Индэр    
2022 оны 6 сарын 13
Зураг
iKon.mn Сэтгүүлч

"Шүд цоорох өвчний улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин, эмгэг үүсдэг. Гэтэл манай улсад 10 хүүхэд тутмын ес нь шүдний өвчтэй байна"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар 144,997 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт

  • 6-17 насныхан 61.8 хувь
  • 0-5 насныхан 15.1 хувьтай хамрагджээ. Энэ мэдээллээс харахад хүн амын хамгийн идэвхтэй бүлэг нь хүүхдүүд болж байна. 

Хүүхэд, өсвөр үеийнхэн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар Улаанбаатар хотын есөн дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төв (ӨЭМТ), Эрүүл Мэндийн Төв (ЭМТ)-ийн холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны ӨЭМТ-ийн эмч Б.Бямбажав "Манай эмнэлэгт 0-17 насны 876 хүүхэд ирж, эрт илрүүлэгт хамрагдсан. Хүүхдүүдийн дунд шүдний цоорлын өвчин түлхүү ажиглагдаж байна. Тодруулбал, 800 гаруй хүүхдийн амны хөндийд үзлэг хийхэд 76 хувь нь шүд цооролтой гарсан.Мөн гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл 50 хувь, нүдний харах чадварын алдагдал 20 орчим хувьтай байгаа" гэв. 

Налайх дүүргийн "Ачлал-Налайх" ӨЭМТ-ийн дарга А.Даваасүрэн "Бид дүүргийнхээ гурав болон тавдугаар хороог хариуцан ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 0-5 насны 1,268 хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор 178 хүүхэд буюу 14 хувьтай явж байна. Мөн 6-17 насны 1,538 хүүхдэд үзлэг хийнэ гэж тооцоолсон. Үүнээс 308 хүүхэд буюу 20 хувь нь шинжилгээнд хамрагдсан.

Шүдний өвчлөл хамгийн их хувийг эзэлж байна. Амны хөндийн өвчлөл дангаар 64 хувийг эзэлж байгаа. Нийт үзүүлсэн хүүхдийн 16 нь цус багадалттай хэмээн оношлогдсон. Түүнчлэн бусад өвчлөл илэрч байна" гэлээ. 

Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн "Өнгөрсөн нэг сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 5,023 иргэн харьяа ӨЭМТ болон хорооны эмнэлэгт үзүүлжээ. Уг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 75.5 хувь нь ӨЭМТ-д очиж үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 0-17 насны хүүхдүүд нийт үзлэгийн 75.5 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн нийтлэг асуудал нь нүдний хараа шалгах сорил, харааны үнэлгээний дүнд цөөн тохиолдолд хараа бууралттай гарсан. Мөн 20 орчим хүүхэд өсөлт хоцролттой, тураалын эхний зэрэгтэй байсан. Тиймээс эцэг, эхчүүд болон холбогдох ӨЭМТ-үүд хяналтдаа авч хоол тэжээлээр нөхөн сэргээх, нөгөө талаас эцэг, эхчүүдэд хооллолтын зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Хүүхдийн амны хөндийн үзлэгээр 80 орчим хувьд нь цоорлын эхний шинж илэрсэн.Ялангуяа, 0-5 насны хүүхдүүдийн үүдэн шүд маш их цооролтой байна. Хоёр нас хүртэлх хүүхдийнхээ шүд арчилгааг бүрэн хариуцаж, сүүн шүд дөнгөж цухуйхаас нь эхлэн гар доорх энгийн аргаар цэвэрлэх нь чухал. Амны хөндийн арчилгаатай холбоотойгоор шүдний цоорлын тархалт маш их байна" хэмээн хэлсэн юм. 

Багануур дүүргийн "Энх өрх" ӨЭМТ-ийн дарга Х.Өнөржаргал "Тавдугаар сард 458 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдаж, үзүүлсэн. Зонхилон илэрч байгаа өвчин нь 0-5, 6-17 насанд шүдний өвчин 90 гаруй хувьтай байгаа. Түүнчлэн харааны бэрхшээл 40 орчим хувьд нь илэрсэн" гэв. 

Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн төвийн Статистикийн их эмч Б.Дэлгэрцэцэг "Хан-Уул дүүргийн хэмжээнд зургаадугаар сарын 3-ны өдрийн байдлаар 0-5 насны 3,133 хүүхэд, 6-17 насанд 2,049 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсан байна. Насны бүлгээр авч үзвэл,

  • 18-30 насныхан 425
  • 31-45 насныхан 686
  • 46-60 насныхан 850
  • 61 дээш насны 987 иргэн үзлэг, шинжилгээндээ орсон" хэмээн хэллээ. 

Сүхбаатар дүүргийн "Ачит гар" ӨЭМТ-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Жамъяанмядаг "Төлөвлөгөө ёсоор цэцэрлэгийн насны 160 хүүхэд үзэх байснаас 60 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсан. Бага насны хүүхдүүдийг үзэхдээ вакцин хийлгэсэн эсэх тухай асуумж авч байгаа. Үүнийг эцэг эхчүүд бөглөөгүй, зарим нь мэдэхгүй гэсэн шалтгаанаар хойшлогдох тохиолдол байна. Одоогоор бид 12-15 насны 1,300 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийсэн. 

Өдөр тутам үзлэг оношилгоо хийж байхад 0-5 насныханд амны хөндий, өсвөр насныхны дунд хараа, сэтгэл зүйн тулгамдсан асуудал ажиглагдаж байгаа.Нэгдсэн тоон мэдээлэл одоогоор гарах болоогүй. Жилийн турш үргэлжлэх урьдчилан сэргийлэх үзлэг шүү дээ" гэлээ.

Баянгол дүүргийн "Амин Жаргалан" ӨЭМТ-ийн сувилагч Н.Туул "Манай эмнэлэгт 0-17 насны 1,207 хүүхэд илрүүлэгт хамрагдсан байна. Эдгээр хүүхдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй. Хэт таргалалт 50 хувийг эзэлж байна" гэсэн юм.

Баганхангай дүүргийн ЭМТ-ийн Хүүхдийн эмч Д.Дашдэлэг "Баганхай дүүргийн хэмжээнд нийт 1,570 хүүхэд бий. Үүний 7.1 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан. Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их байна. Хоёрдугаарт, чих хамар хоолойн өвчлөл, сульдаатай гэсэн дүн мэдээ гарч байна.  Ерөнхийдөө 4-өөс дээш настай хүүхдүүдэд шүдний өвчлөл илүү бүртгэгдэж байгаа" хэмээн ярилаа.   

Сонгинохайрхан дүүргийн "Эхэн босго" ӨЭМТ-ийн дарга Ж.Энхжаргал "Тайлан мэдээллээс харахад нийт 0-5 насны 579 хүүхэд үзсэн. Энэ дотроос зонхилон тохиолдох өвчин нь шүдний цоорол 48 хувийг эзэлж байна.Манайх энэ хавийнхаа гурван цэцэрлэгийг хүүхдүүдийг хариуцаж байгаа.

Зөвхөн нэг цэцэрлэгийг тодруулж яривал, шүдний цооролтой 148, харшилтай 12 хүүхэд байна. Манайх дүүргийнхээ хэмжээнд 26, 36 хорооны иргэдийг үзэж байгаа. Сургуулийн насны нийт 1,474 хүүхэд хамруулсан. Эдгээрээс шүдний паалангийн цооролтой 286 хүүхэд байна. Харин нөгөө хороонд шүдний цооролтой 990 хүүхэд байна" гэв. 

Эрүүл мэндийн эрт илрүүлгийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн зарим ӨЭМТ болон ЭМТ-өөс тодруулахад урьдчилсан байдлаар Монгол хүүхдүүдийн дунд шүдний өвчний тархалт эрчимтэй байгаа талаар хэлж байна.

"Цоорсон шүдтэй хүүхэд нь эрүүл шүдтэй хүүхдээс бие бялдар өсөлт хөгжил нь хэвийн бус байх магадлал 1.3 дахин их байдаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амны хөндийн өвчлөл нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн нүүр ам судлалын багш Ж.Дэлгэрцэцэг ярилаа. 

Тэрбээр "Монголд 10 хүүхэд тутмын нэг нь л эрүүл шүдтэй байна.Хүний аман дахь 28-32 шүд эрүүл байвал түүнийг эрүүл шүдтэй хүн гэж үздэг. Шүд цоорох өвчний үзүүлэлтийг гаргадаг томьёогоор цоорсон шүдтэй тохиолдолд цоо эрүүл ангилалд оруулдаггүй. Өөрөөр хэлбэл, харьцангуй эрүүл гэдэг заалтад ордог гэсэн үг.

Цоорсон шүдтэй хүүхдийг эрүүл шүдтэй хүүхэдтэй харьцуулбал өсөлт хөгжлийн үзүүлэлт хоцрогддог гэдэг нь судалгааны олон үр дүнгээр батлагдсан. Тухайлбал, эрүүл болон цоорхой шүдтэй хүүхдүүдийг харьцуулахад (3 нас) цоорсон шүдтэй хүүхэд нь хоёр килограмм жингээр бага байгаа нь тогтоогдсон. Улмаар амны хөндийг эмчилж эрүүлжүүлснээс хойш зургаан сарын дараа тухайн хүүхдүүд хэвийн жиндээ хүрсэн талаарх олон улсын судалгаа бий. 

Монгол дахь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчин тэдний биеийн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар 2016 судалж байсан. Миний судалгаагаар, цоорсон шүдтэй хүүхэд нь эрүүл шүдтэй хүүхдээс бие бялдар өсөлт хөгжил нь хэвийн бус байх магадлал 1.3 дахин их болохыг тогтоосон.  Түүнчлэн 5 настай эрүүл шүдтэй хүүхдийг ижил насны цоорсон шүдтэй хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь 1.6 килограммын зөрүүтэй байсан. Харин өндрийн үзүүлэлт нь 0.8 сантиметрийн өөрчлөлтэй гэсэн үр дүн гарсан байгаа.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн биеийн жингийн алдагдал нь тэдний эрүүл мэндийн томоохон үзүүлэлт. Гэтэл дээрх судалгаагаар биеийн жин, өндрийн үзүүлэлт маш их ялгаатай харагдаж байна. Дэлхийн шүдний холбооноос шүд цоорох өвчний улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин, эмгэг үүсдэг гэдгийг баталж зарласан. Тэгэхээр шүдний өвчтэй хүүхдүүд эрүүл өсөж торних боломжгүй гэсэн үг" хэмээн хэлсэн юм. 

"Монгол хүүхдийн амны хөндийд дунджаар 7-8 цоорч, өвчилсөн шүд байна"

Мөн үргэлжлүүлэн сүүлийн үеийн судалгааны тоо баримтыг танилцуулсан юм.

Шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тодорхой босго шалгуурыг гаргаж өгдөг. Энэ үнэлгээний хамгийн дээд түвшин буюу маш өндөр ангилал нь 6.5 байдаг. 
Таван настай хүүхдийн аманд 20 шүд байх ёстой. Судалгааны үр дүнгээс харахад 20 шүдний 7-8 шүд нь аль хэдийн цоорсон, авхуулсан, эмчлэгдсэн эсвэл цоорхой хэвээр явж байгаа гэсэн үр дүн байна.
Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 28 байнгын шүдтэй байдаг. Гэтэл 28 байнгын шүднийх нь 12, зарим судалгаанд 18 шүд нь өвчтэй байгаа юм.

Тиймээс ч нүүр ам судлалын мэргэжилтнүүд үүнийг чимээгүй тахлын хэмжээнд хүрсэн хэмээн үзэж байна. Шүд цоорно гэдэг нь шүдний хатуу эд эрдсээ алдаж зөөлөрч байна гэсэн үг. Амны хөндийн орчим хүчиллэг болсон үед тухайн процесс үүсдэг. Энэ нь далд болон ил сахраас үүдэлтэй.

Энэ талаар хэлэхдээ "Манайхан сахар, ёотон, цаастай чихрийг л чихэр гэж боддог. Гэтэл чипс, зуун хувийн жүүс, цай гэж нэрлээд худалдаалдаг бүтээгдэхүүн бүгд чихрийн агууламжтай. Дээрээс нь сүү таргийг хүртэл дандаа чихрийн нэмэлттэй үйлдвэрлэж савлаад байна. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ ундаа уулгаж байхаар сүү авч өгье гэдэг. Гэтэл нөгөө сүү нь шоколадтай, бананатай гэдэг нэртэй. Цаад агууламж нь чихэр. Хүний амны хөндий хэдий чинээ хүчлийн дайралтад өртөнө төдий чинээ зөөлөрч хэврэгшдэг.

Цэвэр шүд цоордоггүй гэсэн маш товчхон үгийг Америкийн эрдэмтэн ч хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, та шүдээ цэвэрхэн л байлгавал шүд цоорох өвчин байхгүй. Энгийнээр хэлэхэд, бид аягандаа янз бүрийн хоол идэхэд тэр хэмжээгээр бохирддог. Яг үүн шиг бидний шүд бохирддог. Бид хоол идсэнийхээ дараа аягаа угаадаг шиг шүдээ тогтмол угааж цэвэрлэх ёстой. Идэж байгаа зүйлээ аль болох тогтвортой ширээндээ суугаад гүйцэд идээд шүдээ цэвэрлэх нь чухал. Хэт олон удаагийн давтамжтай идэх нь шүд цоорох шалтгаан болж байна. Жишээ нь, ундааг барин тавин угсраад л уугаад байвал шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сүүлийн үеийн хүүхдүүд талхны зах, мах зэрэг хатуу хүнс идэхгүй байна. Сайн зажлахгүй байхаар шүд өөрийнхөө хэмжээнд гүйцэд ажлаа хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, автоматаар шүдийг цэвэрлэх процесс явагдахгүй байгаа гэсэн үг.  Үүнийг мэргэжлийн хэлээр амны хөндийн өөрөө цэвэрших үйл гэж нэрлэдэг. Бид юм идсэний дараа шүдээ угаахгүй байсан ч шүлсний булчирхайгаас шүлс байнга ялгардаг. Улмаар шүдний гадаргууг угааж, цэвэрлэдэг. Хүний физиологиор өдөрт таван удаа өөрийгөө цэвэрлэх процесс явагдаж, шүдийг тань хамгаалж чаддаг гэж үздэг"хэмээн хэллээ. 

"Хүүхэд үдээсээ өөрөө үдэж чаддаг болсон хойноо шүдээ бүрэн угааж чадна. Хүүхэд алдаагүй цэвэр, түүртэхгүй бичдэг болсон цагтаа шүдээ угааж чаддаг болно гэж зүйрлэсэн байдаг.Мэдээж хүүхэд аливааг хийж сурахын тулд заавал том хүний зааварчилгаа чухал.

Зургаан сартай, хөхөөр хооллодог байх үед нь эцэх эхчүүд өдөр тутамдаа хүүхдийнхээ амны хөндийг цэвэрлэх нь чухал. Хамгийн гол нь хүүхэд амны хөндийгөө цэвэрлүүлэх дадалтай болсон байх ёстой. Түүнээс биш гэнэт гурван настай болсон хойно нь шүдээ угааж сур гэвэл тухайн хэвшилд дадаж чадахгүй гэсэн үг. Нэгдүгээрт, дадалтай болох хэрэгтэй

Хоёрдугаарт, зөв цэвэрлэж сурах нь чухал" гэдгийг зөвлөсөн юм.