Зураг
Зураг
Индэр    
2022 оны 11 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

З.Дэвшил: Буруу хооллолт, жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдолоос үүдэн залуу хүмүүс ч үений үрэвслээр өвчилж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үений гэмтэл, маш олон төрлийн үений үрэвслийн хүндрэлийн улмаас манай улсад эрт үедээ өвдөгний үе солиулах тохиолдол бусад улсаас 10 орчим хувиар өндөр байдаг гэсэн судалгаа бий.

Мөн манайхан үеэ гэмтээсэн мөртлөө анзаарахгүй олон жил яваад эцэстээ үе солих хэмжээнд хүрчихдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Үүнтэй холбоотойгоор үений гэмтэл, үрэвслүүд болон түүнээс сэргийлэх боломжийн талаар АШУИҮС-ийн АУС-ийн Ревматологийн тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн ревматологич эмч З.Дэвшилтэй ярилцлаа.



- Нэн түрүүнд, хүн амын дунд зонхилон тохиолдох үений үрэвсэл, үүсэх шалтгааны талаар мэдээлэл өгнө үү?

- Ревматологийн судалгаагаар үений үрэвсэл буюу артрит нь дотроо 100 гаруй төрөл бий. Тэд өөр өөр шалтгаан нөхцөлийн улмаас үүсдэг тул эмгэг жам, эмчилгээ нь ч харилцан адилгүй. Тиймээс үений үрэвсэл гэдгийг нэг ойлголтоор авч үзэн шууд эмчилгээ, зөвлөгөө өгөх боломжгүй байдаг.

Гэхдээ дэлхий хүн амын дундах үе мөчний эмгэг дотроос хамгийн түгээмэл тохиолддог нь яс-үений үрэвсэл буюу остеоартрит гэж үздэг.

Тодруулбал, остеоартрит буюу яс-үений үрэвсэл нь үений сөнөрөлт эмгэгийн бүлэгт хамаарагдах бөгөөд нийт үеэр өвдсөн хүмүүсийн 50-55 хувь нь буюу ийм зовуурьтай хоёр хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвдсөн байдаг. Тиймээс энэ үрэвслийн үүсэх шалтгааны талаар голчлон ярья.

Энэ төрлийн үений үрэвсэл нь насжилт, жингийн илүүдэл, ажил мэргэжлийн онцлогтой холбоотой шалтгаанаар үүсдэг бөгөөд ямар нэг байдлаар үенд тэжээл дутагдсаны улмаас элэгдэл явагдаж байна гэсэн үг.

Тэгвэл үенд тэжээл дутагдах шалтгаан нь таргалалттай холбоотой. Тухайлбал, хэт тарган байвал үе нь даахгүй болж, улмаар тэжээл дутагдаж, үрэвсэл үүсэх эрсдэлийг бий болгодог.

Автомашины даацыг хэтрүүлээд яваад байвал амортизатор нь мууддагтай адил хүн ч жингийн илүүдэлтэй удаан явах нь үе мөчийг өвтгөх нэг шалтгаан болно.

Мөн остеоартритын хувьд насжилт нөлөөлдөг. Нас явахын хэрээр хүний үений шингэний тэжээллэг хэсгийг нийлэгжүүлдэг эсүүдийн үйл ажиллагаа сулардаг нь яс-үений үрэвслийг бий болгодог.

Тодруулбал, үений эсийн нийлэгжүүлэлтийн үйл ажиллагаа 30 насанд оргил түвшинд хүрч, 30-45 насанд хэвийн байдаг бол 45-аас хойш насанд өөрийн эрхгүй сулардаг. Үүнийг дагаад үений шингэнд байх ёстой тэжээллэг бодисуудын хэмжээ ч багасдаг.

Харин үений жийргэвч, мөгөөрс зэрэгт цусны судас огтхон ч байдаггүй тул зөвхөн үенийхээ шингэнээс нэвчүүлэх замаар тэжээлээ авч байдаг юм.

Ганцхан нэвчүүлэх замаар үений шингэнээс тэжээлээ авч байхад тэр шимт бодисынх нь хэмжээ таргалалт, насжилт зэргээс үүдэн багасаад ирэхээр тэжээл нь дутагдаж, улмаар яс-үений үрэвслийг үүсгэдэг гэсэн үг.

- Ер нь манай улсад үений үрэвсэлт өвчнөөр жилд хэчнээн хүн оношлогддог вэ?

- Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан тоо баримтаар манай улсад ревматологийн өвчлөл дундаа бүсэлхий нурууны өвдөлт хамгийн их бүртгэгджээ. Харин дээр дурдсан яс-үений үрэвсэл буюу остеоартит хоёрдугаарт орж байгаа бол гуравдугаарт бусад үрэвсэлт өвчнүүд бүртгэгдсэн байна.

Ер нь яс-үений үрэвсэл буюу остеоартит гэх өвчин манайд ингэж их бүртгэгдэх болсон цаад шалтгааныг би хүмүүсийн амьдралын буруу хэв маягтай холбоотой гэж хэлнэ.

Тухайлбал, бидний эцэг, эхийн үед жингийн асуудалтай хүн бараг байгаагүй, дээрээс нь идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байсан. Гэтэл одоо хотжилттой холбоотойгоор бид ажлаас гэрийн хооронд автомашин унах, шатаар бус лифтээр явахыг илүүд үзэх зэргээр хөдөлгөөний их дутмагшилд орж байна.

Мөн хоол хүнсний хувьд ч эрүүл, эко хүнс хэрэглэж чадахгүйгээс гадна буруу хооллолтын хэв маягтай болсон. Энэ шалтгаануудын улмаас л яс-үений үрэвсэл ихсэж байна.

Бусад системийн эмгэгүүд ч ихсэх хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь магадгүй оношилгоо илүү сайжирч байгаатай холбоотой байж болно.

Судалгаанаас харахад, үеэр өвдлөө гэсэн зовуурь хэлж, эмнэлэгт хамгийн их хандсан хүмүүсийн дийлэнх нь 50-59 насныхан байдаг. Түүнчлэн 2019 оны байдлаар үеэр өвдлөө гэсэн зовуурь хэлсэн хүмүүсийн 33 хувь нь эрэгтэй, 67 хувь нь эмэгтэй байжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Дээр дурдсан хүн амын дунд зонхилон тохиолдох яс-үений үрэвслээс урьдчилан сэргийлэх арга бий юу?

- Остеоартритаас урьдчилан сэргийлэхэд нэн түрүүнд хэвийн жинтэй байх нь чухал. Дараа нь энгийн тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх ёстой гэж зөвлөдөг.

Тодруулбал, үений мөгөөрс, жийргэвчинд цусны судас байхгүй учраас гүйцэд тэжээлээ авахад тодорхой хэмжээний даралт шаардагддаг бөгөөд энэ даралтыг нь үүсгэхийн тулд дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг юм.

Дасгал хөдөлгөөн огт хийдэггүй мөртлөө дээрээс нь биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс яс-үений үрэвслээр өвдөх нь цаг хугацааны асуудал.

Мөн булчингийн хүч сайн байвал үеэ маш сайн хамгаалдаг гэж үздэг.Гэтэл бид байнга машин унаад, машинаасаа гараад лифтэнд суугаад, лифтнээсээ гараад оффис дээрээ сууж байна. Ингэхээр хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй яс-үений үрэвсэлтэй болох магадлал маш их тохиолдож байгаа юм.

Харин насжилтаас үүдэлтэй үрэвслээс мэдээж урьдчилан сэргийлэх боломжгүй. Гэхдээ хүнд зүйл өргөхгүй байх, удаах зогсохоос зайлсхийх, үеэ дааруулахгүй байх нь аливаа үений сөнөрөлт эмгэгээс сэргийлэхэд тустай.

- Тэгвэл нэгэнт яс-үений үрэвслээр өвдсөн хүн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь эерэг үр дүнтэй юу, эсвэл улам өвчлөлийг даамжруулах уу?

- Остеоартрит буюу яс-үений үрэвсэлт өвчний хувьд, эмнэл зүйн удирдамжид нь үргэлж дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Энэ нь өөрөө үений сөнөрөлт эмгэгийн бүлэгт багтдаг буюу үенд тэжээл дутагдсанаас үүсдэг өвчин тул үений тэжээлийг гүйцэд өгөхөд хөдөлгөөн чухал нөлөөтэй.

Гэхдээ зөвхөн зөв дасгал хөдөлгөөнийг, зөв техникээр хийх ёстой. Учир нь үе нэгэнт үрэвссэн тохиолдолд янз бүрийн хүнд дасгалыг буруу техникээр хийх нь үеийг улам элэгдүүлэх эрсдэлтэй.

Тиймээс яг өөртөө тохирсон зөв дасгал хөдөлгөөнийг зөвхөн мэргэжлийн эмчээр заалгаж хийвэл эерэг үр дүн гарна.

Түүнээс биш, өвдөгний үе өвдөх зовуурьтай хүн шууд фитнес ороод хүнд юм өргөөд, гүйгээд байвал бүр дордох магадлалтай.

- Иргэдийн зарим нь үений шингэн нөхөх заавартай эм, бэлдмэл ууж хэрэглэх тохиолдол ажиглагддаг. Энэ нь хэр үр дүнтэй байдаг бол?

- Үений шингэнд гиалуроны хүчил, хондроитин зэрэг олон шимт бодис агуулагддаг.

Гиалуроны хүчил нь үений шингэний эзлэхүүнийг хэвийн байлгадаг бөгөөд энэ нь багасаад ирэхээр үений шингэний хэмжээ ч багасдаг гэсэн үг. Харин глюкозамин, хондроитинын хэмжээ багасах үед мөн үений мөгөөрс, жийргэвчийн тэжээл нь алдагддаг юм.

Тиймээс олон улсын удирдамжаар 45-аас хойш насанд л үений тэжээл буюу глюкозамин, хондроитин агуулсан бүтээгдэхүүн уухыг зөвлөдөг. Харин 45-аас доош насныхан уух шаардлагагүй.

Мөн хүүхдүүд, тэр дундаа 16-аас доош насны хүүхдүүдийн ясжилт бүрэн явагдаж дуусаагүй байдаг учраас глюкозамин, хондроитин агуулсан бүтээгдэхүүн огтхон ч өгч болохгүйг анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн үений уудаг тэжээлүүд нь голчлон хүнсний нэмэлт гэдгээр бүртгэгддэг гэдгийг санах ёстой. Учир нь хүнсний нэмэлтээр бүртгэгдсэн үений тэжээл дээр хийгдсэн эмнэл зүйн туршилт судалгаа хомс байдаг.

Тухайлбал, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг эмнэл зүйн олон шатлалтай туршилт судалгааг урт хугацаанд хийж байж хүн дээр хэрэглэдэг. Харин хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дээр ийм үр дүнг харуулсан туршилт судалгаа бага байдаг гэсэн үг.

Магадгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр бүртгэгдсэн үений тэжээлүүд найрлага дээрээ 1,000-1,500 мг гэж бичсэн байж болох ч тэр хэмжээндээ хүрч байгааг хэн ч батлахгүй.

Түүнчлэн үений тэжээл дотор агуулагдаж байгаа тухайн бодис нь ямар хэлбэрээр байгаагаас шалтгаалж шимэгдэлт нь янз бүр байдгийг хэлэх нь зүйтэй.

Ер нь малын махны бүлх, шөрмөс, хальсанд үений тэжээл болох глюкозамин зэрэг шимт бодисын найрлагууд байдаг. Гэтэл манайхан одоо гуяны цул мах иднэ гээд хальсыг нь идэхгүй үлдээгээд байдаг нь харамсалтай.

- Хүмүүс хэрх өвчнийг бусад үений үрэвсэлт өвчинтэй андуурч ойлгох тохиолдол бий. Ер нь системийн гэж нэрлэх өвчнүүдийн ялгааг хэлж өгөхгүй юу?

- Хүмүүс ихэнхдээ үетэй холбоотой гурван үрэвслийг андуурдаг. Тодруулбал,

  • остеоартрит буюу яс-үений үрэвсэл,
  • хэрэх өвчин,
  • ревматоид артрит буюу хэрлэг төст үений үрэвслийг хооронд андуурч ойлгодог гэсэн үг.

Хэрэх өвчний тухайд, А бүлгийн цус задлагч бета-стрептокок гэх бактерийн нөлөөгөөр үүсдэг бөгөөд олон үеийг хэрж өвддөг тул хэрэх гэж нэрлэдэг. Уг өвчнийг ДЭМБ-аас 2010 онд устаж байгаа өвчинд оруулан зарласан байдаг.

Манай улсад ч амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр дээшилж байгаатай холбоотойгоор шинээр оношлогдох нь багассан. Энэ нь магадгүй монголчуудын антибиотикийн хэрэглээ өндөр байдагтай холбоотой байж болох юм.

Хэрэх өвчин ихэнхдээ 5-15 насанд оношлогддог. Гэтэл хүмүүс 30-40 насандаа үеэр нь өвдөхөөр өөрийгөө хэрэх өвчтэй болж байна гэж андуурах тохиолдол бий. Магадгүй 30-40 насанд өөр үений үрэвсэлт өвчин байж болно. Мөн хэрэх нь системийн өвчинд тооцогдохгүй.

Харин хэрлэг төст үений үрэвсэл нь системийн өвчин бөгөөд үенээс гадна олон Бай эрхтнийг гэмтээдэг. Тодруулбал, гаднын нян бактерийг устгах ёстой хүний дархлаа тогтолцоо өөрийнхөө эд эрхтэн рүү, тэр дундаа үе рүүгээ голлон довтлон, маш олон үеийг өвтгөж хавдуулаад зогсохгүй зүрх, нүд, уушги гээд олон эрхтнийг гэмтээдэг. 

Энэ өвчний шалтгаанд удамшлыг сэжиглэдэг боловч батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, хэрлэг төст үений үрэвслийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн остеоартрит болон үений бусад үрэвслүүд аль үеийг өвтгөж байгаагаараа өөр. Остеоартрит буюу хамгийн түгээмэл байдаг үений үрэвсэлт өвчин нь биеийн жингийн хамгийн ачаалал авдаг үеүдийг буюу түнх, өвдөг, шагайн үе болон гар сарвууны үеийг хамран өвчлүүлдэг гэдгээрээ өөр хоорондоо асар их ялгаатай.

Ер нь мэргэжлийн эмчийн үзлэгээр бол дээр нэрлэсэн үений үрэвсэлт болон системийн өвчний хооронд бараг адил шинж тэмдэг байдаггүй. Өвчлүүлж буй үений байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээ гээд бүх зүйл нь хоорондоо ялгаатай.

- Мөн системийн өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг гэж сонссон. Үүний шалтгаан нь юу вэ. Магадгүй энэ нь эмэгтэйчүүд илүү их эмнэлэгт ханддагтай холбоотой байж болох уу?

- Нэг талаар магадгүй эмэгтэйчүүд илүү их эмнэлэгт үзүүлдэгтэй холбоотой байж болох юм. 

Нөгөө талаар эрэгтэй хүмүүсийн ясны бүтэц нь байгалиасаа ачаалал даах чадвар арай илүү байдаг. Харин эмэгтэй хүний ясны нягт нь эрэгтэй хүнийх шиг хэмжээнд арай хүрэхгүйгээс гадна жирэмслэлт, төрөлт гээд дааврын огцом өөрчлөлтүүд явагддаг. Энэ нь тулгуур хөдөлгөөний эртхэн тогтолцоонд төдийлөн сайнаар нөлөөлөхүй бөгөөд ясыг сийрэгжүүлэх зэргээс эхлээд янз бүрийн нөлөө үзүүлж болно.

Өөрөөр хэлбэл, үе мөчний эмгэгээр эмэгтэйчүүд илүү өвдөж байгаа нь жирэмслэлт, төрөлт зэрэг дааврын өөрчлөлт болон анатомын бүтэцтэй холбоотой.

- Ахмадуудын ихэнх нь өвдөг, шагайн үеэр халуун оргилоо, хатгалаа гэж ярьдаг. Энэ нь мөн л яс-үений үрэвслийн нэг шинж тэмдэг үү?

- Зөвхөн хүний үе гэлтгүй юу ч байсан 50-60 жил хөдлөхөд элэгдэх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, ахмадуудын хувьд үеүд нь ямар нэг хэмжээгээр элэгдсэн буюу яс-үений үрэвсэлтэй болсон байх магадлал өндөр.

Үеэр өвдлөө гэж эмнэлэгт хандах нийт хүмүүсийн 50-55 хувь нь остеоартит байдаг гэдгийг дээр дурдсан. Тэгвэл нас ахих тусам энэ хувь улам өсдөг. Тухайлбал, үеэр нь өвдөх зовуурь хэлсэн 70 орчим насны иргэдийн 80 хувь нь остеоартит байх боломжтой гэсэн үг.

Гэхдээ дээрх тохиолдолд эсвэл үеэр нь өвдсөн бол иргэд заавал мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тавиулах хэрэгтэй.

Зарим хүн ам дамжсан яриа эсвэл фэйсбүүкээс харсан гээд янз бүрийн эмчилгээний арга туршаад тухайн өвчнөө бүр хүндрүүлчхээд эмнэлэгт ирдэг. Бүр үе нь хавдсан байхад хүртэл архинд саримс хийж, түүгээрээ хандалж боогоод хоносон гээд арьсаа улаан нялга болгоод ирсэн ч тохиолдол бий.

Одоо мэдээлэл илүү чөлөөтэй болсонтой холбоотойгоор хүмүүс аливаа өвчний эмчилгээнд хаанаас ч юм, хэзээ ч төсөөлөхөөргүй янз бүрийн аргууд олж сонсоод, туршаад байгаа нь үнэхээр буруу.

Ялангуяа фэйсбүүк группүүдээр иргэд бие биедээ маш их зөвлөгөө өгдөг болсон байна. Гэтэл өвдгөөр өвдсөн хүн бүр адилхан оноштой байхгүй гэдгийг иргэд маань ойлгох ёстой. Тиймээс зөвхөн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Залуучуудын дунд үений үрэвсэлт өвчлөл хэр их тохиолддог вэ. Сүүлийн жилүүдэд залуус тулай өвчнөөр түгээмэл өвдөж байгаа гэж сонссон.

- Сүүлийн арваад жил маш эрчимтэй өсөж байгаа үений үрэвсэл бол тулай өвчин бөгөөд одоо харьцангуй залуучуудад тохиолдох болсон нь үнэн. Энэ өвчний талаар дундаж зууны үеийн Италийн уран зурагт хүртэл дүрсэлсэн байдаг. Тулайг эрт үед зөвхөн хаадын өвчин гэж нэрлэдэг байсан юм билээ. Учир нь архи дарс болон махан хүнс ихээр хэрэглэдэг хүмүүс тулай өвчтэй болох магадлал өндөр.

25 настай залуу хүртэл тулай өвчнөөр оношлогдож байна. Энэ нь амьдралын буруу хэв маягтай холбоотой.

Ер нь тулай өвчин бол цусан дахь шээсний хүчил ихэссэнээс үүдсэн үений үрэвсэл. Өөрөөр хэлбэл, уургийн солилцооны алдагдлаас болдог гэсэн үг.

Шээсний хүчил нь температурт их мэдрэг бодис учраас хүний хамгийн сэрүүн хэсгүүдэд очиж хуримтлагдаж, хамгийн захын үеүдийг буюу хөлийн эрхий хурууны угийн үе болон шагайн үеийг эхэлж үрэвсүүлдэг.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө 40-өөс өмнөх насанд тулай өвчин олон тохиолддоггүй байсан. Харин одоо 25 настай залуу хүртэл тулай өвчнөөр оношлогдож байна. Энэ бол нөгөө л амьдралын буруу хэв маягтай холбоотой.

Нөгөө талаар тулай өвчний тохиолдол нэмэгдэх болсон шалтгаан нь гаднын хоолны соёлууд орж ирсэнтэй холбоотой байж болох юм. Ер нь хүний бие махбод гэдэг тухайн газар орныхоо олон зуун жил дадсан хооллолтын зан заншилдаа тохирсон бөгөөд түүнийгээ илүү сайн шингээж чаддаг талтай.

Харин гаднын хоолны соёлууд орж ирсэнтэй холбоотойгоор бидний шингээж чадахгүй хооллолтын хэв хаягууд бий болох, үүнээс шалтгаалж буруу хооллолт, жингийн илүүдэл үүсэж байна.

Түүнчлэн энэ өвчнийг сэдрээх хамгийн гол хүчин зүйл нь архи согтууруулах ундаа байдаг гэдгийг хэлье.

Ер нь хүн зөвхөн үеэ хайрлах бус хүн биеэ эрүүл байлгахын тулд зөв хооллож, унтах цагтаа унтаж амарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Мөн хэдий чинээ жин ихтэй эсвэл стресстэй, буруу зуршилтай байна төдий чинээ аливаа өвчнөөр өвдөх магадлал ихэснэ.

- Ярилцсанд баярлалаа.