Индэр    
2022 оны 4 сарын 22
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Л.Нинжбат: Банканд эзэмших дансны нэвтрэх нэр, нууц үг, картын нууц дугаар зэргийг Монгол Улсын хууль тогтоомжоор өвлүүлдэггүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амьд ахуйдаа гэрээслэл үлдээхийг "цээрлэл" хэмээн үзэх хандлага манай нийгэмд түгээмэл ажиглагддаг. Өвлөх соёлыг мухар сүсэгтэй холбож ойлгох нь ирээдүйд олон сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй. Зарим тоон мэдээллийг дурдвал, 2022 он гарснаас хойш улсын хэмжээнд ердөө зургаан гэрээслэл үйлдэгджээ. Харин 2021 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 20 гэрээслэл улсын бүртгэлд тэмдэглэгдсэн байгаа юм. Үүнээс харахад, гэрээслэл ба өв залгамжлалд бид хайнга хандсан хэвээр буйг илтгэж байна.  

Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь /2021 он/-д “Гэрээслэл нь насан эцэслэсэн тохиолдолд эд хөрөнгөө захиран зарцуулах зорилгоор үйлдсэн онцгой хэлцэл...” гэж  тодорхойлжээ. Харин монгол хэл бичгийн дэлгэрэнгүй тайлбар тольд “гэрээслэл”-ийг “захиас” гэсэн утгаар хэрэглэж байсан талаар тайлбарласан байна. Гэрээслэл нь гэрээслэл үйлдэх замаар нас барсан тохиолдолд өвлүүлэгчийн эд хөрөнгийг захиран зарцуулах арга гэдгийг УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам хэлсэн юм.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын эхээс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өв залгамжлалаар 6,220 өмчлөх эрх шилжжээ. Тодруулбал,

  • Нийслэлд 3,234
  • Орон нутагт 2,986 бүртгэлийг хийсэн байна. Иргэдийн зүгээс эд хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгох,  өвлүүлэгчийн өвөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах маргаан өв залгамжлалаар эрх шилжүүлэхэд түлхүү гардаг.  Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хүрээнд энэ төрлийн гомдол, маргаан голчилж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өгөв.

"XXI зууны эхэн үеэс хүн амын дунд бийлэгжүү хөрөнгөтэй бизнесмэн цөөнгүй төрж, улмаар өвлөх соёлыг таниулах шаардлага үүссэн"

зураг
 
Хувийн архив

Өвлөх соёлын талаар хуульч Л.Нинжбат "Өрнөдийн хөгжилтэй улс орнуудад “өвлөх соёл” гэх ойлголт байдаг. Өвлөх соёл гэдэгт юуны түрүүнд өмч хөрөнгөө нас барсныхаа дараа хэнд, ямар хэмжээгээр үлдээх талаар өөрийн хүслээ гэрээслэлээр баталгаажуулж үлдээхийг ойлгодог. Мэдээж гэрээслэлээс гадна хууль ёсны дагуу өвлөх үйл ажиллагааг ч мөн өвлөх соёлд хамааруулан үздэг байна.

Монгол Улсад өвлөх соёл одоог хүртэл нутагшиж хөгжөөгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.Үүний учир шалтгааныг судлаачид олон янзаар тайлбарладаг боловч миний бодлоор 1990 оныг хүртэл монголчууд дорвитой хувийн өмч хөрөнгөгүй байсны зэрэгцээ хууль тогтоомжоор гэрээслэл үлдээх явдлыг хязгаарласантай холбоотой гэж ойлгодог. Нөгөөтэйгүүр, хүний үхэлд хандах шашин номын хандлага монголчуудын өвлөх соёл хөгжихөд өнөөг хүртэл саад бэрхшээл учруулж байна. Хүн амьд сэрүүн үедээ гэрээслэл бичиж үлдээх нь “муу ёр” гэж үздэг нь нийгмийн дийлэнх хэсэг байсаар байна.

XXI зууны эхэн үеэс иргэд хувийн өмч хөрөнгөтэй болж хүн амын дунд бийлэгжүү хөрөнгөтэй бизнесмэн цөөнгүй төрсөн юм. Тийм ч учраас өнөөдөр өвлөх соёл буюу түүний дотор гэрээслэлийн соёлыг Монгол Улсын иргэдэд таниулах, учир холбогдлыг нь тайлбарлах, түгээн сурталчлах бодит шаардлага бий болсон гэж үздэг.   

Хүн амьдралынхаа туршид хөдөлмөрлөж зүтгэсний үр дүнд хуримтлуулж бий болгосон үл хөдлөх, газар, тээврийн хэрэгсэл, хувьцаа, оюуны үнэт зүйл гэх мэтчилэн эд хөрөнгийг нас барахдаа авсандаа аваад явахгүйгээс хойш хожим өөрийн үзэмжээрээ хэнд, хэрхэн хуваарилах, өв залгамжлуулах асуудлаа гэрээслэлээр зохицуулдаг" хэмээн хэллээ. 

"Банкны данс, гар утасны дугаар эзэмших эрхийг өвлүүлж болох юм"

Цахим хэрэглээтэй холбоотойгоор банкны болон бусад нууц үгээ гэрээслэлээр үлдээх шаардлага бий болж байна. Үүнийг манайд эрх зүйн хувьд зохицуулдаг эсэх талаар хэлэхдээ "Монгол Улсын Иргэний хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-д “Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна” гэж, мөн 6.2-д “Эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно” гэж тус тус заасан байна.  Өвлөгдөж болох эд хөрөнгийн зүйлсэд дээрх объектууд хамаарна.

Банканд эзэмших дансны нэвтрэх нэр, нууц үг, гар утасны код, картын нууц дугаар зэрэг зүйлсийг Монгол Улсын хууль тогтоомжоор өвлүүлдэггүй. Эдгээр нь данс, гар утсанд нэвтрэх технологийн хэрэгсэл болохоос иргэний гүйлгээний эд зүйл, өмч хөрөнгө, эзэмших эрх биш юм.
Харин банкны данс болон гар утасны дугаар эзэмших эрхийг өвлүүлж болох юм" гэж ярилаа.

"Гэрээслэл үйлдэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх нөхцөлийг бүрдүүлдэг"

Гэрээслэлтэй холбоотой гомдол, маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан жишээг /кейс/ энд дурдсан юм. Энэ талаар хуульч Л.Нинжбат "Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө манай хуулийн фирмд нэгэн иргэн хандаж байсан. Түүний эцэг бизнес эрхэлдэг байсан бөгөөд нас барснаар өв залгамжлалын асуудал босож ирсэн юм. Талийгаачийн өөрийн гэр бүлд үлдсэн гурван хүүхэд, гэр бүлээс гадна хоёр өөр эмэгтэйгээс төрсөн хүүхдүүд байсан юм билээ. Өвлөгдөх эд хөрөнгөд өндөр үнэтэй орон сууц, зуслангийн байшин, хэдэн автомашин, Их Британийн Лондон хотод орон сууц зэрэг өмч хөрөнгө үлдсэн байлаа. Түүнчлэн бусдад багагүй хэмжээний өртэй байсан юм.

Нэгэнтээ талийгаач гэрээслэл үлдээгээгүй тул өвлөгчид нотариатад хандаж хууль ёсны өвлөх хүсэлтээ ирүүлснээс өөр үйлдэл хийгээгүй байна. Гэтэл өвлөх эд хөрөнгийг хайж олох, баримт сэлтийг сэргээн тогтоох, хөрөнгийг хуваах талаар хэлэлцээр хийх талаар өвлөгчид ямар ч санаачилга гаргаагүй. Нэр дурдсан нотариатын болоод хууль зүйн үйлчилгээний зардлыг хэн ч төлөхийг хүсээгүй бөгөөд бүгд л үлдсэн хөрөнгө рүү дайрцгааж эзэмшилдээ авах гэж хэрүүл, тэмцэл, шүүхийн маргаан болж байсан.

Өвийн талаар өвлөгчид хоорондоо тохиролцож чадаагүй тул шүүхийн маргаан жил дамнан үргэлжилж, садан төрлийн хүмүүс хоорондоо тангараг тасарч, хөрөнгийг авсан зарим нэг өвлөгчдөд дураараа аашилсан гэх зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Улмаар өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт суларч чанаргүйдэж, эзэнгүйдэж, үнэ цэнэ нь буурч, гадаадад үлдсэн үл хөдлөх хөрөнгөө ч алдах эрсдэлд хүрсэн" хэмээн ярьсан юм.

Дээрх маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн талаар "Тухайн жишээнээс хэлэх гэсэн санаа бол, талийгаач амьд сэрүүндээ өөрийн өмч хөрөнгөө өвлөгчдөд өвлүүлэх талаар гэрээслэл үлдээсэн бол олон таагүй зүйлсээс зайлсхийж, маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж ард нь үлдсэн өвлөгчид ч эвтэй найртай, эрүүл саруул аж төрөх нөхцөл бүрдэх байсан. Тийм ч учраас монголчууд бид гэрээслэлийн соёлыг амьдралдаа нэвтрүүлж нас барагчаас өвлөгч нарт үлдээж буй чухал зүйл гэдгийг ухамсарлан ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй байх” гэдэг монголчуудын номлол ч гэрээслэлийн соёлыг нэвтрүүлэхэд түлхэц болно гэж боддог" гэв.