Зураг
Зураг
Индэр    
2017 оны 3 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

54 хүүхэд мориноосоо УНАЖ ЗАСГИЙН ГАЗРЫГ "БАЯСГАЛАА"

Зураг
"Дүнжингарав" уралдаан, 2017.03.05, баруун гар талаас ХХААХҮ-ийн сайд, Морин Спорт, Уяачдын Холбооны ЕНБД П.Сэргэлэн, ...

- Хөвсгөл, Дундговь, Говь-Алтайн хурдан морины уралдааны үеэр 23 хүүхэд унаж, ДӨРӨВ нь ГЭМТЭЛ АВЧЭЭ -

Шүүх нь ч, уяачдын холбоо нь ч, хүний эрхийн байгууллагууд нь ч хурдан морины уралдааныг өвөл, хаврын хүйтний үед зохион байгуулахгүй байх шийдвэр, хүсэлт, дүгнэлтийг удаа дараа гаргасан ч  уралдаанууд зохион байгуулагдсаар байна. 

Ингэж зохион байгуулагдах болсон нь Засгийн газрын ЭНЭХҮҮ шийдвэртэй холбоотой. 

Хурдан морийг хүүхдээр унуулах нь ямар, ямар хууль зөрчиж байгаа талаар Хууль зүйн доктор О.Мөнхсайхан Хурдан мориноос унаж амь насаа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулан бичээд байна. Тэрбээр 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, 7.3-т зааснаар унаач хүүхэд “эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах,” “өөрийн нэр төр, эрүүл мэндээ хамгаалуулах” эрхтэй ч энэ эрхийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан төдийгүй эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч) зөрчсөөр байгаа талаар тодорхой бичсэн билээ. 

Ийм нөхцөл шаардлагуудыг холбогдох байгууллага, олон нийт мэдээлсээр, шаардсаар байтал өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл, Дундговь болон Говь-Алтай аймгуудад Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулжээ. Говь-Алтай аймаг гэхэд энэхүү уралдааныг бүсийн бус аймгийн нэрийдэл дор зохион байгуулсан байна. 

Тус хоёр уралдааны үеэрх хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг хэрхэн хангаж ажилласан талаар Хөвсгөл, Говь-Алтай аймгуудын Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн хэлтсийн дарга нартай холбогдон мэдээлэл авлаа. 

Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дашбаяр "Нэгэнт уралдаан зохион байгуулагдсан учир бид өөрсдийн 11, мөн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын тус бүр хоёр буюу нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр унаач хүүхэд тус бүрийн зориулалтын иж бүрэн хамгаалалт зэргийг нягтлан шалгасны үндсэн дээр хүүхдүүдийг уралдууллаа. Шалгалтын үеэр хамгаалалтын хэрэгслийн зөрчилтэй 42 хүүхдийг уралдуулаагүй. Нийт 228 хүүхэд дөрвөн насны хурдан морины уралдаанд уралдсан. Эдгээрээс14 хүүхэд мориноосоо унаж гурав нь хүнд, хөнгөвтөр гэмтэж эмнэлгийн тусламж авсан" гэлээ. 

Эмнэлгийн тусламж авсан гурван хүүхдийн хоёр нь Орхон аймгийн, нэг нь Хөвсгөлийнх байсан байна. Орхон аймгийн хоёр хүүхдэд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж, улмаар эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Харин Хөвсгөл аймгийн 12 настай Ө гэх хүүхдийн зүүн шанааны яс цуурсан тул одоо тус аймгийн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Хөвсгөл аймагт болсон уралдааны үеэр нийт мориноос унасан 14 хүүхдийн 10 орчим нь морь тавиач нараас болсон тухай Ч.Дашбаяр дарга хэллээ. Морь тавиачид нь дандаа насанд хүрсэн залуучууд байдаг бөгөөд тэдгээр нь өөрсдийн морь, унаач хүүхдүүдээ эхний эгнээнд оруулах гэсээр бусад хүүхдүүдийг шавхардах, түлхэх зэрэг зөрчилдөөнөөс болж ийнхүү бусдын хүүхдийг мориноос нь унахад нөлөөлдөг байна.

Говь-Алтайд болсон уралдааны тухайд тус аймгийн  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн хэлтсийн дарга С.Болормаа мөн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэхүү уралдааныг зохион байгуулахыг эхнээс нь эсэргүүцээд дийлээгүй тул нэгэнт болсон уралдааны үеэр мөн л хамтарсан ажлын хэсэг байгуулж хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудалд хяналт тавин ажилласан талаараа ярилаа.  "Засаг даргын захирамжаар тусгай ажлын хэсэг байгуулуулан бид ажиллалаа. Нийт 153 хүүхэд уралдсанаас таван хүүхэд унаж (гурав нь уралдаан эхлэхээс өмнө) тэдгээр хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ" гэсэн юм. Тэдгээр таван хүүхдийн биеийн байдал хэвийн бөгөөд хүнд гэмтэл аваагүй байна. Тус аймгийнхан хурдан морины уралдааны үеэр зөвхөн телевиз, эмнэлгийн машиныг л дагах зөвшөөрөл өгсөн нь уралдааны үеэр тоос босох, уралдаж байгаа хүүхдүүдэд машин саад болохгүй байх арга хэмжээ авсан тухайгаа ярив.

Мөн "2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэрт “Мандалын хурд-2017” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулагдав. Тус уралдааны үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Наадмын үеийн уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавьж ажиллах 4 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэдалай сумын ЗДТГ, сумын Хамтарсан баг, “Нарны хүлэг” уяачдын холбоотой хамтран ажиллалаа. Уралдаанд 4 насны 424 хурдан морийг 179 уралдаанч хүүхэд унаж хурдлуулсан бөгөөд уралдаанч хүүхдийг 100 хувь гэнэтийн ослын даатгалд хамруулж, дулаан хувцас, хамгаалалтын малгай, өвдөгч, тохойвч, цээживчтэй уралдаанд оролцуулав.

Уралдааны үед дөрвөн хүүхэд мориноос унаж эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай авлаа. Нэг хүүхэд тархиндаа доргилт авч эмнэлэгт хүргэгдсэн" талаар тус аймгийн  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн хэлтэс мэдээлжээ. 

Энэ сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж тэдний хоёр нь гэмтэл авсан. Тэгвэл энэ сарын 12-нд болсон Говь-Алтай, Хөвсгөл, Дундговийн уралдаанд нийт 23 хүүхэд унаж тэдгээрийн дөрөв нь хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. 

Үүнээс үзвэл хориглоод хориглоод дийлдэггүй хаврын улиралд зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр нийт 54 хүүхэд мориноосоо унаж, албаныхны мэдээлж буйгаар тэдгээрийн зургаа нь хүнд, хөнгөвтөр гэмтэл аваад байна. 

Хурдан морины уралдаан зохион байгуулагчид, уяачид өөрсдийгөө уламжлал, соёлоо тээн, залгамжилж байгаа тухайгаа хэлдэг. Харамсалтай нь Монголчуудын түүхэн уламжилд "Монголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт хурдан морь уралдуулах, эсгий үүдээ гэр дээрээ тавих, дээлийг сугалдаргалах гэсэн гурван зүйлийг хориглодог байсан тухай" Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам багш ярьсан билээ. Монголчууд эртнээсээ өвөл, хаврын хүйтэн тарчиг цагт морь уралдуулдаггүй байж. 

Тэгэхээр одоо цагт болж буй энэхүү уралдаанууд нь уламжлал ч биш болж таарав.  Ямар ч байсан Засгийн газрын тогтоолын дагуу болсон хаврын уралдааны үеэр 54 хүүхэд хурдан мориноос унаж, хүнд, хөнгөн бэртэж гэмтлээ. Эцэст нь хэн баясав даа.