Зураг
Зураг
Индэр    
2022 оны 11 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Бусдын орон гэр, зочид буудлын өрөөнд үндэслэлгүйгээр дайрч орж, бичлэг хийх зэрэг нь хүний эрхэд халдсан үйлдэл мөн"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Манай улсад хүний хувийн орон зайд халдаж, халдашгүй байх эрхийг зөрчих үзэгдэл гарч байгааг анхааран засаж, бусдын эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.

Үүнтэй холбоотойгоор хувь хүний халдашгүй байх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, доктор Г.Нарантуяатай ярилцлаа.

- Юун түрүүнд, манай улсын хууль тогтоомж болон нэгдсэн орсон олон улсын конвенцод хүний хувийн орон зайн халдашгүй байдлын талаар хэрхэн тусгасан байдгийг хэлж өгөхгүй юү?

- Хүний халдашгүй байх эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд болон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх чөлөө юм.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-д "Хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй" гээд, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар тусгасан байдаг.

Мөн хүний хувийн амьдралын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулсан хамгийн гол баримт бичиг бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ буюу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт юм.

Тус пактын 17 дугаар зүйлээр хүний хувийн орон зай, гэр бүл, орон байр, захидал харилцааны халдашгүй байдлыг дур мэдэн, хууль бусаар хөндөх, нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдахаас ангид байх эрхийг баталгаажуулсан.

Пактын 17 дугаар зүйлд хэрэглэсэн "орон байр" гэх ойлголт нь хүний оршин суудаг буюу ахуй амьдралаа үргэлжлүүлэх газар агуулгатай. Иймд оролцогч улсуудад хүний хувийн орон зайд нэвтрэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ чиг үүргээ хуулийг чанд баримтлан хэрэгжүүлдэг эсэх болон 17 дугаар зүйлээр баталгаажуулсан энэ эрх зөрчигдсөн тохиолдолд хохирогч гомдол гаргах арга зам, хандах байгууллагуудын талаарх мэдээлэл нэн чухал гэдгийг онцолсон байдаг.

Мөн энэ зүйлд зааснаар тогтоосон шаардлагыг хангахын тулд захидал харилцааны нууц, халдашгүй байдлыг хуулиар болон бодит байдал дээр хамгаалах төдийгүй захидал, харилцаа тасалдахгүй, задрахгүй, бусад хүн уншихгүйгээр хүлээн авагчид очих ёстой.

Цахилгаан болон бусад арга хэрэгслийг ашиглан хүнийг тагнах, утсан харилцаа, цахилгаан, бусад харилцааг тасалдуулах, харилцаа холбоог нууцаар чагнах, дууны бичлэг хийхийг хориглодог. Хүний орон байрыг гагцхүү шаардлагатай эд мөрийн баримтыг олж авах зорилгоор нэгжиж болох ч ийм үйл ажиллагаа нь хүнийг айлган сүрдүүлж, дарамтлах шинжгүй байна.

Түүнчлэн төрийн байгууллага, хувь хүн, хувийн хэвшлийн байгууллагаас компьютер, мэдээллийн сан болон бусад төхөөрөмжийн тусламжтай хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах ажиллагааг хуулиар зохицуулах бөгөөд хүний хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах эрх хуулиар олгогдоогүй этгээд хүний хувийн амьдралын мэдээллийг олж авах, Пактад үл нийцэх байдлаар ашиглахгүй байх баталгааг бүрдүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээг улс орнууд авах талаар тусгасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний болон улс төрийн олон улсын пактын 17 дугаар зүйл нь хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалсан бөгөөд оролцогч улс нь энэ нөхцөлийг хангах хууль тогтоомжийг батлах үүрэгтэй. Эрх зүйн ийм зохицуулалт нь хувь хүн нэр төр, алдар хүндээ аливаа хууль бус халдлагаас үр дүнтэй хамгаалах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, зөрчигдсөн эрхээ үр дүнтэй сэргээх боломжийг бүрдүүлэхээр заасан.

Мөн энэ хүрээнд хүн хувийн орон зайгаа үр дүнтэй хамгаалахын тулд өөрт холбоотой мэдээлэл автомат санд байршиж байгаа эсэх, байршиж байгаа бол ямар зорилгоор ямар мэдээлэл хадгалагдсан эсэхийг өөрт нь ойлгомжтой хэлбэрээр мэдэх эрхтэй байна. Түүнчлэн ямар төрийн байгууллага, хувь хүн, нийгмийн бүлгэм өөрийн хувийн мэдээлэлд холбогдох файлыг хадгалж байгаа эсэхийг мэдэх, нягтлах эрхтэй.

Санд авагдсан хувийн мэдээлэл алдаатай, түүнийг хууль бус аргаар цуглуулсан буюу боловсруулсан тохиолдолд хүн бүр уг мэдээлэлд засвар хийх, устгах хүсэлт гаргах эрхтэй байна.

- Цагдаагийн зарим алба хаагч, сэтгүүлчид зочид буудлын өрөөнд дайрч орсон бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацах тохиолдол гардаг. Энэ нь хүний хувийн орон зайд халдсан, хүний эрхийн зөрчил мөн үү?

- Бусдын орон гэрт эсвэл зочид буудлын өрөөнд нь шууд дайрч орж, нөхцөл байдлыг нь бичлэгээр харуулах явдал нь маргаангүй хүний хувийн амьдралын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж байгаа үйлдэл мөн.

Дээр дурдсанчлан, Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээнд зааснаар хүний хувийн орон зай, орон байр, захидал харилцаа, бие халдашгүй, чөлөөтэй байх ёстой. Мөн хүний эрүүл мэндийн байдал болон захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ёстой.

Хувь хүний мэдээлэл, хувийн амьдралд оролцож болох тохиолдол нь нэг талаар тухайн хүн өөрөө зөвшөөрсөн байх, нөгөө талаар гарцаагүй хуульд заасан үндэслэлээр хууль сахиулах, нийтийн дэг журмыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хуульд заасан үндэслэлтэйгээр, хуулиар тогтоосон журмын дагуу байна. Харин үүнээс бусад тохиолдолд бүх төрлийн оролцоог хориглосон байдаг. Ингэж байж л хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх хэрэгжих боломжтой.

Товчхондоо, зочид буудлын өрөө гэдэг бол иргэний эрх зүйн хэлцлийн дагуу тухайн хүн төлбөрөө төлж, тэрхүү хугацаа нь дуусах хүртэл "энэ бол миний орон зай" гээд худалдаад авчихсан хувийн орон зай юм.

Энэ орон зайд хэн нэгэн дайрч орох нь битгий хэл ямар нэг байдлаар дуу, дүрс бичих төхөөрөмж байрлуулах нь хүртэл хуулиар хориотой.

- Хэрэв дээрх байдлаар хэн нэг этгээд хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын хувийн орон зайд халдсан тохиолдолд хуулийн байгууллага эсвэл ХЭҮК-д гомдол гаргах эрхтэй биз дээ?

- Энэ тохиолдолд тухайн иргэн эхлээд хуулийн байгууллагад хандах нь зүйтэй. Учир нь хүний эрхийн эрх зүй бол эрүүгийн болон иргэний эрх зүйгээс ялгаатай төдийгүй шууд үүрэг хүлээх этгээд нь төр байна.

Тодруулбал, хэрэв төр хүний хувийн амьдрал руу халдсан бол үүнийг шууд хүний эрхийн зөрчил гэж үзээд Хүний эрхийн Үндэсний Комисс тухайн төрийн албан тушаалтан, төрийн байгууллагатай хариуцлага ярих үндэслэл үүснэ. Харин иргэн хоорондын эсвэл иргэн, хуулийн этгээд хоорондын асуудлыг зөрчлийн болоод эрүүгийн хуулиар зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл, төрийн нэрийн өмнөөс эрхийг нь хэрэгжүүлж яваа этгээд бус, иргэн эсвэл хувийн хэвшлийн байгууллага төлөөлж яваа хэн нэгэн бусдын хувийн орон зайд халдсан тохиолдолд эрүүгийн эсвэл зөрчлийн хэргээр цагдаагийн байгууллага шийдэх ёстой асуудал гэсэн үг.

Гэвч уг асуудалд цагдаагийн байгууллага нь зохих ёсоор, хуульд заасан арга хэмжээг авахгүй буюу хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах тогтолцоо нь ажиллаж чадахгүй байгаа тохиолдолд ХЭҮК оролцож, цагдаагийн байгууллагыг хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүл гэсэн шаардлага тавих ёстой болно.

Ер нь төр хүний эрхийн эрх зүйн дагуу гурван үүрэг хүлээдэг. Нэгдүгээрт, хүний эрхийг хүндэтгэн сахих буюу төр өөрөө хүний эрхийг зөрчихгүй байх үүргийг хүлээнэ.

Хоёрдугаарт, хүний эрхийг төр хамгаалах үүрэгтэй. Энэ тохиолдолд төр хүний эрхийг хамгаалж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр л хүний эрхийн зөрчил яригдана.

Түүнээс биш, гуравдагч этгээдийг хүний эрхийг зөрчсөн үед ХЭҮК шууд эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээж, хариуцлага тооцох боломжгүй. Ихэнх хүмүүс үүнийг хольж ойлгодог. Гэтэл эрүү болон зөрчлийн хэрэг, хүний эрхийн эрх зүй хоорондоо ийм ялгаа, заагтай.

- Хүний хувийн орон зайнаас гадна захидал харилцаа ч халдашгүй, чөлөөтэй байх ёстой гэлээ. Гэтэл манай нийгэмд бусдын хувийн зурвасыг эсвэл зургийг нь олон нийтийн сүлжээнд тавьж, улмаар шүүмжлэх явдал түгээмэл гардаг. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

- Энэ бол хүний эрхийн зөрчил мөн. Хүний эрхийн эрх зүй бол нэг талаар тэнцвэрийн эрх зүй юм.

Тодруулбал, хүнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Энэ нь маш чухал эрх чөлөө бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх болон хараат бус сэтгүүл зүй, жагсаал цуглаан зохион байгуулах буюу тайван хуран чуулах эрх чөлөө хамгаалагдсан байх нь улс ардчилсан байхын үндэс болдог.

Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан тогтолцооны мөн чанарыг хамгаалдаг учраас маш чухал орон зай гэж үздэг. Хэдий тийм боловч уг эрх чөлөөг огт хязгаарлахгүйгээр, дур зоргоор нь тавина гэсэн үг биш. Үүн дээр хүний эрхийн эрх зүй өөрөө хязгаарлалтуудаа тогтоож өгсөн байдаг.

Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт баримт бичгийн 19 дүгээр зүйлд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохицуулсан байдаг. Ингэхдээ тус Пактын 19.3 дугаар зүйлд энэ эрх чөлөөг онцгой үүрэг хариуцлага дагалдах бөгөөд бусад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн дэг журам, үндэсний аюулгүй байдал, нийтийн ёс суртахуун, эрүүл мэндийг хамгаалах үндэслэлээр эсвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарлахаар заасан. Энэ нь зөвхөн хуулиар үндэслэл, журмыг нь тогтоосны үндсэн дээр хязгаарлаж болно гэсэн үг.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх зарчим олон улсын хэмжээнд мөрдөгдөж байна. Энэ нь эрүүгийн эрх зүйд хүний эрхийг хамгаалах хамгийн эхний зарчим юм.

Гэтэл манай нийгэмд аливаа хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байхад шүүх хуралдааны эсвэл мөрдөн шалгах ажиллагааны нууц алдагддаг. Үүний улмаас хэн нэг хүнийг гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд ойлгуулж, нийгмийн сэтгэл зүйг урьдчилан бүрдүүлж, шүүх хуралдааныг нөлөөлөх байдлаар явуулдаг хүний эрхийн ноцтой асуудал байгаа нь нуух зүйлгүй, ил болсон байна.

Олон улсын эрх зүйд нийтийн дэг журмыг хамгаалах үүднээс шүүх хуралдаан, шүүхээр хэлэлцэж байгаа хэргийн талаарх мэдээллийг нийтэд цацахгүй байх, үзэл бодлоо илэрхийлэхгүй байх зарчим тусгайлан тогтсон байдаг.

Гэтэл өнөөдөр манайд дээрх зарчим бодит байдал дээр байнга алдагдаж байгаагаас үүдэн шүүх нь хараат бусаар ажиллаж чадахгүй байх нөхцөл хүртэл үүссэн.

Таны асуусан хэн нэгний талаар сошиал орчинд гаргаж тавьж буй мэдээллийг нэг талаас тухайн хүн өөрт нь тохиолдсон шударга бус зүйлд бухимдахдаа нөгөө хүний нууцын талаар эргэцүүлж бодохгүйгээр шууд уураар асуудалд хандаж байгаатай холбоотой.

Нөгөө талаар асуудлыг хурдан шийдэх арга зам хайж эсвэл шантаажлах маягаар сошиал орчинд хэн нэгний талаар бичлэг цацдаг үзэгдэл гарч байна. Энэ тохиолдолд тухайн хүний эрхийг хуулийн хүрээнд хэрхэн хамгаалах арга хэмжээ авах үндэслэлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд бий.

Тухайлбал, хүний хувийн нууцыг задруулах, мөрдөн мөшгөх зэрэгт хариуцлага тооцох Хүний халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг бүхэл бүтэн бүлэг Эрүүгийн хуульд байгаа.

Гэхдээ магадгүй Та үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй ч өөр хэн нэгний халдашгүй чөлөөтэй байдлын эрхийг зөрчиж болохгүй, Та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний үр дагаварт нь өөр нэгэн хохирч болдог тухай мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх шаардлага бий.

- Энэ чиглэлд ХЭҮК ямар ажил хийж байна вэ?

- Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ХЭҮК-т Хүний хувийн мэдээлэл хамгааллын хэлтэс гэсэн шинэ нэгж байгуулагдсан.

Тодруулбал, өнгөрсөн онд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль Монгол Улсад батлагдсан бөгөөд уг хууль энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн хэрэгжилтэд ХЭҮК тусгайлан хяналт тавина гэж заасны дагуу комисс дээр шинэ хэлтэс байгуулагдсан юм.

Уг хэлтэс нь хувь хүний мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах хуулиар хүлээсэн үүргээ хувийн хэвшил болон төрийн байгууллагууд биелүүлж чадаж байгаа эсэхэд хяналт тавина.

Мөн дээр дурдсанчлан хувийн мэдээлэл гэдэг ямар чухал болох мэдлэг ойлголтыг нийгэмд түгээх ажлыг хийх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ирэх жилээс энэ чиглэлийн нэлээд өргөн үйл ажиллагаа улам өргөжих байх.

- Дайныг эсэргүүцэж жагсаал хийсэн зарим иргэнийг цагдаагийн алба хаагчид дуудаж, өмгөөлөгчгүйгээр гэрч эсвэл сэжигтний мэдүүлэг авсан гэж тус хөдөлгөөнөөс мэдээлж буй. Төрийг төлөөлөгч байгууллага нь өөрөө ийм үйлдэл гаргах нь хүний эрхийн шууд зөрчил болох уу?

- Өнгөрсөн хугацаанд болсон NoNaadam, NoWar зэрэг хөдөлгөөнтэй холбоотой болж байгаа үйл явцуудад ХЭҮК үргэлжилсэн хяналтаа тавиад явж байгаа гэдгийг хэлье.

Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн болон зөрчлийн, захиргаа, иргэний хэрэг маргааныг ХЭҮК авч хэлэлцэхгүй гэсэн заалт бий. Энэ тохиолдолд ХЭҮК-ын бүрэн эрх хязгаарлагддаг.

Өөрөөр хэлбэл, нэгэнт эрүүгийн эсвэл зөрчлийн хэрэг үүсгэсэн тохиолдолд ХЭҮК-ын шууд оролцоог хуулиар хязгаарласан шинжтэй саарал бүс үүсдэг.

Тиймээс бид тогтолцооных нь хувьд мониторинг маягийн ажиглалт хийж байгаа. Энэ нь тухайлан нэг эрүү, зөрчлийн хэргийг яаж шийдвэрлэсэн бэ гэдгийг бус ер нь үзэл бодлоо илэрхийлсэн, жагсан цугласан хүмүүсийг эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа үзэгдэл нь бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад ажилласан байдал нь ямар байна вэ гэдэг дээр ажиглалт хийж байна гэсэн үг.

Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх явцдаа өмгөөлөгчөөр хангасан байгаа эсэх, зөрчлийн хэргийнх нь хэд нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болоод хэд нь үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн гэдэг дээр том зургаар нь буюу урт хугацаанд нь мониторинг хийж байгаа.

Эцсийн дүндээ энэ мониторингийн үр дүн ер нь үзэл бодлоо илэрхийлсэн, жагсаж цугласан иргэдийг эрүүгийн эсвэл зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа байдал нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван хуран чуулах эрх чөлөөг мохоох арга болоод байна уу, аль эсвэл үнэхээр хуулийн байгууллага тухайн хүмүүсийг хууль зөрчсөн үндэслэлийнх нь дагуу шалгаж байгаа юу гэдгийг харуулах юм.

Манайд үүнтэй холбоотой олон гомдол ирсэн. Үүнийг тухай бүрд нь шийдвэрлэх гэхээр эрүүгийн эсвэл зөрчлийн хэрэг үүсээд байсан учраас комиссын бүрэн эрхийн хязгаарлагдаж байсан.

Ер нь ХЭҮК-ийн ажлыг сайжруулъя гэвэл эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй.

Тэгэхээр энэ ажиглалтыг үр дүнд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх, тайван хуран чуулах, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хууль зүйн баталгааг сайжруулах зохистой болгохын тулд юу хийх, хуулийг нь яаж өөрчлөх шаардлагатай байгаа вэ гэдэг комиссын саналыг дараа жил хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд оруулахаар яг одоо комисс ажиллаж байна.

- Тухайлбал, энэ онд хүний үзэл бодлоо илэрхийлэх, хүний халдашгүй байх эрх чөлөөтэй холбоотой хэчнээн гомдол ХЭҮК-т ирсэн бэ?

-  2022 он гарсаар ХЭҮК-т 700 гаруй гомдол ирсэн. Үүнээс 10 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой гомдол бол нэг нь хүний халдашгүй байх эрхтэй холбоотой байна. Бид шалгаад холбогдох эрх бүхий албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн.

- Удахгүй Олон улсын хүний эрхийн өдөр болно. Тус өдөрт зориулж ХЭҮК-оос ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

- Жил бүр ХЭҮК-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулдаг. Уг форумоор төрийн байгууллагуудын хүний эрхийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулах, асуудлыг шийдвэрлэх гарч гаргалгааг нь олох зөвлөмжийг гаргадаг бөгөөд үүн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавиад явдаг.

Энэ жилийн форумыг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын Хүний эрхийн өдрөөр зохион байгуулах бөгөөд "Хөгжил ба хүний эрх" гэсэн үндсэн сэдвээр хэлэлцэх юм.

Үүнд цахим хөгжил ба хүний эрх, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа байдалтай холбоотой хүний эрхийн асуудал зэргээр дөрвөн салбар хуралдаан хэлэлцэнэ.

- Ярилцсанд баярлалаа.