Зураг
Зураг
Индэр    
2015 оны 11 сарын 25
Зураг
Studied John F.Kennedy School of Government at Harvard University

ЖУДАГ

Зураг

Өөрөөс ахмад хүнээс сургамж сонсож явлаа. Өөрөөс дүү хүмүүст сургаж хэлэх үгс байна. Жудаг бол зөв суртахуунтай хүний хамгийн том ялгарал. Таних тэмдэг, давуу чанар. Ялангуяа хүйс үл харгалзан төрийн үйлд зүтгэгч хүнд заавал байх ёстой чанар. Жудаг бол зангарга бүтээх хүн ёсны анхны тавил. Дээхний луугар өвгөчүүд, ухаант эмгэдийн үйл хэргээс жудагийг таньж өдгөөх амьдралдаа тусгах нь бидний соёлоо таних ухаан, язгуураа мэдэх увдис.

Хоёр үгэндээ холбирохгүй зан. Мэдсэнээ бусдад түгээх чанар, зөвд зөөлөн, бурууд нугаршгүй туйлбар бол жудагтай хүний мөн чанар. Жудаг муут, хүн муут болно. Үзэл санаа, зарчим хүнийг хөтлөх ноён нуруу бол, зан суртахуун, зохист жудаг нь түүнийг бэхжүүлж, бататгах суурь.

Алдаагаа засч, хүний мөсийг эрхэмлэх нь жудагтай хүний үйлдэл. Алба тушаал, нэр алдар, ямба цолонд хувиршгүй нэг л зангаараа үлдэх сорилт бол жудаг ирлэх шалгуур. Эр тутам нь жудагтай, эм тутам нь цадигтай цагт Монгол хүний үнэ цэнэ, бие биенээ гэх жинхэнэ хүндлэл бүрдэнэ.

Монгол гэдэг нэгэн том модны хүн төрөлхтөнд соёолж хавсан гурван сая үндэс нь ард түмэн, бидний соёл.

Алив хүний язгуур төлөвшил жигдэрч, үндэстний хэл соёл, үүх түүхээ таних тутам эх орноо гэсэн итгэл үнэмшил нь дархлаажиж улмаар үндэстний оюун санааны сэргэлт ирнэ. Гадаад хэл, дэлхий дахины соёл, технологийн хувьсал, загварын хандлага бол Монгол гэдэг үндэс гүн модны салаа мөчирт дэлгэрэх навчис, нахиа. Монгол гэдэг нэгэн том модны хүн төрөлхтөнд соёолж хавсан гурван сая үндэс нь ард түмэн, бидний соёл.

Жудаг өвлөх хамгийн том сургууль бол түүхээ мэдэх, түүний өв их сангаас ухаан сургамж авч, ирээдүйн алхам бүртээ суралцах. Дараа нь үндэсний эрх ашиг, түүний алтан аргамжийг өөрийн үйл хэргээр хэрхэн тэлэхэд ухаан нэрэх. Бодол богшроож, үг цэвчрээж, алхвал мөртэй, хэлвэл үгтэй байр суурь бүтээх.

Улмаар сурах, мэдэх, аливааг олон талаас нь тунгааж үл хувирах, үл сарних оюун мэдлэгт цагаашрах. Нэг дуулснаа мэдэмхийрч цуурахаас өмнө мянга бодож ганц дуугарвал эрдэм бүтнэ. Зангарга сууна, жудаг тэгширнэ.

Хүнийг байгаагаар нь хүлээж авч, аливааг хов, хуудуу хоёроос салгаж, үнэний төлөө үхтэл тууштай зүтгэх нь жудагт нэгний тавилан.

Ирээдүйд худлыг биш, үнэнийг, хуумгайг биш жудагийг бүтээ.

Монголд цэцэд мэргэд олон байна. Залуу үе гэрэл гэгээтэйгээр торниж байна. Саад бэрхшээл, сэтгэл цуулах мэдээ олон ч түүнийг даван туулах үндэстний итгэл, зориг ирмүүн үнэний хат хэзээд бий.

Харин эр тутам жудагтай, эм тутам цадигтай болох учиртай. Сайн хүний туулсан замаас жудагийг сур, сайн номын шарласан хуудсаас жудагийг тунгаа, сайхан ард түмнийхээ түүх соёлоос жудагт суралц. Ирээдүйд худлыг биш, үнэнийг, хуумгайг биш жудагийг бүтээ.

Эд хөрөнгийг нөөшлөж хөлжлөө ч муу нэрт болвоос ардад хорсогдох. Эрдэм номыг мянга үзлээ ч хуваалцаж, хэрэглэхгүй бол заяанд тээртэй. Зэрэг цол, хэргэм гавьяаг хэчнээн цогцлоосон ч хэргийг нь хийж түмэнд эс тусалбал нохойд жинс зүүсэн мэт.

Өгүүллийг: С.Эрдэнэболд