Зураг
Зураг
Индэр    
2023 оны 4 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Түмэнбаяр: Аж ахуй эрхэлнэ гэхээр заавал том газар авч, дэд бүтэц татна гэж ойлгодог. Хашаанаасаа ч орлого олж болно

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хашаанаасаа хэрхэн орлого олох боломжийн талаар "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяртай ярилцлаа. 


-Та бүхэн "Орлоготой хашаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өрх болгон үйлдвэрлэгч болох боломжийг та юу гэж харж байна вэ? 

-Иргэд нь 0.07 га газар эзэмшдэг улс дэлхийд цөөхөн. Манай улс цөөхөн хүн амтай учраас газрын нөөцтэй. Энэ утгаараа бусад улсаас давуу талтай гэж хэлж болно. Амьдрах орчноо сайжруулах буюу утаа гаргахгүй, нүхэн жорлонгүй, ногоон байгууламжтай болох зорилт дэвшүүлж, хашаандаа сайхан амьдрах талаар эхлээд уриалж байсан. Сүүлийн үед бас нэг боломжийг олж харсан нь хашаанаасаа орлого олох тухай юм. 

Яагаад ингэж бодсон бэ гэхээр монголчууд хашааныхаа газрын 30 хувийг ашигладаг гэдэг ЖАЙКА-гийн судалгаа гарсан. Үлдсэн 70 хувийг нь ашигладаггүй, зэрлэг ургаад, шороо шуурдаг. Ашиглахгүй байгаа 70 хувиа ашиглаад аж ахуй эрхлэх боломж байгаа юм. Хамгийн наад зах нь хүнсний ногоо тарьж, өрхийн хэрэгцээгээ хангаж, улмаар нэмэлт орлого олж болно. Энэхүү боломжийг эрэлхийлж, гадаадад хүмүүс газраа яаж ашиглаж байгаа талаар туршлага судалж байгаа. 

"Орлоготой хашаа" хөтөлбөрийг эхлүүлэх санаачилгыг өнгөрсөн жил гаргасан. Бидний зүгээс энэ чиглэлээр онлайн сургалт зохион байгуулж байна. Орлого олж байгаа айлуудаар бас явж үзсэн. 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний үрсэлгээг хашаандаа бэлдэж болно. Жишээлбэл, БНХАУ-ын Шинжаан Уйгарт 0.07 га газраас үл ялиг жижиг газарт нэг суурины бүх айл хашаандаа заг үржүүлдэг. Нэг айлын хашаанаас дор хаяж 10,000 заг гардаг. Монголын ханшаар нэг заг 3,500 төгрөгийн үнэтэй гэж үзвэл хашааныхаа 50 хувийг ашиглаад жилд 35,000,000 төгрөгийн орлого олж байна. Бид яагаад үүнийг хийж болохгүй гэж. 

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортолдог. Хашаандаа өөрсдийн хүнсээ бэлдэх боломж байгаа. Өмнөд хөршид сайн туршлагууд их байна. Цаг агаар, хэл соёл, амьдрах нөхцөл нь ойр гэдэг утгаараа Өвөр Монголоор явж, туршлага судаллаа. Өвөр Монголчууд хашаандаа фермийн болон хүлэмжийн аж ахуйг амжилттай эрхэлж байна. Бидний хувьд ямар нэг аж ахуй эрхэлнэ гэхээр заавал хотоос гарч, том газар аваад, дэд бүтэц татаж, байшин барилга барина гэж ойлгоод байдаг. Тийм биш.

"Газартай хүн хэзээ ч өлбөрч үхэхгүй. Орлогын дутагдалд орох ёсгүй"

Өөрийнхөө эзэмшиж буй газраа ашиглаж, ямар ч үйлдвэрлэл эрхэлж болж байна. Манай улс маш их нөөцтэй орон. Мал аж ахуйгаас гэхэд махнаас бусдыг нь ашиглахгүй орхиж байна. Тэр бүх нөөцийг үйлдвэрлэл болгож, орлогоо сайжруулж болно. Газрын нөөцөөр бас баялаг. Газартай хүн хэзээ ч өлбөрч үхэхгүй. Орлогын дутагдалд орох ёсгүй. 

-Одоогоор хүмүүс хашаагаа хэрхэн орлогын эх үүсвэр болгож, ашиглаж эхлээд байгаа бол?  

-Баянхошуунд амьдардаг эгч 700 м.кв газар дээр 20 орчим жил нарийн ногоо, жимсний мод тарьж байгаа. Тэр эгч дөрвөн хүүхдээ их, дээд сургууль төгсгөөд, дөрвүүлэнд нь хоёр өрөө байр авч өгсөн. Тэгээд ч цаана нь орлого сайтай амьдарч байна. Ийм боломж бий. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Наранцэцэг 300 м.кв газарт нарийн ногоо тарьж, орлого сайн олдог. 

Өвөр Монголд хоёр айлын хэмжээний газрынхаа тал дээр нь фермийн аж ахуй эрхэлж, жилд 300,000,000 орчим төгрөгийн орлого бий болгосон айл байгаа юм. 500 орчим м.кв газарт хүлэмж барьж, нэг хүлэмжид 2,000 ширхэг огурцы тарьж, жилдээ 40,000,000-50,000,000 төгрөгийн орлого олдог. Энэ мэт олон жишээ бий. Хүмүүс газраа голохгүй, түүндээ тохирсон төлөвлөлт хийгээд аж ахуй эрхэлбэл өрхийнхөө хэрэгцээг хангаж, бизнес эрхлэгч болох боломж өргөн байна. Өрхийн үйлдвэрлэлээ л илүү хөгжүүлэх ёстой. 

-Өвөр Монголд өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжиж байна шүү дээ. Бид тэднээс юу суралцах хэрэгтэй вэ? 

-Өвөр Монголд хөдлөхгүй л бол өлбөрч үхдэг нийгэм байгаа юм. Тийм учраас хүн болгон хичээж амьдарч байна. Мөн тэд Хятадад уусахгүй, эдийн засгийн хараат болохгүй, өөрсдөө амьдралаа авч явахын тулд зүтгэж байгаа. Тийм учраас өрх, малчин бүр үйлдвэрлэгч болж байна. Хөдөлмөрийн чадвартай л бол ямар нэг байдлаар бизнес эрхэлнэ. Хөдөлмөрлөж байгаа хүнийг дэмждэг систем тэнд үйлчилдэг. 

Түүнээс биш хандив тусламж, хүнсний талон тараадаггүй. Хэрвээ хүлэмж баривал төрөөс тодорхой хэмжээний татаас өгч, эсвэл бүр бариад өгдөг. Хүлэмжийнхээ төлбөрийг олсон орлогоосоо 20-30 жил цувуулж төлж болдог. Ипотекийн зээлтэй адил төлнө гэсэн үг. Фермийн аж ахуй барьж өгдөг. Мөн л 15-20 жилийн дотор мах, сүүний ашгаасаа төлбөрөө төлж дуусгадаг. Төрийн ийм өргөн дэмжлэг байгаа юм. 

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар тоног төхөөрөмж худалдаж авахад Өвөр Монголд төлбөрийнх нь 50 хувийг төрөөс даадаг. Яагаад гэвэл тухайн хүн ажил хийж, орлого олж, улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалж буй учраас ингэж дэмждэг. Зээл эсвэл татаасын дэмжлэгүүд байгаа юм. Бидний хувьд ажлын байрыг олноор нэмэх, мега төсөл гэж яриад л байдаг. Гэтэл өрхийн үйлдвэрлэл гэдэг хүн болгоныг ажилтай, идэвхтэй байлгадаг зүйл юм. Манай улсад зээл олгохдоо том компаниудыг л дэмждэг. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл ховор байдаг. Зээл олголоо ч тавигдах шаардлагыг нь дундаж монгол хүн яагаад ч хангахгүй. 

Өрхийн үйлдвэрлэгч нар хүнс, бэлэн хувцас гээд бүгдийг гэрээсээ, гараашнаас, хашаанаасаа эхэлж бэлдэж байна

Улсыг хөгжүүлэх үндсэн шалгуур нь өрхийн үйлдвэрлэл байдаг юм байна. Өрхийн үйлдвэрлэгч нар хүнс, бэлэн хувцас гээд бүгдийг гэрээсээ, гараашнаас, хашаанаасаа эхэлж бэлдэж байна. Тэгээд л тэд нарыг цааш нь дэмждэг. Улмаар ажилгүй, ядуу хүн гэж байхгүй, улсаараа хөгжилд хүрдэг. 

-Үрсэлгээ хийж, хүлэмжтэй болоод хөршийнхөө болон өрхийнхөө хэрэгцээг хангадаг болбол эдийн засаг тэр хэрээр тэлэх байх. Энэ тал дээр төрөөс ямар дэмжлэгүүд шаардлагатай байна вэ? 

-Бүхий л төрлийн хүнсний ногоо тарьж болно. Гэхдээ бид үндэсний онцлогоо шингээж, бага зэрэг үнэтэй борлуулбал зүгээр санагдсан. Монголын сэрүүхэн, хуурай уур амьсгалд ургадаг эмийн ургамал, зэрлэг сонгино, улаан саримс зэргийг таривал бидний хувьд урд хөршид том зах зээл байна. БНХАУ, Төвдөд уламжлалт анагаах ухаан хөгжсөн. Манай улсын эрс тэс уур амьсгалд ургасан эмийн ургамал маш их үнэ цэнэтэй эмийн түүхий эд болдог. 

Говьд амьдардаг бол говьд, хангайд амьдардаг бол хангайд ургах эм тан ургамал тариад экспортлох боломжтой. Ногоон зээл олгож, иргэдээ дэмжих нь чухал байна. Бидний хувьд энэ тал дээр ажиллаж байгаа. 

"Хашаандаа байшин барихад ипотекийн зээл олгомоор байна"

-Ногоон зээл олголтын талаар ажиллаж байгаа гэлээ. Хашаандаа сайхан амьдаръя тэтгэлэг ч мөн яригдаж байна шүү дээ? 

-Хөрс, агаарыг бохирдуулахгүй, нүүрс хүчлийг шингээдэг мод ургамал таривал 20-30 хувийн татаас өгч байна. Мөн энэ бүхнийг хэрэгжүүлбэл ногоон зээл олгодог. Манай улс одоогоор ногоон зээл олгож байгаа ч нэр төрөл нь цөөхөн буюу ариун цэврийн байгууламж, халаалт төдийхнөөр хязгаарлагдаж байна. Улаанбаатар хотоос өөр газар энэхүү зээлийг олгохгүй байна. Зээл авъя гэсэн ч тавигдах шалгуур нь их. Гэтэл өнөөдөр гар утас авъя гэхэд шууд очоод, урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр авч болно. Бас над руу залгаад гар утас авах уу гэдэг.

Харин ариун цэврийн байгууламжаа өөрчлөхөөр зээл авъя гэхээр өгдөггүй. 10 хувийн урьдчилгаа төлөөд хэн ч байсан орлого нотлохгүйгээр приус машин авч болно. Харин 10 сая төгрөгөөр байшингаа дулаалж, утаагүй амьдрах гэсэн юм гэвэл зээл олдохгүй. Тэгэхээр ногоон зээл гэдэг зүйлийг гар утас, машин авч байгаа юм шиг амархан болгож өгөөч гэдэг саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тавьсан. Тус яамнаас ажлын хэсэг байгуулж, суурь нөхцөл шаардлагыг багасгах талаар ажиллаж байгаа. 21 аймаг, 330 суманд Улаанбаатар хоттой тэнцэх хэмжээний 200 мянга гаруй хашаа орон нутагт бий. Тэдэнд ногоон зээлийг хүргэх нь чухал. 

-Та бүхний ажлын үр дүн гэж болохоор тоглоомын талбай ногоон байгууламж явган хүний замаа шийдсэн хэчнээн хашаа Монголд бий болсон бэ? 

-"Хашаанд сайхан амьдаръя" фэйсбүүк группт 412  мянган гишүүн бий. Хашаа болгоноос нэг хүн бидэнтэй нэгдсэн гэж хэлж болно. Энэ хүмүүсийн 30 хувь буюу 120 мянга нь амьдрах орчноо сайжруулж, хашаандаа сайхан амьдрах гэж хичээгээд ажлаа эхлүүлсэн. Санхүү, цаг завтай холбоотой асуудал учраас бага багаар ахиж байна. Төрийн бодлого зөв чиглэвэл тухайн хүмүүсийн дахиад 30-40 хувь нь хашаандаа сайхан амьдарна. Харин үлдсэн 30 хувь нь орон сууцанд амьдрах сонирхолтой хүмүүс бий. 

-Орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан. Гэр хорооллынхонд хашаандаа байшин барихад дэмжлэг үзүүлдэг болгох талаар хөөцөлдөж байгаа юу? 

-Хашаандаа сайхан амьдарч, утаа, хөрсний бохирдолгүй болохыг зорьж буй хүмүүст ипотекийн гурван хувийн хүүтэй зээл шиг төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Гэр хорооллынхонд хашаандаа байшин барихад нь ийм зээлийг өгмөөр байна. Мөн ногоон зээл олгох хэрэгтэй. Энэ талаар асуудал хөндөж байгаа. Яг нэг чиглэлээр бодлого шийдвэр гарна гэдэг уддаг юм байна. 

-Хөршийн холбоонд нэгдсэн 10-аас доошгүй айлд жишиг гудамж төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн? 

-Орон сууцны хороолол бол сууц өмчлөгчдийн холбоотой. Ийм байдлаар тохижилт зэрэг нийтлэг тулгарч буй дундын асуудлаа шийддэг. Гэтэл гэр хороололд ийм зүйл байхгүй. Тухайн хүн өөрийнхөө хашааг гоё болгож болно. Гэтэл гудамж руу гарангуут шалбааг, хаздаг нохой, үнс, угаадас асгасан, гэрэлтүүлэггүй, хулгай дээрэмтэй байдаг. Үүнээс хүмүүс зугтаад байна.

Тэгэхээр гудамжаараа, айл хөршөөрөө, тав, арвуулаа нийлж, хөршийн холбоонд нэгдээд нийтлэг тулгардаг асуудлаа хамтдаа шийдэх ёстой. Гудамжны гэрэлтүүлэг, замаа засах, мод тарих, дундаа хүүхдийн тоглоомын талбайтай болох зэрэг ажлыг хамтарч хиймээр байна. Эдгээр асуудлыг хөршийн холбоонд нэгдэж байж шийдэж чадна. Нэг нэгээрээ шийдэж чадахгүй. Ганцаараа бол зөвхөн хашаандаа л сайхан амьдарна. 

20 айл нэгдээд дэд бүтэцтэй болъё гэвэл хөрөнгө оруулалтыг нь шийдээд дэмждэг байх учиртай

Төрөөс хүнсний талон, халамжийн мөнгө өгч байна. Тухайн дэмжлэгийг хөршийн холбоондоо идэвхтэй оролцдог, гудамжиндаа хогоо хаядаггүй, угаадсаа асгадаггүй, үнсээ цацдаггүй айлд өгөх хэрэгтэй. Хөршийн холбоонд нэгдэж, зохион байгуулалтад орсон иргэдэд дэд бүтцийг нь татаж өгмөөр байна. 20 айл нэгдээд дэд бүтэцтэй болъё гэвэл хөрөнгө оруулалтыг нь шийдээд дэмждэг байх учиртай. 

Бидний хувьд хөршийн холбооны үүрэг, холбогдол, яаж байгуулах, нэгдвэл ямар үр дүн гарах талаар сургалт явуулж, гарын авлага бэлтгэн ажиллаж байна. Хөршийн холбооны тухай хуультай болох ёстой. Хоёр гудамжны дундуурх зам байгаа газар нь дундын өмч. Хэрвээ байшин барилга барилаа гэхэд тэрхүү дундын өмчийг хэн авах зэргийг шийддэг хууль эрх зүйн орчин шаардлагатай.

"Хашаандаа жилд 1-2 ажил хийгээд байхад таван жилийн дараа эдлэн газар шиг болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Айлууд ямар дарааллаар хашаандаа хэрхэн тав тухыг бий болгож болох бол? 

-Эхлээд төлөвлөх ёстой. 700 м.кв газрынхаа хаана нь байшин, хүлэмж, усан оргилуур, гараашаа яаж зохион байгуулах тухайд нарийн төлөвлөх хэрэгтэй. Гэр бүлээрээ сууж байгаад амьдрах орчноо төлөвлөх нь чухал. Үүнийхээ дагуу ажлуудаа бага багаар хийх нь зүйтэй. Харин манайхан энэ хавар л хашаандаа сайхан амьдаръя гэдэг. Гэтэл санхүү, хүч хөдөлмөр их зарцуулагддаг тул ажлаа эхлүүлээд орхидог. Эхлээд хүлэмжтэй болъё гэж төлөвлөсөн бол тэр ажлынхаа ард гарахыг хичээх нь чухал.

Харин намар нь 10 жимсний мод тарьж, дараа хавар нь байшингийнхаа дулаалгыг шийдэх гэх мэтээр хашаагаа тохижуулах нь зүйтэй. Яарч болохгүй. Төлөвлөхгүй бол юу хийх нь мэдэгдэхгүй буруу зүйл хийж, илүү зардал гаргадаг. Мэргэжлийн биш ч өөрсдөө ярилцаад, бусдын загварыг хараад хашаагаа хэрхэн тохижуулахаа төлөвлөх нь илүү үр дүнтэй. Хашаандаа жилд 1-2 ажил хийгээд байхад таван жилийн дараа гэхэд таны хашаа барууны эдлэн газар шиг болно. 

-Таны хувьд хашаандаа сайхан амьдарч, орлогоо нэмэгдүүлэх талаар ажиллахаас гадна "Ухаалаг малчин" санаачилгыг бас эхлүүлсэн. Малчдын хөдөлмөрийн хөнгөвчлөх асуудал яригдаж байх шиг байна? 

-Би хөдөөгийн хүүхэд. Малчид үйлдвэрлэл эрхэлж байгаа шүү дээ. Энэ хавар очиход хөрзөн ховхлох зэрэг ахуйн ажлыг яг хуучнаараа хийж байна. Малчид шинээр автомашин, гар утас л авсан байна. Үйлдвэрлэлийнх нь үйл явцад тус болох тоног төхөөрөмж нэмж авсан зүйл алга. Хөрзөн ховхолж, мал саах, хонь хяргахад яагаад сүүлийн үеийн бүтээмж нэмэгдүүлсэн зүйлийг нэвтрүүлэхгүй байгаа юм бэ? Уламжлалт арга барилаар ажилласаар байна. 

Хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлэх технологи байж л таараа гэж бодоод "Ухаалаг малчин" санаачилгыг эхлүүлсэн. Малаа хэдэн өдрөөр хайдаг. Гэтэл GPS суурилуулдаг тоног төхөөрөмж олон янз байна. Цас хусах, өвс ургуулахад туслах олон техник байгаа юм. Энэ бүгдийг малчдад ойлгуулахаар тухайн ажлыг эхлүүлээд байна. Бизнес эрхэлж байгаа хүн жилд дор хаяж 2-3 шинэ технологи нэвтрүүлж байх хэрэгтэй. Ингэж байж дэлхийтэй хөл нийлүүлж, өрсөлдөнө. Гэтэл малчид сүүлийн 10 жилд технологи нэвтрүүлээгүй байна. Өвөр Монголчуудын хувьд энэ бүх технологийг маш сайн ашиглаж байгаа. Тухайлбал, бензинээр ажилладаг хөрзөн ховхлох машин, малын саалтуур, хонь хяргадаг багаж, шонгийн мод нүх ухагч зэргийг тэд өргөн хэрэглэдэг. Бид харин энэ бүгдийг нутагшуулж, өөрсдийн болгох шаардлагатай. 

Технологио сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлсэн малчдыг дэмжиж урамшуулдаг систем хэрэгтэй. Малаа эрүүл болгож, технологи нэвтрүүлж буй хүнийг улсын сайн малчин болгомоор байна. Түүнээс биш тоогоо өсгөөд байгаа нь биш. Чанарын араас хөөцөлдөж буй хүн инновац нэвтрүүлж байгаа. Хөдөө ам бүл цөөн гэр бүл олон. Тиймээс хүн хомс байгаа учир хүнийг орлох техник технологи л байх ёстой. Ингэхгүй бол хөдөө эзгүйрлээ. 

-Өвөр Монголд мод тарих ойжуулалтын чиглэрээр туршлага судлаад ирсэн гэсэн. Бидэнтэй сонин сайхнаасаа хуваалцахгүй юу? 

-Тэд 30 жилийн өмнөөс мод тарьж эхэлсэн. Малын тоо толгой нь өсөж, цөлжилт, шороон шуурга их болсон учраас мод тарих ажлыг 30 жил тасралтгүй хийсэн. Ер нь бол мод тарих ёстой бүх газарт битүү мод тарьсан байна. Өвөр Монголчууд мод тарихад гурван зүйл дээр л илүү төвлөрч байна.

Нэгдүгээрт, хуучин ой байсан газрыг л ойжуулж, хамгаална. Энэ бол маш чухал.Түүнээс биш бэлчээр байгаа газрыг ойжуулдаггүй.

Хоёрдугаарт, төв суурин газрыг гоёл чимэглэлийн модоор ойжуулж байна.

Гуравдугаарт, агро ойжуулалтыг хийж байна. Тариа тарьдаг талбайгаа тойруулж, хамгаалалтын зурвас хэлбэрээр салхины нөмөр болгож мод тарьж байна. 

зураг
 

Яалт ч үгүй цөлжсөн газартаа харгана тарьж байна. Мод тарьсан иргэн, ААН-ийг бас л төрийн бодлогоороо дэмждэг. Тухайлбал, мод тарих газрыг нь үнэгүй ашиглуулж, тоног төхөөрөмжийг зээлээр олгон, нийгмийн даатгалыг нь төрөөс даадаг. Ажилчдынх нь цалин өндөр. Дээрээс нь мод тарьж ургуулсны дараа төр нь буцаагаад худалдаж авдаг.

Тийм учраас Өвөр Монгол малчдын зарим нь мал маллахаа болиод, бэлчээр байсан талбайдаа мод тарьж эхлээд байна. Хуучин ой байсан газраа бүгдгийг нь ойжуулсан. Одоогоор хээр тал бэлчээрээ ойжуулж байгаа ажлаа сааруулаад зарим бэлчээрт мод тарьсан байснаа аваад ногоо тарих ажил руу орж эхэлж байгаа. БНХАУ гаднаас хүнс импортлохгүй болж байна.