-Вьетнамын сургамж ба Сирийн зовлон-
Америкдаа “Сенатын мастер” (мэргэшсэн парламентч) гэж алдаршсан Линдон Жонсон бол додоод бодлогын асуудал дээр хэнийг ч дагуулхааргүй мэргэжилтэн байж. Тэр Кеннедигээс түүхэнд ээдрээт байр суурь эзлэх хэд хэдэн асуудал өвлөж авсан байдаг. Нэг нь мэдээж арьс өнгөний үзэл дээд цэгтээ хүрсэн 1960-аад оны нийгмийн бухимдал, нөгөө нь хүйтэн дайны зөрчилдөөнд асуудал хурцадсан олон улсын харилцаа.
Жонсон бол Америкийн түүхэн дэх хамгийн залуу цөөнхийн бүлгийн дарга, бас хамгийн залуу олонхын бүлгийн дарга хийж байсан. Түүний хувь хүний тухай хожим тусад нь бичих болно. Харин түүнийг Ерөнхийлөгчийн засаглал хэрэгжүүлэх үед дээд цэгтээ хүрсэн Вьетнамын дайны талаар товчхон хөндье.
Вьетнам бол Монголчууд бидний мэдэхээр түүхэнд Аннам гэж хэлэгддэг улс. 1965 он гэхэд тус улс одоогийн Хойд өмнөд Солонгос шиг хоёр хуваагдаад байв. Мэдээж өмнөх Вьетнамд нь Америкчууд нөлөөгөө тогтоож, хойд хэсэгт нь Оросууд хяналтаа тогтоосон байж.
Вьетнам бол Монголчууд бидний мэдэхээр түүхэнд Аннам гэж хэлэгддэг улс.
1965 онд Америкчууд Вьетнамд 100,000 цэрэг оруулав. Энэ тоо 1965 оны 12 дугаар сар гэхэд 180,000-д хүрэв. Төдөлгүй 1966 оны зун гэхэд Америк цэргийн тоо 360 мянгыг хол давлаа. Түүнээс нэг жилийн дараа буюу 1967 онд Жонсоныг Ерөнхийлөгчийн албанаас буухаас нэг жилийн өмнө Нэгдсэн улсын ХАГАС САЯ цэргийн бүрэлдэхүүнтэй асар том арми Вьетнамд тулалдаж байв. Хожим, Персийн булан, Ирак, Афганы дайнд хүртэл дээд тал нь л 150 мянган цэрэг үүрэг гүйцэтгэхээр мордож байсан бол Вьетнамын “дайн”-ы цар хүрээ ямар хэмжээнд байсныг хялбархан харьцуулж болно.
Гэтэл юу болов? Түүхэнд өмнө нь тохиож байгаагүй нэгэн үйл явдал болсон нь тэр үед “соёлт” ертөнцөд хэвлэл мэдээлэл хүчээ авч телевиз нэвтэрсэн байлаа. Вьетнамын бөмбөгдөлтөд өртсөн энгийн номхон иргэдийн аймшиг дагуулсан зураг Америкийн төдийгүй олон орны өдөр тутмын сонинд хэвлэгдэж, зурагтаар хүмүүсийг хиртхийлгэсэн мэдээллүүд хөвөрч эхлэх нь тэр.
Ардчиллыг бэхжүүлнэ гэж итгэдэг засаг нь хаа байгаа газар үнэнхүү аймшигт яргалал тарьж буйг ойлгосон Америкийн иргэд төр засгаа шүүмжилж эхлэв.
Тэдний дунд Бобби Кеннеди, урлаг, спортын алдартнууд гээд тоймгүй олон нийтлэг төрхүүд багтав. Улмаар 1960-аад оны сүүл, 70-аад оны эхэн гэхэд Америкийн ард түмэн түүхэндээ байгаагүйгээр төрдөө итгэх итгэлээ алдав. “Улс төрч” ажилтай бүх хүнийг хардах боллоо. Яг одоо олон нийтийн цахим сүлжээний хүчээр асуудлыг нэг биш олон өнгөөр харуулж чадаж байгаа шиг боломж анх удаа тэр үед бий болж.
Өнөөдөр яг л Вьетнамын дайн шиг нөхцөл байдал үүсчихлээ, Сирийн хувьд. Хүчтэй, геополитикийн тоглогч орнууд цэрэг зэвсгийн хүч, улс төрийн явцуу нөлөөгөөр жижиг буурай оронд юу дуртайгаа хийж, тэдний засаглалын сулбагар байдал, өөрсдийгөө хамгаалах дархлаагүй байдлыг нь далимдуулж хүчирхийлдэг түүх давтагдаж байна.
Францад болсон эмгэнэлт явдлын дараа 48 цагийн дотор Сирид өгсөн цохилт ч эргээд түмэн лай ланчиг тарих эрсдэлийг дагууллаа. Орос, Францын ээлжилсэн цохилтод Ирак, Сири дахь Исламын Улс (ISIS) бүлэглэл өртөхөөс илүү энгийн номхон иргэдийн цусан далай, нулимсан гол үерлэв.
Сүүлийн 5 жилийн хугацаанд Сирид 300,000 хүн амь эрсдэж, эх орноосоо 4 сая хүн дүрвэн гарчээ.
Ихэнх дайн бодит шалтгаанаас илүү гүехэн шалтаг, хүчтэй нь хүчгүйгээ идсэн хүчирхийлэл агуулагддаг.
Ихэнх дайн бодит шалтгаанаас илүү гүехэн шалтаг, хүчтэй нь хүчгүйгээ идсэн хүчирхийлэл агуулагддаг. Ихэнх дайны түүх “ЮУНЫ ТӨЛӨӨ БАЙЛДСАН БЭ” гэсэн хатуухан асуултад дорвитой хариулт өгч чаддаггүй.
Одоогийн хор уршиг тарьж буй шашны олон бүлэглэл, заримынх нь хэлдгээр “алан хядагч” буюу зэвсэгт тэмцэгчид бол хүйтэн дайны жилүүдэд Америк, Орос хоёрын тэмцэл дундаас зориуд бойжуулсан үйлийн үрийнх нь үр хөврөл юм. Энэ талаар хожим бичих болно.
Ер нь өөрийн гэртээ эзэн болж, эв түнжинтэй сууж, “гэр дотроо” асуудлаа аятайхан шийдэхгүй бол гадны хүн ирээд танай гэрийн асуудлыг шийдэх биш улам л хурцатгахыг хичээнэ. Таны гэрийн хэрүүл, гадны “айлд” завшаан болно уу гэхээс зовнил болохгүй. Өөрийн гэрийг нураана, өөрийгөө шатаана гэж сүрдүүлэх бол эх орныхоо тусгаар тогтнолын дархлааг хүчгүйдүүлж буй алхам. Өөрийн эрх чөлөө, бүрэн эрхт байдалд тулгарч буй бэрхшээлийг хүчирхийллийн замаар шийдэх гэж муйхарлах нь бусдад үнэгүй олз болох сохор гэмшил.
Дэлхий нийтийн дэг журам, хууль ёс, ёс суртахууны хэм хэмжээ гэж бий. НҮБ бол түүнийг хэрэгжүүлэгч гол үүрэгтэн. Гэвч “нүднээс гадуур” шахам даамжирч буй зөрчил тэмцэл, бүс нутгаас халиад цэрэг, санхүүгийн нөлөөт улсууд оролцсон зэвсэгт өширхөхийг мөнөөх дэглэм журам нь тогтоон барьж чадахгүй байна.
Тиймээс гэрийн асуудлыг гэртээ шийдэх цаг болсон. Монголд хэн нэгнийхээ нэр төрийг намнахын тулд, хүч чадлыг нь сулруулахын тулд хамаа намаагүй зүйлд гүтгэх, хардах, сэрдэх үзэл гаарч байна. Нийгэм бухимдалтай байхын далимаар өөрийн өчүүхэн нэрийг өндөрт гаргах гэсэн явцуу балаг, үндэстний язгуур эрх ашгийг ганхуулж байна.
Энэ мэт бусдын хар түүх ертөнцөд одоо ч хөвөрч байна. Энэ мэт муу замыг Монголын саруул ухаант ард түмэн сэтгэлийн тэнхээ, ойлголцлоор гатлан туулж чадна гэдэгт би итгэж байна. Залуу үе ч тэгж итгэдэг байх.
Эх сурвалж: 2015 оны арваннэгдүгээр сарын 17-ний Leader and leadership in history хичээлийн хэлэлцүүлгээс тоо баримтуудыг ишлэв
Зургийн тайлбар: Вьетнамын дайны үнэн төрхийг олон нийтэд харуулсан зураг. Бяцхан охин гэр бүлээ бөмбөгдөлтөд өртсөний дараа нүцгэн гүйж буй байдал. Энэ зураг барууны олон нийтийн сэтгэлгээг өөрчилж дайны эсрэг хөдөлгөөн эхлүүлэх хөдөлгөгч хүч болсон. Саяхан халдлагад өртсөн оросын онгоцонд суухдаа авхуулсан бяцхан охины зураг, мөн Сири дэх халдлагад өртсөн хүүхдүүдийн бичлэг ч мөн олон нийтэд дайн, хүчирхийллийн бодит төрхийг харуулсаар байна.
2015.11.17 Кэмбриж