"Дэлхийгээр тархсан монголчууд бүгд эрүүл байж, ажлаа сайн хийж, тэрбумтнууд болоосой гэж хүсдэг" хэмээн ярих залууг Дарьсүрэнгийн Баясгалан гэдэг. Түүний хувьд одоогоос 20 жилийн өмнө суралцахаар АНУ-ыг зорьж байсан бол өдгөө өөрийн гэсэн бизнестэй болж, чулууны үйлдвэрээ байгуулжээ.
Энэ хугацаанд олон улсын дасгалжуулагчаар суралцаж, АНУ-ын Вашингтон хотод эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Тэрбээр АНУ-д очоод анх ямар ажил хийж байсан талаараа "Тогооч, аяга таваг угаагч, цэвэрлэгч гээд АНУ-д ирээд хийж үзээгүй ажил гэж байхгүй.
Ямар сургуульд орох, хэрхэн хөөцөлдөх үүд хаалгыг бидний 20 жилийн туршлага нээсэн гэж бодож байна. Цаашдаа хэрхэн хөгжих нь залуучуудаас өөрсдөөс нь хамаарна. Монгол хүн бүр АНУ-ын хамгийн сайн сургуульд суралцаж, хийж буй ажлаасаа туршлага хуримтлуулж Монголдоо очиж сурсан мэдсэнээ хэрэгжүүлээсэй гэж хүсдэг" хэмээн ярилаа.
2000 оны эхээр монгол залуучууд АНУ-д барилгын салбарт олуулаа ажилладаг байжээ. Тэдний ажиллаж байсан томоохон үйлдвэр 2008 он хүртэл ажиллаж байгаад АНУ-ын эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалж зарагдсан байна. Тэр үед монголчууд "энд ирж ажиллаач, сав угаагч, цэвэрлэгчээс арай дээр юм байна" гэх зэргээр нэгэндээ ажил санал болгодог байв. Энэ хугацаанд Д.Баясгалан С.Чойжилсүрэн хэмээх найзтайгаа танилцаж, өөрсдийн гэсэн чулууны үйлдвэрийг хамтарч байгуулжээ. Түүний найзын хувьд одоо үйлдвэрийнх нь нэг эзэн нь.
"АНУ-д 20-оод жилийн өмнө эхэлж ирсэн монголчууд бусдадаа гүүр болж өгсөн. Шинэ үүд хаалгыг нээсэн гэж би хэлмээр байна. Энэ ч утгаараа Монголоос залуучууд АНУ-д ирээд дуртай ажлаа сонгож хийдэг боллоо. Энэ л сайхан зүйл шүү дээ" гэдгийг Д.Баясгалан онцолж байлаа.
Байгалийн ховор үнэт чулуугаар үйлдвэрлэл эрхэлдэг учраас үнэлгээ нь өөр. Зургаан "Square foot" нь нэг мкв-тай тэнцдэг. Нэг "Square foot" нь дунджаар 40-200 ам.доллар хүртэл үнэлгээтэй байдаг аж. Үнэтэй материалаар айлуудад тавилга хийж өгдөг нь чулууны ажлын гол онцлог.
Тэдний чулууны үйлдвэр нийт 20 ажилтантай. Үүнээс 15 нь Монгол, хоёр нь Испани, Туркүүдтэй мөн хамтарч ажилладаг байна. Түүнчлэн салбар байгуулан ажиллаж, чулууны үйлдвэрийн чиглэлээр өөрсдийгөө илүү хөгжүүлж эхэлжээ. Эдийн засгаас хамаараад өдөр болгоны үйлдвэрлэл хэлбэлзэлтэй байдаг аж. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, тавилгаа солиулах, шинэ тавилга захиалах зэрэг тооноос хамаарч тэдний үйлдвэрлэл явагддаг.
АНУ-д ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин цагийн 16 ам.доллар байдаг. Мэдээж хэрэг тухайн хүн хэр ур чадвартайгаас шалтгаалж, өөр өөр цалин авна. Бидний онцолж буй чулууны үйлдвэрийн хувьд долоо хоногийн таван өдөр өглөө 08:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна.
Чулууны үйлдвэр нь эрэгтэй хүмүүс ажиллахад тохирсон ажил бөгөөд Вашингтон хотод амьдарч буй эрэгтэйчүүдийн 80 хувь нь энэ төрлийн ажил хийдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд хумсны салон, ресторанд ажиллаж байна. "АНУ-д мэргэжил эзэмшиж, их сургуульд суралцсан олон залуу эндэхийн томоохон компаниудад ажиллаж байна. Би бүх монголчуудаараа бахархдаг. Монгол хүн монгол хүнээрээ бахархана гэдэг хамгийн сайхан.
20 орчим жилийн өмнө Д.Баясгаланд хандаж багш нь "Чамайг багш нь гүүрэн дээр гаргаад тавилаа. Цаашаа яаж амьдрах нь чамаас өөрөөс чинь шалтгаална" хэмээн хэлжээ. Энэ үгийг тэрбээр мартдаггүй бөгөөд үүнтэй адил монголчууд нэгэндээ зам гаргаж, шинэ хаалгыг дандаа нээж өгч байгаасай гэж боддог тухайгаа хуваалцлаа.
Залуучуудад хандаж "Амьдралын бүх зүйл дандаа дардан байдаггүй. Бүтэлгүйтсэн ч гүнзгий амьсгаа аваад хүрэхийг хүссэн зорилго, хийж бүтээх ёстой ажлынхаа ард гарах шиг сайхан зүйл үгүй. Би ганцаараа үйлдвэрлэл эрхлээгүй. Энэ бол хамт олон, найз нөхдийн хүч юм. Аливаа амжилт бүхэн багийн хүн бүрийн хүчин чармайлтаас шалтгаалдаг. Тиймээс баг болж ажиллаж, нэгнээ хүндэлж хайрлаж сураарай гэж залуучууддаа хэлмээр байна. Хамтдаа нэг зорилготой, тууштай, шударга үнэн байж амжилтад хүрдэг" хэмээн Д.Баясгалан ярилаа.
Монголд хэзээ очих талаар нь асуухад "Монголдоо очиж амьдрах хүсэлтэй. 20 гаруй жил гадаадад амьдарч, хийж бүтээлээ. Монгол хүн болж төрснийх эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
АНУ-ын тэнгэрт онгоц хөөрөх болгонд Монголдоо очмоор болдог. Гэхдээ гадаадад амьдарч байгаа хүмүүсийн хувьд Монгол дахиад нэг шинэ улс орон шиг болчихлоо. Ялгаа зааг нь өөр боллоо" хэмээн Д.Баясгалан ярьж байна.
Америкийн хөгжил дэвшлээс суралцан, мэдлэг боловсролоо дээшлүүлж, дэлхийтэй хөл нийлүүлэн ажиллаж амьдарч яваа олон монгол хүний нэг нь манай зочин Д.Баясгалан. Түүний хувьд өөрийн туршлага, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, Монголдоо ирж ажиллах зорилготой. Тэр удахгүй эх орондоо ирнэ.