Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 11
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Бэлэн мөнгө, тогоо, шанага тарааж буй "Доромжлол"-ыг баримттай мэдэж байвал цагдаад өгч болно

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад сонгуулийн насны 2,230,101 иргэн байна. Сонгуулийн тухай ярих битгий хэл сонсох дургүй байлаа ч сонголт хийх нь үнэн учир сонгогчийн боловсролдоо хүн бүр анхаарч, хэлбэр төдий бус агуулгын сонголт хийх шаардлага бидэнд ирж байна. 

Сонгуулийг шударга, хуулийн дагуу зохион байгуулахад сонгогч таны оролцоо ч чухал юм. 

Иймд сонгуулийн дараа хоосон орилж, хохирогчийн дүрд тоглодог биш хартай, хариуцлагатай сонгогч болоход тань туслах хэдэн зүйлсийг сануулъя. 


Уулзаж учирч байгаагүй ТАНИХГҮЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНийг хэрхэн барих вэ?  

зураг
 

Сонгууль өгөх өдөр гэнэт л гэрийн хаяг дээр тань өмнө нь уулзаж учирч байгаагүй танихгүй нэгэн гарч ирж байсан тохиолдол бий юу? Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж цахим хуудсандаа байршуулсан. 

Сонгуулийн үеэр хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа нь энэ юм. 

  1. Та election.burtgel.gov.mn цахим хуудаст нэвтэрнэ. 
  2. өөрийн регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллээ оруулна.
  3. "Шалгах" товчийг дарна. 
  4. Шалгах товчийг дарснаар танд тус оршин суух хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэл харагдана. 
  5. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл зөрүүтэй” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх, мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулж болох аж. 

Бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж Сонгуулийн тухай хуульд заасан байна. 

Сонгуулиар эд зүйл тараахыг хориглодог байхад “Миний тараасан зүйлийн ачаар манай тойрогт хорт хавдар буурсан” гээд яриад суух УИХ-ын гишүүн ч байна.

Уг хориглосон арга хэмжээ нь сонгуулийн жил эхэлснээс эхлээд санал хураалт авах өдрийг дуустал үргэлжилдэг тул бэлэн мөнгө, эд зүйл тараах явдлыг хэвийн зүйл мэт болгож байгаа доромжлолыг иргэн та хуулиараа цагдаагийн байгууллагад мэдээлж болно гэдгийг мэдэх хэрэгтэй биз ээ. 

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болох хууль бус сурталчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Таны дагадаг ИНФЛҮЭНСЕР энэ хүнд саналаа өгөөрэй гэж таныг уриалж болох уу? 

Хуулиараа дараах таван төрлийн хүн л "Энэ хүнийг дэмжээрэй, саналаа өгөөрэй" гэж бусдыг уриалах эрхтэй. 

1.нэр дэвшигч өөрөө, 2.түүний менежер, 3. шадар туслагч, 4. ухуулагч, 5.сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрвээ нэр дэвшигч инфлүэнсер буюу хувь хүнтэй гэрээ хийгээд сурталчилгаагаа явуулахаар болбол тухайн хүн нь дээр дурдсан бусдыг уриалах таван төрлийн хүний нэг нь л болох ёстой.

Мөн тухайн хүний цахим хуудсыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд заавал бүртгүүлэх юм байна. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явж байвал зөвшөөрөлгүйгээр сонгуулийн сурталчилгаа явуулж байна гэсэн хориглосон арга хэмжээнд орох аж.

Хэрэв хувь хүн дээрх таван төрлийн хүн биш бол "Би энэ хүнийг дэмждэг" гэж үзэл бодлоо илэрхийлж болох ч бусдыг "дэмжээрэй" гэж уриалах эрхгүй юм. 

Нэр дэвшигчдийн МЭТГЭЛЦЭЭНийг хэнээс нэхэх вэ? 

зураг
 

Сонгогчдын хувьд ямар хүн нэр дэвшиж байгаа, тухайн намын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр зэргийг мэдэх үр дүнтэй арга нь мэтгэлцээн юм. 

Сонгуулийн тухай хуульд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээр  нэвтрүүлэх сонгуулийн нэвтрүүлгийн тал нь заавал мэтгэлцээн байхаар заасан байна. 

Иймд сонгогч та сонгуулийн сурталчилгааны үе буюу зургаадугаар сарын 10-26-ны өдрүүдэд МҮОНРТ-ээс нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг үзэх боломжтой. Хэрэв гаргахгүй байвал хуулийн дагуу нэхэх, шаардах эрхтэй юм. 

Азийн сангаас 2023 онд хийсэн Монгол Улсын сонгууль (1992-2021) судалгаанд 2013 болон 2017 оны сонгуулийн мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийн тоо маш өндөр буюу 2013 оны мэтгэлцээнийг нийт телевиз үзэгчдийн 50 хувь нь, 2017 оны мэтгэлцээнийг 70 хувь нь үзсэн байдаг гэжээ. 

Цахим орчин дахь мэдээлэлд итгэхгүй байвал 1800-2800 ЛАВЛАХ УТАС руу залгаарай 

Сонгуулийн үед сонгогчийн лавлах утас ажилладаг гэдгийг та мэдэх үү? 2020 онд Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар сонгуулийн үед фэйсбүүкт түгээсэн мэдээллийн 59 хувь нь бусдыг төөрөгдүүлсэн, бүрэн бус мэдээлэл байсан байна.

Иймд сонгогч та цахим орчин дахь мэдээлэлд итгэхгүй байвал хууль ёсны, үнэн зөв, алдаа мадаггүй мэдээллийг 1800-2800 лавлах утаснаас авч болох аж. 

Гадаадад байгаа бол сонгууль өгөх боломжтой дөрвөн өдөр бий 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнө нь гадаад улсад байгаа иргэдээс хоёр өдөр л санал авдаг байсан бол энэ удаагийн сонгуулиас эхлэн дөрвөн өдөр буюу зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авахаар болсон. 

Гадаад улсад оршин сууж буй сонгогчдын саналыг анх 2012 оны зургаадугаар сарын 28-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд тухайн үед 2,779 иргэн саналаа өгч байжээ.  


2020 онд Глоб Интернэшнл ТББ-ийн хийсэн судалгаагаар сонгуультай холбоотой телевизийн мэдээллийн ердөө 16 хувь нь л сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл байсан аж. 

Сонгогчийн боловсролдоо хүн бүр анхаарч хохирогчийн дүрд тоглодог биш наад захын мэдлэг, мэдээлэлтэй, хартай, хариуцлагатай сонгогч болох нь хүн бүрийн үүрэг юм. 

Сонгууль ямар үе шатандаа явж байгаа талаар 2024 ОНЫ СОНГУУЛИЙН ЦАГАЛВАРААС харах боломжтой.