд шууд холливудын стандартын анимейшнтай болчихно гэсэн үг. Хүний нөөцөө шатлалтайгаар бэлтгэснээр Монголдоо хийх хэсэг нь нэмэгдсээр алсдаа бүгдийг хийдэг болчихно.   

Хүмүүс глобал зах зээлд гаргах бүтээлийг заавал Монголын хөдөө, Монгол хүүхэд харуулсан байх ёстой гээд явцуураад байдаг. Бид эхлээд тэгж явцуурч болохгүй юм шиг байгаа юм. Монгол сэтгэлгээтэй агуулгыг нийтлэг зүйлээр төлөөлүүлэн дүрсэлж гаргах ёстой. Хятадын жишээ бол өөр. Тэд холливудад өөрсдийгөө илэрхийлсэн бүтээл гаргуулах гэж их мөнгө зарцуулж байгаа. 

 Pixar хүүхэлдэйн киноны нэг секундыг 16 мянган ам.доллараар хийж байгаа. Бид нар 10 хүрэхгүй доллараар хийх гээд чардайж байна

 

- Одоо хийж байгаа хүүхэлдэйн кино хэдэн ангитай вэ?
- 10 ангитай. Эхний гурав, дөрөв дэх анги дээрээ явж байна. Эхний анги нь зургаадугаар сарын 1-нд гарна. 

- Улсын бодлогоор санхүүжиж байгаа учраас телевизүүдэд үнэгүй хүргэнэ гэсэн үг үү?
- Тэгнэ. 

- Бидэнд хүүхэлдэйн киноны хэсгээс сонирхуулж болно биз дээ?

- Болно оо.

Видео:

- Та энэ хүүхэлдэйн киног бүтээх ажилд яг ямар статустай оролцож байгаа вэ?
- Төслийн удирдагч гэж явж байгаа. Продюсерын өргөн бүрэлдэхүүнтэй баг байгаа.

"Их сургууль гэдэг хүүхдийг сургадаг газар биш. Их сургуульд оюутан сурдаг юм"

 

- Таны ярьдгаар хүүхэд гэлтгүй томчууд ч хаанаас ч хамаагүй сонссон зүйлээ үнэн гэж итгэсээр л байна шүү дээ. 
- Тийм ээ. 

Хүүхэд гэлтгүй томчууд маань хүлээж авсан мэдээллийг боловсруулахгүйгээр хүлээж аваад байна. Тэгэхээр өгөгдлийг хэрхэн боловсруулах вэ гэдэг их чухал асуудал болоод байгаа юм. iKon.mn үүн дээр санаачлагатай ажиллаж байгааг харж байгаа. Бэлэн байгаа өгөгдлийг хүнд инфографик гэх мэтээр боловсруулж өгч байна.  Бид өгөгдлийг боловсруулаад эхэллээ. Харин боловсруулах өгөгдлөө анхдагч сурвалжаас нь хэрхэн авах вэ. Өгөгдөл хамгийн анхдагч эх сурвалжаас ирж байж боловсруулсан мэдээлэлдээ итгэлтэй байх ёстой. Дунд нь ямар нэгэн байдлаар санаатай болон санамсаргүйгээр боловсруулсан юм уу өөрчилчихсөн бол энэ түүхий эд биш.

- Үүнээс өгөгдлийг нээлттэй байлгаж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирэх байх. 
- Open data буюу нээлттэй өгөгдөл гэдэг зүйл Монголд одоо л яригдаж эхэлж байна.  МУИС-иас үүнд судалгааны баг гараад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх гээд л судлаад байна. Тавдугаар сарын 1-нд болох Монголын Мэдээллийн Технологийн Консерциумаас зохион байгуулдаг хуралд Европын нээлттэй өгөгдөл, мэдлэгийн сангаар томоохон судалгааны төсөл хэрэгжүүлдэг Италийн Трэнтогийн Их Сургуулийн профессор Паусто Жүнхилъя илтгэл тавина. Энэ илтгэл нь Монголын нээлттэй өгөгдлийн санаачлагыг идэвхжүүлэхэд чухал алхам болох биз ээ.  Нээлттэй өгөгдлийн үндсэн шинж нь албан ёсны анхдагч сурвалжаас гаралтай, бүрэн гүйцэд, тогтмол шинэчлэгддэг, машинаар боловсруулах боломжтой байх юм.

Жишээ нь, шилэн данс гэхэд наад зах нь өгөгдлөө хүснэгтэн файлаар (бүтэцлэгдсэн) гаргаж тавих хэрэгтэй.

Төрийн өгөгдлийг нээлттэй болгосноор хүссэн хүн болгон олон талаас нь шинжиж, өөрийн аргачлалаар боловсруулж өөрт чухал мэдээллийг гарган авах, түгээх боломжтой. Ингэснээр иргэдэд аливааг олон талаас нь шинжсэн мэдээллийг авснаар зөв шүүн тунгаах боломж бүрдэнэ.

Цаад логик нь бол нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ төр өгөгдлөө нийтэд нээлттэй болгосноор оролцогч талууд өөрсдийн боловсруулсан олон ургалч мэдээлэлтэй болно. Ингэснээр төр асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн оролцоог хангаж оновчтой шийдвэр гаргана. Энэ чинь л нөгөө ухаалаг засаглалын үндэс шүү дээ. 
 
- Мэдээлэл боловсруулах, эргэцүүлэх энэ чадваруудыг хүүхдэд дунд сургуульд суулгаж өгөх ёстой юу?
- Үгүй. Сургуулийн өмнөх насанд нь. 

Сургуулийн өмнөх насандаа хүүхэд хүн болохынхоо 70 хувийг хийчихдэг гэдэг шүү дээ. 
Хүн болохын 70 хувийг хийчихсэн хүүхдийг сургуульд ороод ирэхэд нь хандлагыг нь өөрчлөх гээд чадахгүй.

- Тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол их чухал зүйл байх нь. Тийм үү?
- Цэцэрлэг чухал. Гэрийн хүмүүжил чухал. Дээрээс нь тэр хүүхдэд хүрч байгаа агуулга чухал. Хүүхдийн үзэж байгаа хүүхэлдэйн кино, уншиж байгаа номын агуулга нь чухал. 

Зөв мэдлэг, зөв дадал зуршил, итгэл үнэмшлийг хүүхдэд багаас нь суулгаад өгчихөөр ЗӨВ МОНГОЛ хүн гарч ирнэ. Дээр ярьсан Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Зөв Монгол хүүхэд” гэдэг хөтөлбөр үүн рүү чиглэж байгаа. Мөн “Авьяас”, “Ном” хөтөлбөр гэж хэрэгжүүлээд буй. Гэхдээ энэ хөтөлбөрүүдийг хэрхэн тууштай хэрэгжүүлэх вэ гэдэг их чухал. 

Хэн нэгэн сайн бодлого гаргаж болно. Харин бодлогыг хэрэгжүүлж байгаа нэгж дээр буухгүй бол, яг тэр санааг нь тэр чигт нь хүргэдэг багш байхгүй бол ямар ч хэрэггүй болчихно. Өөрөөр хэлбэл багш нарын чадвар, заах арга зүй дээрээс нь эцэг эх, гэр бүлийн хүмүүжил зэргийг зэрэг өөрчилж байж бодлого үр дүнтэй хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл системийн оролцогч талуудын хандлагыг зэрэг өөрчилж байж үр дүн сайжирна. 

Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд мэдлэг гэхээсээ илүү зөв дадал бий болгох нь чухал. 

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд мэдлэг гэхээсээ илүү зөв дадал бий болгох нь чухал. 

Хүүхэд харснаа л үлгэрлэдэг. 

Эцэг эх нь хараал хэлдэг бол тэр хүүхдийг хараал хэлж болохгүй гэж хэчнээн загнаад нэмэргүй. Хүүхдэд улаан гэрлээр, гарцгүй газраар гарч болохгүй гэж хэлчихээд өөрсдөө хөтлөөд улаан гэрлээр гараад байдаг бол яах вэ. 

Багш хэчнээн зөв зүйл хэлээд байсан ч гэртээ тэр хүмүүжил өөр байдаг бол нэмэргүй болчихоод байгаа юм. 

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд мэдрэмжийн чадварыг илүүтэй төлөвшүүлдэг бол дунд сургуульд нь мэдлэгийн чадварыг илүүтэй төлөвшүүлнэ. 

Дунд сургуульд байхдаа хүүхэд сурах арга барилаа олсон байх нь л хамгийн чухал. 

Хүүхдээ сургасангүй гэж их дээд сургуулиудыг буруушаах эцэг, эх элбэг. 

Их сургууль гэдэг хүүхдийг сургадаг газар биш.  Их сургуульд оюутан сурдаг юм.  

Бакалаврын сургалтын зорилго нь оюутан цаашид мэргэжлийн мэдлэг, дадал чадварыг бие даан эзэмшиж чадах чадварыг л төлөвшүүлэх юм. Мэдээж шаардлагатай суурь буюу онолын мэдлэгийг олгоно. Түүнээс мэдвэл зохих бүх мэдлэг, мэдээллийг олгоно гэж байхгүй. Бид хоёрыг энд ярилцаад сууж байхад тэнд нэг өөр шинэ мэдлэг, технологи гарч байна шүү дээ. Тэгэхээр бакалаврын түвшинд оюутан мэргэжлийн шинэ мэдлэг сурах чадварыг эзэмших нь хамгийн чухал юм. Магистр, докторын сургалт бол өөр. Энэ түвшинд суралцагч мэргэжлийн нарийн мэдлэгийг олж авч, эзэмшиж түүнийгээ ашиглаж судалгаа хийдэг.

- Та хүүхэд, залуусын мэргэжил сонголт гэдэг зүйлийг анхаарч судалдаг уу?
- Би “ЭМОС” гэдэг клубын гишүүн.

Манай клуб 2004 онд "Өөрийгөө хөгжүүлье" гээд ном гаргаж байсан. Гадаадад байсан хэсэг залуус нийлээд байгуулсан клуб юм. 100 хоногийн семинар хийгээд үүнийхээ үр дүнгээр хүүхэд өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах зорилготой ном гаргасан. Үүний дараа 2005 онд хүүхэд, залууст мэргэжлээ сонгоход нь тусалъя гэж шийдсэн. Клуб дотроо хоорондоо ярилцаж байхад ихэнх нь одоогийн мэргэжлээ санамсаргүй сонгосон байдаг. Миний хувьд электроникийн инженер гэж мэргэжлийг санамсаргүй л сонгосон байх жишээтэй. Азаар надад яг таарсан мэргэжил байсан. Мэргэжил гэдэг тухайн хүний сонирхол, зан чанарт нийцэхүйц байх ёстой. 

Ном зөв уншиж сураагүй байна гэдэг мэдлэг олж авах хэрэгсэл нь бүрэн тоноглогдоогүй байхтай адил. 

 

Тэгэхээр тухайн мэргэжлийн талаар тодорхой мэдээлэл хүүхдүүдэд хэрэгтэй. Гадаадад гэхэд хүүхдүүдийг суралцах хугацаанд нь үйлдвэр, албан газруудаар маш их танилцуулж ажил, мэргэжлийн онцлогийг нь танилцуулдаг. 

Албан газрууд ч үүнд маш их ач холбогдол өгч даргадаа ажлаа танилцуулах гэж байгаа юм шиг бэлдэж хүүхдүүдийг хүлээн авдаг. Хойч үедээ хөрөнгө оруулалт хийж байна гэдэг утгаараа үүнд их хүндэтгэлтэй ханддаг. Дунд сургуулиа төгсөхдөө хүүхэд нэлээд олон газраар яваад танилцчихсан байдаг. Өөрөөр хэлбэл бодит байдлаас нь хангалттай мэдээлэл авчихдаг.

Харин Монголд яаж байна вэ. Хүүхэд өөрийн таамгаараа бодож байгаад эсвэл эцэг, эхийнхээ тийм мэргэжилтэй бол гэсэн үгэнд ороод л мэргэжлээ сонгох нь элбэг. Хэчнээн мундаг хүүхэд байгаад сонирхолгүй мэргэжлээ эзэмших гэж байгаа бол тэгээд л сурдаггүй. Сайн дүнтэй төгслөө ч чадварлаг мэргэжилтэн болж чаддаггүй. 

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ номоо бичихдээ мэргэжил бүрээр дараах таван асуултад хариулахыг эрмэлзсэн. Нэгдүгээрт, Ямар зан чанар, сонирхолтой хүнд энэ мэргэжил зохицох вэ. Хоёрдугаарт, Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд хүүхэд ерөнхий боловсролын сургуульдаа ямар суурь мэдлэг, чадвар эзэмшсэн байх ёстой вэ, Гуравдугаарт,  Ийм мэргэжилтэй болохын тулд МСҮТ, их дээд сургуульд ямар мэдлэг, чадвар, дадал эзэмших вэ, Дөрөвдүгээрт, Энэ мэргэжлийг эзэмшсэнээр ямар боломжууд хүлээж байгаа вэ, Үргэлжлүүлэн суралцах бол? Ажиллах бол? Дотоод болон гадаадад? Тавдугаарт, Энэ мэргэжлийг эзэмшээд эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг таван асуулт. 

Сүүлийн төслөөрөө "Ном унших ном" гэдэг номыг орчуулж байна. Хүүхдүүд ном зөв уншиж сураагүй байдаг. 

Ном зөв уншиж сураагүй байна гэдэг мэдлэг олж авах хэрэгсэл нь бүрэн тоноглогдоогүй байхтай адил. 

Ном унших чинь өөрөө бас олон түвшинтэй. Анхан шатны түвшнээс нь эхлээд шинжиж унших, задлан шинжилж унших, харьцуулж унших г.м. 

Ном унших нь нэгэн төрлийн суралцах явц юм. Тэгэхээр багшгүйгээр суралцах аргад сургах ном гэж ойлгож болно. 

- Энэ ном хэзээ гарах вэ? 
- Одоо редакцын засвар хийгдэж байгаа. 

- Сүүлийн үеийн залуус гэхдээ харьцангуй ном уншдаг болчихсон юм шиг.
- Тийм ээ. Энэ бол зөв. Ном унших хандлага ихэснэ гэдэг баярлууштай. Харин одоо номоо зөв уншаад сурчихвал номоос мэдлэг эзэмшдэг болоод эхэлнэ. Ингэж л бүх нийтийг танхимын бус замаар соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлнэ.

"Шүүмжит сэтгэлгээгүйгээр бүтээлч сэтгэлгээ байхгүй гэдэг үг байдаг"

 

- Эргэцүүлэн бодох, дүгнэх чадвар дутагдаж байгаа учраас Монгол залуус бүтээлч бус хандлагатай болж буйтай холбогдож байгаа байх. Тийм үү?
- Тэгж ойлгож болно. Хүнд эхлээд шүүмжит сэтгэлгээ байх ёстой.

Шүүмжит гэдгийг манайхан их буруу ойлгодог болчихсон байна. Шүүмж гэдэг заавал аливааг зөвхөн муулдаг, харлуулдаг зүйл биш юм. Сайн байвал сайныг магтахыг хэлнэ. 

Аливаа зүйлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг шүүмжит сэтгэлгээ гэнэ. 

Шүүмжит сэтгэлгээгүйгээр бүтээлч сэтгэлгээ байхгүй гэдэг үг байдаг.

Аливаа асуудал, нөхцөл байдалд шүүмжтэйгээр хандаж үнэлэлт дүгнэлт өгсний дараа л бүтээлч шийдэл гаргах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл шүүмжит сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээний хамтын ажиллагааны үр дүнд л аливаа шинэ санаа, шийдэл гардаг.

 

Гэхдээ хүн аливаад шүүмжлэлтэй хандах, бүтээлч байх нь тархины хоёр өөр талын ажиллагаатай холбоотой байдаг. 

 

 

Шүүмжит сэтгэлгээ буюу аливааг дүгнэж цэгнэх, эргэцүүлэх чадварыг хөгжүүлдэг зүйл нь математик, логик сэтгэлгээ зэрэг байдаг бол бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг зүйл нь урлаг уран сайхан, зураг, хөгжим, зохион бүтээх явдал юм. 

Өөрөөр хэлбэл хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлье гэвэл хөдөлмөрийн хичээл бусад дугуйлан дамжаанд сайн хамрагдуулах ёстой. 

Намар “Цахим Өртөө Холбоо”  ТББ, ГХЯ-тай хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтад Т.Бат–Оргил илтгэлдээ  сонирхолтой жишээ дурдсан. Канадын нэг байгууллагын судалгаагаар мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг урлагийн боловсролыг дээшлүүлснээр бүтээлч сэтгэлгээ илүү хөгжиж бүтээмж өссөн үр дүн гарсан байна лээ. 

Тэгэхээр хүүхэд ямар нэгэн дугуйланд яваад байна гэдэг чинь бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж байгаа хэрэг. 

- Тэртээ тэргүй зураач болохгүй хүнийг зургийн дугуйланд явуулж яах гээд байгаа юм бэ гэж манайхан шүүмжилдэг шүү дээ.
- Хөгжим, зургийн хичээлд хүүхэд болгоныг хөгжимчин эсвэл зураач болгох гэж явуулдаггүй. Тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг учраас ийм төрлийн хичээл, дугуйлан хүүхдэд их ач холбогдолтой байдаг. Хөгжмийн дугуйланд явснаар хөгжимчин, техникийн дугуйланд явснаар инженер болох албагүй.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг зүйл нь урлаг уран сайхан, зураг, хөгжим, зохион бүтээх явдал юм. 

Урлаг гэдэг чинь хүнийг илүү хийсвэр орчинд аваачдаг. Зөвхөн өөрийн нүдээр харж байгаа бодит зүйлс дундаа сэтгэх биш илүү төсөөллийн ертөнцийг нь бий болгох гээд байна гэсэн үг. 

Нэг ухагдахууныг бид ойлгох ёстой. Монгол Улс гурван сая хүн амтай. Бид хэрхэн хөгжих ёстой вэ. 

Цөөн хүн амтай учир иргэд маань ашгийн шимийг хүртдэг зүйлс рүү анхаарал хандуулах ёстой. 

Ингэхийн тулд иргэд маань аливаад шүүмжит, бүтээлч байдлаар хандах чадвартай бүтээгч иргэдийг түлхүү бэлтгэх ёстой. Харин даалгасан ажлыг үг дуугүй гүйцэтгэдэг гүйцэтгэгч иргэд хангалтгүй тохиолдолд бусдаар ацаглан гүйцэтгүүлж болно шүү дээ.

Тэгэхээр гурван сая хүн маань бүтээлч сэтгэлгээтэй болж хөгжих хэрэгтэй байна. Бүтээлч улс болгоё гээд маргааш болчихдог зүйл биш юм. Өөрийн гэсэн шат дамжлага байх ёстой. Өнөөдөр Монгол хэрэглэгч улс.  

Бидний дараагийн алхам үйлдвэрлэгч улс болох ёстой. Ядаж суурь хэрэглээний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох ёстой. Гангаа боловсруулж хүнд үйлдвэрүүдээ хөгжүүлэх ёстой. Хүний суурь хэрэгцээг хангах зүйлүүдээ үйлдвэрлэж сурчихаад бүтээгч улс болох ёстой. Бүтээгч улс гэдэг бол глобал зах зээлд хэрэгтэй зүйлийг бүтээж чаддаг болно гэсэн үг. Ийм улс болохын тулд боловсон хүчнийг системтэй бэлдэх ёстой. 

Хуучин манай орос боловсролын систем сурагчдад байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг маш сайн өгдөг байсан. Энэ их зөв зүйл байж. 

Бид олон хүн амтай улсын боловсролын бодлогыг баримталж болохгүй л дээ. 

Олон хүн амтай улсуудын боловсролын бодлого нь нийтээр нь боловсролыг жигдхэн хөнгөн түвшинд өгч явж байгаад нарийн мэргэжлийг сонгосон хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг богино хугацаанд шахаж өгөх гээд байдаг. Гэтэл Монгол шиг хүн ам цөөтэй улсад хэд нь цаашаа шинжлэх ухаанаар явна гэж олон хүнтэй улсын бодлогыг барих юм бэ. Тэгэхээр цөөхөн хүн амтай манай улсад дунд сургуульд хүүхдүүдэд нийтээр нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг маш сайн өгөх ёстой. 

Хуучин Улаанбаатар хотод Залуу Техникчдийн Ордон, аймаг бүрт Залуу Техникчдийн Станц гэж байсан.  Энэ бол зөвхөн техникийн дугуйлангууд байгаагүй. Оёдол, зургийн ангиуд ч байсан. 

Байгууллага бүрт шинэ бүтээлч, оновчтой санаачилгыг дэмжих нэгж байх жишээтэй. Улс нэгдсэн бодлогоор бүтээлч сэтгэлгээг дэмжиж хөгжүүлдэг байсан. Одоогийн  зорьж байгаагаас дутагдалтай нь шинэ санаачилгыг баялаг болгох зорилтыг нь орхигдуулсан.

- Гэхдээ одоо ч дунд сургууль орос боловсролын арга барилаараа явж байгаа биз дээ. Кембриж гээд өөрчлөгдсөн юм байхгүй биз дээ?
- Өөрчлөгдсөн. Шинжлэх ухааны суурь хичээлүүдийн олгох агуулга харьцангуй суларсан санагддаг. Их сургуульд элсэх оюутнуудын мэдлэгээс дүгнэж байна л даа.

Уг нь нийтээрээ шинжлэх ухааны боловсрол дээшилнэ гэдэг олон давуу талтай. Адаглаад янз бүрийн мухар сүсэгт итгэх зэрэг байхгүй болно. Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж эхэлнэ гэсэн үг.   

Мөн ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөр их мундаг ч яг энэ мэдлэгээ олгож чаддаггүй. Хүүхдүүдэд мэдээллийн технологийн хичээлийг өгөөжтэй байдлаар орж, сайн эзэмшүүлэх ёстой. Логик сэтгэлгээтэй, алгоримт зохиох чадвартай, хялбархан  код бичих зэрэг чадвар, дадлыг  ерөнхий боловсролын сургуульд нь олгох ёстой гэж боддог. 

- Та өөрөө инженер хүн болохоор энэ тал руу хэлбийгээд байна уу даа. 
- Тийм байж магадгүй. Хүн болгон мэдээллийн технологийн мэргэжилтэн болох албагүй. 

Гэхдээ хүн болгон мэдээллийн технологийн хэрэглэгч гэдгийг мартаж болохгүй. Хүн болгоны мэдээллийн технологийн хэрэглээний түвшин дээшилнэ гэдэг Монгол Улсын хэмжээнд мэдээллийн технологийн хэрэглээний түвшин ахих давуу талтай. Мэдээллийн технологийг өөр түвшинд хэрэглэнэ гэдэг тухайн салбар өөрөө бас урагшлахад нөлөөтэй. 

Нөгөө талаас хэрэглэгчийн мэдлэг сайжраад ирэхээр дотоодын зах зээл ч тэлнэ. 

Бас нийтээрээ мэдээллийн технологийн мэдлэг нь дээшлэхээр өөр өөрийн ажлын байрандаа МТ-ийн ололтыг нэвтрүүлснээрээ бүтээмжээ дээшлүүлээд эхэлнэ.Тийм учраас ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн хичээлийг ч чанартай сайн болгох зайлшгүй хэрэгцээ байна. 

Хөдөө орон нутагт гэхэд зарим газар мэдээллийн технологийн багш нь сандал ширээ хаддаг хүн болчихсон жишээ бий. Лаборатори байхгүй. Зүгээр л онол ярьдаг хүн болчихсон байх жишээтэй. Сүүлийн үед харин БСШУЯ-наас технологийн болон байгалийн ухааны лабораториудыг тоноглоод байгаа дуулддаг. Амжилт шүү. Гэхдээ л хангалтгүй хэвээр байна.

Хүн болгон мэдээллийн технологийн мэргэжилтэн болох албагүй. Гэхдээ хүн болгон мэдээллийн технологийн хэрэглэгч гэдгийг мартаж болохгүй.

- Таны продюсер хийж байсан “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэг гарснаар технологийн хичээлийн багш нарын үнэлэмж багагүй нэмэгдсэн байх шүү. 
- Тэгэлгүй яах вэ. Нэвтрүүлэг гардаг болсноор хуучнаар хөдөлмөрийн одоогоор технологийн багш нарын үнэлэмж өсч, хүүхдүүд ч хичээлдээ сонирхолтой болсон. Хүүхэд бүр зохион бүтээх эрмэлзэлтэй болж, тэмцээнд оролцогч хүүхдээ ангийнхан нь үлгэрлэн дуурайх жишээтэй. 

Хүүхэд гараараа юм оёж, юм хөрөөдөж, хадаас хадаж үзэх гэдэг нь тухайн хүнд амьдралд хэрэгтэй дадал суухаас гадна аливаа зүйлийн цаана байдаг нөү хау гэдэг чухал зүйл байдгийг мэддэг. 

Тухайн зүйлийг хийх заавар нь байдаг ч нөү хау гэдэг зүйл чинь сурах бичиг дээр байдаггүй. 

Багшийнхаа ярьсан нэг жишээнд би их дуртай. Оросын ган хайлуулах үйлдвэр ашиглалтад ороод англи мэргэжилтний цутгасан их буу нь зүгээр буудаад байдаг. Орос нөхдүүдийнх хугарч уначихаад байсан байна. Адилхан л хайлшнаас хутгаж аваад цутгаад байдаг. Тэгэхэд л ялгаа гараад байсан байна. Тэгээд ямар учир байгааг англи мэргэжилтнээс шалгаасаар байгаад хэлүүлэхэд тэр хүн цутгахынхаа өмнө хайлшаа нэг сэгсэрдэг байж. Сэгсэрнэ гэдэг нь тунарсан бол жигд холино, хоёрдугаарт хий орчихсон бол түүнийг гаргачихдаг байна. Сурах бичиг дээр ганг тэдэн градуст хайлуулж цутгана гэж бий. Аваачаад цутгах нь ч байгаа. Харин сэгсэрнэ гэдгийг хүн ажиллаж үзэж л байж л олж авах нөү хау.

Бас нэг жишээ. Гуталчны жишээ. Нэг нөхөр гуталчинг дагалдаад сурч байтал хадсан тах нь салж унаад болдоггүй. Тэгсэн багшийнх нь зүгээр байгаад байдаг. Шавь нь ажигласаар байгаад учрыг олсон нь багш нь хадах гэж байгаа хадаасаа амандаа зуучихсан буюу шүлстэж байгаад хадахаар нөгөө нь хадсан хойно зэвэрчихдэг юм байна. Зэврэхээрээ тэр тах тийм амархан салдаггүй байх нь. Тэгэхээр Монголчууд бидэнд нэг том төөрөгдөл байдаг нь Монголдоо герман, япон машинаар л үйлдвэрлэж байвал герман технологиор, япон технологиор юм хийж байна гээд байдаг. Гэтэл бид тэр нарийн нөү хау буюу газар дээр нь ажиллаж үзсэн туршлага байхгүй эсвэл дутуу эзэмшсэн бол хэчнээн үнэтэй төхөөрөмжийг авчраад амжилт олохгүй. Энэ нөү хау гэдэг зүйлийг хэрхэн бий болгох вэ гэхээр бид хийж байж л мэднэ. Мод хөрөөдөж байгаа хүн их амархан харагддаг. Гэтэл түүнийг тэгшхэн хөрөөдөх дадал суух тийм амаргүй гэдгийг гараараа юм хийж үзсэн хүн л мэднэ. 

"Бидний хамгийн алсын зорилго энэ оюунлаг машиныг хөгжүүлэх"

- Монгол бүтээгч улс болохын тулд эхлээд Монголчууд гэж хэн бэ гэдгээ сайтар ойлгох ёстой байх. Тийм үү?
- Монгол хүн эзгүй хөдөө талд байгалийн эрс тэс нөхцөлд амьдарч сурсан. Өөрөөр хэлбэл асуудал тулгарвал өөрт байгаа нөхцөл боломжиндоо тааруулж шийддэг ард түмэн. 

Тухайн нөхцөл байдалд асуудлыг өөрийнхөөрөө шийдсэнээр Монголчлох гэдэг ойлголт бий болсон. 

Монголчлох гэдэг бол үнэндээ технологийн горим эвдэж байгаа хэрэг. Тухайн нөхцөл байдалдаа асуудлыг шийдэж байгаа л хэлбэр юм. Удаан хугацаанд ингэж ажиллуулж болохгүй. Харин үүнийг хэрхэн зөв горимд оруулах вэ гэдэг өөр асуудал. Монголчилсон зүйлийнхээ санаагаа тухайн үйлдвэрлэгчид худалдаж чадвал технологийн дагуу шинэчлээд үйлдвэрлэх болно. Ингээд л инноваци хийгээд эхэлнэ дээ.

Үүний жишээ бол УАЗ машин. УАЗ машинд олон санааг монгол жолоочдын “монголчилсон” шийдлээс санаа авч өөрчилдөг гэдэг.

Үүнээс миний хэлэх гэсэн санаа бол Монголчуудад reengineering буюу дахин инженерчлэл хийх авьяас бас боломж байна. Үүний бас нэгэн тод жишээ бол МОНЭЛ. МОНЭЛ анх Японы JVC телевизийн патентийг аваад зурагт угсарсан гэдэг. Японы патентийг аваад ашиглахаар хамгийн түрүүнд ямар асуудал тулгарсан бэ гэхээр тэжээлийн асуудал. Японд хүчдэл хэлбэлзэнэ гэдэг асуудал байдаггүй. Харин тухайн үеийн Монгол ямар байлаа даа. Тэжээлийн өргөн хэлбэлзэлд ажилладаг болгоод  асуудлыг нь амжилттай өөрчилсөн. Энэ нь Монгол, Орос, Хятадад зарагдах бүтээгдэхүүн болж чадсан амжилттай жишээ.  

Монголчуудад reengineering буюу дахин инженерчлэл хийх авьяас бас боломж байна

 

- Хүүхэд залуусын зохион бүтээх, бүтээгч сэтгэлгээг өдөөж байсан “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэг үргэлжлэх болов уу?
- Нэвтрүүлэг энэ жилдээ завсарласан байгаа. Санхүүжилтийн асуудал бий. 

Ямар ч байсан нэвтрүүлгийн эхний зорилго болох хүүхдүүдийн зохион бүтээх сэтгэлгээг сэргээх зорилго биеллээ олсон. Анги дотор нь нэг хүүхэд юм хийгээд эхлэнгүүт бусад нь ч бас санаа нэмэрлэнэ. 

Бас өөрөө оролдож үзэхийг хүсдэг. Дээрээс нь багш нь шавиа бэлддэг, аав нь хүүгээ бэлддэг энэ тогтолцоо буцаад сэргэж ирсэн. Мөн технологи, хөдөлмөрийн хичээлийн багш нарын үнэлэмж нэмэгдэж эхэлсэн. 

Харин бүтээл гараад эцсийн бүтээгдэхүүн болох бол хоёрдугаар зүйл. Хөрөнгө оруулалт зэрэг өөр асуудал руу орчихдог. Ер нь нэвтрүүлэгт орсон бүтээл шууд масс бүтээгдэхүүн байх боломжгүй. Тэр бол туршилтын загвар гэсэн үг. Тухайн туршилтын бүтээгдэхүүнийг хэрэглээний бүтээгдэхүүн болгохын тулд дахин хөгжүүлэх, турших хэрэгтэй. Үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. 

- Шинэ нээлт, ололт, туршилтуудын дүн мэдээлэл олон улсад ихэвчлэн их, дээд сургуулиудын судалгааны багийн хийсэн ажил байдаг. Харин МУИС-ийн судалснаар тийм үр дүн гарлаа гэдэг зүйл нэг их дуулддаггүй. Энэ юутай холбоотой вэ?
- Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний төсөв гэдэг хэцүү. Мөнгө зарахгүй бол судалгааны ажлын үр дүн гарахгүй. Ямар тохиолдолд судалгааны үр дүн гарч байна вэ гэхээр гадаадуудтай хамтраад олон улсын төсөл хэрэгжүүлж байгаа багш нар нэлээд үр дүнд хүрч байна. Тэр үр дүнг хаана тайлагнадаг вэ гэхээр эрдэм шинжилгээний бага хурал дээр тайлагнадаг. Харин тэр эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчилдаг соёл манайд байхгүй. 

Үүнийг ярихын тулд хэд хэдэн жишээ яръя. 

Цөмийн масс тодорхой нэг босго утга (критик масс)-аас хэтрэхээрээ үл унтрах гинжин урвал явагдаж тэсрэлт үүсэхүйц процесс эхэлдэг.

Тодорхой нэг хувьслын шинжтэй тэсрэлтэт өөрчлөлт эсвэл хөгжил болоход (ө.х синержи эффект үүсэх) зорилтот бүлгийн критик массыг шаарддаг. Гэхдээ яг тухайн агшинд критик масс үүссэн байх ёстой гэсэн үг. Жишээ болгон өөрсдийн түүхээс сөхвөл МОНЭЛ компанийг байгуулахад зүүн Герман, Чех, Польш, ЗХУ г.м хуучин зүүн европийн улсуудад зохион байгуулалттай электроник, холбоо, автоматжуулалтын чиглэлээр бэлтгэсэн олон инженер бэлэн байлаа. Нэгэнт бий болсон түүхэн нөхцөлийг ашиглан төрөөс хөрөнгө оруулан угсралтын дамжлагатай болгосноор Монгол улс электроникийн бүтээгдэхүүн экспортолж чадсан түүхтэй.

Солонгосыг л харъя. Монголчууд компьютер угсарч байхад тэд угсарч чаддаггүй байсан. Гэтэл наяад оны сүүлээр холбооны систем нь өөрчлөгдөөд бүх байгууллагын дотоод холбооны системийг шинэчлэх шаардлага гарсан. Нэг их сургуулийн профессор нь үүнийг бид одоо л өөрсдөө хийхгүй бол дараа нь бид бүх зүйлээ гаднаас авдаг болно шүү гэж Ерөнхийлөгчдөө захидал бичсэн байдаг. Ерөнхийлөгч нь ч тухайн асуудлыг ойлгоод өөрсдийн хүмүүсээ дэмжээд мэргэжилтнүүдийнхээ хүчийг төвлөрүүлээд дотоод холбооны системээ шинэчилж байсан. Дараа нь тэр бий болсон хүчээр улсынхаа хэмжээнд 4, 8, 16 мега байтын рам үйлдвэрлэе гэсэн зорилт тавьсан. 

Ганцхан рам л үйлдвэрлэх зорилго тавьсан. Үүнийг хийхийн тулд улсаараа хөдөлсөн. Ингэж хагас дамжуулагчийн салбар Солонгост хөгжсөн түүхтэй. Дараагийн тэдний зорилго нь LCD дэлгэцийн зах зээлийг эзэлье гэж зорьсон. Үүнийгээ дагаад бусад салбарууд нь хөгжчихдөг. 

Дээрээс нь их, дээд сургуулийн багш нарын удирдлага дор судалгаа хийж өгөх судлаачдын цалин гэж төсөв байдаггүй. Гадны хөгжингүй орнуудад сургуулийн профессорууд дандаа өөрсдийн судалгааны багтай. Судалгааны ажлынх нь ихэнхийг нугалж өгдөг магистр, докторуудтай байдаг. 

Монгол улс электроникийн бүтээгдэхүүн экспортолж чадсан түүхтэй.

 

Улсад дээр өгүүлсэнчлэн боловсрол, шинжлэх ухааны салбартаа барьж буй тодорхой нэгдсэн зорилго байхгүй учраас манай залуус хэчнээн гадаадад очоод магистр, доктор болоод ч нэг профессорын судалгааны ажлыг хийж өгч байгаад л ирдэг. Монголдоо ирээд хамтраад юм хийе гэхээр бүгд өөр өөр судалгааны чиглэлээр ажил хийчихсэн байх жишээтэй. Тэдгээрийн зарим нь Монголд хөгжүүлэх боломжгүй ч байх нь бий.

- Ерөөсөө л нэгдсэн бодлого байхгүйгээс бүх зүйл болоод байна. Тийм үү?
- Тийм. Бидэнд нэгдсэн бодлого алга. 

- Та гэхэд яг одоо судалгааны ямар ажил дээр ажиллаж байна вэ?
- Миний хувьд үйлдвэрлэлийн автоматжуулалтаар нэг хэсэг судалгааны ажил хийсэн. Одоо дүрс боловсруулалт руу орсон. 

Монгол бичгийн бичвэр таних болон хүний царай танихад Монгол зургийн аргыг хэрэглэх зэрэг судалгаа хийж байна. 

- Жишээ нь энэ судалгааны ажил дээр та хэдэн хүнтэй баг болж ажиллаж байна вэ?
- Сайн дурын хэдэн багш нар маань л байна. 

Гэхдээ янз бүрийн төсөл, мөнгө алга гээд бид зүгээр суугаагүй. 

Machine Intelligence Laboratory буюу Оюунлаг машины лаборатори гэж групп үүсгээд нэгдэж байгаа. Судалгааны таван чиглэл нэгдэж байгаа. 

Одоогоор бидний хамгийн алсын зорилго энэ оюунлаг машиныг хөгжүүлэх. Оюунлаг машин гэдэг хардаг, сонсдог, ярьдаг, дүрсэлдэг, боддог, хөдөлдөг байх ёстой. Энэ бүх чадварууд дээр багш нар маань групп болоод өөр өөрсдийн судалгааны ажлаа хийж байна. Робот, компьютер хараа, компьютер хэл шинжлэл, мэдлэгийн менежмент зэрэг судалгааны чиглэлүүд байх жишээтэй. Магадгүй хүмүүст их хол санагдаж байж магадгүй. Гэхдээ л бид тодорхой хэмжээгээр судалгаа хийж үр дүнд хурч буй чиглэлүүдээ нэгтгэж хүчээ төвлөрүүлэн нэг том зорилгын өөрт ногдсон асуудлыг шийдвэрлэхээр зорих юм.  

Судалгаа хийхээс гадна багш нар маань мөн хөгжүүлэлтийн ажлууд хийж байна. Байгууллагын удирдлага, хяналтын бүртгэлийн төхөөрөмжийг  хөгжүүлсэн жишээ хэд хэд бий. Электроникийн ажлуудаа хийгээд л явж байна гэсэн үг. Бидний хувьд цэвэр судалгааны ажил хийхээс гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлуудыг давхар хийж явах шаардлага байдаг. 

Монгол Улс өөрөө ийм өндөр технологийг хөгжүүлэх тал дээр олон улсын шаардлагатай гэрээ конвенцэд нэгдээгүй учраас  олон улсын эрх зүйн асуудалтай тулгараад байна

 

- Таны яриад байсан хагас дамжуулагч чип дизайны төсөл юу болсон бэ?
- Тэр ажил маань олон янзын саад бэрхшээлтэй тулсаар л байна. Уг нь манай УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гээд олон хүн ойлгож дэмждэг л дээ. Монгол Улс өөрөө ийм өндөр технологийг хөгжүүлэх тал дээр олон улсын шаардлагатай гэрээ конвенцэд нэгдээгүй учраас  олон улсын эрх зүйн асуудалтай тулгараад байна. Мөн санхүүжилтийн асуудал дээр ч гацаад байгаа. Гэхдээ энэ ажлаа орхиогүй. Урагшлуулахаар хөөцөлдөөд л байна.

Мянган инженерийн төсөлд энэ сэдэв орсон байгаа. Тэгэхээр хүний нөөц бэлтгэх, зарим хөгжүүлэлтийн ажил эхлэх боломжтой.

- Таны судалгааны намтрыг харахаар их арвин аж. Гэхдээ энэ тухайгаа нэг их ярихгүй гээд байдаг чинь ямар учиртай вэ?
- Би өөрийгөө яримааргүй байна. Бусдыг хийж эхлээсэй, санаа аваасай гэж өдөөх асуудлаар л ярихыг хичээлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x