Индэр    
2022 оны 3 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Улсын эмнэлгүүд томуугийн өвчлөлд ДАРЛУУЛЖ, хүүхдүүд КОРИДОРТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Зураг

Томуу, томуу төст өвчний халдвар ихэссэний улмаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа тухай Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

Иймд нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж, насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг орнуудыг хүүхдийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх болжээ.

Сүүлийн хоёр жил коронавируст цар тахлаас үүдсэн хөл хорио, халдвар хамгааллын дэглэмүүдтэй холбоотойгоор томуугийн дэгдэлт, хүүхдийн өвчлөл харьцангуй бага байсан аж.

Харин сар орчмын өмнөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 100 хувь нээгдсэнтэй зэрэгцэн улирлын томуу өвчний тархалт ийнхүү газар авч, хүүхдүүд эмнэлэгт дугаарлаж, зарим нь эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байна.

Энэхүү нөхцөл байдлыг бодитоор сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг зорилоо(2021.03.15).



БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн гурван давхарт байрлах Хүүхдийн тасгийн гадна очиход л шилэн хаалганы цаанаас хүүхдийн уйлах дуу хадаж, ээжүүд коридорт хүүхдээ тэврэн холхицгоож байгаа харагдав...

Эмнэлгийн журмын дагуу гаднын хүн хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг руу шууд нэвтрэх нь хориотой тул төв хаалгаар нь буцаж орж явтал хүүхдээ тэврэн нэгдүгээр давхар руу бууж ирэх нэгэн ээжтэй таарч, нөхцөл байдлыг асууж амжсан юм.

"Сүүлд ирсэн хүүхдүүдийг коридорт ор дэлгэн байршуулж байгаа"

Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр ой дөхөж байгааг хүүхэд нь томуу туссан тул БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гурав хонож байгаа бөгөөд анх хэвтэж байсан үеэ бодоход яг одоо орны хүрэлцээ харьцангуй гайгүй болж байгааг хэлэв.

"Энэ эмнэлэгт зай талбай хүрэлцэхгүйн улмаас сүүлд ирсэн хүүхдүүдийг коридорт ор дэлгэн байршуулж байгаа. Ачаалал хэдий их болсон ч гудас дэвсэж, хүүхдийг газар хэвтүүлээгүй. Харин нэг орон дээр түр 1-2 хүүхэд хэвтүүлж байсан” хэмээн ярилаа.

Миний хувьд, гадуур хувцастай байсан тул эмнэлгийн коридорт санамсаргүй өрнөсөн яриаг хурдан дуусгаж, тус эмнэлгийг зорьж ирэх хүүхдүүдийг хүлээн авч буй тасаг руу явсан юм.

17:30 цаг. БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд Хүлээн авах тасгийн танхимд хүүхэд нь халуурсан, бөөлжиж суулгасны улмаас үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд цуварч байв...

"Амбулаториуд 22:00 цаг хүртэл сунан ажиллаж буй учир Хүлээн авах тасгийн ачаалал буураад байгаа нь энэ"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эд ачааллын үеэр нь үзлэг хийж байсан эмчид саад болохгүйн тулд бүртгэл, зохицуулалт хийж байсан ажилтнаас томуугийн шинж тэмдэгтэй хэчнээн хүүхэд өнөөдөр ирснийг тодруулав.

Тэрбээр “Эмнэлгүүдийн амбулатори 22:00 цаг хүртэл сунан ажиллаж буйтай холбоотойгоор Хүлээн авах тасагт ирэх ачаалал харьцангуй бага болчхоод байгаа нь энэ.

Манайх зөвхөн эмнэлэгт хэвтэх бичигтэй хүүхдийг хүлээн авч байгаа бөгөөд өглөөнөөс хойш яг одоогийн байдлаар 110 орчим хүүхэд хүлээн авах дээр ирж үзүүлсэн байна.

Өмнө нь эмнэлэгт хэвтэх бичиггүй хүүхдүүдийг бүгдийг манайх хүлээн авахад дээрх тоо өдөртөө 300 орчимд хүрдэг байсан. Амбулатори дээр яг одоо сунан ажиллаж буй хоёр ч хүүхдийн эмч үзлэг хийж байна. 

Ер нь хүлээн авахын эд ачаалал 18:00-00:00 цагийн хооронд үргэлжилдэг. Өдийд манай тасагт ирэх хүүхдийн тоо 100 гаруй байгаа ч өглөө гэхэд 200 давдаг" гэв.

Мөн тэрбээр эмнэлгийн орны ачааллын тухайд "Миний өмнөх ээлж дээр коридорт ор ч олдохгүй байна гэж ярьж байсан. Ингэс гээд нэмж дэлгэсэн ор хүртэл дуусчихдаг. Уг нь манай эмнэлэг насанд хүрэгчдийн зарим тасагт ч зохион байгуулалт хийн хүүхдүүдээ хүлээн авч байна” хэмээн ярьсан юм.

18:00 цаг. Биднийг Хүлээн авах тасгаас гарч явахад ч 2-3 ээж хүүхдээ тэврэн эмнэлгийн хаалгаар орж байсан юм...

"Хүүхдийн хувцсыг нимгэлэхгүй байх, эрт унтуулах зэргээр дархлааг дэмжихэд анхаарахыг зөвлөе"

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Мөнхцэцэг “БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн 28 өрх дээр гарч буй томуугийн дэгдэлтэд өртсөн хүүхдүүдийг нэгдсэн эмнэлэгтэй уялдуулан хэвтүүлэн эмчилдэг.

Нэгдсэн эмнэлгийн ачаалал өндөр байгаа учраас бид орны хүрэлцээтэй уялдуулж харьцангуй хүнд хүүхдүүдийг хэвтүүлэхээр явуулдаг.

Өнгөрсөн Ням гарагт БЗД-т Амбулатори дээр ганцхан эмч ажиллахад л 118 хүүхэд үзүүлэх гээд ирсэн байсан. Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна" гэв.

Түүнчлэн "Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор амьсгалын замаар дамждаг халдвар нэмэгдэж байна. Бидний зүгээс дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн эмч нарт хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийхийг зөвлөж байгаа.

Гол нь эцэг, эхчүүд улирал солигдох үеэр хүүхдийнхээ хувцсыг хэт нимгэлэхгүй байхаас эхлээд эрт унтуулах зэргээр дархлааг дэмжихэд анхаарахыг зөвлөе. Хүүхдийг насанд нь тохируулж, унтах ёстой цагт нь унтуулах нь хамгийн сайн дархлаа дэмжих хэвшил болж өгдөг.

Мөн томуу нь КОВИД-19-тэй адилхан амьсгалын замын өвчин гэдгийг санаж олон нийтийн газар амны хаалтаа зүүх, гараа ариутгах зэрэг дэглэмийг мөрдөх хэрэгтэй" гэв.

2022 оны гуравдугаар сарын 9-ний байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 74.5 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байв. Мөн Сэхээн амьдруулах эрчим эмчилгээний тасагт АЗЦХХ-ын шалтгаантай өвчтөн 70.2 хувийг байжээ.

Харин БЗД-ийн хувьд, томуугийн өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.28 дугаар долоо хоногт Томуугийн өвчлөл өрхийн Эрүүл мэндийн төвийн үзлэгийн 19.4 хувийг дангаараа эзэлж байна гэх мэдээллийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга С.Ундрам өгсөн юм.



Маргааш өглөө нь /10:00 цагт/ Чингэлтэй дүүрэгт байдал ямар байгааг харахаар тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийг зорив.

зураг
 

Биднийг очиход тус дүүргийн Амбулаторийн хүүхдийн үзлэгийн өрөө хоосон байсан тул Хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх тасагт очлоо.

Улавч, бээлий өмсөөд, гадуур хувцсаа тайлан шатаар дээш гарахад эмнэлгийн ачаалал ямар хэмжээнд тулсныг 2, 3 дугаар давхрын коридорт нэмж байрлуулсан орнууд илтгэж байлаа...

Уг нь Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нийт 80 ортой. Гэвч өнөөдрийн байдлаар 197 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь энэ аж. 
Эмнэлэгт байсан хүүхдүүд 1-2 насныхан байв.

Тус эмнэлэгт хэвтэхээр ирсэн 3-5 хүүхэд шөнө нь коридорт хоноод маргааш өдөр нь ор сулрахаар шилжүүлж буй тухай эмнэлэгт хэвтэж буй эцэг, эхчүүд хэлж байсан юм.

"Эмнэлгийн ачаалал ийм байхад хүүхдээ ханиад хүргэхгүй байхад анхаарахыг уриалъя"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Б “Би хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтээд хоёр хонож байна. Анх ирэхэд тасагт ор байхгүй байсан тул коридорын орон дээр хэвтээд нэг хоноод тасаг руу орсон.

Эмнэлэгт хүүхдийн ачаалал их байгаа учраас хэцүү байна. Нэг тасагт ойролцоогоор зургаан хүн хэвтэж байна. Ямар ч зай алга. Харин эмч нар энэ олон хүүхдийг чадлынхаа хэрээр үзэж, эмчилгээг сайн хийж байна. Хүүхэд өвдөх хамгийн хэцүү. Дээрээс нь эмнэлгийн ачаалал ийм их байхад эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүргэхгүй байх тал дээр анхаарахыг уриалъя" гэв.

Иргэн Ц “Миний хувьд энд ирээд тав хонож байна. Мөн л хүүхэд маань эмнэлэгт ирсэн өдрөөс коридорт хоноод маргааш нь тасаг руу орсон” хэмээн ярилаа.

Харин эмч, сувилагч нар "Эрүүл мэндийн байгууллага бие нь муудаад ирсэн өвчтөнөө хэвтүүлэх боломжгүй гээд буцааж чадахгүй. Тиймээс л эмнэлгийн коридорт хүртэл ор дэлгээд эмчилгээгээ эхлүүлж буй юм шүү дээ” хэмээн хэлцгээж байв...

"Хүлээн авахад ирж байгаа нийт хүүхдийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна"
зураг
 

Доош буун тус тасгийн эмчээс нөхцөл байдлын талаар тодруулахад "Томуу, томуу төст өвчний дэгдэлт 14 хоногийн өмнөөс эхэлсэн. Тодруулбал, 14 хоногийн өмнөөс 2 настай хүүхдүүд ч цэцэрлэгтээ явж эхэлсэн. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ томуугийн халдвар аваад гэртээ нэгээс доош насны дүү нартаа халдааж, тухайн насны хүүхдүүд хурдан хүндэрч, улмаар эмнэлэгт олноор хэвтэж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь шуугиантай амьсгалтай, уушгины хатгалгаатай байна. Ингэж өвдсөн хүүхэд маш хурдан хүндэрч, амьсгалын дутагдалд ордог.

Гол нь хүүхдээ ханиалгасан, халуурсан зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн улирал солигдож байгаа энэ үед хүүхдээ дулаан хувцаслах, халуун шингэн зүйл сайн уулгах зэрэгт анхаарах шаардлагатай.

Чингэлтэй дүүргийн хувьд, ажлын өдрүүдэд 70-80 хүүхэд Хүүхдийн тасгийн Хүлээн авахад ирж үзүүлдэг бол амралтын өдөр энэ тоо огцом нэмэгдэж, 100-150-д хүрдэг. Гол нь хүлээн авахад ирж байгаа нийт хүүхдийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Энэ бол хүүхдийн өвчлөл, эмнэлэгт хэвтэлт маш их байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хоногт л 40 хүүхэд хэвтэж, эргээд эмнэлгээс гарч байгаа хүүхдийн тоо цөөхөн байна. Нэг хүүхэд 7 хоног эмнэлэгт хэвтээд гарч байхад өдөрт тэр эмнэлэгт 40 хүүхэд нэмэгдэж байна гэж бодохоор эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ор ингэж дүүрэх нь аргагүй.

Манай эмнэлгийн Хүүхдийн тасаг 80 ортой, түүн дээр нэмээд насанд хүрэгчдийн дотрын тасаг, насанд хүрэгчдийн мэдрэлийн тасаг гээд нийт хоёр тасагт зохицуулалт хийн нэмж ор дэлгэсэн. Одоогоор нийт 200 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна" гэв.

Тус эмнэлгийн насанд хүрэгчдийн дотрын орнуудыг сулласантай холбоотойгоор хүүхдийн эмч нараас гадна дотрын болон амбулаторийн эмч нараас нийт дөрвөн эмчийг татан ажиллуулж буй аж.

Мөн тэрбээр "Гол нь хүүхдээ ханиалгасан, халуурсан зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн улирал солигдож байгаа энэ үед хүүхдээ дулаан хувцаслах, халуун шингэн зүйл сайн уулгах зэрэгт анхаарах шаардлагатай.

Эцэг эхчүүд хүүхдээ томуугийн шинж тэмдэг илэрсэн үед эмчид үзүүлсэн ч эмийг нь өгөөд л цэцэрлэг, сургуульд нь явуулаад байдаг тал бий. Ийм байдал нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байдаг гэдгийг ойлгох ёстой.

Ганц эцэг эх биш, цэцэрлэг, сургууль ч ханиад томуугийн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг авахгүйгээр эдгэртэл нь гэрт нь буцаах арга хэмжээ авах ёстой бөгөөд сургууль, цэцэрлэгүүд хяналтаа сайжруулах хэрэгтэй" хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал ямар байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаагаас тодруулсан юм.

"ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтний эмгэгийн хандалт нь 24%-аар нэмэгдсэн"

Тэрбээр “Манай төвийн Яаралтай тусламжийн төвд томуу, томуу төст өвчний улмаас халуурч, ханиасан, амьсгал нь хямарсан шинж тэмдэгтэйгээр хандсан хүүхдийн тоо 24-25 хувийн нэмэгдээд байна.

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг хоёр урсгалаар тусламж үйлчилгээ үзүүлж, хүүхдүүдээ хүлээж авч байгаа бөгөөд зөвхөн амьсгалын эмгэгийн хэсгийн хандалт нь 24 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ энэ долоо хоногоос эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо харьцангуй багасаж буйг хэлье.

Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүүхдүүд нэлээд ирж байсантай холбоотойгоор бид өнгөрсөн долоо хоногт Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт нэмэлт 25 ор дэлгээд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус тасгийн хүүхдийн ор 100 хувь дүүргэлттэй байна.

Өндөр халуурах зэрэг томуугийн шинж тэмдэгтэй ирсэн суурь эмгэггүй хүүхдүүдийг бие хурдан сайжирч байгаа учраас энд орны эргэлт хурдан байна. 

Бид Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт нийт 50 ор дэлгэж, биеийн байдал хүнд хүүхдүүдээ авсан бол шинээр дэлгэсэн 25 ор дээр арай хөнгөн буюу суурь эмгэггүй хүүхдүүдээ аваад, хүний нөөцдөө зохицуулалт хийгээд ажиллаж буй.

ЭХЭМҮТ-ийн хувьд коридорт болон газраар ор дэлгэсэн асуудал гараагүй" хэмээн ярилаа.

Жил бүр томуугийн дэгдэлтийн улмаас эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэж, өвдсөн хүүхдүүд эмнэлгийн коридороор эгнэдэг байдал үргэлжилсээр байна. 2020, 2021 онд цар тахал гарсантай холбоотойгоор ийм байдал үүсээгүй өнжив.

Энэ нь нэг талаар эрүүл мэндийн байгууллагын хүрэлцээ, хангамж муутай холбоотой.

Учир нь сурвалжилгын явцад эмч нар "Үзүүлэхээр ирсэн хүүхдийн биеийн байдал үнэхээр хүнд, заавал эмнэлэгт эмчилгээ хийх шаардлагатай учраас л эрүүл мэндийн байгууллага коридортоо ч хамаагүй хүлээн авдаг" хэмээн ярьж байсныг энд дурдах нь зүйтэй.

Харин нөгөө талаар хүүхдээ томуугаар өвчлөөд биеийн байдал нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай хэмжээнд хүртэл хайхрамжгүй хандсан эсвэл шинж тэмдэг илэрсэн байхад нь ч хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулж, бусад дархлаа сул хүүхдүүдэд халдварлуулах нөхцөл бүрдүүлж буй эцэг, эхчүүдийн хариуцлагын асуудал болов уу.