Зураг
Зураг
Индэр    
2016 оны 1 сарын 15
Зураг
Studied John F.Kennedy School of Government at Harvard University

ЦОО ШИНЭ МАНЛАЙЛАЛ !

Зураг

"Y, Alpha-гийн утгыг X хэрхэн олох тухайд"

Цицероны үеэс л “Одоогийн хүүхдүүд өөр болжээ” гэх үг тэмдэглэгдсэн гэдэг. Мэдээж түүнээс өмнө ч, хожид ч Ром төдийгүй олон улс оронд хүмүүс өөрсдийн араас түрэн өндийж байгаа шинэ үеэ янз бүрээр үнэлэх, дүгнэх явдал хүний түүхээр дүүрэн биз ээ. Магтана, бас шүүмжилнэ, сэтгэл хангалуун ч байна бас дундуур нь байх бөлгөө.

Ер нь яагаад шинэ үеэ дэмжих ёстой байдаг вэ? Шинэ үеийг дэмжих, залуу үеэ өсч бойжиход нь дэм тус үзүүлэх, туршлагажуулах нь хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахинд тэсч үлдэхүйг сорих ур чадвар юм.

Үе улирсан хэм хэмжээ, нийгмийн урсгалаар шинэчлэгдэж байгаа асуудлуудын өмнө хүчин мөхөсдөх нь тодорхой. 

Өөрийнхөө үеэр, өөрийнхөө мэдлэгээр аливааг хэмжиж, хуучирч цаг өнгөрөөсөн аргачлалаар шинэ үеийн асуудлыг шийдэх гэж оролдох нь хамгийн мугуйд үйлдэл юм. Аливаа бүхэн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан холбоонд хөгжинө.

Үе улирсан хэм хэмжээ, нийгмийн урсгалаар шинэчлэгдэж байгаа асуудлуудын өмнө хүчин мөхөсдөх нь тодорхой. Тиймээс л залуу үеэ дэмжиж, тэднийг сургаж, хүмүүжүүлж, үзэл санааны хувьд, үнэт зүйлийн хувьд өөртөө итгэлтэй, эрүүл шударга болход нь дэмжиж өгөх ёстой. Өтөл үе, дундаж насныхан болоод залуу үеийн хамтын ажиллагааны үр дүнд үндэстний хөгжил дэвшлийн өв, санах ой чийрэгжиж хат сууна. Бас бяд орно.

“GI - GENERATION” буюу “Аугаа үеийнхэн”: 

(1930-аас 1950-иад он)

1930-аад оны Америкийн их хямралын үеийн хүнд бэрхийг туулж, улмаар хоёрдугаар дайнд оролцож, дайны дараах шинэ нийгмийг гар бие оролцон бүтээгч үеийнхнийг “G.I Generation” буюу “Аугаа үеийнхэн” (The Greatest Generation) гэж тэмдэглэдэг.

(GI = Government Issue, General Issue эсвэл galvanized iron) Энэ үеийнхний ухаан сэхээ орж, амьдрал босгож байх үеийнх нь гол дэвшилтэт технологи бол радио өргөн нэвтрүүлэг байв.

Харин Монголын тухайд бол 1990 оныг хүртэл үзэл суртлын хатуу буулганд байсан хүмүүсийн цөөнгүйг энэ үед хамруулж ойлгох боломжтой.

“GENERATION-X” буюу “Х үеийнхэн” 

(1960-аас 1980-аад он)

Хоёрдугаар дайн дуусгамагц үй олноороо мэндэлсэн “Baby boom”-ийн төлөөлөл иргэд. Дайн дуусч эрчүүд гэртээ харьснаар хүн төрөлхтний түүхэнд сая сая шинэ иргэд 1946 оноос эхлэн мэндлэв.

Дэлхийн дайнд 200 сая шахам иргэдээ алдсан хүн төрөлхтөн ийнхүү үржлийн идэвхтэй “хөдөлгөөн өрнүүлснээр” 1960-аад он гэхэд тэдний олонх нь нас биед хүрч эхлэв. Тэдний үеийнхний гол технологийн хэрэгцээг телевиз хангаж байв.

Монголын тухайд бол X үеийнхэн ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч байж GI үеийнхээ дэмжлэгийг хүлээж, тэднээр буулт хийлгүүлж чадсан.

“GENERATION-Y” буюу “Millennial Generation” 

(1980-аас 2000-аад он)

Энэ үед мэндэлсэн хийгээд ухаан орсон хүүхдүүдийг “Мянганы үеийнхэн” гэж нэрийддэг. Тэд хүн төрөлхтний тооцоолж эхэлснээр хоёр дахь мянганы босгыг давсан цаг хугацааны мөчлөг юм.

Энэ үеийнхэн бол хүн төрөлхтний хэмжээнд бусад бүх үеэс илүү улс төрийн идэвхтэй. Учир нь хүйтэн дайн дуусах, олон улсын шинэ зарчим тогтох, технологийн шинэ хувьсгал өрнөх шилжилтийн босгон дээр мэндлэн ухаан торнигчид. Энэ үеийнхний технологийн дэвшил нь интернет цахим орчны түрүү, дунд үеийн хэрэглээ.

“GENERATION – Z” буюу “iGen эсвэл Post Millennial” 

(2000-аас 2010(20)-аад оныхон)

“Z үеийнхэн” бол одоо цоо шинээр гарч ирж байгаа шив шинэхэн үеийнхэн. Энэ үеийнхэн бол ухаалаг хэрэглээ, интернетийн өвч бүрэн хэрэглээг төгс эзэмшигчид, тэд төрөөд хэлд орж амжаагүй байхдаа л эцэг эхийнхээ ухаалаг утсыг гар хуруугаараа чадамгай оролдож дөнгөнө. Тэдний үед технологийн үсрэнгүй хөгжлүүд ердийн амьдралын хэв маяг болно.

Ихэнх судлаачид тэдний үе 2025 он хүртэл үргэлжилнэ гэж нотолдог ч өөр байр суурьтай судлаачид цөөнгүй. Тухайлбал 2015 онд TEDx-ийн лекцэд Mark McCrindle илтгэл тавихдаа. “Z үеийнхэн” 2010 онд дуусгавал болж “Алфа үеийнхэн” буюу “Generation Alpha”-гийн цаг эхэлсэн гэж мэдэгдсэн. Тэд одоо бидний төсөөлөө ч үгүй байгаа технологийг эзэмшинэ.

САНАМЖ:

Хүн төрөлхтний хөгжлийн хурд технологийн хурдаар хэмжигдэж байна. Мэдээж хүний хөгжил, баяр баясал хийгээд гансрал гутрал ч бас технологийн эерэг ба сөрөг нөлөө дэндүү их. Дэлхийн хоёрдугаар дайны дөрөвхөн жилийн дотор хүн төрөлхтөн энгийн 35 жилийн хурдаар олж авах байсан бололцоог нээж хөгжүүлсэн байдаг. Энэ бол дайны нөлөө. Одоо ч мөн дэлхий дахин асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна.

Монголын нийгмийн хөгжил барууны хөгжлөөс тодорхой үе хоцорч байгаа учраас биднийг одоо маш цөөн “G.I” болон олонх нь “X” үеийнхэн удирдаж байна. Тэд “Y” үедээ хамтран ажиллах үүдээ нээж өгөх зайлшгүй үүрэгтэй. "Чаддаг юм бол хаалга өшиглөөд ороод ир", "мөнгөө төлөөд, танил талаараа орж ир" хэмээн шударга бус шаардлага тавьсаар бол 10-15 жилийн дараа монголын хөгжлийн залгаас сох харанхуйлж, тэр хэрээр нийгэм хохирно. Залгамж чанар алдагдана.

2010-2030 оны хооронд Монголд статистикийн ойлголтоор бол “ХҮН АМЫН ЦОНХНЫ ҮЕ” нээгдэж байгаа. Энэ жилүүдэд залуучуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хамгийн их байна гэсэн үг. Тэдний өмнө тулгамдах асуудал ч нийгмийн зонхилох сэдэв байх болно. 2030 оноос хойш Монгол Улс залуусын биш дундаж настнууд зонхилсон орон болно.

Одоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ирж яваа цагийн өнгийг мэдэрдэг, алсыг харах чадвартай, асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй онол хийгээд хүнлэг мэдрэмжийг хослуулж чадах эх оронч хүмүүс үгүйлэгдэж байна. Өнөөдөр эд таваар тарааж сонгогчдыг даапаалж байгаа хүмүүс 10 жилийн дараа энэ үйлдлээ хийхэд гэмт хэрэг гэж ойлгох шинэ үе өсөн өндийж байна.

Нийтийн зүтгэлтэн (дарга) болохыг мөрөөддөг хүмүүст хандаж хэлэхэд технологийн мэдлэгтэй бол. Түүгээр дамжиж иргэдэд, олон хүний амьдралд хэрхэн илүү үр дүнтэй хүрч үйлчилж болох вэ? Мөн хэрхэн нээлттэй, ил тод ажиллаж болох вэ? Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг иргэдийнх нь оролцоотойгоор мэдээллийн технологийн тусламжтайгаар яаж хурдтай шийдэж, гарц хайж, зөв шийдэлд хүрч болох вэ гэдэг дээр өөрийн гэсэн бодлоготой байх ёстой.

Одоо намууд нэр дэвшигчдийнхээ 33 хувийг нэр цэвэр, туршлагатай хүмүүсээр, 33 хувийг эмэгтэйчүүдийн мэргэшсэн төлөөллөөр, 33 хувийг хийж бүтээх эрмэлзэлтэй, боловсролтой залуусаар бүрдүүлж чадвал том амжилт болно.

Ингэж зориглохгүй, хууччуудынхаа барьцаанд орж, фракц, сонирхлын хэлхээндээ түүртснээр бол зөвхөн өөртөө гай тариад зогсохгүй Монголын ирээдүйд том нүгэл хийж буй үйлдэл болно. Тиймээс залуусаа дэмжсэн нам ялалтад хүрч чадна. Залуу үеээ үгүйсгэх нь салхины өөдөөс нулимж байгаа харалган үйлдэл бөгөөд маргаашийн сорилтын өмнө хариуцлагаас зугтаж буй гэмт хэрэг мөн.

/Сүхбаатарын Эрдэнэболд 2016 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр Бостон/

Өгүүллийг: С.Эрдэнэболд