Зураг
Зураг
Индэр    
2022 оны 9 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

М.Наранбат: Оргил ачааллын үед батарей хуримтлуураас нэгдсэн сүлжээнд 80 МВт чадал нийлүүлснээр эрчим хүч хязгаарлахаас сэргийлнэ

Зураг
Гэрэл зургийг хувийн архиваас авав

Эрчим хүч хуримтлуулж байгаад цахилгаан тасарсан үед болон оргил ачааллын үед төвийн бүсийн системд нийлүүлэх батарей хуримтлуурын байгууламж ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр эрчим хүч тасрах, дулааны цахилгаан станцын тэг зогсолтоос сэргийлэх боломжтой аж. Энэ талаар тус төслийн зохицуулагч М.Наранбаттай ярилцлаа. 

-Сайн байна уу? Манай улсын хувьд шинэ технологи болох батарей хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр та бүхэн ажиллаж байна. Оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлэх "Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн явцын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-Төслийн “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ”-г олон улсын нээлттэй тендерээр шалгаруулсан компанитай Эрчим хүчний яамнаас 2022 оны долдугаар сард байгуулсан бөгөөд одоо зураг төслийн ажил хийгдэж байна. Мөн байгаль орчны, аюулгүй ажиллагааны, чанарын хяналтын төлөвлөгөө зэрэг ажил гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөнүүдийг гүйцэтгэгчээс авч зөвлөхийн хамт хянаж батлах ажил хийгдэж байна.

Зураг батлагдаж, ажил эхлэх  зөвшөөрлийг авсны дараа буюу энэ оны 10-11 дүгээр сард барилга байгууламжийн суурийн газар шорооны ажлыг хийхээр төлөвлөсөн. Ирэх оны хавраас эхлэн тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтын ажил хийгдэж эхэлнэ. Ингээд ирэх ондоо буюу 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээний нөхцөлтэй ажиллаж байна.

Батарей хуримтлуураас 58.5 сая кВт.цаг эрчим хүчийг нийлүүлнэ

-Импортын эрчим хүчийг бууруулах, Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэхэд тусална гэж мэдээлж байгаа. Тэгэхээр төвийн бүсийн эрчим хүчний системд хэчнээн хэмжээний эрчим хүчийг нийлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг хэр зэрэг бууруулах вэ?

-Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хувьд нийт суурилагдсан чадалдаа тулсан хэмжээнд ажиллах шаардлага үүсээд байгаа. Ялангуяа өвлийн оргил ачааллын цагуудад ОХУ-аас эрчим хүч импортлон авах шаардлагатай болдог. ОХУ-аас авах эрчим хүчийг урьдчилан захиалдаг бөгөөд бэлэн байлгах чадлын хэмжээ бас хязгаартай, мөн жил ирэх тусам авах шаардлагатай хэмжээ нь нэмэгдэж байна.

Энэ нөхцөлд оргил ачааллын цагуудад батарей хуримтлуурын системээс 80 хүртэл МВт чадлыг нийлүүлж, хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлахаас сэргийлэх ач холбогдолтой. Мөн хэрэв муугаар бодоход ОХУ-тай холбогдсон цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч системд “тэг” зогсолт үүсвэл батарей хуримтлуураас ДЦС-ыг сэргээх дотоод хэрэгцээний эрчим хүчийг нийлүүлэх боломжтой юм. Эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулна гэсэн үг юм.

Одоо төлөвлөсөн горимоор жилд батарей хуримтлуураас 58.5 сая кВт.цаг эрчим хүчийг нийлүүлэх бөгөөд сэргээгдэх эрчим хүчнээс цэнэглэгдэж ажиллах бөгөөд шууд үр дүнгээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд  46.8 мянган тонноор, 2030 оны түвшинд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдээс нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг тус төсөл олгох юм.

Жилд 842 хүртэл мянган тонноор хүлэмжийн хийг бууруулах боломжийг олгох тооцоо бий. Ингэснээр хүлэмжийн хийг бууруулах Үндэсний зорилтот түвшнийг хангахад хувь нэмэр оруулна. 

-Нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй чадлын дутагдлыг нөхөх өөр боломж бий юу?

-Огцом чадлын хэлбэлзэл гарахад системд халуун бэлтгэл болон бусад тохируулгын эх үүсгүүрүүд бэлэн байх ёстой. Харин манай системийн хувьд өвлийн оргил ачааллын үеэр нөөц чадалгүй болж байгаа нь системийг эмзэг болгож байна.

Ийм учраас нэгдсэн сүлжээний аюулгүй найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор ЭХЯ-наас энэ төслийг хэрэгжүүлж байна. ОХУ-ын хувьд манай системд тохируулгын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд хэрэглээ өсөхийн хэрээр манайд өгөх боломжтой чадлын диапозон багасаж байна.

-Цахилгаан тасарч болзошгүй нөхцөл үүсээд байгааг салбарынхан хэлж буй. Ийм үед төвийн сүлжээнээс эрчим хүч хуримтлуулж шаардлагатай үед ашиглах ямар боломж байх вэ?

-Өвлийн оргил ачааллын үеэр чадлын дутагдалд орох магадлал бий болж байна гэж түрүүн дурдсан. Өөрөөр хэлбэл манай дулааны цахилгаан станцуудын тоноглолд гэмтэл гарах зэргээс шалтгаалж чадлын дутагдал үүсэж болзошгүй.

Энэ үед системийн автоматикаар зарим хэрэглэгчдийг хэсэгчлэн тасалж, үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэх шаардлагатай болно. Ийм тасралт гаргахгүйн тулд тус төслийг хэрэгжүүлж байна. Цаашид эх үүсгүүрүүд нэмж орвол энэ эрсдэл багасна.

-Нарнаас эрчим хүч хуримтлуулж байгаад цахилгаан тасарсан үед ажиллуулах боломж хэр байдаг вэ? Манай улсад туршиж байгаа зүйл бий юу?

-Азийн хөгжлийн банкнаас зээл, тусламж олгосон нэг нөхцөл нь сэргээгдэх эрчим хүчнээс манай батарейг цэнэглэх юм. Үүний тулд өдөр тутмын горимын зохицуулалтаар энэ нөхцөлийг хангана.

Ингэхээр нарны цахилгаан станцуудаас нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төслийн хүрээнд 3.5 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур ашиглалтад оруулсан. Энэ нь нарны эх үүсгэврээс эрчим хүчийг хуримтлуулаад нар жаргасан үед буюу шаардлагатай үед сүлжээнд тодорхой чадлаар нийлүүлэх зорилготой.

-Цэнэг хураагуурын системээс өөрөөр эрчим хүч хуримтлуулах ямар нөөц боломж байх вэ?

-Энерги хуримтлуулах технологийг таван төрөлд хувааж авч үздэг. Механик, цахилгаан, цахилгаан химийн, дулааны, химийн гэсэн төрлүүд байна. Механик ангилалд усан цэнэгт, шахсан агаар, эрчлүүрт дугуй гэсэн төрлүүд бий. Усан цэнэгт хуримтлуур нь харьцангуй энгийн тодорхой байгалийн тогтоц шаарддаг, барилга угсралт 3-4 жил орчим байх бөгөөд цахилгаан дамжуулах шугам барих зэрэг нэлээд өртөг шаардана.

Батарей хуримтлуурын нэг онцлог нь хамгийн хурдан үйлчлэлтэй буюу микросекундын дотор чадал нийлүүлэх боломжтой бөгөөд одоогоор литиум-ион төрлийн хувьд хамгийн энергийн нягт өндөртэй нь байна. Жишээлбэл, конденсаторын хувьд богино хугацаанд их хэмжээний чадал нийлүүлэх боломжтой ч багтаамж багатай буюу их хэмжээний энерги хуримтлуулах боломжгүй асар өндөр үнэтэй байна. Мэдээж цаашдаа өөр төрлийн технологиуд хөгжих байх.

Ухаалаг сүлжээ, ухаалаг хэрэглэгч бий болж байна

-Эрчим хүчний салбарын дэлхий нийтийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоо эрчим хүчний шилжилт явагдаж байна. Хуучин уламжлалт технологиуд дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэврүүд болон шинэ технологиуд нэмэгдэж байгаа Ухаалаг сүлжээ, ухаалаг хэрэглэгч бий болж байна.

Мөн хэрэглэгчид сүлжээнд цахилгаан нийлүүлэх боломжтой болж байна гэх мэт олон зүйл байна. Цаашид системийн гол параметрүүдийг хянаж, автоматаар удирдаж тохируулдаг уян хатан сүлжээтэй болох чиг хандлагатай байна.

-Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээг дийлэхгүйд хүрээд буй эрчим хүчний салбарт иргэд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

-Иргэдийн хувьд цахилгаан дулааны төлбөрөө хугацаанд нь төлж, ашиглаагүй байгаа гэрэл, цахилгаан хэрэгслүүдээ унтрааж хэвших, ялангуяа оргил ачааллын цагуудад хэрэглээгээ бууруулах нь одоогийн нөхцөлд үзүүлэх хамгийн том хувь нэмэр гэж хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.