Зураг
Зураг
Индэр    
2016 оны 3 сарын 5
Зураг
Studied John F.Kennedy School of Government at Harvard University

Өөрийгөө олох дасгал

Зураг

(Төгсгөлөөс нь унш)

Энэ хорвоо дээр хүн бүр өөр өөрийн хувь зохиолоор амьдралыг туулдаг. 

Зарим хүний хувьд жаргал мэт харагддаг зүйл өөр нэгний өмнө зовлон болж торойно. Зарим хүний өмнө нүд ирмэхийн зуур чадах дадал бусдад насан туршдаа оролдоод сурашгүй мөрөөдөл мэт бодогдоно. 

Гэвч хүн өндөр нам, хар цагаан, эр эм, хөгшин залуу гээд харагдаж буй төрхөөсөө илүү өөрийн дотоод эрмэлзэл, хүсэл зоригоороо  бусдаас ялгарч байдаг. Хүний дотоод хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, түүнийхээ төлөө тэмцэгч чанар хүмүүсийн амьдралд эзлэх байр суурийг нь тодорхойлдог. 

Байр суурь гэдэг нь бусдад харагдах үзэмж төдий зүйл бус бусдад хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн гэсэн эгнэгт орших оройн зайг бий болгох хувь хүний амьдарлын өвийг хэлнэ. 

Үнэт зүйл. 

Үнэт зүйл бол ихэвчлэн үнэлж боломгүй зүйлийн тухай ойлголт.  

Хүний амьдралд эрхэмлэх хамгийн үнэ хүндтэй, нандин бүхэн үнэт зүйлтэй холбоотой. Хүн бүрийн үнэт зүйл тодорхой сэжмээр уялдаатай мөртөө бас амьдралд хандах хандалгаас нь үүдэж өөр өөр өнгөтэй. 

Амьдралын баримтлал, гажишгүй ноён нуруу, шийдвэр гаргахдаа мөрдөх  эрхэмлэлийн хил хязгаарыг хүний үнэт зүйл тодорхойлж байдаг. Хөгжингүй орнуудын жишээн дээр үнэт зүйлийн ижилсэл жигдэрсэн нь түгээмэл. Харин ээдрээтэй нөхцөлд байгаа улс орон гэлтгүй байгууллага, гэр бүлийн тухайд бол үнэт зүйлийн гажуудал нь дотоод зөрчил-тэмцэл, хямрал авчрах үндэс. 

Нийгэмд манлайлж бусдын амьдарлын үнэт зүйлд нөлөөлөх шийдвэр гаргахын өмнө хүн өөрөө өөрийнхөө үнэт зүйлийг ойлгосон байх учиртай. Өөрийнхөө үнэт зүйлийг, ёс суртахууны хил хязгаарыг бүрхэг дулимаг таньсан хүн ямар ч үнэт зүйлгүй хүнээс бүр ч аюултай. Нийгэмд үнэт зүйлийн хомсдол ужгирах тусам хэрэг зөрчил, адгуу түйвээнт явдал нүүрлэнэ. 

Өдгөө нийгэмд үнэт зүйлийн ташаарал түгээмэл. 

Энэ нь эргээд нийгмийн тогтворгүй байдал, үл итгэлцэл, цөөн хүний харалган амиа хичээгч үйлдэлд өдөөгч болж байна. ҮНЭТ ЗҮЙЛИЙН ХЯМРАЛ-ыг даван туулах нь Монголын өмнө тулгамдсан асуудал. 

Та үнэт зүйлийг өөрийнхөөрөө тодорхойлох эрхтэй. Гэвч Монголын төлөөх эрмэлзэл бүтээх үнэт зүйлсийн цогцыг Монгол эрдэмтэн судлаачид тодорхойлж боловсролын байгууллагаас эхлээд бүх түвшинд сэргээх цаг болсон. Эмх цэгцгүй, гадна дотны санхүүжилттэй олон төрлийн эрээвэр хураавар бодлогоос үүдсэн үнэт зүйлийн замбараагүйтэл нь хамгийн хүсэшгүй нийгмийн сүүдрийг нөмрүүлж байдаг. 

Чухамдаа Монголын нууц товчооноос эхлээд их хөлгөн туульс, эртний хадны бичээс, өвөг дээдсийн өв их эрдмийн соёл, түүх, ардын аман зохиолын яндашгүй баялаг сан хөмрөгт монголын гэсэн онцгой нандин үнэт зүйлийн сан хөмрөг бий. Харин орчин цагийн нээлттэй, өрсөлдөөнт нийгэмд хүн өөрийн үнэт зүйлийг хэрхэн ойлгох тухай багахан зураглалыг харцгаая. 

Үнэт зүйлийн тухайд эртнээс нааш олон зуун цэцэд мэргэд хөөрөлдөж, маргалдаж ирсэн. 

Эцэслэн тогтоогүй асуудал.

Гэвч Харвардын их сургуулийн профессор Билл Жорын бичсэн “The Discover your true north” буюу Монгол хэлнээ үгчлэн бус утгачилан сийрүүлбэл “Сэтгэлийн жолоогоо атга” (Үүнээс илүү сайнаар хэлж болох биз ээ С.Э), чухам өөрийн хүсэл зоригийн “Алтан гадас аа ол” гэсэн номоос жаахан зүйл эшлэе. 

Билл Жорж тэргүүт эрдэмтэд Үнэт зүйлсийн 100 гаруй төрлийн нэршлийг судалгаагаар хөвөрдөж гаргажээ. Тэд үүнээс ч илүү санал бусдад байхыг хүндэтгэж буйгаа хэлсэн. 

Дараах боломжит үнэт зүйлсийн үгэн баганан дотроос Та өөрийнхөө хэв шинжийг олоорой. “Таны хувьд чухам ямар үгс нь үнэт зүйлийг тань тодорхойлж байна вэ?” 

Өөртөө зориулж цаг гарга. 

Бодох тунгаахад таван хормыг ч болов зориул. 

Та өөрийнхөө яг одоогийн мөрддөг хамгийн тод итгэл үнэмшил болсон таван үгийг олж ав.

Бас үүний зэрэгцээ өөртөө бий болгохыг хүсдэг таван үгээ сонгож ав. Ингээд мөнөөх арван үгээ сайтар эргэцүүлж өдөр бүр өөртөө сануулж занш. Өөрийн тань эрмэлзлэл, дотоод хүч, хүсэл тэмүүллийг гялалзан тодроход үгийн хүч үнэтэй түшиг болно. 

Үгсийг чухлын дарааллаар бус англи цагаан толгойн дарааллын дагуух Бил Жоржын номонд өгүүлснээр жагсаав. Мэдсэн дуулсан сургамжит сайн зүйлийг өөрөө сонсоод өнгөрөх нь нүгэл, бусдад түгээх нь буян биз ээ. 

Үгсийг хөрвүүлэхдээ шууд тухайлсан үгийг тавиад орхисонгүй, харин тодорхой үнэт зүйлийн хэлбэршил байдлаар нь орууллаа. 

Та өөрийн 10 үгээ сонгоод SUBMIT товчин дээр дараарай!

 

Өгүүллийг: С.Эрдэнэболд