Уншиж байна ...

"Социализмын үед Монголчуудыг өмнө нь юу ч үгүй байсан мэт ойлгуулдаг байв. Гэтэл эсрэгээрээ зэс, мөнгө, алтан аяганд ууж иддэг байсан ард түмэн дэлхийд ховор"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 27
IKON.MN
Зураг зураг

"Аясаараа амгалан ертөнцөөс өвлүүлсэн Монгол бахархал" нийтлэлээс хэсэгчлэн  угсаан зүйн гар урлал хэсгийг онцлон хүргэж байна.  

Монголын анхны ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн нь гар урлалын чадварлаг дархан, оёдолчин, урлаачид байхгүй болж гар урлалын урлаг устахаа дөхөж байсан үед Улаанбаатар хотод гар урлалын үйлдвэрийг анх байгуулж байжээ. 

Тэрбээр Их хүрээний үеийн монгол эд хэрэглэлийн зүйлс устаж үгүй болохоос урьтаж залуу дархчуудыг санаа авч хэрэгжүүлээсэй гэсэн санаа сэтгэлээр гар урлалын 700 гаруй зүйлсийг зурж үлдээсэн байна. Түүнчлэн түүгээрээ дамжуулан хойч үедээ Монголчууд угсаатан зүйн маш их зүйл урлаж байсан суу билигтэй ард түмэн гэдгийг ойлгуулахыг хүсэж байжээ. 

БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ ТОМ ДЭЛГЭЦЭЭР ЗУРААЧ Я.БУЛГАНЫ ТАЙЛБАРТАЙГААР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.  Бүтэн нийтлэлд түүний цуглуулга болон Чингис хаан, Жанжин Сүхбаатарын хөрөг зураг зэргийг нарийвчлан томруулж харах боломжтой ба тэдгээрийн сонирхолтой түүхүүдийг багтаасан болно. 

"Өвгөн хуурчийн бэлгэдэлд Монгол хүн гэдэг оюунаар баян, эдээр элбэг гэсэн утга байдаг"

Энэ талаар түүний охин, зураач Я.Булган "Социализмын үед Монголчуудыг өмнө нь "бөөсөрсөн", юу ч үгүй хүмүүс л байсан мэт буруу ойлголт өгдөг байсан. Гэтэл эсрэгээрээ зэс, мөнгө, алтан аяганд ууж идэж байсан ард түмэн дэлхийд ховор шүү дээ. Нүүдэлчид юу эдэлж хэрэглэж байсныг бид угсаатан зүйн хийсэн зүйлсээс нь л харж чадаж байна.

Өвгөн хуурчийн бэлгэдэл нь өөрийнх нь байнга хэлдэг байснаар Монгол хүн гэдэг оюунаар баян, эдээр элбэг гэсэн утга юм.  Хоёр хуруундаа бөгжтэй байдаг зэрэг нь зүгээр л нэг утга учиргүй хийчхээгүй. Элбэг дэлбэгийг нь үзүүлэх гэсэн байдаг" гэв.  

"Цамын өмсгөлүүдээс тухайн үеийн хатгамалчдын урыг харж болдог. Нүд сохлом нарийн зүйлс их бий"

Зураач Ү.Ядамсүрэн нь 108 дүртэй цамын зургийг тус бүр гурван удаа зурсан ба уг бүтээлүүд нь Энэтхэг, Буриадын болон Занабазарын музейд тус тус хадгалагддаг байна. Цамын өмсгөлүүдээс шашны бэлгэдлээс гадна тухайн үеийн хатгамалчдын урыг харж болдог ба нүд сохлом нарийн зүйлс их байдаг аж.

Ямар зүү, утсаар хатгаж байсныг энгийн хүн байтугай мэргэжлийн хүн хараад ч ойлгохгүй. Зарим гар урлалын зүйлсийг яаж ч томруулдаг шилээр хараад хийцийг нь ойлгодоггүй гэдгийг зураач Я.Булган онцлон хэлж байв. 

DEEPZOOM: ХУЛГАНААРАА ГҮЙЛГЭН ТОМРУУЛЖ ХАРААРАЙ.

 

Тэрбээр зураач хүн маш их судлах ёстой гэж үздэг байсан учир аливаа угсаатан зүйн бүтээлүүдээ маш их судалж хийдэг байсан ба буддын шашны бэлгэдлүүдээс гадна Энэтхэгийн соёл, судар, үлгэрийг их сонирхдог байжээ. Тиймдээ ч аливаа бэлгэдлүүд нь дэлхий нийтэд ашиглаж байсан эртний соёлуудаас орж ирсэн нэг л зүйл. Ганц Монголд байдаг тэгээд л болоо гэж огт ярьдаггүй. Их нарийн тайлбарлаж өгдөг байсан байна. 

Ү.Ядамсүрэн гуай судалгаануудынхаа талаар маш их ярьж өгдөг байсан боловч гар бичмэл үлдээгээгүй аж. 

"Заавал ингэж хувцаслаарай гэсэн үг биш. Манай монголчууд ийм зүйл эдэлж хэрэглэж байсан, ийм байсан гэдэг л түүх юм"

зураг
 

Энэ талаар түүний охин зураач Я.Булган "Магадгүй өнөөгийнх шиг үе байсан бол чөлөөтэй ярих байсан. Цаашид илүү таниулах талын ажлыг хийнэ. Угсаатан зүйн судалгаа дутагдаад байна. Угсаатан зүйг залуучууд мэдэж байх хэрэгтэй. ЕБС-ийн хөтөлбөрт ч орох хэрэгтэй. Заавал ингэж хувцаслаарай гэсэн үг биш шүү дээ. Манай монголчууд ийм зүйл эдэлж хэрэглэж байсан, ийм байсан гэдэг л түүх юм. Хүүхдүүд соёмбын бэлгэдлийг ч мэдэхгүй байна" гэсэн юм. 

зураг
 
зураг
 
зураг
 

Зааны толгойн суурьтай сангийн бойпор зэрэг гар урлалын бүтээлүүдийн загвар зураг  

зураг
 
БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ ТОМ ДЭЛГЭЦЭЭР ЗУРААЧ Я.БУЛГАНЫ ТАЙЛБАРТАЙГААР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.  Бүтэн нийтлэлд түүний цуглуулга болон Чингис хаан, Жанжин Сүхбаатарын хөрөг зураг зэргийг нарийвчлан томруулж харах боломжтой ба тэдгээрийн сонирхолтой түүхүүдийг багтаасан болно.