Зураг
Зураг
Индэр    
2023 оны 8 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Санаасайн: АНУ-ын Тэнгисийн цэргийн академид элсэхэд өрсөлдөөн их. Өөрийгөө азтай хүн гэж боддог

Зураг

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн анхны монгол сонсогч Сайнбилэгийн Санаасайныг танилцуулж байна. КОВИД-19 дэгдэх үеэр АНУ-ыг зорьсон 23 настай С.Санаасайн одоо дөрөвдүгээр курсийн сонсогч. 

1794 онд суурь нь тавигдсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогддог. АНУ-ын Цэргийн академийн АНУ-ын Цэргийн атташе Монгол Улсын Батлан Хамгаалах Их сургуультай хамтран 2012 оноос манай улсад дөрвөн жилийн тэтгэлэг, зэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Үүнээс хойш Монголоос Тэнгисийн цэргийн академид элссэн анхны сонсогч нь С.Санаасайн юм. Ингээд түүнтэй АНУ-ын Вашингтон хотноо уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнгисийн цэргийн академид хэрхэн тэнцсэн талаар ярилцлагаа эхлэх үү? 

-Сайн байна уу? Элчин сайдын яаманд очиж ярилцлага өгөөд, сургуульдаа тэнцсэний дараа ч ямар ч төлбөр төлөөгүй. Ганцхан визийн мөнгийг төлж байсан. Сонгон шалгаруулалт тийм хэцүү байгаагүй. Эхлээд онооны мэдээллээ явуулна. Дараа нь биеийн тамирын шалгалт, ярилцлага өгнө. 

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид ямар ч солих хувцасгүй, ариун цэврийн хэрэгсэлгүй хүрч ирлээ ч бүгдийг сургуулиас өгнө. Өмсөх дотуур хувцас, оймсыг нь хүртэл бэлдэж өгдөг юм. Манай сургууль энгийн сургуулиас ялгаатай нь арай илүү олон хичээл үзэж, хажуугаар нь цэргийн бэлтгэлээ хийдэг. 

Тэнгисийн цэргийн академийн тухайд АНУ-ын түүхэнд хамгийн олон сансрын нисгэгчийг төгсгөж байсан. Бусдаас өөр хэцүү зүйл, зам сонгомоор санагдаад АНУ-ын Тэнгисийн цэргийн академид суралцах хүсэлтээ илгээж байсан юм. Тэтгэлгээр суралцаж байгаа учраас Монголдоо буцаж очоод Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах ёстой. Нэг ч төгрөг төлдөггүй. 

"Аав чинь хэн бэ" гэдэг асуултыг хамгийн эхэлж асуусан

-Сургуульд тэнцэхэд голлон нөлөөлсөн зүйлийг юу гэж хэлэх вэ? 

-Тэнгисийн цэргийн академид элсэхэд өрсөлдөөн их байдаг. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Энэ сургуульд өөрөө л шалгуурыг нь хангаж чадвал хэн ч өргөдлөө өгөөд суралцаж болно. Тиймээс бусад сургуулиас энэ талаараа өөр. Энд нэг зүйлийг дурсаж ярихад, Монголын Батлан хамгаалах яаман дээр очиж ярилцлага өгөхөд "аав чинь хэн бэ" гэдэг асуултыг хамгийн анх асууж байсан. Манай аав, ээж бусадтай адил жирийн нэгэн хүмүүс. 

Би Сант сургуулийг төгссөн. Манай сургуулийн олон сурагч олон улсын физик, математикийн олимпиадаас медаль авдаг. Би тийм байгаагүй ч дуртай спортоороо хичээллэж, биедээ анхаарч, хичээлээ сайн хийдэг байсан. Тиймээс сургуульдаа тэнцсэн гэж боддог.

-Анх АНУ-д суралцахаар ирэхэд хүндрэлтэй зүйл юу байв?

-Надад хүнд хэцүү зүйл нэг их тулгараагүй. Би багадаа Австралид очиж, суралцаж байсан. Тийм болохоор шинэ соёлд дасан зохицоход асуудалтай байгаагүй. Гэр бүл, найз нөхдөө орхиж явах л хэцүү байсан. 

Харин Монгол Улсад тэнгисийн цэргийн хүчин байхгүй шүү дээ, чи яагаад ийм мэргэжлээр суралцаж байгаа юм бэ гэж асуух хүнтэй зөндөө таарч байсан. Манай улс тэнгисийн цэрэггүй байлаа гээд энэ мэргэжлээр суралцаж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Бид өдөр, шөнөгүй хөлөг онгоц яаж ажиллуулахыг судлаад байдаггүй. Манай сургуульд 4,400 сонсогч байдаг. Хүүхэд болгон АНУ-ын хөлөг онгоц, агаарын тээвэр зэргийг бүгдийг нь судалдаг. Манай сургуулийн зорилго нь манлайлагчдын төрүүлэн гаргах юм. 

"Академийн программ хэцүү, их шахдаг. Тэглээ гээд би нэг их хатуужаад байгаа юм биш"

-Хичээлийн өдрүүд нь хэрхэн өнгөрдөг вэ. Бэлтгэл, хичээл гээд чөлөөт цаг бага гарах уу? 

-Заавал өглөө болгон бэлтгэл хийдэг. Ахлах курсэд орохоороо хувиараа бэлтгэл хийнэ. Миний хувьд долоо хоногт гурван удаа өглөө 05:30 цагт босож, фитнест очдог. Ингээд 07:30 цагаас сургууль дээрээ бүгд хамтдаа хооллож, 07:55 цагаас эхний хичээл ороод, 11:55-13:30 хүртэл завсарладаг. Дахиж хичээллээд 15:30 цаг гэж тарна. 15:30 цагаас дахиж гүйлтийн бэлтгэл хийгээд, орой гэртээ 17:00, 18:00 цагийн үед орж ирдэг. Тэгээд үлдсэн хугацаанд нь оройн хоолондоо орж, даалгавраа хийдэг. 

-Ачаалал өндөртэй байдаг юм байна?

-Тиймээ, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн программ хэцүү, их шахдаг, хаяа дарамттай үе байна. Тэглээ гээд би бусадтай харьцуулахад нэг их хатуужаад байгаа юм биш. АНУ-ын Тэнгисийн цэргийн академи сонсогчдоо даруухан байхад сургадаг. Тиймээс би өөрийгөө хэзээ ч хүнээс илүү хатуужсан гэж боддоггүй. 

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлхийд номер нэг шүү дээ. Ямар ч маргаангүй. Хятадууд арай олон хөлөг онгоцтой гэж ярьдаг ч тоонд нь худалдааны хөлгүүд багтдаг. АНУ-ын ямар нэгэн өрсөлдөөнд тэнгисийн явган цэргүүд хамгийн түрүүнд байлдаанд ордог. Тэд хамгийн шилдэг нь. 

-Төгсөөд Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах юм байна. Монголдоо очоод ямар зүйлд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна вэ? 

-Дараа жилийн тавдугаар сард дэслэгч цолоо аваад Монголдоо очно. Монголынхоо зэвсэгт хүчинд ажиллаж, АНУ-д суралцаж мэдсэн зүйлээ хуваалцана. Монгол Улс, АНУ-ын хамтарсан гэрээгээр би маш их хөрөнгө оруулалт авч байгаа. Тиймээс энэхүү ач тусыг Монголдоо очоод хариулахыг хичээнэ. 

"Хэн ч санал зөрөхгүй, гомдоллохгүйгээр нэгэндээ тусалдаг"

-Тэнгисийн цэргийн академиас суралцсан хамгийн гол зүйлээ нэрлээч гэвэл? 

-Энэ зун бүх офицеруудын очиж суралцдаг сургууль дээр очиж, дадлага хийсэн юм. Бид нар бүгдээрээ буутай хээрийн бэлтгэл хийж байх үед манай нэг найз бууныхаа магазиныг унагасан. Тэгэхэд нь бүгдээрээ сугадалцаж байгаад урагшаа нэг нэг алхаад шүүрдэж олсон. Уг нь бид чөлөөндөө гарах ёстой байсан юм.

Сонсогч нарын нэг нь л алдаа гаргасан бол бүгд туслах ёстой гэж үздэг. Хэн ч санал зөрөхгүй, гомдоллохгүйгээр нэгэндээ тусална. Бас ямар ч хүнийг гадуурхдаггүй нь надад таалагддаг. Дөрвөн жилийн дараа бид бүгдээрээ маш дотно ахан дүүс болоод сургуулиа төгсдөг. 

-Суралцаж байх хугацаандаа Монголдоо очсон уу? Гэр бүл найд нөхдөө хэр их санаж байна? 

-Цар тахлын өмнө АНУ-д ирсэн. Одоогоор Монголдоо буцаж очиж амжаагүй байна. Монголоо, гэр бүл, найз нөхдөө их санаж байна. Гэхдээ энд найз охин минь байдаг болохоор бие биеэ дэмждэг. Би сургуулийнхаа дотуур байранд амьдарч, амралтын өдөр найз охинтойгоо хамт байдаг. 

-Танай сургуульд суралцахаар сонирхож буй хүмүүст өөрийн туршлагаас зөвлөхгүй юу? 

-Тэнгисийн, агаарын хүчний, америкийн цэргийн гээд гурван сургууль бий. Тухайн сургуульд 2028 онд төгсөх курсдээ элсэлт аваад эхэлсэн. Эдгээр сургуульд суралцахыг сонирхож байгаа бол хэлний түвшин тогтоох шалгалтаа сайн өгөх хэрэгтэй. Хэрвээ 10 жилийн хүүхэд бол дунд сургуулийн хичээлүүдийнх нь дүн сайн, нийгмийн идэвхтэй байх ёстой. Миний хувьд нийгмийн идэвхээрээ бусдаас ялгарсан гэж боддог. 

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид жилд нэг курст олон улсын 15 сурагч элсэж ордог. Үлдсэн нь америк хүүхдүүд байдаг бөгөөд тэд тухайн амьдарч буй хэсгийнхээ тусгай офицероор нэр дэвшүүлж, тэнгисийн цэргийн академид суралцдаг. Бүгд ахлах сургуульдаа спортоор хичээллэж, багынхаа ахмад байсан хүүхдүүд. 14,000 хүүхэд нэр дэвшээд өргөдлөө өгөхөд 1,200 нь манай сургуульд тэнцэж чаддаг. Нийт 38 орноос элсэгч авдаг бөгөөд Гүрж, Мальдив, Польш зэрэг орон багтдаг. 

Цэргийн амьдрал зарим хүмүүст тохирдоггүй, заримд нь таардаг. АНУ-ын Вэст Пойнт дахь Цэргийн академи, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний академид 2024-2028 онд суралцах хөтөлбөрт Монгол иргэдийг өргөдлөө явуулахыг урьсан байсан. Надтай холбогдож зөвлөгөө авахыг хүсвэл ssanaasain@gmail.com хаягаар холбогдож болно шүү. Би өөрийнхөө чадах зүйлээрээ  туслахад бэлэн байна. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье. 

-Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.