Хариуцлага гэдэг үг хамгийн эрүүл үг, зөв хэмжүүр. Хүний нийгмийн салбар бүрт, ажил мэргэжлийн талбар бүрт энэ л үг хамгийн том хөгжлийн дархлаа болдог. Хувь хүн хариуцлагаа ухамсарлаж, албан байгууллага хариуцлагаа хэвшүүлж, улс төрийн нам хариуцлагатай, ил тод ажиллаж, бизнесийн байгууллагууд ажил хэргээ хариуцлагатай хэрэгжүүлэх нь чөлөөт нийгмийн үндэс.
Хариуцлага гээч зүйл ёс зүй, сахилга бат, эрх үүргээ адил ухамсарлахаас эхлэх мөртөө, хуулийн засаглал, түүний тэгш үйлчлэлээр амь орж хэрэгждэг зарчим.
Түүнээс биш ЦЕГ-ын дарга "Тэр хүнийг очиход нь тэгж хандаарай гэж чиглэл өгөөгүй нь лавтай". Заавал нэвтрүүлэг сэлт хийж байж, нийгмийн шахалт, бухимдал бий болгож байж аливаа асуудал дээд шатныхны анхааралд “хүчээр очиж байгаа нь” тэр салбар хариуцлага дутсаных.
Энэ нь Монголын бүх цагдаа нийтээрээ ажлаа хийдэггүй гэсэн үг биш, харин тэдний дунд хариуцлагагүй, ажил мэргэжилдээ эзэн болдоггүй, иргэдээ алагчилдаг хүмүүс ажиллаж байна л гэсэн үг. Тэр тогтолцоонд шинэчлэл хэрэгтэй.
Төрөх эмнэлэгт амаржихаар очсон эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Тэнд үйлчилгээ үзүүлэх ёстой ажлын хариуцлага, сэтгэл хоёр дутсанаас л осол эндэл гарч байгаа. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо мөртэй алдаа бүхэн хариуцлага дутсанаас үүддэг.
Дуулиант асуудлууд, иргэдийн дунд төөрөгдөл, талцал бий болгосон сэдвүүдийн ихэнх нь л хэн нэгний хариуцлага дутсан, ажил мэргэжилдээ хайнга хандсан, хуулийг эс тоосон, их зан ороож, хамар сөхсөн сэхүүн давиулуун гэмээс үүддэг.
Ялангуяа улс төрийн орчинд, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ба хурган дарга нарын бүсэд хариуцлагын тогтолцоо дэндүү чамлалттай.
Хариуцлагаас мултрах арга замыг эрх мэдэлд ойр байгаа нөхдүүд өөрсдөдөө загварчлан тохируулж ямар нэгэн байдлаар арга саам хийж байгаа жишээ чамгүй. Гэхдээ шинэчлэл ч бишгүй. Сүүлийн жилүүдэд бий болсон дэвшилттэй зүйлс бол: Иргэний танхим, нийтийн сонсгол, шилэн данс, төсвийн ил тод байдал зэрэг хэрэгжээд эхэлсэн тодорхой ойлголтууд үр дүнгээ өгч байна.
Төрөх эмнэлэгт амаржихаар очсон эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан.
Нийгмийн сүлжээгээр “Босъё, тэмцье” гэсэн уриа ч гэмээр турхиралтууд газар сайгүй харагдах болж. Арлын японд ид хаваа гайхуулж асан Дагвадорж аварга маань хүртэл “Алалцана шүү” гэх үг чулуудсан байсан. Нэг асуулт! Хэнтэй, юутай, яаж алалцах гээд байгаа юм? Энэ бол шууд нийгэмд эмх замбараагүй байдал, зандалчлал үүсгэх онц ноцтой гэмт хэргийг хүссэн харанхуй турхиралт.
Тиймэрхүү алхмаас болж иргэний дайнд шилжсэн улсуудын хар түүхүүд бишгүй.
Аливаа улс дотоодын үймээн самуунд идэгдэх, тогтворгүй байх нь бусад улсад олз болдог. Ялангуяа Монгол шиг баялаг ихтэй, хүн ам цөөн, нийгмийн дийлэнх нь сэтгэл хангалуун биш иргэд нэг л дотроо “алалцаад” эхлэхэд түүнийг нь доргиогоод өгөх, өрдөөд өгөх, улмаар хэн нь ч ялагч биш нийтээрээ хохирогч болох сценарийг хэрэгжүүлэх субъектүүд хялбархан гараад л ирнэ.
БУСДЫН ИДЭШ БОЛОХ Л ГЭЭГҮЙ БОЛ ДОТРОО ЭВ ТҮНЖИГТЭЙ БАЙЦГААЯ
Нийгмийг цочроосон дуулианд хийрхэж авталгүй бүхнийг хуулийн дагуу шийдэх гаргалгааг тууштай эрэлхийлж байя. Алдаа гаргасан хувь хүмүүс, албан тушаалтантай л хариуцлага тооцохыг шаардаж, тэдэнд эсэргүүцлээ илэрхийлнэ үү гэхээс нийгмээрээ нэгнийгээ үгүйсгэх ойворгон явуулгад бүү автацгаая.
Хэрэв үг сум байсан бол монголд амьд амьтан үлдэхээргүй там болтол үзэлцэх юм, бид чинь. “Алалцана, шудалцана” гэх сүржин, агсарган үгс байнга сонссоор байгаад нэг л мэдэхэд саган дэлбэрэхэд бэлэн нийгмийн үзэл, залуучуудын хандлага болвол хэдий аюултай билээ.
Тэр занал зөвхөн олонхыг турхиран үзэн ядсан хүмүүсийг хамаад зогсохгүй эргээд монголын өнгөтэй өөдтэй юм бүхнийг улангасан залгих болно.
Аливаа улс дотоодын үймээн самуунд идэгдэх, тогтворгүй байх нь бусад улсад олз болдог.
Монгол нь монголоо үзэн ядсан үзэл бол өөрийгөө хөнөөх аймшигт зэвсэг. Тэр зэвсэг өнөөдөр ядуу байгаа иргэдийн бухимдал уур цухалд зугуухан нэрэгдэж байхад түүнийг нь улам исгэн гааруулахыг хүсэгчид байгаа. Тэднийг “моодноос гаргах” цаг ойртож байгаа.
Эх орондоо хайртай, эрх чөлөөнд хайртай, үг үзэл бодлоо илэрхийлчихдэг иргэд дэндүү олон нь сайн хэрэг. Гэвч хүн арга буюу муу муухайн өмнө хүчин мөхөсдөх мэт мэдрэмж төрхөд, түүнийгээ хүчирхийллийн замаар биш эвийн аргаар шийдэх ёстой гэдгээ хариуцлагатайгаар ойлгож байх ёстой.
2016 оны сонгуулийн дараа бүх зүйл өргөс авсан мэт шийдэгдэхгүй. Дахиад л олон олон маргаан дэгдэнэ. Яагаад гээч? Яагаад гэвэл энэ нийгмийн үнэт зүйл, суурь зарчмуудыг үндсээр нь шинэчлэхгүй бол бид нэг дороо л эргэцээд байна.
Залуус гарч ирснээр өөрчлөлт хялбархан бүтчихгүй. Ирээдүйд улс төрд орох залуус нь одоогийн хэдээсээ ч харгис нөхөд гарч ирвэл яах вэ? Тэдний үнэт зүйл, мөн чанар, хүсэл тэмүүлэл хэр байх вэ? Одоо яаж төлөвшиж байна вэ?
Тиймээс эрх мэдэлд хүрэх гэсэн хүн бүрт хариуцлагыг нь сүнсэнд нь шингэтэл ойлгуулсан тийм тогтолцоо хэрэгтэй. Иргэд хариуцлага нэхэж, ажил хийхийг шаардах ёстой. Түүнээс биш сав суулга, нүүрс, зууххан авчихаад амаа үдүүлдэг байж болохгүй.