Индэр    
2024 оны 3 сарын 26
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Машин угаалгад СААРАЛ УС ашиглах боломж ба бэрхшээл

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эртнээс яригдаж буй машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох асуудал багаар ч болтугай ахиж дэвшиж байгааг Усны Газраас мэдээлж, Улаанбаатарт байгаа 421 автомашин угаалгын газраас 21 нь саарал усаа эргүүлэн ашиглаж байна гэсэн дүгнэлтийг гаргав.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй болж, Усны Газар "Усаа хаанаас олж авах нь тэдний үүрэг" гэв. 

Иймд саарал ус ашиглахад ямар боломж, бэрхшээл байгаа талаар машин угаалгын газруудын туршлага болон санаачилгуудыг хүргэж байна. 


ТУРШЛАГА 1: СААРАЛ УСНЫ ТӨХӨӨРӨМЖ  

Хоногт хэдэн тонн ус ашиглаж байгаагаа тооцоолж, түүнийг цэвэршүүлж чадах хүчин чадал бүхий төхөөрөмж авсан

City car wash-н төлөөлөл "Эхний угаалтаар 10 тонноос нэг тонн нь багасна гэсэн тойргоор явдаг. Эдийн засгийн хувьд маш үр ашигтай, усны төлбөр өмнөхөөс хамаагүй бага гарч байна.

Гол нь хүчин чадалдаа таарсан төхөөрөмжөө олох хэрэгтэй. Манайх хоёр жилийн өмнөөс л ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглаж эхэлсэн ч тэр үед ямар стандарттай төхөөрөмж байвал болох талаар ойлголтгүй байсан учир эхний ээлжид 6-7 сая төгрөгөөр төхөөрөмжүүд авчраад ашигласан ч шаардлага хангахгүй байсан

Дараа нь хоногт хэдэн тонн ус ашигладаг талаар мэдээллээ өгч түүнийг цэвэршүүлж чадах хүчин чадал бүхий төхөөрөмжийг авсан.

Өмнө нь хэн ч туршиж үзээгүй зүйл байсан учраас хугацаа, хөрөнгө мөнгө алдсан. Одоо бол яг хүчин чадалдаа таарсан 20 гаруй сая төгрөгийн төхөөрөмжийг ашиглаж байна. Нэг шийдчих юм бол дараа нь эдийн засгийн үр өгөөж нь өндөр байгаа юм" гэв. 

Саарал ус цэвэршүүлэх төхөөрөмж хэрхэн ажилладаг вэ?

зураг
 

/Shine робот авто угаалгын саарал усны төхөөрөмжийн ажиллах зарчим/

ТУРШЛАГА 2: "Эм Си Эс" ХХК-ИЙН ЦЭВЭРШҮҮЛЖ БУЙ ҮНЭГҮЙ УСЫГ АШИГЛАХ 

Үнэтэй саарал усны төхөөрөмж авч чадахгүй жижиг угаалгын газруудад "Эм Си Эс" ХХК-ийн цэвэршүүлж буй усыг төлбөртэй түгээвэл авах боломжтой

HT авто угаалгын төлөөлөл "Манайх өмнө нь өөрсдөө машинаа гаргаад "Эм Си Эс" ХХК-ийн цэвэршүүлсэн усыг авдаг байсан ч усны машины асуудлаас болоод больсон. Машин угаалгын газруудад төлбөртэйгөөр түгээгээд өгдөг машин, техникийг нь шийдээд өгчихвөл авч ашиглах болов уу гэж бодож байна. 

Одоо манай угаалгын газар саарал усны төхөөрөмж ашиглаж байгаа. Туршилт хийж явсаар одоо л учраа олж байна. Лаг, бохирдол их гардаг учир ачааллаасаа шалтгаалж хэдэн өдрийн давтамжтай усаа сэлбэхээ шийддэг. 

Сэлбэг болон засвар авахад амрыг нь бодож Хятадаас төхөөрөмжөө авсан. Эхэндээ хэтэрхий их шороо, шавартай ус шүүгээд эвдэж байсан. Хямд, жижиг төхөөрөмжүүдэд анхнаасаа итгээгүй. Үйл ажиллагаандаа тааруулж 20 орчим сая төгрөгийн том төхөөрөмж авсан. 

Өдөрт 20,000 төгрөгөөр 5,10 машин угаадаг угаалгын газрууд ус зөөдөг усны машин худалдаж авна гэдэг боломжгүй.Саарал усны төхөөрөмж авах ч хүндрэлтэй шүү дээ. Хамгийн боломжийн саарал усны төхөөрөмж гэхэд л доод тал нь ₮15 сая байна" гэв. 

Машин угаалгууд УСУГ-аас жилд авч буй ус:

125,000 м.куб

Эм Си Эс ХХК-ийн жилд цэвэршүүлж буй ус: 

360,000 м.куб

ТУРШЛАГА 3: ТУНГААЖ АШИГЛАХ

Мазаалай авто угаалгын төлөөлөл "Манайх саарал усны төхөөрөмж ашиглахгүйгээр усаа дахин ашигладаг. Анх 2013 онд угаалгын газраа барихдаа л доороо гурван дамжлагатай танк байршуулсан. Тус танкуудаа ашиглаж шат дамжлагатай усаа тунгааж ашигладаг

Эхлээд угаагаад орж ирж байгаа бохир ус эхний танк руу урсаад лаг нь урсгалынхаа зарчмаар тунаж явсаар гурав дахь танкан дээрээс буцааж ашиглаж болохоор буюу машины доод тал, шал, шавар шавхайг угааж болох ус гарч ирдэг. Давхар шүүлтүүр тавиад буу руугаа залгадаг. Дор дор нь усаа ашиглаад байхаар усанд үнэр орохгүйгээр ашиглаад байж болдог. Угааж байгаа цэвэр усны 60 хувь нь танкаар дамждаг.

Анх 13 сая орчим төгрөгөөр саарал усны төхөөрөмж авчирсан ч жил хүрэхгүй хугацаанд шүүр нь бөглөрч эвдэрсэн. Сэлбэг нь Монголд байхгүй учир заавал урагшаа Хятад руу явах хэрэгтэй болно. Хоёр удаа явж солиулаад л больсон. Тэр үед усныхаа 90 хувийг ашиглаж байсан. Одоо бол 60 хувьтай ашиглаж байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ТУРШЛАГА 4: САУН, БАССЕЙНЫ УСЫГ АШИГЛАХ 

Авто спа төвийн төлөөлөл "Манайх "Соёл велнесс" төвийн бассейнаас гарсан хаялгын болон сэлгэлтийн усыг доор нь том нөөцийн саванд нөөцлөөд тэндээсээ авто угаалга руугаа халдваргүйжүүлэлт хийж шүүлтүүрээр шүүн ашигладаг. 

Энэ аргыг ашиглаад зургаан жил болж байна" гэв. 

Саарал ус ашиглаж буй 21 авто угаалга: 

Хан-Уул дүүрэг 

Shine робот авто угаалга

23-р хороо, хотын шинэ захиргааны баруун талд

JP carsmn авто угаалга

25-р хороо, Номингийн доор байрладаг.

Авто спа

3-р хороо, Соёл спа-н ард

City car wash

19-р хороо, Петровисийн баруун талд

Grass auto car wash

17-р хороо

Good car wash

17-р хороо, Астра бюлдингийн урд

Зорчигч тээврийн нэгдлийн 1-р баазын авто угаалга

3-р хороо, өөрийн байр

Wooden car wash

11-р хороо, зайсан модон байшин

Форвард авто угаалга

3-р хороо, Ажилчдын гудамж 17062/92 тоот

Чингэлтэй дүүрэг

Эхо эн эс ти эн ХХК

4-р хороо
Баянзүрх дүүрэг 

Сансар авто угаалга

7-р хороо

Амгалан авто угаалга

 37-р хороо

TG авто угаалга

12-р хороо

HT авто угаалга

 

Мазаалай авто угаалга

5-р хороо

VLVT car wash

14-р хороо

Good center

15-р хороо

89 car wash

38-р хороо
Даймонд санаа ХХК 4-р хороо
Сүхбаатар дүүрэг

Бас-1 Car Wash

11-р хороолол

Баянгол дүүрэг

Аму авто угаалга

30-р хороо Жамсранжавын гудамж 7 тоот