Зураг
Зураг
Индэр    
2015 оны 10 сарын 29
Зураг
Studied John F.Kennedy School of Government at Harvard University

Ардчилсан тогтолцоог айдсаар баригч Эдгар Хүүвэр

Зураг

1919 онд 24 настай нэгэн залуу АНУ-ын Мөрдөх товчоо (Bureau of Investigation) –нд ажилд оржээ. Таван жилийн дараа түүний байгууллага одоогийн Холбооны мөрдөх товчоо (FBI) болж шинэчлэгдлээ. Эдгар Хүүвэр гэгч мөнөөх залуу 1935 оноос эхлэн 1972 онд насан эцэслэтлээ 37 жилийн турш тус байгууллагыг толгойлон ажиллав.

Тэрээр Ерөнхийлөгч Күүлиж, Хүүвэр, Рүзвээлтийн үед нөлөөгөө авч улмаар Трумэн, Айзанхауэр, Кеннеди, Жонсон, Никсоны жилүүдэд ноёрхлоо тогтоосон байна. Ийнхүү насан эцэслэтлээ чөлөөт нийгмийн хүчний байгууллагыг толгойлсны нууц нь тун хачирхалтай. Тэрээр бүхний нууцыг мэддэг байсанд оршино. Түүний ноёрхлын бүхий л жилүүдэд АНУ-ын бүх Ерөнхийлөгчид түүнээс “бэргэдэг” байсан. Битүүхэндээ Хүүвэрийг оролдож өөрийн “Но”-г дэлгүүлэхээс эмээдэг байж. Тэр байтугай, Кеннеди, Мартин Лютер Кингийн эсрэг зузаан баримт бүрдүүлээд авчихсан байдаг. 

Онцлог нь Ерөнхийлөгчид төдийгүй Сенат болон Конгрессын гишүүд ч бүгд битүүхэн айдастай байдаг байж. Эдгар Хүүвэрийн нөлөө, хэлхээ холбоо, улс төрчдийн хувийн амьдралын талаар цуглуулсан нарийн ширийн мэдээлэл нь түүний эрх мэдлээ бататгах хөшүүрэг болно.
Японд атомын бөмбөг хаяулсан Трумэн хүртэл “Бидэнд нууц цагдаагийн газар, Гестапо хэрэггүй” гэж нэг удаа хэлсэн нь бий.

Тэглээ гээд хүчрээгүй аж. Эдгар Хүүвэр эрх мэдэлтнүүдийн ор хөнжлийн дуулиан, санхүүгийн зөрчлөөс эхлээд хүсвэл чинээнд нь тултал бүгдийг дэлгэнэ. Сүүлдээ тэр нь дэндээд нотлох баримт хууль бусаар бүрдүүлэх, хэн нэгнийг зохиомол хэрэгт холбогдуулан нэр хүндийг нь нийгмийн хөрснөөс арчих гээд хэт бардам алхмуудыг хийсэн байна. Түүнд хууль үйлчлэхээ болж, хууль тогтоогчдыг “бүрэн хяналтдаа авч” улмаар айдаст суурилсан нөлөөгөө дархлаажуулжээ.

Энэ бол хорьдугаар зуунд, бидний мэддэг ардчилал хөгжсөн хамгийн бололцооны улсад тохиосон бодит түүх. Эдгар Хүүвэрийн тухай кино, баримтат зохиолууд зөндөө гарсан. Шонда Раймсийн зохиолоор “SCANDAL” олон ангит кино саяхан Монголд гарсан. Киноны гол дүр Оливиа Попын аав ноён Поп “B613” хэмээх нууц байгууллагын тэргүүнээр ажиллаж Америкийн улс төрийн нарийн үйл хэрэгт нөлөөтэй оролцдог тухай өгүүлдэг. Тэр дүрийг кино бүтээгчид Эдгар Хүүвэрийн бодит жишээнээс сэдэвлэн зохиолдоо оруулсан аж.

Дэлхийд хүйтэн дайн ид хүчээ авч байх үед Америкт “дотоодын хүйтэн дайн” дэгдэж, бие биедээ элдэв нэр хоч зүүж байсны цаана энэ нөхрийн оролцоо дэндүү их байж. "Оросын тагнуул" гэж Америкчууд бие биенээ баривчилж, Маккартинизмаар өвчлөн ихээхэн сүржигнэсэн жилүүдэд Хүүвэрийн нөлөө тун үүрэгтэй байж.

Зарим улсын түүхэнд хөгжлийн хурдаа авахын тулд иргэдийнх нь бодол санааны ижилсэл тун чухал байдаг. Хүлээлт, хүслийг нь ойролцоо байлгах шалтгаан хэрэгтэй. Ялангуяа өндөр эрх мэдлээ хадгалахын тулд зарим удирдагчдын хувьд өөрийн хяналтаа бүрэн тогтоох тулгуур нь ард түмнийг нэг зүгт чиглүүлэх үзэл санааны мотиваци хэрэгтэй байдаг. Энэ нь мэдээж сайн ба сөрөг олон талтай.
Сөрөг тал нь “ардын дайсан”, “үндэстний нийтлэг үнэлэмжид таарахгүй” дүрүүд төрүүлэх хэрэгтэй байдаг. Ийм хэрэгцээний үндсэн дээр Маккартинизм, Лонгизм, популистууд төрдөг. 

Монголд баруунтан, зүүнтний нугалаа, 31 оны “Шамбалын дайн”, 37-39 оны хэлмэгдүүлэлт, Лоохууз, Сурмаажавын хэрэг, сэхээтний төөрөгдөл гээд сүржин зохиолтой зохиомол хэргүүд олон гарсан. Эд бүгд тухайн нийгмийн золиос болж хоцорч.

Дүгнэлт: Хэрвээ улс төрд хөл тавьсан л бол хэн нэгэнд заавал сул тал байдаг. Хувийн амьдрал, хэв маяг, өнгөрсөн түүх, хэлсэн үг, үйлдэл, санхүүгийн асуудал, томоор ярьвал үзэл санаа, эрх ашгийн зөрчил.

Хэрвээ улс төрд хөл тавьсан л бол хэн нэгэнд заавал сул тал байдаг. 

Тэдгээр мэдээллүүдийг цуглуулж хэн нэгний эсрэг ашиглах, хэрэгтэй үед нь ил гаргаж, зарим талаар хэн нэгнийг хаацайлах бол Ардчилсан нийгмийг сульдуулах хамгийн хорлонч арга. Айдсаар барьсан эрхшээл араасаа асар их зовлон дагуулж эргээд эздээ хаман оддог аж. 

Иймээс л хуулийн засаглал нэн тэргүүнд чухал. Тиймээс л хууль, шүүхийн шинэчлэл амин чухал. Ийм гажуудал нь ард түмний өмнө “шударга ёс тогтоох” халхавчаар хэрэгжиж байдаг.

Тиймээс хүчний байгууллагын толгойд улс төрийн сонирхол тээсэн хүмүүсийг огт ойртуулж болохгүй тухай сургамжийг профессор хэллээ. Энэ бол нэг улсын жишээ биш л дээ. Латин Америк, Африкийн орнуудад түгээмэл тохиолдсон түүх.

Мөн ази, европт ч адил. Гэхдээ соёлт хүний нийгэм ийм алдааг давтахгүйг хичээж байна. Санаж сэрэх ухаанаар, бусдын алдааг аль болох давтахгүй байх нь шинэ тулгар ардчилалтай бидний анхаарах сэдэв.

Эх сурвалж: Мошик Темкин профессорын хичээлээс. “Leaders and leadership in history”, “Cold war” 2015 оны 10 сарын 28

 

Бэлтгэсэн: С.Эрдэнэболд