Дахин давтагдашгүй түүхийн ховор нандин дурсгалууд, соёлын биет өвдөө хүндэтгэлгүй хандаж, эх төрхийг нь алдагдуулах үйлдэл гаарсаар...
Нэг талаас иргэдийн мухар сүсэгтэй холбоотой мэт. Нөгөөтээгүүр вандализм буюу санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж судлаачид тайлбарлаж байна.
Тухайлбал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаанхайрхан байгалийн үзэсгэлэнт газар иргэдийн буруу бишрэлээс үүдэн өөх тосоор бохирдсоныг тус аймгийн байгаль хамгаалагч мэдээлж байсан.
"Гар хүрч болох газартаа шар тос нялаад байр, машин, эрүүл мэнд, зарим нь бүр Zara брэнд гэж хүртэл хүслээ бичсэн байсан.
Тэр хавьд дөхөж очиход л шар тосны өмхий үнэр үнэртэж, ялаа, батгана шавчихсан байна. Ийм буруу сүсэг бишрэлийг хийхгүй байя" хэмээн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бумбанямбуу уриалсан юм.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор өнгөрсөн онд 9,136 дурсгалт газрын 82,096 дурсгал бүртгэгдсэн. Эдгээрээс
График: Хөшөө, дурсгалын гэмтлийн ерөнхий мэдээлэл (2022 он)
Хүснэгт: Хөшөө, дурсгалын гэмтлийн ерөнхий мэдээлэл (2022 он)
Гэмтлийн ерөнхий мэдээлэл | Гэмтэлтэй |
Аж ахуйн нөлөөлөлд өртсөн | 1,719 |
Биологийн бохирдолтой | 1,576 |
Өөх тосны бохирдолтой | 213 |
Будаж балласан | 201 |
Сийлж сүйтгэсэн | 263 |
Ухагдаж тоногдсон | 720 |
Газар тариаланд өртсөн | 225 |
Жуулчны баазтай ойр | 7 |
Орон нутгийн шинж чанартай замд өртсөн | 38 |
Суурьшлын бүс, газар олголтод өртсөн | 19 |
Ховхорч унасан зарим хэсэг нь алга болсон | 1,462 |
Эх төрх байдлыг алдагдуулсан | 336 |
Булшны дараас чулуу газрын хөрсөнд дарагдсан | 2,387 |
Буруу сэргээн засварлалт хийгдсэн | 71 |
Дурсгалт газраас элс шороо авсан | 32 |
"Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэж ярьдаг. Мэдэхгүй учраас л мухар сохроор түүхийн чухал ач холбогдол бүхий дурсгалуудаа сүйтгэж буй үйлдэл гаргаж байна. Тиймээс ч эхлээд олон нийтэд танин мэдүүлэх хэрэгтэй.
Үнэ цэн, ач холбогдлыг нь таньж мэдээгүйгээс л өв, соёлынхоо дурсгал дээр шар тос нялж, сийлж, онгорхой нүх болгон руу нь хог эсвэл үхсэн мал амьтныхаа сэг зэмийг чихэх зэрэг байж боломгүй үйлдэл гаргаж байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд ашиг хонжоо олох зорилгоор булш бунхан тонох асуудал Монгол Улсад хэрээс хэтэрч байгаа. Өөрөөр хэлбэл булш бунхан тонодог, зарж наймаалцдаг, амьжиргааныхаа эх үүсвэр болгодог асуудал байна. Энэ бол булш болгоны дотор үнэтэй зүйл байдаг гэсэн үг биш. Хэдэн мянгад нэг тохиовол тохионо, маш ховор.
Гэтэл металл хайгч ашиглаад булш бунхан илрүүлж, ухаж сүйтгэдэг үйлдэл ч хөдөө орон нутагт газар аваад байгаа" хэмээн Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа хэлж байлаа.
Түүх, соёлын үнэ цэнтэй дурсгалуудын эх төрхийг нь алдагдуулж, тонож, сүйтгэж байгаа энэ асуудлын хүрээнд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Хэдэн мянган жил хадгалагдаж ирсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг эвдэж сүйтгэх, нэр усаа сийлэх, өөх тос өргөх асуудал их анзаарагдах юм. Бодит нөхцөл байдалтай судлаачид очиж танилцахад ямар дүр зураг ажиглагддаг вэ?
-Монгол Улсад соёлын өв, тэр дундаа түүх соёлын үл хөдлөх дурсгал болох археологи, палеонтологийн олдворт газрууд, архитектурын дурсгалууд олон бий. Эдгээр нь хүний буруутай үйл ажиллагаа буюу нийгмийн хүчин зүйлээс үүдэн доройтох асуудал илүү их гарч байна.
Мухар сүсгээр хандах, вандализм буюу санаатай эвдэн сүйтгэх үйлдэл манайд хоёулаа бий. Үүний хамгийн тод жишээ нь Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших Тайхар чулуу юм.
Тайхар чулуу бол түүхийн сурвалж болсон олон төрлийн бэхэн бичээстэй, үл хөдлөх дурсгал. Үүний зэрэгцээ монгол бөхийн домог хуучтай холбоотой зарим нэгэн биет бус өвийн ай савыг агуулснаар онцлогтой. Мэдээж дурсгалын хажууд "Тайхар чулуун дээр бичиж, сийлэхийг хориглоно" гэж анхааруулсан байдаг. Гэвч хүмүүс мэдсээр байж овог нэр, он сар, тэр бүү хэл хүслээ бичдэг.
Энэ үйлдлийн хор уршиг нь 1-2 жил, 5-10 жилдээ сайн мэдэгдэхгүй. Ирээдүйд 30, 40 жилийн дараа нөхцөл байдал хүндэрсэн, нэг мэдэхэд бүх зүйл байхгүй болох аюултай.
-Хөшөө дурсгалаа хадгалж хамгаалахаас илүү хүслийн жагсаалтаа бичдэг эсвэл овог нэрээ тэмдэглэдэг дэвтэр шиг үзэх хандлага их байгаа гэсэн үг үү?
-Сийлмэл эсвэл зосоор зурсан хадны зураг, бичгийн дурсгалууд дээр нэрээ бичих, үзүүртэй зүйлээр сийлэх зэрэг сөрөг зүйлс ажиглагддаг.
Одоогоос хоёр жилийн өмнө Цогтын хадны бичээс рүү дэлгүүрт зардаг зулын шар тос цацсан байсан. Азаар чулуу нь нягт байсан учраас хурдан цэвэрлэсэн. Хад чулуун дээр тос нялахаар наанадаж тэнд амьтан шавдаг.
Сүү цагаан идээ өргөхөөр муудна, гашилна. Тагтаа шувуу очно, сангасаа гаргана. Улмаар холилдсон муухай юм тэнд үүсдэг. Ингэж бохирдсон орчинд бичиг, дурсгал устаж үгүй болох хэмжээнд хүрэх аюултай. Манай улс хаа очиж жилийн дөрвөн улиралтай нь аз.
Хамгийн гол нь соёлын өвийг хадгалж хамгаалах зорилтот ажлыг тогтмол хийх нь чухал байна. Дунд сургуулийн түүхийн хичээлээр дамжуулж мэдлэг, ойлголт өгөх нь зүйтэй. Үнэнийг хэлэхэд Монголын өргөн уудам нутагт тархсан бүх хөшөө, дурсгал дээр манай цөөн хэдэн судлаач очиж ажиллаж чаддаггүй. Тийм учраас иргэдийн мэдлэг, ойлголт, хандлага хамгийн чухал байна.
-Мэдсээр байж соёлын өвийн эсрэг үйлдэл хийж байгаа нь вандализм гэж ойлголоо. Монголд мухар сүсэг, вандализм хоёулаа байна уу?
-Тийм ээ. Хэрвээ та болохгүй гэдгийг нь мэдсээр байж түүх, соёлын дурсгал дээр нэрээ бичиж байгаа бол вандализм мөн. Харин тухайн дурсгал дээр тос түрхээд "Надад 5,000 төгрөг өгөөч ээ" гэж байгаа бол мухар сүсэг. Үүний наад захын жишээ нь хад чулуун дээр биеэ үрэхээр "үү арилдаг" гэх яриа.
Тэгэхээр вандализм, мухар сүсэг хоёулаа манай улсад байна.
Соёлын өвийг ойлгож, мэдэхгүйгээр зөвхөн өөрийгөө бодоод мөнгө төгрөг, хань ижил, үр хүүхдээ гуйж байгаа нь мухар сохроор хандаж буй үйлдэл. Агуулгаараа хоёулаа соёлын өвийн эсрэг зохисгүй үйлдэл болж байна.
-Мухар сүсгийн цаана шашин шүтлэгийн олон төрлийн зан үйл байх шиг.
-Жишээ дурдахад Бат-Өлзийтийн Цагаан гэх газар лам нар өөрсдөө очоод ийм үйлдэл гаргасан.
Лам нар ч өөрсдөө соёлын өвийнхөө мөн чанар, утга агуулгыг мэдэхгүй явж байгаа нь үүний тод жишээ.
Лам гэхээрээ л бүх юмыг мэддэг хардаг, хэлдэг гэж ойлгож болохгүй юм байна. Тэр дунд янз бүрийн мэдлэг, ойлголттой хүмүүс бий.
Мухар сүсэг бишрэлээр хандаж, хадаг бүс ороох, сүү, тос өргөх, хугалж ийш тийш зөөх зэрэг нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой буюу нийгмийн гаралтай хүчин зүйл. Дахин давтагдашгүй түүх, соёлын дурсгал дээрээ лам нарын зааж, зөвлөснөөр зан үйлээ гүйцэлдүүлэх нь зөв үйл биш.
Тухайлбал Их тэнгэрийн амны хадны зураг дээр цагаан идээ, сүү тос өргөх үйлдэл их гаргадаг. Улмаар тэр хадан дээр шувуу бөөгнөрч, сангасаар бохирддог. Шувууны сангас нь чулууг бутлах хэмжээний айхавтар хүчиллэг зүйл.
Үнэхээр соёлын өв, түүхэн дурсгалт газраа хамгаалахыг хүсэж байгаа бол дотроо сүсэглэж, залбираад явахад л болно шүү дээ.
-Гэмтэж, сүйдсэн соёлын дурсгалуудыг авран хамгаалах, сэргээн засварлах ажлыг судлаачид жил бүр зохион байгуулдаг гэсэн үү. Газар дээр нь очиж ажиллахад ямар нөхцөл байдал анзаарагддаг вэ?
-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор өнгөрсөн жил 9,136 дурсгалт газрын 80,000 орчим дурсгалыг бүртгэж авсан. Бид эхний ээлжид эрх зүйн хамгаалалтад байгаа хамгийн ач холбогдолтой гэсэн дурсгалууд дээр үйл ажиллагаагаа төлөвлөж буй.
-Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрынхан хамгийн сүүлд ямар хөшөө, дурсгалыг сэргээн засварласан бэ?
-Устаж үгүй болох эрсдэлд орсон зарим дурсгалыг сэргээн засварлах, сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.
Ойрын жишээ гэвэл энэ оны наймдугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт Ухаа толгой гэх газарт очсон. Ухаа толгойн чулуун дурсгалууд дотроос нэг буган чулуун хөшөө, нэг хүн чулуун хөшөө дундуураа хугарч, унасан байсныг нааж сэргээгээд хуучин байдалд нь орууллаа.
Саяхан Саудын Араб улсад зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн.
Өөрөөр хэлбэл Монголын буган чулуун хөшөөг дэлхийн өв хэмээн үзэж байна. Гэтэл өв, соёлын дурсгалаа эвдэж, сүйтгэдэг, энд тэнд аваачиж зөөж, тавьдаг үзэгдэл байна.
Өөр нэг жишээ дурдвал өнгөрсөн оны есдүгээр сард Хөвсгөл аймгийн Уушгийн Өвөр гэх газарт байх буган чулуун хөшөөг сэргээн засварласан. Хамгийн гоёмсог, тод буган чулуун хөшөөний орой нь хугарсан байсныг очиж, нааж эвлүүлж тавьсан.
-Нийт соёлын үл хөдлөх дурсгалын хэдэн хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн сүйдсэн, хэдийг нь сэргээн засварлах шаардлагатай байгаа талаарх тоон мэдээлэл бий юу?
-2015, 2022 онд улс орон даяар бүх дурсгалыг тоолж бүртгэсэн. Эндээс гэмтэлтэй буюу сэргээн засварлах шаардлагатай хөшөө, дурсгалуудын тоон мэдээллийг ч гаргасан байдаг.
Ерөнхий мэдээллээс заримыг нь дурдвал:
Цаад тал нь 3,000-4,000 жил байгаль дээр хадгалагдаж, өнөөдөр бидний үед ирсэн дурсгалууд яагаад одоо устаж, үгүй болох ёстой юм бэ. Энэ цаг үед амьдарч байгаа бид л үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Санаатай болон санамсаргүй байдлаар соёлын өвийг устгаж үгүй болгох үйлдэл бол 21 дүгээр зуунд утгагүй, соёлгүй асуудал.
-Олон мянган жил байгаль дээрээ хадгалагдаж ирсэн түүхэн дурсгалууд цаашдаа үлдэх үү, үгүй юу гэх асуудал тулгарч байгаа гэсэн үг үү?
-Устах уу, үгүй юу гэх эргэлзээтэй асуулттай тулж байна.
2023 онд ингэж доройтож муудна гэдэг чинь бид урагшаа хэдэн үе, хойшоогоо хэдэн үедээ хариуцлагагүй хандаж, хараалгах хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Хойд Цэнхэрийн агуй гэж дотроо зосон хадны зурагтай алдартай дурсгалт газар бий. Гэтэл коронавирусийн үед "Ланд-100" гэдэг клубийнхэн тэнд очиж, хадны зураг дээр "Ланд 100" гэж бичиж байсан.
Тухайн үед "Ийм чухал дурсгалд ингэж бүдүүлэг хандлаа" гэж олон ч шүүмж гарсан. Хүн хэчнээн ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг шиг энэ талынхаа сурталчилгааг бүх шатанд зохион байгуулах нь чухал байна.
Монголын нутаг дэвсгэр дээр байгаа, монголчуудтай холбогдох соёлын өвийг монголчууд өөрсдөө л анхаарах хэрэгтэй. Энэ бол монголчуудын л өв. Түүнээс биш хятад, орос, америкчууд ирээд хүн төрөлтний өв гэж л харахаас биш "минийх" гэж бидний урдуур орж, өмчлөхгүй нь ойлгомжтой.
Хэрэв байр, машин, үр хүүхэд, брэнд хүсэж бичиж байгаа бол тухайн дурсгалынхаа мөн чанарыг мэдэхгүй яваа л гэсэн үг. Энэ бол 2,000-3,000 жилийн өмнө холбогдох, тухайн үеийнхээ ахуй амьдралыг илэрхийлсэн хадны зураг. Энэ дурсгалт хөшөөнөөс янз бүрийн зүйл гуйгаад танд юу ч олдохгүй нь ойлгомжтой гэх ухамсар чухал.
Эрх биш 21 дүгээр зууны бичиг, үсэг тайлагдсан хүмүүс ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ хад руу мянган удаа сүү цацаад, ааруул ээзгий өргөөд нэмэр байхгүй. Харин ч байгаль орчноо хохироож байна гэдгээ ойлгох хэрэгтэй.
-Түүхийн үнэ цэн, ач холбогдлыг ойлгож, танин мэдсэн цагт өөриймсөг болох болов уу?
-Соёлын өвийн талаар бүх нийтийн боловсрол муу, хувь хүний ухамсар, хандлага, ёс зүй, этик дорой байна.
Эрт үеэс монголчууд соёлынхоо өв, дурсгалд хүндэтгэлтэй хандаж ирсэн ард түмэн. Энэ хандлагыг ёс, зан заншилдаа гүн шингээсэн байдгийн олон жишээ бий.
Тухайлбал "Булш бунхантай газраар явдаггүй", "Хадан дээр хамаагүй гар хүрвэл биеэр нь юм туурдаг" гэх мэтчилнээр ахуй соёлдоо шингээж, залуу хойч үедээ хэлж, сургамжилж ирсэн байдаг.
Нөгөө талаар Монголын эртний хууль цаазын бичгүүдэд булш бунхныг тонож, соёлын өвийг устгаж, үгүй хийвэл хариуцлага хүлээлгэх, торгох, цаазлах хүртэл хатуу заалтууд тусгаж өгсөн байдаг. Энэ хатуу дэг ёс нь түүх соёлын дурсгалыг бидний өвд өвлүүлж ирсэн байх л даа.
-Ухагдаж тоногдсон, суурьшлын бүс газар олголтод өртсөн түүхийн дурсгалууд ч тооллогоор илэрсэн мэдээлэл байна.
-Манай улс өргөн уудам газар нутагтай. Ихэнх хөшөө дурсгал, олдворууд эзгүй хээр нутгаар тархсан байдаг.
Гэтэл зарим нь орон нутгийн замд явахдаа чулуун зэвсгийн үеийн дурсгалд хамаарах олдворуудыг түүдэг үзэгдэл ч бий. Хүний гар үнэхээр хорон. Соёлын өвийн дурсгалт газрынхаа ач холбогдол, үнэ цэнийг ойлгоогүйгээс үүдэлтэй явдал.
Түүнчлэн археологи, архитектурын дурсгалтай холбоотой газар олголтын асуудал байна. Түүхийн ач холбогдолтой газрыг хувьдаа өмчилж, өөрийнхөө эзэмшилд оруулах гэсэн эрх ашгийн сонирхол ч үүсдэг. Үүний хамгийн тод жишээ нь Богдхааны ордон музейг нэр бүхий компани авах гэж оролдсон явдал.
Ялангуяа төрийн байгууллагууд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл их гаргадаг.
-Ямар зөрчил гарч байсан бэ?
-Манзуширын хийд орчмыг шашин, соёлын цогцолборт газар болгоно гэж 2020 оны үед төсөл хэрэгжүүлсэн байдаг. Улмаар шашин, соёлын цогцолбор газар болговол тийшээ жуулчид очиж, хүмүүс амарч зугаалах ёстой гээд долоо, найман километр замыг Төв аймгаас хойш тавьсан.
Харамсалтай нь тухайн замыг хэдэн мянган жилийн өмнө байсан булшин дээгүүрээ тавьсан. Жинхэнэ гол зүйл дээрээ зам татчихсан.
Жоохон юм мэддэг, ойлгодог, сэхээрсэн хүмүүс нь тийшээ жуулчид очно гэхээр инээдтэй санагдана. Бид нар бараг гуравдугаар ангийн хүүхэд шиг л харагдана. Мөнгө тоолж чаддаггүй хүүхэд олон ширхэг мөнгийг их, нэг ширхэг 20 мянгатын дэвсгэртийг бага мөнгө гээд байдаг. Яг тэр.
1990-ээд онд Манзуширын хийдийн туурь дээр одоо байгаа хийдийг шинээр барьсан.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар бол тухайн замын ажлыг захиалагч нь хайгуул судалгааг хийлгэх үүрэг хүлээдэг. Захиалагч нь аймгийн Засаг даргын тамгын газар. Гэтэл 2023 онд тэр зам яг хэвээрээ.
Энэ мэтчилэн төрийн эрх бүхий байгууллагууд янз бүрийн хууль бус үйлдлүүд гаргаж байна. Мөн эс үйлдлээрээ соёлын өвд сөрөг нөлөөллүүдийг үүсгэж байгаа юм.
-Бид анхаарах ёстой, ач холбогдол өгөх шаардлагатай дурсгалуудаа анхаарч, тордохгүй яваа байх нь.
-Бид өнгөрсөн онд улс, нийслэлийн хамгаалалтад байгаа дурсгалуудаар явж үзэхэд үнэхээр нүд халтирам болсон байсан. Ялангуяа Дамбадаржаа хийдийг анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ. Гэтэл бид анхаарах ёстой юмандаа анхаарч чадахгүй байна.
Барилга архитектурын дурсгалууд дотроос Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Дамбадаржаа хийд зэрэг томоохон цогцолборууд байна. Хотын төвд байгаа эдгээр дурсгал газар олголтод өртөх эрсдэлтэй болсон.
Хамгийн гол нь соёлын өвөө хайрлан хамгаалахад иргэдийн мэдлэг, ойлголт, хандлага хамгийн чухал.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.