Индэр    
2023 оны 10 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Зөөвч-Овоо УРАНЫ орд монголчуудын "АМАНД ОРОХ ШАР ТОС"

Зураг

Дэлхий улс орнууд Монголыг нүүрс, зэсээр нь өнгөрсөн 10 жилд сайн мэддэг болжээ. Харин 2028 оноос цөмийн эрчим хүчний түлшний түүхий эд буюу УРАНЫ ХАР ИСЭЛ үйлдвэрлэгчээр нь таньдаг болно. 

Манай улсын нийт экспортын 93.7 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнд нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, жонш, төмрийн хүдэр, газрын тос гэсэн бүтээгдэхүүн багтдаг. Жишээлбэл өнгөрсөн онд нүүрснээс 11.5 тэрбум ам.доллар, зэсээр 2.7 тэрбум ам.долларын экспорт хийсэн юм. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг, улсын төсвийн 24.8 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг. 

Улсын төсвийн 24.8 хувийг бүрдүүлж буй эрдэс баялгийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүн мэндэлж буй нь УРАН юм. Нүүрс, зэсээ л ярьдаг монголчуудын хувьд УРАН нь "шинэхэн амтлагчтай идэж үзээгүй хоол" гэж болно. 

Манай улсын ураны нийт нөөцийн 50 гаруй хувь нь оршиж буй Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо орд үйлдвэрлэлийн туршилтаа өнгөрсөн онд явуулж дууссан. Мөн Монгол, Францын төрийн тэргүүн нарын албан ёсны айлчлалаар хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг баталлаа.

1.Уран гэж юу вэ?

Уран нь байгальд оршиж буй цацраг идэвхт, хүнд элемент. Цацраг идэвхт задрал байнга явагдаж, цаашаагаа олон төрлийн бүтээгдэхүүн цөм цувран үүсэж байдаг. Тэр бүтээгдэхүүний дийлэнх нь цацраг идэвхгүй, зарим цөөн нь цацраг идэвхтэй. Жишээ нь, ради хэмээх гамма цацраг идэвхтэй цөмийн задралаар радон  хэмээх альфа цацраг идэвхтэй хий үүсдэг. 

Ураны хортой, хоргүй нь хэрэглээний ямар түвшинд байгаагаас хамаардаг. Байгальд буй ураны дээгүүр нь мал бэлчээд, хүн аж төрөөд хэдэн зуун жил явж байгаа. Тиймээс уран нь байгалийн түвшиндээ хоргүй. 

Ураныг уул уурхайн аргаар олборлож, гаргаад шар нунтаг болтол нь баяжуулдаг. Шар нунтгийг зориулалтын торхонд савласан тохиолдолд цацраг идэвх нь ямар ч хор нөлөө, аюул учруулахгүй.

Ураныг цөмийн эрчим хүчний түлшинд ашигладаг. Нэг грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний дулаан үйлдвэрлэдэг байна. 2022 оны байдлаар дэлхийд 49.3 мянган тонн уран үйлдвэрлэгдсэн. Үүний 21.2 мянган тонныг нь Казахстан, 7.4 мянган тонныг нь канад зэрэг улс бүрдүүлж байгаа. Харин Австрали 1.7 сая тонн ураны нөөцтэйгөөр дэлхийд тэргүүлдэг. Харин манай улсад одоогоор батлагдсан 192.2 мянган тонн ураны нөөцтэй.

Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалж буй дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Мөн хүний биед ч 90-150 микро\грамм хүртэлх хэмжээний уран агуулагддаг аж. 

2.Цөмийн эрчим хүч

Уран нь цөмийн эрчим хүчний гол түлш юм. Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч бага ялгаруулж цахилгаан хүч үйлдвэрлэдэг тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Францын Экологи эрчим хүчний яамны 2015 оны судалгаагаар Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд 12 грамм/квц хэмжээтэй СО2, нүүрсний эрчим хүчнээс 820 грамм/квц СО2 ялгардгийг тогтоосон байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийд 445 цөмийн реактор ажиллаж байгаа. Энэ нь дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хувийг хангадаг. 2021 оны байдлаар дэлхий дээр шинээр 54 реактор баригдаж байгаагаас 16 нь манай урд хөрш Хятадынх юм. 

Дэлхийн нийт цөмийн реакторын ураны хэрэгцээ 2023 онд 65,650 тонн байгаа. Энэ тоо 2040 онд 130,000 тонн уран болж өсөх төлөвтэй байгаа талаар Цөмийн энергийн комиссоос мэдээлжээ. Мөн Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн тэг хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байх зорилт тавин цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм. 

Ураны үнэ ханш өнөөдөр дэлхийн зах зээлд 2011 оны Фүкүшимагийн цөмийн ослоос хойших хугацааны хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. 2023 онд уг түүхий эдийн ханш бараг 40 хувиар өсөж, фунт (450 грамм) тутам нь $66.25 хүрчээ. Оны сүүлээр $80 хүрнэ гэж судлаачид үзэж байна. 

2050 он гэхэд дэлхийн хүн амд одоогийнхоос хоёр дахин их цахилгаан эрчим хүч шаардлагатай болно. Тиймээс хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр бууруулахын тулд шатдаг ашигт малтмалаас (нүүрс, байгалийн хий) ялгарах нүүрстөрөгчөөс цахилгаан үйлдвэрлэл нь салгах юм.

3.Зөөвч-Овоо ураны орд монголчуудын "Аманд орсон шар тос"

зураг
 

Монголд ураны нийт 192.2 мянган тонн бүртгэгдсэн нөөц бий. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувийг эзэлдэг. Харин манай улсын Зөөвч-Овоо орд 93,290 тонн, Дулаан ул 11,896 тонн ураны нөөцтэй. 1992 оноос хойш тогтоогдсон найман ордын нэг нь Зөөвч-Овоо.

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 230 ppm агуулгатай ​​2,500 тонн ураныг нэг жилд олборлож экспортлох төлөвлөгөөтэй. Одоогоор ТЭЗҮ батлуулах, хөрөнгө оруулалтын гэрээний үе шатандаа явж буй төсөл. 

Тус төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын төрийн өмчит "Орано Майнинг" компани, Монголын Засгийн газрын 34 хувийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом” эзэмшиж байна. 

"Орано Майнинг" групп нь уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг бөгөөд гурван улсын дөрвөн уурхайд олборлолт явуулж байгаа. Түүний нэг нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо, Дулаан Уул хоёр орд юм. 

Зөөвч-Овоо орд нь ураны хар нунтаг исэл үйлдвэрлэж экспортолно. U308 буюу шар нунтгийг байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан гаргаж авдаг. 

Бадрах энержи ХХК нь Зөөвч-Овоо, Өмнөт, Дулаан уул гэсэн ашиглалтын гурван талбайтай. Өнгөрсөн долоо хоногт болсон Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол, Францын талууд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ баталгаажуулж, протоколд гарын үсэг зурсан талаар мэдээлсэн

Зөөвч-Овоо уурхайд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай талаар "Орано майнинг" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн ярьсан. Гэхдээ гэрээ эцэслэн шийдэгдээгүй.

Ураны төсөл Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ. Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд Зөөвч-Овоо төсөл 47 жил үргэлжилнэ. Үүнд 

  • 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангах,
  • 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлох
  • Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

4.Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт 

Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны долдугаар сард эхлүүлж 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусгажээ. Тус ордын урт нь 7.8 км, өргөн нь дөрөв орчим километр хэмжээтэй. 

Уурхай гэхээр том машинууд, нүх, газар шороо төсөөлөлд бууж магадгүй. Тус ураны орд нь 15, 25 метрийн радиустай төмөр хашаан дотор гүний худаг шиг цооног байрлуулсан харагдана. Зөөвч-Овоо уурхайн олборлолтын талбайд шувуу, тэмээ зэрэг амьтад чөлөөтэй явж байдаг аж. 

Ураныг ил, далд, газар доогуур уусган олборлох гэсэн гурван аргаар олборлодог байна. Газар доогуур уусган олборлох арга гэдэг нь зөвхөн цооног өрөмдөж 130-200 метрт орших ураны хүдрийн бүсэд уусгалт хийдэг. Зөөвч-Овоо уурхайн ураны хүдэр нь 130-200 метр байдаг.

Туршилтын олборлолтын үеэр 15, 25 метрийн радиустай, зургаан талт тойрог бүхий хоёр торлолд олборлолт хийсэн байна. Торлол гэдэг нь уран олборлох талбай юм. Тус талбайд шахах зургаа, олборлох нэг цооног бий. 

Бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, хоёр хувийн концентрацтай хүхрийн хүчил нэмнэ. Хүчилжүүлсэн усны рН буюу хатуулаг нь 1,5 байдаг.

Хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү шахах цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ өөртөө ураныг уусгаад, цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадарга руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг.

Үүний дараа ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой концентрат буюу шар нунтаг үйлдвэрлэнэ. Газар доогуур уусган олборлох аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй металлыг нь олборлодог. Ураны хүдрийн биет байрлах гүний уст давхарга нь байгалиасаа давс, уран болон бусад металлаар баялаг тул ундны усанд тохиромжгүй.

Үйлдвэрлэлийн туршилтын үеэр 15, 25 метрийн радиуста хоёр торлолоос 27.5 тонн шар нунтаг олборлосон байна. Үүнд агуулагдах ураны хэмжээ нь 10.4 тонн байсан бөгөөд 123 ширхэг торх болжээ. Энэ нь бага хэмжээ бөгөөд шар нунтгийн 40-45 хувь нь чийг, 38-40 хувьд нь уран агуулагдаж байж. Харин хар нунтаг болговол агуулагдах уран нь 80 хувьтай болно. Казахстаны КАТКО уурхайн хар нунтаг нь 82 хувийн агуулгатай байдаг аж.

Өмнө нь ураныг шар нунтгаар нь гаднын улс орнууд экспортолдог байсан. Харин сүүлийн үед хар нунтаг болгож зардаг болсон байна. Шар нунтгийг шатааж чийгийг нь авснаар хар нунтаг буюу U308 болох юм. Ингэснээр илүү хүнд, яанартай бүтээгдэхүүн гарна гэсэн үг. Дэлхийн зах зээлд U308 зарагддаг.

Гэхдээ Зөөвч-Овоо ордны үйлдвэрт хар нунтаг болгох туршилт хийгдээгүй. Харин хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа шар нутгийг шатаах үйлдвэр барих аж. Манай улсын экспортлох гэж буй хар нунтаг нь 2-3 үе шат дамжиж цөмийн түлш болдог. Дэлхийн таван орон хар нунтгийг цөмийн түлш болгож чаддаг.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл нэг торлол 42 метр радиустай болно. 15-18 торлол нийлж нэг блок үүсгэнэ. Нэг блок талбайг 3-5 жил олборлож дууссаны дараа нөхөн сэргээх ажиллагааг явуулах аж. Ингэснээр 335 тонн орчим уран агуулж буй эрдэсэжсэн бүсийг нэгэн зэрэг уусгах боломж бүрдэх юм. 

Газар доор уусган олборлох аргын ашиглаж буй үедээ шахаж, соруулж буй уусмалын хэмжээг тэнцвэртэй хадгалах хэрэгтэй. Эс бөгөөс хүдэртэй ус гадагш нэвчих, тоног төхөөрөмжид даралт үүсэх эрсдэлтэй. 

Туршилтын үйлдвэрлэлийн үед уранаас хог хаягдал гараагүй. Харин шинжилгээний дээж цуглуулсан сав, ажилчдын хувцсыг жижиглэж бутлаад, цацрагийн хэмжээг нь тодорхойлоод дээжийг нь лабораторид шинжилгээнд явуулсан. Үүний дараа яаж устгахаа тохирох юм. 

Зөөвч-Овоо нь уламжлалт уурхайг бодвол 2-5 дахин бага эрчим хүч хэрэглэж аж. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед төслийн талбайд том оврын 12 автомашин ашиглагдана.

Хүнд техник төхөөрөмж шаардлагагүй бөгөөд 2028 оноос эрчим хүчээ Сайншанд хотоос авах юм. Одоогоор олборлож буй ураныгаа хамгийн ойрын хэрэглэгч болох БНХАУ-руу экспортлох төлөвлөгөөтэй байгаа гэв. 

Уран бий болгох процессыг мэргэжлийн үг хэллэгээс илүү Монголын аж ахуйтай холбон тайлбарлавал дөхөм болно. Жишээлбэл үхрийн сүүгээр айраг нэрэх процессыг ихэнх хүн мэддэг.

Үхрийн сүүг исэлдүүлж айраг болгоно. Дараа нь битүү орчин буюу тогоонд буцалгана. Халуун айргийг даавуунд хийн гоожуулж шингэн шүүсийг нь авна. Шүүсийг нь авсны дараа нойтон аарц болно. Нойтон аарцыг худалдан авагч хямдхан авах учир хоёр талаас нь чулуугаар шахаж, наранд хатаадаг.  Ингэснээр хатуу ааруул болсны дараа хүн иддэг. 

Ураны шар нунтаг гаргах процесс ааруул боловсруулахтай яг ижил гэж ойлгож болно. Гэхдээ орчин үеийн тоног төхөөрөмжид өндөр хяналтын дор дөрвөн дамжлагаар явагдана. Тэгэхээр байгаль орчин, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Маш өндөр хяналтын дор Зөөвч-Овоо уурхайг ашиглаж байна. 

Нэг торхонд 260 кг гаруй шар нунтаг багтдаг. Харин шатаасны дараах хар нунтаг нь нэг торхонд 400 кг багтах юм.

зураг
 

5.Цацраг идэвхийн хэмжээ

Зөөвч-Овоо ордын ажилчид нутгийн иргэдэд ураны талаар мэдээллийг маш сайн өгсөн байна. Тус уурхайн ойр орчимд нь амьдардаг айл өрхүүд уран огт эсэргүүцдэггүй. Харин Улаанбадрах сумын бус иргэд, янз бүрийн ТББ-ын төлөөлөл ирж тэмцэл хийдэг аж.

Жишээлбэл портертой тэмцэгч н.Цэгмэд төслийн талбайд гурван ч удаа ирж танилцаж байж. Тэрбээр утасгүй үедээ уурхайн ажилчидтай маш сайн ойлголцдог. Гэтэл утсаа асаагаад бичлэг хийгээд эхлэхээрээ гэнэт дүрээ хувиргаж ураныг эсэргүүцдэг болох талаар Зөөвч-Овоо ордын ажилчид ярьж байв. 

Тэгэхээр уран бол аюул, гамшиг гэж мухарлаад байхгүйгээр үр ашгийг нь харах хэрэгтэй юм. Одоогоор Зөөвч-Овоо орд үйлдвэрлэлийн туршилтын ажил дууссан учир хяналт мониторинг хийж байгаа. Гэхдээ төсөлтэй танилцах хүсэлтэй хүн бүрд нээлттэй байдаг. Жишээлбэл энэ онд 380 гаруй, өнгөрсөн жил 460 гаруй хүн тус Зөөвч-Овоо төсөлтэй танилцахаар иржээ. 

Ураны аюултай гээд буй цацраг идэвхийн талаар энгийнээр тайлбарлахыг оролдъё. Уран нь цацраг идэвхт изотоп хэлбэрээр оршдог. Газрын хөрсөн дэх ураны задралаас альфа цацраг идэвхт радионы хий ялгардаг. Энэ хийн задралаас үүсэх цацраг идэвхт элементүүд нь амьсгалын замаар хүний биед халдах боломжтой.

Альфа цацраг агаарт хэдхэн сантиметр яваад сарнидаг. Хүний арьсыг нэвтэлж чадахгүй. Тийм учраас цацрагийн эрсдэл харьцангуй бага. Зөөвч-Овоо ордын уран чийгтэй, үйлдвэр тоосжилт зайлуулах төхөөрөмжөөр тоноглогдсон учраас бургиж, тоосонцор үүсэх эрсдэл байхгүй.

Бидний хамгийн их анхаарах ёстой зүйл нь байгалийн уран буюу шар нунтаг биш, үйлдвэрийн газрын гүнээс материалтай хамт гарч ирдэг радон буюу цацраг идэвхт хий. Радон хийгээс хамгийн их сэргийлж байх ёстой. Тийм учраас бид гадаад шарлагыг хэмждэг дозиметрээс гадна агаарт байгаа радоныг хэмждэг дотоод шарлагын дозиметр ашиглан хянаж байна. 

Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулиар цацрагтай орчинд ажиллаж байгаа хүний нэг жилд авах нийт шарлагын хэмжээг 20 мЗв/ж-ээр хязгаарладаг бол Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллаж байгаа залуусаас өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн өндөр тун авсан нь 2.25 мЗв/ж буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин бага байв.

Уран маш ихтэй газрын шороо, тоос хүний биед орох юм бол хортой. Харин ураны уурхай, үйлдвэрт хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн бүх аюулгүй байдлыг хангах хэрэгтэй аж. 

Зөөвч-Овоо ордын Өнгөрсөн ба ирээдүй

Зөөвч-Овоо орд одоогоор нэг ч төгрөгийн ураны борлуулалт, ашиг олоогүй. Гагцхүү ирээдүйд ашиг олох магадлалтай учир Францын төрийн өмчит компани хөрөнгө оруулалт хийж байгаа. 

Уул уурхайн бүтээгдэхүүн дундаа нүүрс, зэсээс ихээхэн хамаатай манай улсын хувьд цөмийн эрчим хүчний түлшний түүхий эд үйлдвэрлэх нь маш чухал зүйл. Эдийн засгаа солонгоруулах, экспортын хувь хэмжээгээ нэмэх гээд үр өгөөж олон. 

Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум орчим долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэнэ гэсэн тооцоолол гаргасан талаар Засгийн газраас мэдээлж байгаа.

Францын боловсруулсан ТЭЗҮ-ээр 4.5 тэрбум долларын цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авна. Мөн уурхай ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Төслийн ТЭЗҮ 52 ам.доллароор хийгдсэн. Хугарлын цэг нь 45 ам.доллар. Хэрэв 45 ам.доллар болчихвол энэ төсөл ашиг олохгүй, үүнээс доош орвол алдагдалтай ажиллах учир 52 доллароор ТЭЗҮ хийгдсэн юм. Энэ ТЭЗҮ-гээр 8.7 тэрбум ам.долларын борлуулалт хийхэд 2.7 тэрбум ам.долларын татвар төлнө. Мөн манай улсын авах АМНАТ 19% байхаар Засгийн газраас тооцоолж байгаа аж.

Одоогоор Зөөвч-Овоо төсөл нь 

  • Тусгай зөвшөөрлийн төлбөрт нэг тэрбум гаруй төгрөгийг төлдөг
  • Туршилтын олборлолтын хугацаанд буюу 2017-2022 онд хоёр тэрбум гаруй төгрөгийг Улаанбадрах сум, Зүүнбаян багийн хэмжээнд зарцуулсан.
  • 2006 оноос хойш орон нутагт нийт 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 
  • Ногоон байгууламж төслийн хүрээнд 7,500 заг мод үрслүүлэн тариалсан
  • Төслийн хайгуулын шатанд 5.4 тэрбум төгрөг, туршилтын олборлолт буюу 2017-2022 он дуустал хоёр тэрбум төгрөг зарцуулаад байгаа
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд уурхайн олборлолтын хугацаанд таван сая мод тариалах үүрэг авсан. 
  • 2010-2022 онд Дорноговь аймгийн 72 оюутанд 184 удаагийн тэтгэлэг олгосон гээд тухайн орон нутагт бага багаар үр өгөөжөө өгч байгаа.

Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж уурхай олборлолтын үе шатандаа шилжвэл жилд нэг сая ам.доллартой дүйцэх хэмжээний мөнгийг тухайн орон нутагт хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулах юм. 

Одоогоор 1,500 орчим хүн амтай Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт Хүн малын эрүүл мэнд, Усны хүртээмж, Эрчим хүч, Боловсрол, Соёл урлагийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Туршилтын олборлолтын үед тус сумаас 38 хүн ажиллаж байсан аж. Мөн нийт 104 ажилтантай. Үүний 24 хувь эмэгтэй ажилчид байжээ. 

Мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж уурхай бүрэн ашиглалтад орсны дараа 1,000 гаруй үндсэн ажлын байр бий болгох юм. Тиймээс дэлхийн цөмийн эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулах Зөөвч-Овоо ураны төслөө амжилттай хэрэгжихийг нь хүлээх л үлджээ.