Индэр    
2022 оны 5 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Бат-Эрдэнэ: Нэг нүх ухаад мод суулгах нь "Мод тарих" гэдэг ажлын таван хувьд ч хүрэхгүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хүн амьдралдаа заавал хийх ёстой үйлийн нэгийг мод тарих гэлцдэг. Магадгүй газрын хөрсөнд тарьж ургуулсан ганцхан ширхэг мод хүртэл байгаль экологид асар эерэг нөлөө үзүүлдэг ид шид учраас ийнхүү чухалчилдаг болов уу. 

Хаврын тариалалт эхэлсэн энэ өдрүүдэд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдэд мод тарихыг уриалж, "Байгалиа бүтээе" нэг сарын хугацаатай нөлөөллийн аяныг зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор хашаандаа 20,000 гаруй мод суулгаж, ургуулсан үлгэр жишээ иргэнийг онцолж, бидэнтэй уулзуулсан юм. 

Ингээд сүүлийн 10 гаруй жил өөрийн сонирхлоор зуслангийн хашаандаа мод тарьж, ургуулж буй иргэн Ц.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

- 10 гаруй жил мод тарьж буй иргэний хувьд мод тарьж, ургуулахын хамгийн хэцүү нь юу вэ?

- Мод тарих амархан ч ургуулах нь хамгийн хэцүү. Энэ тухай мод тарьж үзсэн хэн бүхэн мэддэг байх.

Би холбооны инженер мэргэжилтэй ч сүүлийн 10 гаруй жил ажлынхаа хажуугаар энэ газарт өөрийн сонирхлоороо мод тарьж, ургуулж байна. Гэхдээ анх суулгасан мод бүхэн маань нэг жигд сайхан ургачхаагүй. Асар их усалгаа, арчилгааны үр дүнд өнөөдрийн 20,000 гаруй мод ургаж байгаа.

Тиймээс бид мод тарина гэж ярихаас илүү модыг ургуулна гэж ярьж дасах нь зөв санагддаг юм.

- Анх яагаад ийм олон мод тарья гэж шийдсэн бэ. Хэчнээн төрлийн мод байгаа тухай ярихгүй юу?

- Салхи, шороон шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл олон гарч байна. Энэ бол байгалийн бидэнд хэлээд буй дохио гэж боддог.

Одоогоос 10 орчим жилийн өмнө энэ уулын амаар айлуудад газар өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, уулын ам тэр чигээрээ нүхэн жорлонтой болох нөхцөл бүрдэхээр байсан гэсэн үг. Тиймээс үүнтэй зэрэгцэн бага ч гэсэн газар модтой байлгая гэж санаж, энд газар аваад мод тарихаар шийдвэрлэж байсан.

Өнөөдрийн байдлаар нийт 10 га газарт чацарганын мод, нарс, шинэс, гацуур, улиас, монос, агч, гүйлс, буйлс зэрэг 10 гаруй төрлийн мод тарьсан байна. Нийт тарьсан модны хамгийн олон нь буюу 8,000 орчим нь зөвхөн чацарганынх. Түүнээс одоогоор 3,000 орчим нь жимс өгдөг.

Харин хамгийн гоё, өндөр ургасан нь нарс мод бөгөөд нийт 1,500 орчим нарс бий.

Мод тарьчхаар амьтад хүртэл дагаад хашаанд орж ирдэг юм билээ. Үнэг, хярс, туулай зэрэг амьтад хашаанд байнга орж ирэхээс гадна олон гоё шувуу цуглардаг

Мөн модны усалгаа, хөрсний чийгтэй байдлаас шалтгаалж өвс, цэцэг дагаад сайн ургана. Намар болоход метр шахам өндөр ургачихдаг өвсийг энэ хавийнхан маань хадландаа зориулж авдаг юм.

Өнгөрсөн жил гэхэд дээрх төрлүүдээс нэмж 3,000 орчмыг тарьсан. Ингэхдээ байшингаасаа холгүйхэн моносны цэцэрлэгтэй болох санаагаа хэрэгжүүлсэн. Учир нь сүүлийн үед цэцэгтэй мод түлхүү тарихыг зорьж байгаа.

Модноос гадна хашаанд маань "өвөлждөг" гүзээлзгэнэ ч бий.

- Энэ жил нэмж мод тарих уу. Одоо эд тариалалтын үе ирсэн байна?

- Мод тарихдаа эхлээд мод тарих газраа бэлдсэн байх, дараа нь ажиллах буюу арчлах хүнээ бэлдсэн байх хэрэгтэй гэдэг юм билээ. Гэхдээ надад энд ажиллах хүн олдохгүй байгаа.

Нэгэнт хүн хүч олдохгүй байгаа учраас би энэ жил модны үрсэлгээ хийж үзэхээр төлөвлөсөн. Гэхдээ зарж борлуулахгүй, зөвхөн эндээ тарих зорилготой.

Тухайлбал, энд нийт 1,200 орчим навчит модны үрсэлгээ хийж байгаа юм. Мөн улиас, бургас, монос зэрэг модны үрсэлгээ бий.

Навчит мод мөчрөөр үрсэлдэг бол шилмүүст мод зөвхөн үрээр ургадаг.

- Ер нь мод тарихад юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Би бусдад зөвлөнө гэхээс илүү бусдаас суралцдаг төрлийн хүн. Тиймээс өөрөө мод тарихдаа ч интернэтээс, эсвэл цахим сүлжээнд хүмүүсийн бичсэн зөвлөгөөг дагадаг.

Өөрөөр хэлбэл, би хүмүүст зааж сургахаар хэмжээний туршлагатай биш. Өөр ажил эрхэлдэг учраас зөвхөн хавар, зуны улиралд л эндээ байнга байхыг боддог.

Анх бүр хэрхэн мод тарих учраа олохгүй экскаватораар нүхийг нь ухуулж бүтэлгүйдэж байсан ч удаатай. Дараа нь түүнийгээ янзлаад, жижиг гар өрмөөр нүхийг нь ухаад моднуудаа суулгаж байсан.

Тиймээс миний бодлоор, мод тарина гэдэг суулгах нүхийг нь л зөв хэмжээтэй ухахаас эхэлнэ. Ямар мод тарих, тухайн модны үндэс хэр хэмжээтэй байгаагаас шалтгаалж, нүх нь төдий чинээ том бөгөөд гүнзгий байхыг нь тооцдог. Түүнээс биш яг ижил хэмжээний нүх ухаад шууд суулгачхаж болохгүй. Бордоо хийж, тухайн модоо аргадаж ургуулах хэрэгтэй. 

Түүнчлэн усалгаа, арчилгаа хамгийн чухал. Ер нь модыг эхний 2-3 жил маш сайн усалж, тордох шаардлагатай байдаг.

Бордооны тухайд, би голдуу ясны бордоо, гумины бордоо хэрэглэдэг юм. Модоо суулгахаасаа өмнө гумины бордоотой усанд 1-2 хонуулж байгаад хөрсөнд нь суулгавал илүү сайн ургадаг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та мод усалгаагаа хэрхэн шийдсэн бэ?

- Гүний худгаас усаа татаж, сувагчлах хэлбэрээр моднуудаа усалдаг. Олон мод учраас заримдаа услахад их хэцүү. Усны сувагчлал хүрэхгүй газраа усаа зөөврийн саванд хийгээд жижиг машины чиргүүлээр зөөгөөд гараар усална.

Уг нь цас ихтэй жил шар усыг нь цуглуулаад модоо усалдаг юм. Гэхдээ энэ өвөл цас муу байсан учраас гүний усаар услахаас өөр аргагүй. Хэдийгээр би гүний худгаас ус авч, модоо усалж байгаа ч энэ тарьсан моднууд маань эргээд хэрэглэсэн хэмжээнийхээ усыг байгальд хуримтлуулчих болов уу гэж боддог.

- Модыг үүрээр эсвэл нар жаргах алдад усалбал сайн гэж ярьдаг юм билээ.

- Хүмүүс тэгвэл сайн гэж ярьдаг ч би энд байнга суурин байдаггүй учраас аль болох боломжтой цагтаа л усалдаг. Мод анх усалгаа хийлгэж сурснаараа ч дасчихдаг байж магадгүй. Мод бүр өөр өөрийн онцлогтой шүү дээ.

Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ өлсгөчихгүйн тулд чармайдаг. Мод хүүхдээс ялгаагүй учраас би модоо "өлсгөчихгүй" юм сан гэж л санаж, усалгаа сайн байлгах гэж хичээдэг. Ингэхдээ хөрс нь чийгтэй эсэхийг байнга шалгаж, усалгаагаа тааруулдаг.

Харин үхрийн нүд жимсний модыг эрт усалж болдоггүй юм билээ. Би өмнө жил эрт услаад хаширсан. Уг модыг эрт усалчхаар төдий хэмжээгээр эрт жимсээ өгөх гээд байдаг тал бий. Гэтэл зургаадугаар сарын эхний бага зэрэг хүйтрэлтээр жимс болох гэж байсан хэсгүүд нь уначихсан.

Туршлага судлахад, ер нь гадаа тарьдаг цэцгүүдийг ч зургаадугаар сарын эхний хүйтрэлт өнгөрөөж байж тарих нь зөв гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан.

- Сүүлийн үед "Тэрбум мод" хөдөлгөөн орон даяар өрнөж, албан байгууллага, айл өрхүүд олноороо мод тарих боллоо. Та уг хөдөлгөөний талаар ямар бодолтой байна вэ?

- Дээр дурдсанчлан модыг тарих амархан ч ургуулах нь хэцүү. Тиймээс зүгээр, суулгаад орхих нь хангалтгүй. Гол нь тухайн модны ургах нөхцөл, ямар мод хаана илүү сайн ургах вэ гэдгийг нь бодолцож, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарих нь зүйтэй болов уу.

Гэтэл ус ч байхгүй газар сонгоод баахан мод суулгачихдаг. Дараа нь тэрийг хэн усалж, арчлах вэ гэдэг гол зохион байгуулалтын ажил нь тодорхой бус харагдаж байна.

Түүнээс гадна, мод тарина гэдгийг мод шилжүүлэн суулгахтай хольж хутгаж болохгүй. Мод тарьж ургуулна гэдэг шилжүүлэн суулгахаас огт өөр зүйл.

Миний ажиглаж байгаагаар, манайд ихэнхдээ мод шилжүүлэн суулгах ажил л явагдаад байна.

Уг нь модыг шилжүүлэн суулгаж болдог. Гэхдээ энэ нь маш бэлтгэлтэй байх ёстой буюу үндсийг нь яаж гэмтээхгүйгээр ухаж авахаас эхлээд маш хянамгай байх ёстой нарийн ажил.

Тухайлбал, би өнгөрсөн жил өөрийн мод тарьсан талбайн нэг талаас нөгөө тал руу хэдэн нарс шилжүүлэн суулгасан юм. Тэднийг хэчнээн сайн бордож аргадсан ч хуучин газартаа ургаж байсан нарснуудтайгаа харьцуулбал илтэд ургалт нь муудсан. Шилжүүлж суулгана гэдэг ийм үр дүн муутай.

Үрсэлгээнээс нь аваад нэгэнт газрын хөрсөнд тарьсан модыг шилжүүлэн суулгавал үндэсний нарийн системийг нь гэмтээх аюултай. Харин бүр жижиг модыг л харьцангуй гэмтээхгүйгээр аваад шилжүүлэн суулгах боломж бий.

Тэрбум мод тарих хөдөлгөөний санаачилга хэчнээн зөв ч бэлтгэл нь хангагдаагүй зарлачихсан болов уу гэж харж байна. Уг нь үүндээ зориулаад бэлтгэл ханган тодорхой хэмжээний үрсэлгээ, суулгац бэлдээд, усалгаа хийх худаг зэргийнх нь зургийг нь гаргаад усалгааг ямар байдлаар хийхийг нь төлөвлөөд эхлэх хэрэгтэй байсан байх.

Мод тарихын анхаарах хамгийн гол зүйл бол тухайн модны хоол болох усалгааг нь хаанаас нь яаж татаж хийх вэ гэдэг нь л чухал. Нэг нүх ухаад мод суулгах нь мод тарих гэдэг ажлынхаа таван хувьд ч хүрэхгүй.

Мод тарьж ургуулна гэдэг шилжүүлэн суулгахаас огт өөр зүйл

- Тэгвэл модыг зөвхөн үрсэлгээ, үрээр л тарих нь үр дүнтэй юм байна. Тийм үү?

- Тийм. Монголд маш олон мод үржүүлгийн газар бий. Тэдэнд эдийн засгийн хөшүүрэг өгч, суулгац, үрсэлгээг нь бэлдүүлээд дараа нь тэднээс тодорхой хэмжээний үнээр нь аваад суулгавал арай урт настай, ургах чадвар нь сайн мод бий болно гэж бодож байна.

Тухайлбал, Сэлэнгийн Ерөө, Дорнодын Баян-Уул гээд олон газар хүмүүс нарсны үрсэлгээг маш гоё хийсэн байна. Гэтэл тэндээс үрсэлгээ авдаг хүмүүс нь цөөхөн юм билээ.

Тиймээс манайхан хэрвээ мод тарихаар шийдсэн бол үрсэлгээ хийж байгаа хүмүүсээ дэмжээд жижиг мод тарих нь зөв болов уу гэж бодож байна. Учир нь жижиг мод дасан зохицох, ургах чадвар нь том модноос хамаагүй сайн байдаг.

Гэхдээ надад нэг удаа үрсэлгээний мод гээд уулын жижиг моднууд авчраад өгчихсөн байсан.

Манайхан аль болохоор нэг ажил хийхдээ нөгөө хэсгээ дэмжих байдлаар явж, үргүй зүйл хийхгүй байх хэрэгтэй. Нэг зүйлд хөрөнгө оруулахад нөгөө хөрөнгө оруулалт нь хүчингүй болох ёсгүй. Мод тарих ч үүнтэй адил. Тарьсан бол ургуулахад нь л анхаарах ёстой.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Тэгвэл хашаандаа мод тарих боломжийн талаар хүмүүст хэлэх зүйл байна уу?

- Хашаандаа мод тарихын ач холбогдол, гоё сайхныг хүн бүр мэддэг болохоор энэ удаа дурдахаа алгасъя. Гол нь энэ асуудалд иргэдэд урам өгөх төрийн бодлого хэрэгтэй байх.

Учир нь өнөөдөр манайд мод тарихаас илүү асуудал олон байгаа болохоор 20, 30 хан настай залуус хашаа байшин аваад мод тарьж амьдрах биш, орон сууцанд амьдрахыг илүүд үзэж байна.

Магадгүй гэр хорооллын нэг айл хашаандаа сайхан гоё мод тарья гэсэн ч хар шороо зардаг газар нь цөөхөн, тэр нь үнэтэй байх жишээний.

Өнөөдөр Монголд цөөхөн хүн татвар төлж, тэр дээр нь нэмж баахан хүн зээл хийдэг. Зүгээр ч олгохгүй тэр зээлийнх нь дундаас олуулаа цавчдаг байдал нууц биш болчихлоо.

Тиймээс манайхан гол нь бүгд амьдралд хандаж буй хандлагаа нэгдүгээрт өөрчлөх хэрэгтэй байх.

Түүнээс биш өөрсдийнхөө амьдарч буй алга дарам газраа нүдэнд дулаахан, сэтгэлд сайхан, орчиндоо ээлтэй байдлаар тохижуулах хүсэл, боломж нь бий шүү дээ.

Хоёрдугаарт, миний бодлоор гэр хорооллыг моджуулна гээд яриад байгаа нь энэ маягаараа явбал боломжгүй. Үрсэлгээг нь үнэгүй болгосон ч өдрийнхөө хоолыг олох гэж завгүй зүтгэж байгаа хүн хол худгаас мөнгөөр ус зөөгөөд модоо услаад байхгүй. Тийм учраас гэр хорооллын худгийг олон болгох хэрэгтэй.

Бүр халамжийг бодлогоор иргэдэд өгдөг шигээ мод услах усыг нь үнэгүй болгочиход яах вэ дээ. Мод тарихад гол нь усалгаа хийх, арчлах нь чухал.

- Ярилцсанд баярлалаа.