Зураг
Зураг
Индэр    
2023 оны 12 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нүүрснээс АИ-92, дизель түлш гаргаж аваад хэрэглэдэг бол сайхан уу?

Зураг

Шатахуун, эрчим хүчний асуудал энэ долоо хоногийн халуун сэдэв болоод байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээс шатахуун авахын тулд урт хэмжээний дараалал үүссэн. Шатахуун өгөөгүй гэж биесээ гэмтээсэн тохиолдол ч гарлаа. Харин Эрчим хүчний сайд ОХУ-аас авч буй эрчим хүч багассан, тиймээс тог тасрах эрсдэлтэй талаар Төрийн ордноос мэдээлсэн юм. 

ОХУ-ын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэ хоригт монголчууд ороогүй, шатахуунаа хэвийн нийлүүлнэ гэж амласан. Гэвч дотоодын хэрэглээ өндөр, гэмтэл гарлаа гэх мэт шалтгаан тоочиж дуртай үедээ нийлүүлж буй шатахуун болон эрчим хүчээ хязгаарлана. Удахгүй гэнэтхэн гарч ирээд "тийм зүйл байхгүй" хэмээн хүүхэд аргадаж буй мэт аашлахыг ажигласан байх. 

Тусгаар тогтносон гэж омогшдог Монгол Улсын хувьд шатахуун, эрчим хүч гэсэн амин чухал хэрэглээгээ хэнээр ч захируулахгүй, дотооддоо шийддэг байх нь ямар чухал болохыг өнөөгийн нөхцөл байдал дэндүү тод харуулж байгаа болов уу. Тиймээс ч энэхүү нийтлэлдээ нүүрснээс шатахуун, байгалийн нийлэг хий буюу газ хэрхэн гаргаж авч буй үйлдвэрүүдийн туршлагын талаар бичье. 

Технологи гэхээр л монгол хүнээс хол юм шиг ойлгож болохгүй. Бид аливаа асуудлаа шинжлэх ухаанчаар шийдэж чадаагүй, өнөө маргаашийн талхаа бодсоны төлөөсийг энэ долоо хоног дэндүү сайн ойлгуулах шиг. Гэтэл бидний "хужаа" гэж нэрлэдэг үндэстэн дайн, цар тахал гээд бусад орон хилээ хаачихвал улс орныхоо хэрэглээг нүүрсээр хангахаар төлөвлөсөн байна. Гэтэл бид нэг улсыг хүлээсээр л...

Баялаг гэдэг зүйл дуусдаг. Дараа нь түүнийгээ хэн нэгнээс заавал гуйж авна.

Өмнөх нийтлэлд Ордос хотын нүүрсний салбарт чухал байр суурийг эзэлдэг "И-тай" болон "Хуй Нэн" группийн олборлолтын туршлага, аж үйлдвэржилтийн талаар өгүүлсэн билээ. Тэгвэл энэхүү нийтлэлдээ тус хоёр группийн нүүрснээс стратегийн түлш хэрхэн гаргаж авдаг талаар танилцуулна. Мөн манай улс нүүрсээ олборлоод л гадагш гаргаад байхгүйгээр дотооддоо шингээх үйлдвэр барих, хүмүүст мэдээлэл өгөхийг зорив. 

Монголын нүүрсний өнөөгийн нөхцөл байдал..

Монгол Улсын 173.1 тэрбум тонн нүүрсний геологийн таамаг нөөцтэй. Харин батлагдсан нөөц нь 31.7 тэрбум тонн. Уул уурхайн салбар нийт экспортын 93.7 хувийг, аж үйлдвэрийн салбар 72.9 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22.8 хувийг эзэлдэг. Тэгвэл нүүрсний салбар 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт экспортын 57 хувийг эзэлжээ.

Нүүрсний дийлэнх нөөц нь Тавантолгойн ордын ашиглалтын найман талбайд байдаг бөгөөд түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшдэг. 2018 онд гаргасан нөөцийн тайлангийн мэдээллээр Тавантолгойн орд нь нийт 6.3 тэрбум нүүрсний батлагдсан нөөцтэй. Үүнээс коксжих нүүрс нь 3.3 тэрбум тонн, эрчим хүчнийх нь 2.8 тэрбум тонн байгаа юм. Одоогийн байдлаар 108.14 сая тонн сайн чанарын коксжих нүүрс экспортолсон бөгөөд энэ нь нийт олборлолтын 92 хувийг эзэлж байгаа аж. 

Олборлож буй нүүрсээ зөвхөн урд хөрш рүү зардаг. Харин урд хөрш өндөр илчлэгтэй, коксжих нүүрсийг манай улсаас авахыг чухалчилдаг байна. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс баяжуулах үйлдвэр барьж, эрчим хүчний нүүрсээ зарахгүйгээр Тавантолгойн зүүн болон баруун Цанхийн ордоос сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлож байгааг өнгөрсөн долоо хоногийн "Нүүрсний" сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны ШИНЖЭЭЧ ярьсан. 

Тэгэхээр газрын хөрсөнд байгаа хамгийн чухал гэсэн баялгаа гадагшаа гаргаж байгаа гэж ойлгоход буруудахгүй болов уу. Энэ баялгаа гадагшаа зөөж дуусгахгүйгээр дотоодынхоо чухал асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг бол ямар вэ? 

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангадаг. Ингэхдээ нийт хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байгаа.

Шинээр баригдаж газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн ажлууд 98.4 хувийн, анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын ажлын гүйцэтгэл 10.4 хувьтай, цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 10.9 хувьтай байгаа талаар мэдээлэл гарсан. Гэвч газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангаж чадах боломж бага байгаа талаар "Mining Week 2023" арга хэмжээний үеэр гадаадын хөрөнгө оруулагчид онцолж байсан. 

Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах хөдөлгөөн өрнүүлж байгаа хэдий ч манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс болоод байна. Гэхдээ нүүрсийг яаж хэрэглэх вэ гэдэг бодлогоо төр засаг нь тогтох шаардлагатай байна. 

Нүүрснээс хэрхэн дизель түлш болон АИ-92 гаргаж авдаг вэ? 

зураг
 

Өвөр Монголын Ордос хотын нүүрсний салбарын компаниуд нь зөвхөн нүүрс олборлоод зарахыг боддоггүй аж. Нүүрсийг юунд ашиглаж болохоор байгааг сайтар судалж, нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гаргаж авах аргыг боловсруулсан компани бол "И-тай" юм. Хятадын төр засгаас нүүрс олборлож буй компаниуд үйл ажиллагаа болон технологио сайжруулж, хөгжүүлж явах ёстой байдаг.

Хятадын баялгийг ашиглаж байгаа компани бүр улс, хүн ардад хэрэгтэй зүйл заавал хийх ёстой аж. Тиймээс ч хүнд цаг үед өөрийнхөө хэрэглээг хангана хэмээн үйл ажиллагааныхаа орлогоос тодорхой хувийг стратегийн түлш бэлдэхэд зарцуулдаг байна. 

Тус компани 2006 болон 2020 онд нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Анхны үйлдвэр нь 3.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар жилд 800,000 тонн нүүрс боловсруулан 160,000 тонн шингэн түлш гарган авах хүчин чадалтайгаар байгуулагдсан аж. Удахгүй Ордос хотын Хангин хошуунд байгуулагдсан сүүлийн үйлдвэр нь жил 1,200,000 тонн шингэн түлш үйлдвэрлэж байгаа юм. Одоогоор тус хоёр үйлдвэр нь нийт 2,500 гаруй ажилтантай. 

Нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх үйлдвэр нь уурхайн амнаасаа холгүй байгуулагдсан байх бөгөөд 5,000-5,300 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг түүхий эд болгон ашигладаг. 

Уурхайгаас гарч ирсэн нүүрсийг устай хольж зуурмаг хэлбэрээр 1,320°С-ийн хийжүүлэх зууханд хийснээр нийлэг хий гарган авдаг байна. Үндсэндээ нүүрсэнд агуулагддаг органик нэгдлүүд нь устөрөгч болон нүүрстөрөгчийн дутуу исэл гэсэн хоёр хий болох юм. 

Тухайн хийг хорт бодис буюу хүхэрт нэгдлээс нь салгаж цэвэршүүлсний дараа Фишер-Тропшийн аргаар нефтийн түүхий тос гарган авдаг байна. Түүхий тосыг жижиг хэсгүүдэд хувааж нэрснээр бензин, дизель түлш, керосин, LPG, тос тосолгооны материал, хуванцрын түүхий эд зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг гэв.

Энэхүү технологи нь БНХАУ-даа тэргүүлж байгаа бөгөөд шатахууны стандартыг бүрэн хангадаг байна. Иймэрхүү аргаар нэг тонн түлш гаргаж авахын тулд 4-5 тонн нүүрс зарцуулагддаг.

"Бид 2000-аад оны үед нүүрсээ гадагшаа маш хямдхан зардаг байсан. Харин одоо гадаадаас нүүрсийг маш үнэтэй худалдан авч байна"

зураг
 

Үйлдвэртэй танилцах үеэр "И-тай" группийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Чу Ян Донг компанийнхаа туршлагынхаа талаар "Улс орон хэнээс ч хамааралгүйгээр өөрийнхөө хэрэглээг хангана гэдэг тусгаар тогтнолын нэг хэлбэр. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах үйлдвэрийг анх барихад зардал их байсан ч ирээдүйдээ бэлтгэхээр шийдсэн. Үүнээс ашиг харж эхлүүлээгүй ч технологи нь манайд үлдэнэ гэсэн үг. Гэхдээ урт хугацаандаа үйлдвэр маань үр өгөөжөө хангалттай өгнө. 

Бид 2000-аад оны үед нүүрсээ гадагшаа маш хямдхан зардаг байсан. Харин одоо гадаадаас нүүрсийг маш үнэтэй худалдан авч байна. Байгалийн баялагтай орон иймэрхүү зүйлд анхаарлаа заавал хандуулдаг. Учир нь баялаг гэдэг зүйл дуусдаг. Дараа нь түүнийгээ хэн нэгнээс заавал гуйж авна. Тиймээс манай хөрснөөс гарч буй бүхэн дотооддоо шингэдэг байх бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна" хэмээн ярьсан юм. 

Нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх үйлдвэрийн зургаас...

Нүүрснээс нийлэг байгалийн хий буюу газ гаргаж буй үйлдвэр

Нүүрс ашиглалтын өөр нэгэн технологийг нэвтрүүлсэн компани бол "Хуй Нэн". Ордос хотын Мянсү аж үйлдвэрийн паркт байрлах нүүрс химийн үйлдвэрийн тээврийн машинууд нийлэг байгалийн хийгээр явж байлаа. Хамгийн гол нь байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг учир хэрэглэдэг байна. 

Тус үйлдвэр нь 147 га талбайтай. Нийт 11 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар эхний хоолойг 2014 онд, сүүлийн хоолойг 2021 онд ашиглалтад оруулсан. Одоогоор долоон тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг нөхөөд байгаа аж. Мөн 60 мега ваттын цахилгаан станцыг үйлдвэртэйгээ хамт барьсан учраас бүх хэрэглээгээ дотоодоосоо шийддэг. 

Жилд 5.5 сая тонн нүүрсийг гүн боловсруулж нэг сая тонн шингэрүүлсэн байгалийн хийн түлш буюу LNG гарган авдаг. Үүнийг хийгээр ажиллах бүх машин хэрэглэж болно. 

Нийт 1,700 орчим ажилчинтай бөгөөд жилийн 5.5 тэрбум юанийн орлого олж, 300 сая юанийн татвар төлдөг. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш нийт 3.9 сая тонн LNG буюу нийлэг байгалийн хий үйлдвэрлээд байгаа юм. 

зураг
 

Нүүрснээс хэрхэн байгалийн нийлэг хий гаргаж авдаг вэ?

Энэ хэсэгт нүүрснээс байгалийн хий гарган авч үйлдвэрийн технологийн талаар дэлгэрэнгүй бичих болно. Тухайн үйлдвэр нь 3,000-3,500 ккал болон 5,000-5,200 ккал бүхий нүүрс ашиглаж нийлэг байгалийн хий гарган авч байна. 

Уурхайгаас гарсан нүүрсийг маш нарийн нунтаглаж, устай холиод зуурмаг хэлбэрээр хийжүүлэгч зуухад өгнө. Нүүрсийг өндөр даралт бүхий цэвэр хүчилтөрөгч ашиглан 1,300°С-т хийжүүлснээр нийлэг хийн холимгийг гарган авдаг. Нийлэг хийн холимгийг цааш усны ууртай урвалд оруулна.

Нийлэг хийн холимгоос метанолоор хүхэрлэг хийнүүд болон нүүрсхүчлийн хийг ялган авч цэвэрлэнэ. Ингэснээр устөрөгч болон нүүрс төрөгчийн дутуу ислээс тогтох цэвэр нийлэг хийг гаргана авна. Цэвэр нийлэг хийг 670°С-ийн температурт метанжуулах урвалд оруулж нийлэг байгалийн хий гарган авах аж.

Нийлэг байгалийн хийг цааш -162°С-д хөргөн шингэн түлш буюу LNG гарган авах юм. Ийнхүү шингэрүүлсэн байгалийн хийгээ агуулахад хадгалан шатахуун түгээх станц руу дамжуулдаг байна. 

Нэг тонн LNG үйлдвэрлэхэд 3,800 юань зарцуулдаг. Харин БНХАУ-ын зах зээлд нэг тонн LNG нь 4,700 юанийн үнэтэй байдаг аж. Бусад уурхай шигээ үр ашигтай биш ч гэсэн химийн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх патентжуулах, технологийг бий болгох ач холбогдолтойг үйлдвэрийн эзэд тодотгож байв.

Энэ нь бүх Хятадын хэмжээнд нүүрсийг нунтаг болгоод өндөр даралтаар хийжүүлж буй анхны үйлдвэр болсон байна. Шингэрүүлсэн байгалийн хийгээ Бээжин, Тяньжины том оврын автомашины түлш болон ахуйн зориулалттай ашиглагдаг.

Тус үйлдвэр нь ямар нэгэн бохирдол, үнэр, утаа байхгүй. Өдөрт найман цагаар гурван ээлжтэйгээр ажилладаг байна. Түүнчлэн үйлдвэртээ 80, удирдах төвд 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. 2014 оноос хойш нэг ч аваар, осол гараагүй байгаа аж. 

Үйлдвэрийн гэрэл зургуудаас: