Индэр    
2023 оны 3 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Оюу толгойн гүний уурхайн олборлолтын оргил үе хэзээ вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт албан ёсоор өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. 

1997 оноос хайгуул, малтлагын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл явж буй Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг уншигчдадаа хүргэе. 

Ил уурхай 

Нийтлэлийнхээ эхэнд ил болон гүний уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулъя.

Ил болон гүний уурхайгаас зөвхөн хүдэр гардаг бөгөөд баяжуулах үйлдвэр рүү тээвэрлэгдэн очиж зэсийн баяжмал болно. Хүдрийг энгийнээр тайлбарлавал зэс болон алтны хольцтой чулуужсан биет юм. Зэсийн баяжмал гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн биш. Зөвхөн түүхий эд учраас эцсийн бүтээгдэхүүн болгохоор Хятад руу худалдаалдаг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ил уурхайн ажил 2011 оноос эхэлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус уурхайн нь Оюутолгойн нийт баялгийн 20 хувийн нөөцийг агуулдаг. Өдөрт дунджаар 130,000 тонн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү олборлодог бөгөөд жилд 40 сая тонн хүдрийг нийлүүлдэг.

Өдөрт баяжуулж буй хүдрийн 0.4 хувь нь зэсийн баяжмал болно. Одоогийн байдлаар ил уурхай нь 600 метр орчим диаметртэй, 400 орчим метрийн гүн ухагдсан байна. Эцсийн гүн нь 600-650 орчим метрт байгаа хэмээн ил уурхайн ахлах зөвлөх Б.Гантулга ярьж байлаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гүний уурхай

Өнгөрсөн оны нэгдүгээр сард гүний уурхайн анхны тэсэлгээ хийгдсэн. 1,300 метрийн гүнд хүдрийн олборлолт эхэлсэн бөгөөд Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь газрын гүнд байгаа юм. Одоогоор 21 юүлүүрээр хүдрийг авч, анхдагч бутлуур руу зөөдөг.

"Юүлүүр хэлбэртэй буулгуурын ам гаргаж тэсэлгээ хийснээр хүдэр унаж ирнэ"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд 1,344 метрээс буюу гүний уурхайн нийт хүдрийн дунд хэсгээс олборлож буй. Газрын гүнд байгаа томоохон хүдрийн биетийн дунд хэсгээс нь буюу 1,300 метрээс эхэлж дээшээгээ авч байгаа гэж ойлгоход болно. Эхний хэсгийг авч дуусаад дараагийн хүдрийг авна гэсэн тооцоо гаргажээ.

Одоогийн байдлаар хүдэр олборлох 30 гаруй буулгуурын тэсэлгээ хийгдсэн бөгөөд зөвхөн 21 буулгуураас хүдэр олборлож эхэлсэн байна. Гүний уурхайн дунд хэсэгт хүдэр олборлох 220 гаруй юүлүүр гаргах тооцоотой байгаа аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогоор гүний уурхай өдөрт 10,000 тонн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү гаргадаг. Цаашдаа буулгуурын тоо нэмэгдэх тул өдөрт гаргаж буй хүдрийн хэмжээ өсөх юм.

Өдөрт нэг буулгуураас 60 тонн хүдэр авах төлөвлөгөөтэй ажилладаг аж. Гүний уурхай оргил үедээ өдөрт 95 мянган тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт нийлүүлэх юм.

Гүний уурхай нь ил уурхайг бодвол хүдрээс гарах зэсийн баяжмалын агууламж өндөр бөгөөд тухайн жилээсээ хамаараад 1.2-1.7 хувьтай гарна хэмээн Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтсийн менежер Д.Будрагчаа ярьж байлаа.

2028-2036 он гэхэд Оюутолгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд жилд 500,000 тонн зэсийн баяжмал олборлох тооцоолол гарчээ.

Ил уурхайн хүдрээс 0.4 хувийн зэсийн баяжмал гардаг. Ерөнхийдөө өдөрт гарч буй 130,000 тонн хүдрийн 0.4 хувь нь зэсийн баяжмал болж Хятад руу тээвэрлэгдэнэ хэмээн ойлгож болно.

Оюутолгой төслийн олборлож буй зэсийн баяжмал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар албаны эх сурвалжуудын мэдээллийг хүргэе. 

Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт үзүүлсэн үр нөлөө

Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлсэн мөнгөн дүнг жагсаавал: 

  • 2010 оноос хойш 8.8 их наяд төгрөгийн татвар төлсөн
  • 2010 оноос хойш 34 их наяд төгрөгийг дотоодод зарцуулсан 
  • Үндэсний худалдан авалтад 4.93 тэрбум ам.доллар
  • 2010 оноос хойш нийт 918 сая ам.долларыг ажилчдын цалинд
  • Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдэд 38.9 сая ам.доллар
  • Нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт
  • Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын 7 ам.доллар нь Оюутолгой төслийнх гэх судалгааг гаргажээ.
"Оюутолгойн борлуулалтын орлого Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банкаар дамжуулан 100 хувь орж ирдэг"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Оюутолгой төсөл өнгөрсөн арван жилийн турш Монголд гаднын хөрөнгө оруулагчдыг татах гол нүүр царай болсон, цаашдаа ч байх болно. Мөн Оюутолгойн борлуулалтын орлого 100 хувь Монгол руу орж ирдэг. Гэхдээ Оюутолгой компанийн гадаад дахь данс руу мөнгө орсны дараа Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк гэсэн гурван банкаар дамжуулан борлуулалтын орлого 100 хувь орж ирдэг. Валютыг төв банкны ханшаар солиулаад дээрх гурван банк дээр төгрөгөөр байршуулан гүйлгээ хийгддэг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх гүйлгээг Оюутолгой төгрөгөөр хийдэг" хэмээн “Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал яриандаа дурдаж байлаа.

Оюутолгойн борлуулалтын орлого 100 хувь Монголд эргэн зарцуулагддаг байна. Өнгөрсөн онд 1.6 тэрбум долларыг Монголд оруулж ирсэн бөгөөд 1.4 тэрбум ам.доллар нь борлуулалтын орлого аж. Үүнээс үндэсний 500 гаруй компаниас 1.3 тэрбум ам.долларын худалдан авалт, улсын төсөвт 207 сая ам.долларын орлого, 136 сая ам.долларыг ажилчдынхаа цалин урамшуулалд өгчээ.

Б.Болд: Дэлхийд зэсийн эрэлт нэмэгдэнэ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирээдүйд дэлхийн зэсийн зах зээл ямар байх талаар "Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болдоос тодруулахад "2035 он гэхэд Зэсийн жилийн нийт хэрэгцээ 25-50 сая тонноор өсөхөөр тооцоолсон. Үүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Нэг цахилгаан машинд дунджаар 86 килограмм зэс ордог. Харин бидний унадаг дизель машинд 26 килограмм зэс агуулагддаг байна.

Байгалийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрүүдээ солих шаардлагатай байгаа. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч маш их зэс хэрэглэдэг. Эрэлт нэмэгдэж байгаа тохиолдолд Монголоос экспортын борлуулалтын орлого олох зэсийн үйлдвэрээ байгуулж байна" хэмээн ярив. 

Тэгэхээр дэлхий нийтээрээ эрчим хүчний эх үүсвэрээ солих шаардлага тулгарч байгаа энэ үед Оюутолгойн зэсийн баяжмал олон улсын зах зээлд асуудалгүй борлуулагдана хэмээн ойлгоход буруудахгүй болов уу. Эрчим хүчний хэрэглээгээ дагаад Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд томоохон тоглогч болох боломжтой аж. 
Монголын эдийн засагт үзүүлэх үр нөлөө

1. Татварын хэмжээ

Гүний уурхай 2028-2036 оны хооронд 500,000 тонн цэвэр зэсийг гаргана гэж тооцоолж байгаа. Дээрх хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн зэсийн экспорт өнгөрсөн онд улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар төлсөн. Харин Тавантолгой нүүрснээс 1.5 их наяд төгрөгийн татвар төлдөг байна. Тиймээс зэсийн экспорт улсын төсөвт төлөгддөг татварын хэмжээгээр голлох үүргийг гүйцэтгэдэг аж. 

Гүний уурхай энэ оны төсөвт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бөгөөд одоогоор жилд 660 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Энэ тоо 2024 онд 780 мянган тонн болж өснө. Өөрөөр хэлбэл, хоёроос гурван жилийн дараа 1.2 сая тонн болох боломжтой. Тиймээс энэ өсөлтийг дагаад улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэх юм. 

2. Хайлуулах үйлдвэр

Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлж, дэлхийн зэсийн зах зээлд өрсөлдөх нэг арга бол зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах хайлуулах үйлдвэр барих юм. Үйлдвэр барих нь Монголын талд ашигтай хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд ярьж байлаа.

Гүний уурхайн олборлолт эхэлж байгаатай холбогдуулан дээрх ажлыг эхлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт "Рио Тинто" болон Монголын талууд гарын үсэг зурсан. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "2007 онд анхны хөрөнгө оруулалтын гэрээ хийж байхад зэс хайлуулах үйлдвэр барих заалтыг оруулсан. Бид зөвхөн зэсийн баяжмал биш, цэвэр зэс ба зэсээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн гаргасны дараа Монгол Улсын эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр эдийн засагт хувь нэмрээ оруулна" хэмээн тайлбарлалаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгойн зэсийн баяжмалыг энгийн нүдээр харвал цемент шиг нунтаг саарал өнгөтэй зүйл байдаг. Түүнийг Хятадын 15 гаруй хайлуулах үйлдвэрийн компанид худалддаг аж. Ерөнхийдөө уул уурайн бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь Хятад улсад үйлдвэрлэгддэг аж.

"2016 оны эдийн засгийн үр өгөөжийн судалгаанаас үзэхэд Оюутолгойг түшиглэсэн хайлуулах үйлдвэр баривал үр өгөөж байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Учир нь урд хөрш маань бидний гол өрсөлдөгч болно. Мөн 100 гаруй километрийн цаана байгаа Хятадын үйлдвэрүүдэд зэсийн баяжмалаа зарах нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд ашигтай" хэмээн үздэг талаар “Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал дурдав. 

3. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт

Нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн улсын амьжиргааны төвшнийг харуулж байдаг. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравны нэгээр буюу 35 хувиар өснө гэх дүгнэлтийг эдийн засгийн нөлөөллийн үнэлгээнд дурдсан байна.

Монголын ДНБ 52.9 их наяд төгрөг байгаа бол нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 15 сая орчим төгрөг юм. 

Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2028-2036 онд оргил үедээ хүрэхэд ДНБ-ий өсөлт, ажлын байрны тоо үе шаттайгаар нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажилтай залуусын тоо нэмэгдэж ажилгүйдлийн түвшин бага ч гэсэн буурна. Мөн 1.8 сая төгрөг байгаа өрхийн дундаж орлого өснө гэдийг дурдах хэрэгтэй болов уу. 

4. Шууд нөлөөлөл

Эдийн засгийн шууд нөлөөлөлд Дотоодоос худалдан авалт, Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүд, Цалин хөлс, Боловсролын хөтөлбөр гэх зэргийг онцлох хэрэгтэй.

Жишээлбэл, өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдэд 38.9 сая ам.доллар, Үндэсний худалдан авалтад 4.49 тэрбум долларын зарцуулжээ. Уурхайн ажилчдын хоол унд, хувцас хэрэгслийг дотоодын аж ахуй нэгжүүдээс худалдан авдаг аж. Үүний ард жижиг дунд бизнес эрхлэгчид ажил орлоготой болж, нэг ч гэсэн ажлын байр бий болдог хэмээн албаны хүмүүс онцолж байлаа.

2010 оноос хойш гаргасан дээрх худалдан авалт, дотоодод эргэлдэж буй мөнгөн дүн гүний уурхай ашиглалтад орсонтой холбоотой өснө. Учир нь одоо байгаагаасаа илүү хүн хүч, техникийн хэрэгцээ бий болохыг Оюутолгойн инженерүүд ярьж байлаа. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч, дотоодын компаниудын борлуулалт нэмэгдэх юм. 

Мөн дэлхийн хаана ч ажилд орж чадах туршлагатай инженер, техникийн ажилчид Оюутолгойд ажиллаж байгааг дурдах хэрэгтэй болов уу. Гаднын туршлагатай инженерүүдээр монгол ажилчдаа сургаж буй нь ур чадварын хувьд үлдэж буй чухал зүйл юм. Гадаадаас ирж буй инженер техникийн ажилчид гэрээний хугацаандаа заавал монгол хүмүүсийг сургах ёстой байдгийг ярьж байв. Өөрийг нь орлож чадах хүнээ дадлагажуулсны дараа гэрээний биелэлт гүйцсэн хэмээн үздэг байна. 
Тус уурхайн нийт ажиллах хүчний 97 хувийг монгол хүн бүрдүүлдэг бөгөөд эмэгтэй ажилчдын тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа аж. Оюутолгойн ажлын байранд очиход гадаадын ажилчид цөөхөн байгаа нь ажиглагдав. Ихэвчлэн монгол хүмүүс ажиллаж харагдана.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2012 онд Монголын экспорт тав орчим ам.доллар байсан бол өнгөрсөн онд 12.5 тэрбум ам.долларын болсон. Үүний дотор Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт 20-22 хувийг эзэлдэг бөгөөд энэ хувь хэмжээ цаашдаа нэмэгдэх юм. "Ерөнхийдөө манай улсын экспорт өсөж, гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Энэ нь Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ" хэмээн эдийн засагч Б.Энхбаяр тайлбарлалаа. 

5. Шууд бус нөлөө

Эдийн засагт үзүүлж буй шууд бус нөлөөтэй доорх зүйлсийг Оюутолгой дурдлаа. 

Үүнд:

  • Эдийн засгийн үржүүлэгч нөлөө
  • Хөдөлмөр эрхлэлт буюу ханган нийлүүлэгч компаниудын ажиллагсдад тавьж буй цалингийн хэмжээ
  • Дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн уул уурхай, бусад салбарын мэргэжилтнүүд
  • Уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагааны өндөр стандарт гэх зэргийг нэвтрүүлсэн гэв.

6. Ногдол ашиг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гүний уурхай нээсэнтэй холбогдуулан ногдол ашиг хэзээ хүртэх нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Өдий хүртэл ил уурхайгаас ногдол ашиг хүртээгүй бөгөөд гүний уурхай олборлолтоо эхлүүлсэнтэй холбоотой хэзээ ногдол ашиг хүртэх талаар "Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатаас тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшиж байгаа "Эрдэнэс Оюу Толгой" ХХК энэ төслийн үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Үүнээс хүртэх өгөөжийг цаг хугацааны хувьд наашлуулах, мөнгөн дүнг нэмэгдүүлэх шаардлага тавьж ирсэн. Үүний хүрээнд өнгөрсөн жил 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр монголчуудын ногдол ашиг хүртэх хугацаа наашилсан. Далд уурхай ашиглалтад орсноор 2051 хүртэл тасралтгүй явах технологийн ажил эхэллээ гэсэн үг. 

Урт хугацааны төлөвлөлтийн дүнд аюулгүй ажиллагаа, гэнэтийн саатал гарахгүйгээр явбал 2032 оноос эхэлж ногдол ашиг хүртэнэ хэмээн тооцож байгаа. Сүүлийн хэдэн жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нь давуу талтай. Гэвч санхүүгийн эх үүсвэрийн хувьд дэлхийн томоохон улс орнуудын төв банкны бодлогын хүү нь өсөж байгаа нь тодорхой хэмжээгээр зардал нэмэгдүүлж болзошгүй" хэмээн тайлбарлалаа.

Бид энэ төслөөс шинэ ажлын байр, дотоодын худалдан авалт, ДНБ-ий өсөлт, Дэлхийн зэсийн зах зээлийн тодорхой хувийг нийлүүлэгч, худалдан авалтаас орж ирэх валют гэх мэт зүйлийг хүлээх үлдлээ. 

Мөн зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих харилцан ойлголцлын санамж бичигт "Рио Тинто", Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурсан нь чухал үйл явдал байлаа. Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлийн тав хүрэхгүй хувийг хангана. Дэлхийн дулаарал, эрчим хүчний шилжилттэй уялдан зэсийн эрэлт нэмэгдэж байгаа үед нийлүүлэлт нь хангалттай сайн биш гэсэн тооцооллыг Оюутолгойгоос танилцуулсан.

Тэгэхээр зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барьчихвал бидэнд ашигтай хэмээн үзэж байгаа юм. Мэдээж энэ бүхэнд цаг хугацаа чухал. Арав гаруй жилийн өмнөөс яригдаж байсан гүний уурхай одоо л олборлолтоо эхлүүлж байна. Тиймээс аль болохоор эерэг харж, бүтээн байгуулалтууд сайн хийгдэхийг л хүлээх үлдлээ.