"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал өчигдөр эхэлсэн.
Хуралд Солонгос, Япон, Орос, Молдов, Малайз, Тайланд, Бруней, АНУ-ын эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Тэд өөрсдийн орны сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, цаашдын хандлагыг ярилцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ арга аргачлал, инновацын талаар туршлагаа хуваалцан санал санаачилгуудыг гарган оролцох юм.
Энэ үеэр "Сүрьеэ ба КОВИД-19-ийн дараах эрсдэлт хүчин зүйлс, Д амин дэмийн нөлөө" сэдэвт судалгааны талаар Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, Associate Профессор Д.Ганмаа танилцуулсан юм.
Дээрх судалгааны үр дүнг түүнээс тодруулснаа хүргэж байна.
Сүрьеэ өвчний халдварыг багасгах, эрсдэлийг бууруулах, устгах арга замыг эрэлхийлж, олон улсын эрдэмтэн, судлаачид өөрсдийн туршлага шийдлийг өнөөдөр хэлэлцэж байна. Миний бие энэхүү хуралд судалгааны хоёр илтгэл танилцуулахаар ирсэн.
Өнгөрсөн жилүүдэд коронавирусийн халдвар дэгдсэнээс үүдэн бусад өвчлөл, тэр тусмаа сүрьеэ өвчнийг бууруулахад чиглэсэн анхаарал нэлээд суларсан. Үүнтэй холбоотойгоор сүрьеэ өвчний тохиолдол Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад өндөр хувьтай бүртгэгдэх боллоо.
Энгийнээр хэлбэл сүрьеэ өвчний хоёр хэлбэр байгаа бөгөөд оношилгоо, эмчилгээ, шинж тэмдгээр ялгаатай.
Түүнчлэн Д амин дэмийн нөлөөтэй харьцуулсан судалгааг манай баг ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчидтай хамтран гүйцэтгэж дуусгалаа.
Сүрьеэ ба КОВИД-19-ийн дараах эрсдэлт хүчин зүйлсийг тандан судлах судалгаанд нийт 270 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн дундаж нас 56 байсан учраас хавсарсан өвчлөлийн үзүүлэлт нэлээд өндөр байлаа.
Сайн мэдээ гэвэл сүрьеэгийн BCG вакцин, КОВИД-19-ийн эсрэг вакцин аль аль нь коронавирусийн дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үр дүнтэй гарсан.
Бидний хувьд 2004 оноос Д амин дэмийн судалгаа хийж эхэлсэн. Тэр үетэй харьцуулахад монголчуудын дунд Д амин дэмийн хэрэглээ нэмэгдэж, дутагдал харьцангуй бага болсон байна.
Коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш манай судалгаанд хамрагдсан 270 хүний ихэнх нь Д витаминыг нэмэлтээр хэрэглэж байсан. Үүний зэрэгцээ эмнэлэгт хэвтсэнээс хойш өдөрт хэрэглэж буй тун нь нэмэгдсэн.
Судалгаанд оролцогчид эмчлүүлж байх үедээ Д амин дэм нэмэлтээр хэрэглэж байсан ч 30 хувь нь Д витамины дутагдалтай гэж гарсан. Иймд хэрэглэж буй Д амин дэмийн бэлдмэлийн чанар, тун, хадгалалт зэрэгт онцгой анхаарал хандуулмаар байна.
Энэхүү судалгааны үр дүнгээс хэлэх хэд хэдэн зөвлөмж байна. Тодруулбал
Иймд дээрх бүлэг хүмүүст үнэлгээг эрт хийх, яаралтай арга хэмжээ авах ёстой. Энэ нь КОВИД-19-ийн халдварын ноцтой хүндрэлийг бууруулах эсвэл эмнэлэгт хэвтсэн хүмүүст амьсгалын замын цочмог стрессийн хам шинжийн (ARDS) нөлөөллийг бууруулах боломжтой.
Бид судалгааныхаа явцад КОВИД-19-ийн дараах хүндрэлүүдийг судалсан. Лабораторийн үзүүлэлтээр цусны бүлэгнэл үүсэх эрсдэл гарсан. Энэ нь өвчний хүндрэл, эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байгааг Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, Associate Профессор Д.Ганмаа ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!