Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 3
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Бямба: Хүүхдээ харж, эхнэрээ дэмждэг "Үнсгэлжин эр" байх нь энгийн зүйл. Хийморь сэргээдэг уулнаас биш гэр бүлээс чинь бүх зүйл эхэлнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрийн ажил гэхээр эмэгтэй хүний л үүрэг мэтээр боддог жендэрийн тэгш бус байдал, эр хүн шиг байх тухай нэг хэв шинжит хорт ойлголтыг өөрчлөх нэгэн сонирхолтой төслийг гэрэл зурагчин Б.Бямба санаачлан хэрэгжүүлж байна. 

"Үнсгэлжин эрс" хэмээх баримтат гэрэл зургийн төслөөрөө тэрбээр гэрээсээ ажил хөдөлмөр эрхэлдэг эсвэл гэртээ хүүхдээ харж ар гэрийн бүхий л асуудлыг хариуцдаг эрчүүдийн түүхийг өгүүлэхээр зорьж байгаа юм. 

Түүнтэй төслийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.


- Та төслийнхөө тайлбар дээр гэрийн эзэгтэй байсныхаа төлөө чичлүүлдэг эмэгтэй хүн цөөн атал гэрийн эрэгтэй байсныхаа төлөө олон эрчүүд ойр дотнын хүмүүсээсээ хатуу шүүмжлэл сонсдог гэж байсан шүү дээ. Уг үзэл бодлынхоо талаар дэлгэрэнгүй хуваалцана уу?

- Эмэгтэй хүн гэрийн ажил хийж, хүүхдээ хараад гэртээ сууж байхыг хэвийн үзэгдэл юм шиг хардаг. Гэтэл тийм зүйл хүсдэггүй эмэгтэй хүн ч байж болно шүү дээ. Эсрэгээрээ эрэгтэй хүн хүүхдээ хараад хоол унд хийж, аяга тавгаа угаагаад гэртээ байхыг байж болохгүй зүйл мэтээр харж, "Эр хүн байж гэртээ суугаад байх юм", "Эр хүн уйлах эрхгүй", "Эр хүн манлайлах" ёстой зэрэг хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй хортой хэвдээ хүн бүрийг чихэж оруулах гээд байдаг. 

Гэтэл бодит байдал дээр эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь тэгш эрхтэй. Эрэгтэй хүн гэртээ байгаад үр хүүхдэдээ илүү их цаг гаргаж, эхнэрээ дэмжиж байгаа нь зүгээр л эрүүл гэр бүлийн тэгш харилцаа юм гэдгийг хэлэх гээд байгаа юм. 

Залуучууд өөрийн хямралаасаа зугтах гэж компьютер тоглоом, архи гэх мэт орогнолыг хайж эхэлдэг

- Та өөрөө "Үнсгэлжин эр" байж үзсэн үү? 

- Миний хувьд гэрийн үнсгэлжин эрэгтэй болоод зургаан жил болж байна. Анхандаа бол хэцүү байсан. Хэн ч намайг шүүмжлээгүй байхад би өөрөө нийгмээс холдоод байгаа юм шиг мэдрэмж аваад хямарч эхэлсэн. Энэ хямралаа ойлгодог хүмүүс байдаг ч ихэнх залуус ойлгож чаддаггүй юм шиг санагддаг. Түүнээсээ болж тэр байдлаасаа зугтах гэсэндээ компьютер тоглоом, архи гэх мэт орогнолыг хайж эхэлдэг. 

Би ч бас бараг дөрвөн жил маш хүнд сэтгэл гутралд орж байсан. Дотнын хүмүүс, сайн найз маань хүртэл "Эхнэрээрээ тэжээлгээд гэртээ байгаад байх юм", "Эр хүн ийм байдаггүй юм", "Хамаг хийморь сүлд чинь зайлчихсан байна" гэхчлэн миний дотор ороод үзчихсэн юм шиг л өөрсдийн бодлоо тулгаж байсан.

Миний үндсэн мэргэжил уул уурхайн инженер. Би зургаан жилийн өмнө Японд ажиллаж байгаад эргэж ирээд гэртээ сууж эхэлсэн үеэсээ сонирхлоороо гэрэл зурагчин болсон. Дуртай зүйл маань гэртээ байхтай минь зохицчихсон. Эхнэртэйгээ ярилцаад завтай үедээ гараад өөрөө цагаа зохицуулаад ажлаа хийчихдэг. Би нас биед хүрчихсэн том хүн өөрөө бүх зүйлээ хянаад явж байхад нийгмээс хувь хүний орон зай руу ороод эхэлдэг юм билээ.

зураг
 
BambaZ Photography

- Гэр бүл хоорондоо зохицоод болж байгаа зүйл дээр нийгмийн тогтсон хортой хэв орж ирээд сүйтгэх гээд байх шиг санагддаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

- Би хүн бүрийн бодож, төсөөлдөг шиг эр хүн байх албагүй. Би өөрийнхөө болон эхнэр, хүүхдийнхээ хувьд эр хүн. Яг өөрийн үүсгэж чадах эр хүн гэсэн хэвдээ баймаар байтал нийгэм нь өөрсдийнхөө зохиосон, боддог хэвдээ намайг цутгаж өөр хүн болгох гэдэг. Яадаг юм, би "Үнсгэлжин эр хүн". Би нэр томьёонд утга өгөөд ичихгүй байж чадна. Төслөө эхлүүлээд аав нартай уулзаад явж байхад ихэнх нь төслийн нэрээс ичиж байсан. Нэрээ сольчихвол зургаа авхуулж болж байна гэхчлэн. 

Бэрхшээлүүдийг аль болох хуваалцаж амьдрах нь гэр бүлийн энгийн харилцаа. Гадаргуу дээр тоглолт хийж байгаа хүмүүс л сайн ойлгодоггүй байх 

- Эсрэгээрээ эхнэр нь гэртээ хүүхдээ хараад өөрөө ажлаа хийгээд явж байгаа ч хариуцлагаасаа зугтаадаг хүмүүс бий. 

- Хараахан гэр бүл болоогүй гадаргуу дээр тоглолт хийж байгаа хүмүүс тэр зүйлийг сайн ойлгодоггүй байх. Яг гэр бүл болоод нийгэм рүү ороод эхэлчихсэн бол үүсэж байгаа бэрхшээлүүдийг аль болох хуваалцаж амьдрах нь гэр бүлийн энгийн харилцаа. 

Эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлын тухай ярихаар нээх их том зүйл яриад байдаг ч үнэндээ гэр бүлээс л эхэлж болно шүү дээ. Чи хажуудаа байгаа эмэгтэй хүнийг яаж эрх чөлөөтэй байлгаж чадах юм? Эмэгтэй хүний л хийх ёстой юм гээд уламжлалт тогтчихсон зүйлсээс нь хуваалцаад хийж болно шүү дээ. Үүнээс л эхнэрээ дэмжиж, эрх тэгш байгаагаа ойлгуулах нь эхлэх байх. 

- Төсөл тань хэр удаан үргэлжлэх вэ? 

- Нийгмийн нэгэн асуудлыг энгийнээр хүмүүст ойлгуулахын тулд урлагаар дамжуулж хүргэж байна. Иймд тэрийг ойлгох хүмүүсээ бэлдээгүй бол хэчнээн сайн бүтээл байгаад хүмүүс ойлгохгүй бол юу ч биш болж хувирна шүү дээ. Иймд түүнийг ойлгох хүмүүсээ эхлээд бэлдэх ёстой юм болов уу. Энэ төслөө шууд гаргаад тавингуут зарим хүн ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Иймд бэлэн болохыг, "Үнсгэлжин" гэдэг нэр томьёоноос ичдэггүй хүмүүс гарч ирж зургаа авхуулахыг хүлээж байна.

Боломжтой цалинтай, зам дээр түгжирдэггүй бол бүгд л гэртээ эрт очоод гэр бүлдээ цаг гаргахыг хүснэ

- Нийгмийн асуудлыг илүү дөтөөр хүмүүст хүргэх арга нь урлаг болов уу? 

- Уран бүтээлч хүмүүсийн хийх ёстой зүйл шүү дээ. Ар гэрээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажиллаад, гэртээ очоод ядарчихсан учраас үлдсэн цагаа гэрийнхэндээ зарцуулж чадахгүй дуусдаг аав нар байна. Чин зүрхэндээ бол гэр бүлээ хаяхыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Боломжтой цалинтай, зам дээр түгжирдэггүй бол бүгд л гэртээ эрт очоод гэр бүлдээ цаг гаргахыг хүсэж байгаа. Иймд энэ талаараа бодох ч сөхөөгүй байгаа аав нарт ямар нэгэн нийгмээс өгсөн нэр томьёолол, давхар утгагүйгээр энгийнээр хүргэх л уран бүтээлч хүний зорилго юм болов уу. 

зураг
 
BambaZ Photography

- Их цалин олох гэж гэр бүлээсээ хол ажилладаг аав нар олон бий. Аавын хүмүүжил хүүхдэд хэрхэн нөлөөлдөг юм бэ? 

- Би охиноо хоёр настай байхад нь Япон руу гэрээгээр явж, хар ажил хийгээд дөрвөн настай байхад нь ирж байсан. Охиноо яг 10 гаранхан үг хэлдэг байсан насан дээр нь орхиж яваад эргээд ирэхэд аль хэдийн ярьдаг болчихсон байсан. Хүүхдээсээ хол байх мэдрэмжийг адилхан мэдэрсэн. 

Таны хүүхдийнхээ нүдэнд дээр хийж байгаа үйлдэл болгоныг цуглуулаад бичээд тавихад буруу зүйл биш дагаж дуурайхаар үлгэр дуурайлал болж чадах зүйлс байвал тэр нь аав хүний хүүхдэдээ өгч чадах маш том хөрөнгө оруулалт юм болов уу. 

Их мөнгө олдог аав ч байж болно. Бага мөнгө олдог аав ч байж болно. Сайн аав болох гээд заавал хүүхдээ үнэтэй дугуйланд явуулж хүчлэх шаардлагагүй. Түүний оронд зүгээр л суудлын бүсээ бүслэх, хоол идсэн аяга тавгаа хураах зэрэг энгийн зүйлсээс эхэлж болно шүү дээ. 

- Хүний хүүхдээс дутаахгүй байлгана гэсэн сэтгэхүй нь мөнгөөр л бүгдийг шийднэ гэсэн хандлага руу ороод байх шиг?

- Мөнгөнд ач холбогдол өгч байгаа нь өмнө нь дурдсанчлан компьютер тоглоом, архитай адилхан асуудлыг өөрөөсөө холдуулах гэж байгаа л арга. Утас өгөөд орхих ч гэсэн нарийндаа бол хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл шүү дээ. Хүмүүс олон цаг ажиллаад ядраад гэдэг шалтаг тоочдог ч үнэндээ чи том хүн, тэр хүн чинь хүүхэд шүү дээ. Чи л энэ бүхнийг удирдаж зохицуулж авч явах, хариуцлагаа үүрэх хэрэгтэй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмэгтэй хүний ачаалал багасаад эхэлбэл өөртөө цаг гаргаад эхэлнэ. Өөртөө цаг гаргаад эхэлбэл эргээд юу хүсэж мөрөөддөг байснаа санана

- Та төслийнхөө тайлбар дээр ядаж л гэрийн ажлаа хуваалцсанаар эхнэрүүдийн ачаалал багасаж, эмэгтэйчүүдэд нийгэмд тэгш оролцон мөрөөдлөө биелүүлэх боломж илүү нээгддэг гэж байсан. 

- Эхнэрээ дэмжих хэрэгтэй. Нэг алдартай яруу найрагч хэлсэн байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс үргэлж бидэнтэй өөрсдийгөө харьцуулдаг. Гэхдээ энэ нь ямар ч боломжгүй. Учир нь эмэгтэй хүн үргэлж биднээс илүү байдаг. Эмэгтэй хүнд нэг эс өгвөл хүүхэд болгоод өгдөг. Хүнс аваад ирвэл хоол болгоод өгдөг. Инээмсэглэл өгвөл хайр өгдөг гэдэг шүү дээ. Түүнтэй адил чи эмэгтэй хүнийг ойлгоод хийж байгаа зүйлийг нь дэмжээд, хамт үүрэлцээд ирэх юм бол тэр эмэгтэй ирээдүйд чамд юуг ч авчрах юм билээ

Эрэгтэй хүн асуудалтай байхаар эмэгтэй хүн хүүхдүүдийнхээ хажуугаар бас нөхрөө чирч авч явах хэрэг гарч байгаа юм. Тэгээд ирэхээр өөрсдөдөө гаргах цаг нь багасаад дөнгөж 30, 40 нас хүрээд бие муутай болчихдог. Эмэгтэй хүний ачаалал багасаад эхэлбэл өөртөө цаг гаргаад эхэлнэ. Өөртөө цаг гаргаад эхэлбэл эргээд хэн байсан, юу хүсэж мөрөөддөг байснаа санана. Түүнийхээ араас явах цаг хугацаатай болж байгаа юм.

Сайн аав болох гээд заавал хүүхдээ үнэтэй дугуйланд явуулж хүчлэх шаардлагагүй. Түүний оронд зүгээр л суудлын бүсээ бүслэх, хоол идсэн аяга тавгаа хураах зэрэг энгийн зүйлсээс эхэлж болно шүү дээ

Чи мөнгөгүй, ажил хийдэггүй бол эхнэртээ туслаад гэрийнхээ ажлыг хийгээд, хүүхдээ хараад тэр эмэгтэйд боломж өгөөч дээ. Залуучууд эхнэрээ дэмжээд гэртээ байя гэхээр "гарч найзуудтайгаа уулзмаар байна, ууланд алхмаар, машин баримаар байна" гэдэг. Байж болно шүү дээ. Тэрийгээ хувь хүн өөрөө төлөвлөх хэрэгтэй. Тэр зүйлийгээ авахын тулд гэр бүлдээ илүү цаг зарцуулаач ээ гэж байгаа юм. Тэгж ялархахгүйгээр бүгдийг зохицуулаад авч явж байгаа аав нар зөндөө байна. 

Тэр аав нар өөрсдөө санаа зовоогүй байхад түүнд санаа зовдог хөндлөнгийн хүмүүс гараад ирдэг. Яг үнэндээ тэр аав гэртээ ямар их зүйл хийдгийг мэдэхгүй байж шууд л буруутгах гээд байдаг. 

Түүнд нь автаад хямралд орчихсон аавууд байна. Тэр хүмүүст л хэлмээр байгаа юм. Гэртээ хүүхдээ хараад гэр бүлээ дэмжиж байгаа чинь энгийн зүйл шүү. Чи харин ч эхнэрээ дэмжин гэр бүлдээ цаг гаргаж байгаа чинь мундаг аав гэсэн үг шүү гэдгийг ойлгуулмаар байна.

Цаашлаад энэ нь гэр бүлээсээ салах, амиа хорлох зэрэг нийгмийн гүнзгий асуудал руу ороод ирнэ. Асуудлаас зугтаж байгаа орогнол нь сүүлдээ байхгүй болж, зугтах газаргүй болоод ирэхээрээ хүн өөрөөсөө хүртэл татгалзаж эхэлж байна шүү дээ. 

- Хүмүүсийн үгэнд автахаас илүү өөртэйгөө тэр тусмаа гэр бүлийнхээ хүнтэй ойлголцох чухал байх тийм үү? 

- Гэр бүлийнхээ хүнтэй ний нуугүй бүх үнэнээ ярих хэрэгтэй байх. Анхнаасаа юмаа нуугаад эхлүүл тэр нь яваандаа асуудал үүсгэнэ.  Бүх зүйл ажил, хийморь сэргээдэг уулнаас биш гэр бүлээс чинь л эхэлнэ шүү дээ. 

- Ярилцсанд баярлалаа, уран бүтээлд тань амжилт хүсье. 

- Баярлалаа. 


Түүний "Үнсгэлжин эрс" гэрэл зургийн төсөлтэй хамтарч ажиллахыг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой.