Индэр    
2024 оны 2 сарын 1
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Хурдан том болохыг мөрөөдсөн бидний хүүхэд наснаас хойш юу өөрчлөгдөв?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

                                                           Зургийг: "...Болохсон" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

Харанхуй, хүйтэн, халтиргаатай гудам, салбархай хашаанууд, энд тэндээс хуцалдах нохойн дууг сонсох бүрдээ бодно. Хурдан том болохсон…

“Хурдан том болохсон…” энэ үгийг эрх нь зөрчигдөж буй хүүхэд бүр дотроо тээж явдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. 

Саяхан л энэ үгийг дотроо тээж явдаг байсан миний үеэс буюу арваад жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл гэвэл том болох гэсэн хүсэл минь л байна. Бага балчир үед байсан асуудлууд одоо ч хэвээрээ, өөр нэгэн хүүхдийн сэтгэл дотор буглаастай.

Харанхуй, хүйтэн, халтиргаатай гудам, салбархай хашаанууд, энд тэндээс хуцалдах нохойн дууг сонсох бүрдээ бодно. Хурдан том болохсон… Бичээд, уншаад өнгөрөх амархан ч биеэр мэдрэх нь хэтэрхий хахир хатуу, цэвдэг хүйтэн. 

Эл хүүхэд насны бодлыг сануулах "Баавгай болохсон" кино саяхан нээлтээ хийж ганц миний ч биш олон хүний хүүхэд насны дурсамжийг сэдрээх шиг боллоо. Учир нь 20, 30 настай хүмүүсийн бага насанд амьдрах орчин нөхцөл, асуудлууд ямар байсан одоо ч тийм байгаа болохоор тэр шүү дээ... 

Яг уг киноны түүхтэй адил амьдралд том хүн шиг тэмцэлтэй амьдарсан өчнөөн бяцхан зүрх байсан. Одоо ч байсаар л байна. 

Монгол Улсын нийт өрхийн 

70 % нь 

галлагаатай сууцанд амьдарч байна. 

2019 онд нийт өрхийн 628.1 мянга буюу 69.9 хувь нь ердийн галлагаатай сууц буюу гэр хороололд амьдарч байна. /ҮСХ/

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургийг: "...Болохсон" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

Зургийн тайлбар "Хүчирхийллийн хэлбэрүүд дундаас онцгойлон анхаарах асуудал бол хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл" гэжээ.

Сайн боловсролын үр шимээр сайхан амьдрал руу тэмүүлсэн хүн бүр санал нийлэх биз

Киногоор илэрхийлэх гэсэн боловсрол бол нийгмийн олон асуудлыг шийдэх нэгэн гарц гэсэн санаа хамгийн чухал нь байв. Үүнтэй сайн боловсролын үр шимээр сайхан амьдрал руу тэмүүлсэн хүн бүр санал нийлэх биз. 

10-аад жилийн өмнө захын хорооллын сургуулиуд руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүд ихээр хэрэгждэг байв. Одоо ч хэвээр байгаасай гэж найдна. 

Хүүхдүүд боловсролын тэгш бус байдлаас болж олж авч чадахгүй байгаа мэдлэг, мэдээллээ тэдгээр төсөл, хөтөлбөрөөр дамжуулан авч ухаантай хүн болно гэсэн итгэл найдвараа алдалгүй суралцдаг байлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

                                                              Зургийг: "...Болохсон" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд 2015 онд хүүхдүүд өөрсдөө бичиж илгээсэн /хүүхдийн эрхийн байгууллагын дэмжлэгтэйгээр/ тайлан илтгэлд дээрх кино нь дээр гарсан сэдвүүдийг хөндөж байжээ. Илтгэлийн зарим хэсгээс дурдвал: 

“Өрх толгойлогч хүүхэд” гэх нэр томьёо гарч ирээд байна

Хүүхдүүд:… Зарим эцэг эхчүүд хүүхдээ хот, аймаг, сумын төвд сургахын тулд айлын хашаанд гэр барьж үлдээснээр дүү нараа асран хамгаалах үүргийг сурагч ах, эгч нар хүлээж "өрх толгойлогч хүүхэд”, мөн “тавиул” хүүхэд гэх нэр томьёо гарч ирээд байна.

…“Өрх толгойлсон хүүхэд” нь дүү нарынхаа асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж, харин өөрийг нь асран хамгаалах хүн байхгүйн улмаас эрүүл аюулгүй орчинд өсөж хөгжих эрх нь зөрчигдөж, сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй, үе тэнгийнхэндээ болон нийгэмд гадуурхагдах дээрэлхүүлэх, гэмт хэргийн хохирогч болох, холбогдох эрсдэл ихтэй амьдарч байна… 

 "Өвөл цагт ханиадаар өвддөггүй хүүхэд гэж байхгүй болгож байгаад эмзэглэж байна"

Хүүхдүүд: …түүхий нүүрснээс өөр халаалтын аргыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь мөн орлогын хомсдолоос болоод айл өрхүүд хог шатааж дулаацаж байгаа зэрэг нь агаарын бохирдлыг бий болгож өвөл цагт ханиадаар өвддөггүй хүүхэд гэж байхгүй болгож байгаад эмзэглэж байна.

Эмчийн тэмдэглэл: “ 17 настай хүүхэд, вирусийн гаралтай амьсгалын дээд замын үрэвслээр өвчлөөд зургаан сар өнгөрсөн. Ханиад гээд өвчтэй байх хугацаандаа хичээлдээ явж байсан, хөл бөмбөгөө ч тоглож байсан. Өвчтөний биеийн байдал өдөр өдрөөр хүндэрч шатаар гарах чадваргүй болтлоо амьсгаадаж бие сульдаж ядардаг байж. Нэгэн өдөр гэнэт ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Зүрхний бичлэгт үхэлд хүргэж болох зүрхний хэм алдагдал бичигджээ. Зүрхний эхо-д зүрхний булчин хүнд хэлбэрээр тэлж агших чадвар ердөө 20%. Зүрхний MRI болон эдийн шинжилгээгээр вирусийн халдвараас үүдэлтэй зүрхний булчингийн сулралд орсон нь батлагдсан. Өвчтөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээнд хүлээгдэж байна... Зарим амьсгалын замын вирусийн халдвар зүрхний булчинг гэмтээж зүрхний дутагдалд оруулж байна.” 

"Боловсрол бол тэгш бус, ялгаатай байдлыг үгүй хийх дэлхийн хамгийн хүчирхэг хэрэгсэл. Гэвч..."

Хүүхдүүд: Боловсрол бол тэгш бус, ялгаатай байдлыг үгүй хийх дэлхийн хамгийн хүчирхэг хэрэгсэл. Гэвч сурч боловсрох орчинд үйлчилж буй зарим журам ялгаатай байдлыг бий болгож, өрхийн орлого багатай, олон хүүхэдтэй айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, алслагдсан хөдөөгийн хүүхдүүд ялгаварлалгүй, чанартай боловсрол эзэмших эрхийг зөрчсөөр байгаад сэтгэл дундуур байна.

Хүүхэд бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэдэг боловч, чанартай суурь боловсролыг эзэмшихийн тулд төлбөр төлж байна.

Дээрх асуудлууд бол 10-аад жилийн өмнө хүүхдүүдийн хэлж, ярьж байсан асуудлууд билээ. Илтгэлийг бичиж байсан болон судалгаанд оролцсон хүүхдүүд одоо 20 гарсан том хүн болсон. Үүнээс хойш зарим асуудлууд дээрдэх нь битгий хэл улам дордсоор байгаа ч түүнээс гарах энгийн гарц хүн бүхэнд байгаа гэдгийг идэр есийн хүйтэнд нээлтээ хийсэн "Баавгай болохсон" кино бидэнд сануулав...