Индэр    
50 саяын хохирогч: Байцаагч надаар доог тохуу хийж байсан. "Мөнгө чинь олдохгүй, хэргийг хаалаа" гэх мессэж л ирсэн дээ
Зураг
2025 оны 11 сарын 18
Зураг
iKon.mn Сэтгүүлч

50 саяын хохирогч: Байцаагч надаар доог тохуу хийж байсан. "Мөнгө чинь олдохгүй, хэргийг хаалаа" гэх мессэж л ирсэн дээ

IKON.MN мэдээллийн сайт залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор цуврал нийтлэл, ярилцлагаа үргэлжлүүлэн хүргэж байна. 

Цахим залиланд өртөж эд мөнгө, сэтгэл санаагаараа хохирч буй иргэдийн тоо буурахгүй байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас Монгол Улсын иргэдэд 12.8 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учраад байгааг албаныхан мэдээлсэн. 

Иймд цахим орчин дахь сайхан санал, таатай өгөөшинд хууртахгүй байх нь өөрийгөө болон өрөөлийг хохирогч болохоос хамгаалах гол арга юм.  

520 мянган төгрөгөөр бараа захиалж хохирсон иргэн, Телеграмм орчинд даалгавар биелүүлж 5 сая төгрөгөө алдсан иргэний яриаг сэрэмжлүүлэх үүднээс өмнө нь уншигч Та бүхэнд хүргэсэн билээ. 

Тэгвэл энэ удаад онлайн орчинд сурталчилгаа түгээж, 50 сая төгрөгөө залилуулсан хохирогчийн яриаг нэрийг нь нууцлан хүргэж байна.

Тэрбээр өөрт тохиолдсон асуудлыг дэлгэрэнгүй хуваалцахыг зөвшөөрснөөр дараах ярилцлагыг өгсөн юм.



-Таны хохирлын мөнгөн дүн 50 сая төгрөгт хүрчээ. Телеграмм залиланд өртсөн үү, эсвэл сугалаанд оролцож хохирсон уу. Яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болов гэдгээс яриагаа эхлэх үү? 

-2024 оны зургаадугаар сарын 11-нээс эхэлсэн. Жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 

Таньдаг хүндээ хууртаж, залилуулсан. Эхлээд надад мөнгө төгрөгийн талаар ерөөсөө хэлээгүй. Ажлынхаа хажуугаар хийх боломжтой, онлайн орчинд сурталчилгаа түгээж, түүнээсээ үнэлгээ авдаг ажил байна гэсэн. Үнэхээр боломжийн санал шүү л гэж ятгадаг. 

Одоо бодоход аль болох нааштай хариу авах гээд янз янзын аргаар үзсэн байна билээ. Ингээд л итгэл төрсөн. 

-Тэгэхээр цахимаар сурталчилгаа хийнэ гэсэн үг үү? 

-Тийм ээ. Анхандаа бага багаар мөнгө авдаг. Сурталчилгаа хийгээд таван хошуу тэмдэг цуглуулдаг ажил. 

-Эхлээд та хэдэн төгрөг оруулсан юм бэ. Яаж яваад 50 саяд хүрчхэв. 

-700 мянган төгрөг оруулсан. Нийт 30 удаагийн сурталчилгаа хийх ёстой.

Би 17 дахь сурталчилгаан дээрээ очиход "Мөнгөө оруул. Сурталчилгаа нь хоёр дахин өслөө" гэсэн. Мэдээж тухайн үед "мөнгө хиймээргүй байна" гэдгээ хэлсэн л дээ. Гэтэл "Мөнгө тань буцаад хуримтлагдаад ороод ирнэ" гэхээр нь итгэсэн. Тэгээд л хийчихсэн.

Цагаа тулахаар хүн их тэнэг болчихдог юм билээ. Энэ мэтчилэн дахин давтаж мөнгө оруулсаар ердөө сарын дотор 50 саяыг...

Алдсан хойно ухаардаг гэдэг шиг хамаг байдгаа өгсний дараа юунд өртсөнөө ухаарсан. 700 мянган төгрөгөөс эхэлж даамжирч явсаар 50 сая төгрөг болчихсон. 

-Тэр од цуглуулдаг сурталчилгааг нь Та зөвхөн Фэйсбүүкээр дамжуулж хийж байсан уу? 

-Фэйсбүүк, Телеграмм аль алинаар нь харьцаж байсан. 

-Үндсэн 50 сая төгрөг чинь хэдэн төгрөг болж буцаж ирэх байсан бэ. Ашиг нь юу байсан болоод та орсон юм бэ?

-Тодорхой хэмжээнд хувь бодогдоод 10 гаруй сая төгрөг нэмэгдэнэ гэсэн.

Үндсэн ажлынхаа хажуугаар 2-3 хан цагийг зарцуулаад хийх боломжтой юм байна. Орчин цагт сошиал ертөнц хөгжчихсөн. Дээрээс нь дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс ийм ажлыг давхар хийдэг гэсэн ойлголтыг төрүүлсэн. 

Тэгээд "хүмүүс сошиал маркетинг хийж мөнгө олно" гэдэг нь энэ юм байхдаа гэж бодсон. Хүмүүс сурталчилгаагаар ингэж мөнгө оллоо гэж ярьдаг шүү дээ. 

Дээрээс нь надад тэр газрын сурталчилгааны хүлээн зөвшөөрөгдсөн гэх тамга тэмдэгтэй гэрчилгээний зураг явуулж байсан.

-Зарим тохиолдолд залилан гэдэг нь илт мэдээлэлд иргэд итгэж, хууртаад байна л даа. Таны хувьд чухам юунд нь итгэсэн юм бэ? 

-Таньдаг хүн учраас "арай ч хуурч, хулхидахгүй байх" гэж итгэсэн. 

Энэ асуудлаас болж гүн шоконд орсон. Сэтгэл санаагаар унаад хоол ч хоолойгоор давахгүй нойрны эм уух гэж хүртэл үзсэн, үнэхээр хэцүү.  

400, 500 мянган төгрөг гэвэл яах вэ, бүхэл бүтэн 50 сая төгрөг. Зүгээр нэг хүн май гээд өгчихгүй шүү дээ.

Тэр мөнгийг олох гэж яаж хөлс хүчээ урсгаж, хэдэн жил цуглуулсан билээ дээ. Нүд ирмэхийн зуургүй мөнгөө алдсан болохоор хэн ч тайван байж чадахгүй. Нөгөөхөө бодоод сэтгэл тогтдоггүй юм билээ.

Намайг залилсан хүн олдчихоосой гэж үргэлж бодно. Нойр ч хүрэхгүй шөнийн 04:00, 05:00 цаг хүргэнэ, хоол хоолойгоор давахгүй. 

Турна, сэтгэл санааны гүн хямралд орно. Энэ бүхнийг даван туулахын тулд янз бүрийн арга хэрэглэж үзлээ. 

-Алдсан 50 сая төгрөгөө одоо өөрөө дарж байгаа юу. Хэргийг нь мөрдөн шалгах ажил үргэлжилж байна уу? 

-Миний хэргийг цагдаа хаачихсан. 

Хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалсан, бизнесийнхээ ашиг орлогоос тийшээ хийсэн байгаа. Дээрээс нь ах дүү, хамаатан саднаасаа мөнгө авчихсан байсан. 

Алдсан 50 сая төгрөгийн тал хувь нь дандаа энд тэндээс авсан мөнгө. 

Одоо хүртэл тэр өр зээлээ цалингаасаа дарж яваа. Цалин орлоо зээл татлаа. Яг өөртөө зориулж наасан юм юу ч алга. Олигтой хувцас хунар ч авсан юм байхгүй. Зээлээс зээл, өрнөөс өрийн хооронд амьдарч байна. 

Би бизнес эхлүүлээд эсвэл бодитой юм худалдаж аваад түүнийхээ зээлийг төлж байгаа бол санаа амар байх сан. Залилуулсан мөнгөө төлж байгаа гэж бодохоор л гол харладаг. 

Хөндлөнгийн хүний нүдээр харвал залилуулсан хүмүүсийг "шуналтай" л дүгнэдэг юм билээ. 

Өөрийн шуналаасаа болоод ийм хэрэгт орооцолдож, мөнгөө өглөө л гэж буруутгадаг. 

Хүн хэзээ ч, яаж ч бодсон алдъя гэж юм хийдэггүй шүү дээ. Зовж олсон мөнгөө үрэн таран хийгээд өгье гэж хэн ч бодохгүй. 

Тэгээд л буруутгахдаа "эд нарын шунал нь дийлдэхгүй" гэдэг. Цагдаа нь хүртэл миний хэргийг сонсоод инээж хөхрөөд үл тоомсорлосон байдлаар хандсан. 

-Хэргийг нь хаачихсан гэсэн үү. Ямар үндэслэлээр хааж байгаагаа тайлбарласан уу? 

-Амьхандаа гарц гаргалгаа хайх гэж зөндөө явсан. Цагдаа шүүхэд ажилладаг таньж мэддэг хүмүүстээ ч хэлсэн. Ерөөсөө хэлдэг үг нь "Өргөдөл бичээд өгчих, наад асуудал чинь шийдвэрлэгдэнэ" гэдэг. 

Тэгээд ямар данс руу мөнгө явуулсан бүх мэдээллээ гараар ярайтал бичээд гүйлгээний утга дээрээ юу гэж бичсэн зэрэг баримт материалаа бүгдийг нь өгсөн. 

Цагдаад хандахад байцаагч нь урдаас доог тохуу хийгээд "Энэ ч бараг олдохгүй дээ. Ямар ч байсан дээшээ мэдүүлье" гэсэн. Үнэндээ шүүх, цагдаад итгэх илтгэлгүй болсныг л хэлье. 

-Банкны ажилтантай уулзсан уу, мөнгөө шилжүүлсэн дансыг нь барилт хийх боломж байгаа эсэхийг лавласан болов уу? 

-Банктай ярьж үзээгүй ээ. Цагдаагаас "бид нар өөрсдөө хөөцөлдөнө" гэснээ "хэргийг хаасан" гэж мессэж бичээд л таг.

 Хамгийн аймар нь өргөдлөө өгөөд хэдхэн хоногийн дараа "хэрэг хаагдлаа" гэсэн мессэж ирсэн. 

-Хэргийг нь хаасан үндэслэлийг юу гэж тайлбарласан бэ? 

-Олдох боломжгүй гэсэн. Цахимаар луйвардуулсан олдох боломжгүй гэнэ лээ. Хоёр дансны мэдээлэл бүх баримтыг өгсөн ч олдохгүй ээ л гэж хэлсэн. 

Өмгөөлөгч хуульч аваад хувиараа хөөцөлдөөд явъя гэхээр заавал хоёр, гурван сая төгрөг өгч байж лавшруулж хөөцөлдөх боломжтой юм билээ. 50 саяа алдчихаад дахиад 2-3 сая төгрөгийг хэнээс хаанаас олж өгөх вэ. 

Мөнгөө олж авах гээд тэр хооронд олон хүнтэй холбогдсон. Хэргээ шалгуулж даамжруулж лавшруулаад явъя гэхээр цаг хугацаа их орох юм билээ.

Нөгөө нь Ганболдын Халиун гэсэн нэртэй. Тэр нь дансандаа 500 сая төгрөгийн орлого орсон байдаг. Дандаа мөнгө ордог данс байсан. Байнгын орлоготой зарлага байхгүй. 

-50 сая төгрөгөө хийсэн дансны мэдээллийг шүүлгэж үзсэн үү?

-Хоёр дансыг шүүлгэсэн л дээ. Нэг нь дандаа орлого орсон данс, бараг 500 сая төгрөгийн мөнгө орсон байна лээ. 

Нөгөө нь trade.mn гэх арилжааны төвийнх байсан. 

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав
Цагдаагаас "арилжааны төвийг шалгадаг ганцхан хүн байдаг. Тэр нь эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Эргээд хариу хэлье" гэсэн. Ингээд буцаад цагдаагаас хариу хэлэх байх гэж арав гаруй хоног хүлээсэн. Гэтэл утсанд "Таны хэргийг хэрэгсэхгүй болголоо" гэж мессэж ирсэн. 

Мөрдөгч нь "мөнгө чинь олдохгүй ээ" гэснээ утсаа тасалчихсан. Миний хэрэг бүр задарчихсан шүү дээ.

Уг нь тэнэг байдалд орохгүйн тулд өөрийгөө нууцлаад өгөөрэй гэсэн чинь миний хувийн мэдээлэл задарсан байсан. Бусад хүмүүсийн чихэнд хүрчихсэн. Тэр цагаас хойш цагдаа шүүхэд итгээгүй. 

Дээр нь надаар маш их доог тохуу хийсэн. Мөрдөн байцаагч нар нь бие биедээ дамжуулаад л хувь хүний нууц гэдэг зүйл огт байхгүй. Иргэдийгээ шууд буруутгадаг юм билээ. 

-Дүүргийн цагдаа байсан юм уу? 

-Тийм ээ. Дүүргийн цагдаа. Хүний хэрэг төвгийг шийдээд өгье гэчхээд цагдаа нь хүртэл залилаад сурчихсан.

Би хэргээ шийдүүлэхийн тулд цагдаад хүртэл 300 мянган төгрөг өгсөн. Таныг залилсан хүнийг чинь олоод өгье, 300 мянган төгрөг данс руу хийчих гэхээр нь итгээд. 

Давхар цагдаад 300 мянган төгрөг явуулсан л даа. Тэгсэн хэрэгтэн нь олдсон ч юм байхгүй, мөнгөө өгсөн ч юм байхгүй. Зураг хөрөг, дансны дугаар бүгд надад бий. Бүх баримтаа хадгалчихсан. 

-300 мянган төгрөг аваад алга болсон цагдаагийн талаар эргээд цагдаад нь гомдол мэдүүлсэн үү? 

-Мэдүүлээгүй. 

-Таньдаг хүн чинь сурталчилгаа хийдэг энэ ажлыг танд санал болгосон гэсэн. Тэр хүнийг цагдаа шүүхэд давхар өгсөн үү? 

-Мэдээж өгсөн. 

-Тэр хүнд хүлээлгэх хариуцлага гэж байна уу, эсвэл одоо сул чөлөөтэй явж байгаа юу? 

-Сул чөлөөтэй яваа. Тэр хүн ерөөсөө олдохгүй байна гэсэн. Энэ хүнийг олоод өгөөч гэж нэг хувийн мөрдөгчийг хүртэл гуйж, мөнгө өгсөн. Олж өгье гээд мөнгө аваад бас таг. 

Надаас 200 мянган төгрөг авсан. Тэгсэн чинь намайг эргүүлээд сүрдүүлсэн. "Хүний хувийн мэдээллийг олж авах гэсэн гээд намайг шүүхэд өгнө" гэнээ.  "Би ч чамайг өгье. Чи ч намайг өг" гэсэн. Тэгээд л бас блоклоод алга болсон. 

Тэр хооронд үнэндээ цагдаад ч хулхидуулаад хувийн мөрдөгчид нь ч хулхидууллаа. Сүүлдээ бүр итгэл алдарчихдаг юм билээ. 

Хувийн мөрдөгч гэсэн нэртэй залилагч нар ч байна. Хувийн мөрдөгч хийж "залилсан хүнийг чинь олж өгнө" гэсний цаана хүртэл цагдаа нар байна. Би хоёр удаа залилуулсан. 

-Одоо давхар хэдэн зээл төлж байгаа гэсэн үг вэ? 

-Одоо 3-4 төрлийн зээл төлж байгаа. 

Өөрийн нэр дээр тавьсан банк бусын хоёр төлөлт байгаа. Эгчийнхээ нэр дээр тавьсан дахиад банк бусын төлөлт байгаа. Нийтдээ гурван төрлийн зээл төлж байгаа гэсэн үг. 

Төрсөн ахдаа бас 15 сая төгрөгийн өртэй. 

-Өр зээлээ төлж, амьжиргаагаа залгуулахын тулд хэдэн ажил хийж байгаа вэ? 

-Хоёр ажил хийж байгаа. Ер нь монголчууд өөрсдөө хүнд айхавтар итгэдэг юм байна.

Яг өөр шигээ санаад "Энэ тийм хүн биш дээ" гэдэг бодлоос болоод л хохирдог. Тэгэхээр хэнд ч итгэж болохгүй. Ойр дотны хамаатан садан, найз нөхөд байсан ч бүү итгэ. Хүнээс хүнд давхар мөнгө авч өгч хэзээ ч болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. 

Хүнд итгэж өөрсдийгөө бүү зовоогоорой. Сэтгэл санаагаар унаж, амиа хорлох талаар хэзээ ч бүү бодоорой. Зээл бол дарагдана. Амь бол хэзээ ч олдохгүй гэдгийг ойлгосон. 

Ийм их мөнгөний дарамтаас өөрийгөө чөлөөлөх арга нь ерөөсөө л амиа хорлолт гэдэг ганц бодол л төрдөг юм билээ.

Тэр үед  "Өр зээлийг дарж болдог юм аа. Харин амь насыг олж авч чадахгүй ээ" гэж ах минь тайтгаруулж байсан.

Үлдэж байгаа үр хүүхдээ бод гэж ах минь хэлсэн. 

Сэтгэл гутрал, гүн хямрал, нойргүйдэл энэ бүхнийг хүн ганцаараа л туулдаг юм байна. Бие янгинах болгондоо амь биш заяа биш гэж бодно. Хүн сэтгэлийн хаттай л байх ёстой юм билээ. 

Би өдөр болгон цахим залилангийн талаар мэдээ хардаг. "Худлаа шүү, хэзээ ч битгий итгэ" гэж Фэйсбүүкийн зарим хуурамч зар болгоны доор бичдэг. 

Одоо бүр карт хусаад тэдэн төгрөг гээд л сугалааны залилангийн лайв яваад байгаа. Тэр чинь Фэйсбүүкт өдөр болгон орж ирнэ. 

Саяхан хүртэл манай найз 19 сая төгрөгөө Телеграмм залиланд алдсан байна. Уг нь нягтлан, гүйлгээ ухаан сайтай хүн. Би ч өмнө нь өөрийнхөө асуудлыг яриад сануулсан юм л даа. 

Тэгээд бас алдсан мөнгө нь олдохооргүй болчихсон гэсэн. Нэг нэгнийгээ яг сүлжээ шиг оруулаад л явдаг юм билээ. Мөнгөтэй гэсэн хүмүүсийг, дажгүй ажил хийдэг, албан тушаал хашдаг, цалин өндөр авдаг  хүмүүс рүү л сүлжээ шиг чиглэдэг болчхож. 

Ингэж мэдээллээ дамжуулж нэг нэгнийгээ оруулдаг болжээ. 

-Цахим залилангийн эрсдэлийн талаар цагдаагаас ч сэрэмжлүүлээд хэвлэлээр ч нэлээд мэдээлэл түгээж байна л даа. Гэвч хохирч буй иргэдийн тоо төдийлөн буурахгүй байна. Та ч бас найздаа сэрэмжлүүлсэн ч хохирсон байна л даа. Энэ нь яг юутай холбоотой юм бол? 

-Хүн мөнгөгүй болчихоороо амар хялбараар мөнгө олох сэдэл төрдөг шүү дээ. Яаж илүү амар хялбар аргаар мөнгө олох вэ гэж бодсон байх.

-Мөнгө санхүү эдийн засагтай холбоотой мэдээлэлдээ маш хянуур, муу санаатай байхгүй бол эрсдэлтэй байх нь? 

-Хүнд хэзээ ч битгий итгээрэй.

Ариун цагаан хөдөлмөрөөр зовж олсон мөнгөө хэдхэн цагийн дотор үгүй хийх чинь өөрийн гэнэн итгэмтгий зангаас болдог юм билээ.

-Нэгэнт мөнгөө оруулсан бол нөгөөхөө буцааж олж авахын тулд хамаг байдгаа хийсээр байгаад алдаж байгаа шүү дээ, тийм үү? 

-Эхний мөнгөө оруулсан гэдэг бодлоор битгий дахин дахин мөнгө хийгээрэй.

Эхлээд 10 гаруй сая, дараа нь 20 гаруй саяыг оруулчихсан. Тэгээд л больчих ёстой байтал өмнө нь оруулсан мөнгөө заавал буцааж авна гэсэн бодолтой. Залилагч нар бүр хүнийг тархиддаг юм билээ. 

Түрүүчийнхээ мөнгийг л олоод авчихвал болно гэсэн сэтгэхүйгээс болоод дахин дахин мөнгө хийх нь алдаа юм билээ. Дахиж ийм залиланд өртөж, хэн нэгэн хүн амиа хорлож хэн нэгэн хүн энэ даваагаа давж чадахгүй битгий хохироосой.

Фэйсбүүкээр хүртэл мөнгө асуусан хүн ч залилуулсан байдгийг анхаарах хэрэгтэй. Хүмүүс Фэйсбүүкээ маш их хакердуулж алдаад залилангийн хэрэг маш их гарч байна. 

Их хэмжээний мөнгө алдаж, сэтгэл санаагаар гутарсан хохирсон иргэдийг цагдаа нар яагаад дахиад тоглолт хийж байна вэ. Ёс суртахууны хувьд байж боломгүй санагдаж байна. 

-Та анхандаа залилан гэж ерөөсөө бодоогүй юу. 50 саяыг нэг сарын дотор хийгээд алдана гэхээр ...

-Залилан гэж бодоогүй. Таны хийсэн бүх мөнгө хуримтлагдсан. Та яалт ч үгүй зар сурталчилгаагаа дуусгаж байж л энэ мөнгөө авна гэсэн, дараа нь блоклоод алга болсон. 

Өөрөө энэ бүх зовлонг нь мэддэг болохоор нэг ч гэсэн хүн битгий хохироосой гэж бодож байна.