Өдөрт дунджаар 30 иргэн цахим залиланд өртсөний улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна.
Энэ төрлийн гэмт хэргийн бодит хохирлын дүн өнгөрсөн арван сарын хугацаанд нийт 19.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Хохирлын хэмжээг дан ганц мөнгөөр тооцох нь өрөөсгөл бөгөөд хувь хүн, түүнийг дагаад ар гэрийнхэн нь сэтгэл санааны хямралыг давхар амсаж байдаг. Иймд цахим орчин дахь сайхан санал, таатай өгөөшинд хууртахгүй байх нь өөрийгөө болон өрөөлийг хохирогч болохоос хамгаалах гол арга болно.
Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор IKON.MN мэдээллийн сайт ЦУВРАЛ нийтлэл, ярилцлагаа үргэлжлүүлэн бэлтгэн хүргэж байна.
Энэ удаад "ТикТок хаяг дагаж мөнгөө өсгөөрэй" гэх зарын дагуу даалгавар гүйцэтгэж, 23 сая төгрөгөөр хохирсон иргэний яриаг нэрийг нь нууцлан хүргэж байна.
Тэрбээр өөрт тохиолдсон асуудлыг дэлгэрэнгүй хуваалцахыг зөвшөөрснөөр дараах ярилцлагыг өгсөн юм.
-Энэ асуудал хэзээ, хэрхэн яаж эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн зургаадугаар сард...
-"ТикТок дагаж мөнгөө өсгөөрэй" гэх зарыг анх хаанаас олж харсан бэ?
-Тухайн үед Телеграмм хаягаараа кино үздэг байсан.
Кино тавигддаг болохоор нь 2-3 группт нэгдэж орсон л доо. Гэтэл миний хаяг дээр гэнэт "ТикТок дагаж мөнгө ав" гэсэн нэртэй чат групп үүсчихсэн. Дотроо бараг 3,000 гишүүнтэй байсан гэж санаж байна.
Ингээд нэг өдөр ажил дээрээ хийцгүй суухдаа тэр групп рүү орсноор бүх юм эхэлсэн дээ.
Анх даалгавар гүйцэтгээд 8,000 төгрөг авсан ч эцэстээ 23 саяыг алдахад хүрсэн.
-Анх олж авсан ашиг ийм бага байхад яагаад даалгаврыг үргэлжлүүлж мөнгөө хийх болов?
-Юуг нь нуух вэ, өөрийнхөө шуналаас л боллоо.
Нэг ТикТок хаяг дагахад 8,000 төгрөг өгч байсан. Өдөрт 24 ТикТок хаяг дагах даалгавартай.
Өдөрт бараг л 200,000 төгрөгийн нэмэлт орлого миний данс руу орно гэж бодсон.
Даалгавраа үргэлжлүүлээд цааш 300,000 төгрөгийн багцыг сонгож ороход надаас 1,000,000 төгрөг шаарддаг. Ингэснээр мөнгөө хоёр дахин өсгөж 2,000,000 болгож авах боломжтой гэж эндүүрсэн.
Мөнгөө өсгөж авахаар энэ мэтчилэн шилжүүлж явсаар 23 сая төгрөгт хүрсэн байдаг.
Гэвч даалгаврыг нь биелүүлээд буцаагаад авах гэхээр "Таны оноо хүрэхгүй байгаа тул дахиад мөнгө хий" гэдэг саналыг л хэлнэ.
Цахим залилангийн үйлдлийн арга ба хохирлын дүн:
-Цахимаар даалгавар гүйцэтгэх ажлыг хэдэн сар хийсэн юм бол. Өөрөөр хэлбэл 20 гаруй сая төгрөгөө хэдэн сарын хугацаанд хийгээд алдав.
-6-7 хоногийн дотор л... Захирлаас, дээрээс нь аав, ээж хоёроос нийт 12 сая төгрөг авчихсан. Нэмээд цалингийн зээл есөн сая төгрөг. Тэгээд аппликэйшний хоёр сая төгрөгийн зээл байдаг юм.
Одоо хувь өр зээлүүдээ бараг дараад дуусаж байна. Эхлээд хувь өрөө дуусгах бодолтой хоёр аппликэйшний зээлээ сунгаад л яваад байгаа. Харин цалингийн зээл төлөгддөгөөрөө төлөгдөөд явж байна.
-20 гаруй сая төгрөгөө цахим залиланд алдсан тухайгаа аав, ээждээ хэлж чадсан уу?
-Чадсан. Эхэндээ Телеграммтайгаа зууралдаад явж байх үед худлаа шалтаг зохиогоод “машинтайгаа аваар осол хийчихлээ” гэж хэлж байсан.
Тэр мөнгөө буцааж өгнө гээд л аав ээжээсээ авч байгаа шүү дээ. Сүүлдээ яалт ч үгүй хамаг асуудал маань мэдэгдээд үнэнээ хэлсэн л дээ. Мэдээж их зэмлэл хүртсэн.
Ийм ухаан муутай хүн төрүүлж өсгөөгүй юм сан, арай ч ингэнэ гэж бодсонгүй гэж зэмлүүлж, загнуулсан. Ер нь миний санхүү, орлого, амьдралын хэмнэл бүтэн жилээр ухарч байгаа юм л даа.
-Энэ асуудлыг цагдаад мэдэгдэж, залилагч этгээдийг олох талаас нь хөөцөлдөв үү?
-Цагдаад хандаагүй, тэр чигт нь хаячихсан. Цахим залиланд мөнгөө алдсан бусад хүмүүсийн постыг харахад “Олддоггүй”, "Бараг л ажлын гарз. Цагдаагийн газар ойр ойрхон эргэлдвэл ажлаа алдахын нэмэр" гэх сэтгэгдлүүд их байсан. Цахим залилангаас урьдчилан сэргийлье гэх нэртэй Фэйсбүүк группүүдээс уншсан.
Миний мөнгө крипто валют болоод гадагшаа гарчихсан байх. Ер нь л олох боломжгүй болдог гэсэн.
-Мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл бүгд танд байгаа юу?
-Байгаа.
-"Угаасаа олддоггүй" гэж бичсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс болоод л цагдаад хандаагүй гэж үү?
-Ер нь мөнгөө алдсаныхаа дараа цагдаа шүүх гэж явахгүй аятайхан байж байвал тэр хүмүүс миний мөнгийг өгчих юм бол уу гэж санаад. Ийм ахархан бодлоос болж хугацаа алдсан.
Тэгээд цахим залиланд өртсөн бусад хүмүүсийн сэтгэгдлийг уншаад "өөртөө л гомдохоос доо" гээд хаясан.
Яг мөнгөө авч чадахгүй болчхоод Телеграмм группийнхээ бусад гишүүнд анхааруулж хэлэх гэтэл юу ч бичиж болдоггүй, сонин.
-Хэргээ цагдаад мэдэгдээгүй. Одоо залиланд алдсан мөнгөө өөрөө дарж байгаа гэсэн үү?
-Тийм ээ, ажлаа хийгээд өөрөө л дарж байгаа.
Зургаадугаар сард залиланд өртсөн. Долдугаар сараас давхар ажил хийж эхэлсэн. Өөртөө зориулах цаг хугацаа байхгүй, найзтайгаа уулзъя гэхээр орой дараагийн ажлын цаг болчихно.
Энэ балай юманд холбогдоогүй, 23 сая төгрөгөө өөртөө зориулсан бол гэж хааяа бодно. Өөртөө л гомдох уу даа.
Тухайн үеийнхээ шокноос гарчихсан. Хоёр зэрэг ажиллаад ч дасчихлаа. Тухайн үед юун хэвлэлд яриа өгөх манатай. Хоолойгоор ч хоол давахгүй, нойр ч хүрэхгүй хэцүү. Дээрээс нь аав, ээждээ загнуулаад. Миний зовлонг ойлгож надтай ярилцах хүн байхгүй хэцүү.
Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Ерөөсөө сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй. "Ятгах тусам нягтал" гэж үг хамгийн ортой юм билээ.
-Иргэдийн гэнэн итгэмтгий байдал эсвэл нэмэлт орлоготой болъё гэсэн санаа сэдэл дээр залилагчид дөрөөлж байх шиг. Яагаад хохирогч болов гэдгээ та эргүүлээд тунгааж бодож үзэв үү?
-Миний ойр тойрноос ах, дүү, хамаатан садан ерөөсөө ийм луйварт өртөж байгаагүй. Цахим залилан гэж байдгийг бараг мэдэхгүй.
Цагдаагийн байгууллагаас цахим луйвартай тэмцэх ажилд уриалга сануулгыг өдөр болгон явуулдаг. Тэгтэл хүмүүс мэдээллүүдийг нь тэр бүр тогтож хардаггүй. Сэрэмжлүүлэг мэдээллийг тогтоод харчих хэрэгтэй юм билээ.
Үнэгүй юм гэж хулганы хавханд л байдаг юм байна.
-Тус группт нэгдэж даалгавар гүйцэтгэж элсэхдээ авсан мөнгөө, алдсан мөнгөтэйгөө харьцуулж үзвэл хэр зөрүүтэй вэ?
-Эхэлж ТикТок дагахад 8,000 төгрөг шууд данс руу орж ирсэн. Дараа нь үргэлжлүүлэхэд 100,000 төгрөг авсан ч буцаагаад 20 гаруй сая төгрөгөө өгчихсөн.
Хөдөлмөрлөж л мөнгөтэй болох юм байна. Ер нь миний санхүү, орлого, амьдралын хэмнэл бүтэн жилээр ухарсан.
23 саяа цахимаар залилуулж алдаагүй мөрөөрөө ажлаа хийгээд явсан бол машин тэрэг авчихна шүү дээ. Үгүй бол газраа нэр дээрээ шилжүүлээд хашаагаа хатгах байлаа.
-Шууд цагдаад мэдэгдээгүй хугацаа алдсан тухайгаа та хэлсэн шүү дээ. Тэр хугацаа алдсанаа тооцоолбол хэдэн хоног болсон гэсэн үг вэ?
-Сар гаруй хугацаанд мөнгө маань буцаж орж ирэх нь үү гээд...
Тэр хугацаанд админтай нь аль болох эвээр чаталсан. Урдаас их зөөлөн харьцаад "Бүх зүйл сайхан болно. Бид арга чарга хайж байгаа. Таны мөнгийг буцаахыг хичээнэ" гэсэн гоё юм яриад л …
-Гадаад хүний зурагтай илт хуурамч хаягаас утга найруулга зүйн алдаатай текст бичиж байвал анхаарах хэрэгтэйг цагдаагаас сэрэмжлүүлж байсан. Телеграммаар харилцсан админ нь ямар профайл хаягтай байсан юм бэ?
-Яг л цагдаагийн хэлж байсан шиг гадаад хүний зурагтай, бичгийн утга агуулга ч сонин. Яагаад ч юм бэ мэдэхгүй “ерөөсөө мөнгө бодогдоод л админы хаяг маяг дүүрсэн хэрэг” гэж бодоод алдчихлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!