Зураг
Зураг
Индэр УИХ гишүүнийг нэг хүнээр төлөөлүүлбэл    
УИХ-ын гишүүнээр зүүн төвийн үзэлтэй, тэрбумтан, алтангадас одонт, хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон, 47 настай хүн ажиллаж байна
Зураг
2023 оны 10 сарын 4
Зураг
iKon.mn Сэтгүүлч

УИХ-ын гишүүнээр зүүн төвийн үзэлтэй, тэрбумтан, алтангадас одонт, хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон, 47 настай хүн ажиллаж байна

УИХ-ын гишүүнээр ямар хүн ажиллаж буйг нийт 73 гишүүний мэдээллээр дундажлан хүргэж байна. 

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн 2022 онд хийсэн Сонгогчийн зан, төлөвийн судалгаагаар монгол сонгогчдын хүсэмжит сонголт нь аль ч хүйс хамаагүй, 40-45 насны, төрийн албаны туршлагатай, мэргэжил хамаарахгүй, нийгмийн гарал чухал биш, дундаж хөрөнгөтэй хүн гэжээ. 

Нийгмийн шилжилтийн үе буюу 2000 онд хийсэн дээрхтэй адил судалгаатай харьцуулахад 23 жилийн өмнө монгол сонгогчид сэхээтэн гаралтай, чинээлэг эрэгтэй хүнийг түлхүү сонгох сонирхолтой байжээ.

Харин одоо дундаж хөрөнгөтэй, аль ч хүйс хамаарахгүй, ажилчин болон сэхээтэн эсэхийг үл харгалзан сонгох сонирхолтой болж өөрчлөгдсөн байна. 

2000 он

МУИС-ийн социологич, доктор Ч. Тамир “Шилжилтийн үеийн монгол дахь сонгогчийн зан үйл (социологийн шинжилгээ)”судалгаа 

  • Хүйс: Эрэгтэй 
  • Насны хувьд: 34-45 настай 
  • Эрхэлж байгаа ажлын хувьд: Төрийн алба хашдаг
  • Орлогын хувьд: Чинээлэг
  • Нэр хүндийн хувьд: Олонд танигдсан 
  • Нийгмийн гарал: Сэхээтэн 

 2022 он

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв” “Сонгогчийн зан төлөвийн судалгаа 

  • Хүйс: Аль нэг хүйсийг чухалчлахгүй. 
  • Нас: 40-45 настай
  • Ажлын туршлага: Төрийн албаны туршлагатай 
  • Мэргэжил, боловсрол: Аль ч мэргэжлийнх байж болно 
  • Хөрөнгө бэл бэнчин: Дундаж 
  • Нийгмийн гарал: Чухал биш

Тэгвэл УИХ-ын гишүүнээр ямар хүн ажиллаж байгааг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл: 

УИХ-ын гишүүнээр эрэгтэй, 47 настай, хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон, зүүн төвийн үзэлтэй, англи, орос хэлтэй, гадаадад сурсан, алтангадас одонт, эдийн засагч, хуульч мэргэжилтэй, тэрбумтан хүн ажиллаж байна. 

Дээрх мэдээллийг нарийвчлан онцлох үзүүлэлтүүдээс хүргэвэл:

(Эх сурвалж: parliament.mn, uih.mn, 2022 ХОМ)

ЗҮҮН ТӨВИЙН ҮЗЭЛТЭЙ

Өдөрт 1.5 сая хүн зочилдог гэх парламентын үндсэн веб хуудсанд УИХ-ын гишүүн тус бүрийн улс төрийн үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байв. 

Иймд УИХ-д хамгийн их суудалтай МАН-ын үзэл баримтлалаар дүгнэхэд гишүүдийн дийлэнх нь зүүн төвийн буюу социал демократ үзэлтэй байна. 

Харин баруун төвийн үзэл баримтлалтай 13 гишүүн байна. 

АНГЛИ, ОРОС ХЭЛТЭЙ

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь англи хэлтэй бол 37 хувь нь англи, орос хэлтэй байна. Хамгийн олон буюу Англи, Орос, Франц, Герман, Нидерланд хэлтэй нэг гишүүн байгаа бол хэлний мэдлэггүй 12 гишүүн байна. 

БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ, ГАДААДАД СУРСАН

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь бакалаврын зэрэгтэй байгаа бол доктор, профессор цолтой 12 гишүүн байна. 

УИХ-ын гишүүдийн ихэнх нь гадаадад сурчээ. Гадаадад сурсан гишүүдийн 40 хувь нь АНУ болон ОХУ-д сурсан байна. ОХУ-д сурсан гишүүд бакалаврын зэрэгт суралцсан байгаа бол АНУ-д сурсан гишүүдийн дийлэнх нь мэргэжил дээшлүүлжээ. 

ЭДИЙН ЗАСАГЧ, ХУУЛЬЧ, ЭРХЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭЙ

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь эдийн засагч болон хуульч, эрхзүйч мэргэжилтэй байна. УИХ-д 11 инженер, долоон сэтгүүлч, зургаан багш, гурван хүний их эмч байна.

АЛТАНГАДАС ОДОНТ

УИХ-ын гишүүдийн 25 нь алтан гадас одонтой бол 19 нь алтан гадас болон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой аж. 

ТЭРБУМТАН

2022 оны ХОМ-оос харахад УИХ-ын гишүүдийн 58 нь буюу 79 хувь нь тэрбумтан байгаа бол 15 гишүүн нь саятан байна. Хамгийн баян гишүүн 18.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол хамгийн ядуу нь 375 сая төгрөгийн хөрөнгө, орлоготой байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хоёроос дээш авто машинтай, 200 саяас дээш үнэлэгдэх орон сууцтай байна. 

ХОЁР БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ УДАА СОНГОГДСОН

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хоёр болон түүнээс дээш удаа сонгогджээ. Хамгийн олон буюу 2000 оноос хойш зургаан удаа сонгогдож 23 жил төр барьж буй нэг гишүүн байгаа бол таван удаа сонгогдсон хоёр, дөрвөн удаа сонгогдсон зургаан гишүүн байна. 

МАЛ АЖ АХУЙТАЙ

УИХ-ын гишүүдийн 53 хувь нь өөрийн гэсэн малтай буюу хамгийн бага нь зургаа хамгийн их нь 3,000 тоо толгой малтай байгаа бол мянгат малчин гурван гишүүн байна. Хурдан удмын 244 адуутай нэг гишүүн байна.

47 настай

УИХ-ын гишүүдийн дундаж нас 46.6 байна. Хамгийн хөгшин нь 66, хамгийн залуу нь 33 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2022 онд хийгдсэн “Олон нийтийн санал бодлын судалгаа”-нд иргэдийн дөрвөн хувь нь улс төрийн намын талаар эерэг сэтгэгдэлтэй 67 хувь нь сөрөг болон маш сөрөг сэтгэгдэлтэй гэжээ.

Энэ үр дүнгээс сонгогчид намыг нь харж сонгохоос илүү хүнийг нь харж сонголт хийх хандлагатай болсныг харж болохоор байна. 

Нийтлэлийн эхэнд дурдсан "Сонгогчийн зан, төлөвийн судалгаа"-нд оролцсон иргэдээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар байр суурийг тодруулахад дийлэнх нь буюу 85.7% нь эсрэг саналтай байжээ. 

Уг үр дүнг судалгааны багийнхан “Гишүүдийн тоог нэмэхийг эрс эсэргүүцсэн хандлага давамгай байгаа нь өнөөгийн улс төрчдийн дүр төрхийг олон болгох, үржүүлэхээс татгалзаж байгааг харуулж байна” хэмээн дүгнэсэн байна. 

Өнөөгийн улс төрчдийн дунд нүүрсний хулгайч, ЖДҮ-чин гээд олон дүр төрх бий. Тэдгээрийг үржүүлэх үгүйд нэг нөлөөлөх хүчин зүйл нь сонгогч хэлбэр төдий бус агуулгын сонголт хийж чадах эсэхээс шалтгаалах болов уу. 

Ирэх хавар УИХ-ын гишүүдийн 73-уулаа чуулах хамгийн сүүлийн чуулган болж дараа жил бид 126 хүнийг өөрсдийн төлөөллөөр сонгоно. Таны хүсэмжит сонголт сонгуулийн үр дүнтэй хэр таарах бол? 

Сонгуулийн тухай ярих битгий хэл сонсох дургүй байлаа ч сонголт хийх нь үнэн учир сонгогчийн боловсролдоо хүн бүр анхаарах нь зүйн хэрэг биз ээ...