Зураг
Зураг
Индэр    
2021 оны 10 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд нуугдсан мэдээлэл авах эрхийн ХЯЗГААРЛАЛТУУД

Зураг
https://news.am/rus/

УИХ-ын энэ Намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж буй.

2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн барьсан уг хуулийн төсөл хэрэв батлагдвал мөрдөгдөж эхлэх хугацаатай нь зэрэгцээд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчингүй болох юм.

Мэдээлэл авах эрх бол ардчиллын үндсэн зарчим. Тиймээс мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө л хязгаарладаг...

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 800 орчим хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тэр бүх хуульд "Глоб интернэшнл" ТББ 2019 онд судалгаа хийхэд 200 гаруйд нь “Иргэний мэдээлэл хүсэх эрх”-тэй холбоотой харилцааг зохицуулсан байжээ.

УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл дээр дурдсан 200 гаруй хуульд тусгагдаад байсан мэдээлэл өгөх болон авах харилцааг зохицуулах  үндэс болох юм. 

Тэгвэл уг төсөлд иргэдийн МЭДЭХ ЭРХЭД "хаалт" бий болгож болзошгүй буюу нийтээр анхаарах ёстой хэд, хэдэн заалт орсон байгааг энэхүү нийтлэлдээ онцолж байна.

1.Нийтийн мэдээллийн тухай хууль яагаад чухал вэ?

Манай улс иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хуулиар зохицуулсан дэлхийн 130 орчим улсын нэгд зүй ёсоор тооцогддог.

Анх 1992 онд Үндсэн хуульдаа иргэд төрөөс хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцаас бусад асуудлаар мэдээллийг эрх хайж, хүлээн авах эрхтэй хэмээн хуульчилж байв.

Түүнээс гадна, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенц болон УИХ-аас баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд иргэний мэдээлэл олж авах эрхийн талаар заасан байдаг.

Мөн иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх эрх зүйн зохицуулалт болж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хууль 2011 онд батлагдсан нь товчхондоо Монгол Улсын хүний эрхийн шалгуурт дэвшил авчирсан гэж үздэг.

Тэгвэл одоо хэлэлцэх Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөр өнөө үед чухал болоод буй цахим баримт бичгийн хүчинтэй байдал, баталгаажилт болон мэдээллийн эрх чөлөөний байдлын өгөгдөлтэй холбоотой асуудлыг голлон авч үзэж, төрийн байгууллагад байгаа бүх тоон мэдээллийг нээлттэй болгож байгаа.

Тиймээс энэ хууль батлагдсанаар иргэдийн мэдээлэл хайх эрх, хүлээн авах эрх зүйн орчин дээшилж, авлига ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх зэрэг томоохон ач холбогдолтой.

ГЭХДЭЭ……

2.Хязгаартай мэдээллийн талаарх ойлголт ба хаа ч байхгүй нэр томьёо
Тухайн хуулийн төсөлд мэдээллийг хаалттай, нээлттэй, хязгаартай гэж гурав ангилж, шинэ нэр томьёог оруулж ирсэн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд бусад хуулиудад байдаггүй буюу “Хязгаарлалттай мэдээлэл” гэдэг ойлголтыг оруулж өгчээ.

Ингэхдээ танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж тодорхойлсон байна.

Үүнээс улбаалан хуулийн төслийн 14.1.7-д мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох талаар холбогдох мэдээлэл хариуцагчид хүсэлт гаргана хэмээн тусгажээ.

Мөн Хязгаартай мэдээллийг өгөх хүнээс мэдээлэл хүсэгч нь заавал “ЗӨВШӨӨРӨЛ АВНА” гэх зөвшөөрлийг тогтолцоог бий болгосон нь олон улсын гэрээ конвенцын ноцтой зөрчиж мэдэх байдлыг бий болгож байна.

Тодруулбал, /Хуулийн төслийн 9.6/-д Хязгаарлалттай мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа,

  • 9.6.1.мэдээлэл авах зорилго;
  • 9.6.2.мэдээлэл авагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;
  • 9.6.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;
  • 9.6.4.авах мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авах хэлбэр;
  • 9.6.5.мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа;
  • 9.6.6.мэдээллийг ил болгох эсэх;
  • 9.6.7.мэдээллийг бусдад дамжуулах эсэх;
  • 9.6.8.зөвшөөрлөө цуцлах нөхцөлийг танилцуулна хэмээн тус тус заажээ.

Тухайлбал, энэ нь иргэд мэдээлэл авахдаа тухайн мэдээллийн эзнээс заавал зөвшөөрөл хүсэх шаардлагыг бий болгож байгаа юм.

Ингээд харахаар уг хуулийн заалт нь нийтийн эрх ашгийг бус хуулийн этгээд, төрийн байгууллагын эрх ашгийг тэргүүнд тавьж буй мэт харагдаж байна.

Мөн энэ тухай “Глоб Интернэшнл” төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Олон улсын зарчимд мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлах зарчимд зааснаар, иргэн мэдээлэл авах зорилгоо тодорхойлохыг хориглодог. Тийм ч учраас 2011 оны Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд мэдээлэл хүсэхэд зорилгыг шаардаагүй.

Гэвч Нийтийн мэдээллийг тухай хуулийн төсөлд иргэн хязгаарлалттай мэдээллийг авахдаа зорилгоо бичих болон мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах тухай тусгасан нь олон улсын зарчмаас хазайж байгаа хэрэг.

Цаашилбал, "хязгаарлалттай мэдээлэл" гэж хуульд оруулсан нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил болж болзошгүй. Учир нь Үндсэн хуульд зааснаар, төрийн байгууллагаас хуулийн хүрээнд эрхлэн тогтоосон мэдээлэл нь хаалттай байна. Харин бусад мэдээлэл нээлттэй байна гэсэн хоёр л үндсэн концепц бий.

Гэтэл шинээр "хязгаарлалттай мэдээлэл" гэх ойлголтыг оруулж өгсөн нь алдаа дагуулах эрсдэлтэй” гэдгийг хэллээ.

Олон улсад иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах тухай ойлголтыг зөвхөн нийтийн эрх ашигтай нь холбон тайлбарладаг.

Тухайлбал, Австралийн Шинэ Уэльс мужийн Төрийн мэдээллийн тухай хуульд “Төрд буй бүх мэдээлэл ил тод байх ба зөвхөн нийтийн эрх ашигт нийцэх үндэслэл байгаа нөхцөлд иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж болно” хэмээн заажээ.

Ингэхдээ Мэдээллийн ил тод байдлыг хязгаарлах нийтийн эрх ашиг гэдгийг олон нийтийн эрх ашигтай харьцуулан жинлэж үзэхэд тухайн мэдээллийг нууцлах нь нийтийн эрх ашигт илүүтэй чухал байх нөхцөлийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг аж.

  • Тухайн мэдээллийг ил болгох нь төр болон төрийн байгууллагыг ичгэвэртэй байдалд оруулах, тэдгээрт итгэх итгэлийг бууруулах нөлөөтэй гэж үзэх нь мэдээллийг нууцлах үндэслэл болохгүйг анхаарах;
  • Мэдээллийг ил болгосноор мэдээллийг буруугаар ойлгож, тайлбарлах эрсдэл үүсгэнэ гэж үзэх нь мэдээллийг нууцлах үндэслэл болохгүйг анхаарах;
  • Иргэн тухайн мэдээллийг авахаар хүсэлт гаргасан бол мэдээллийг хүлээн авах болон ашиглахтай холбоотой аливаа нөхцөл /зорилгоо тайлбарлах/ тавихгүй байх зарчмыг баримтална хэмээн тус тус тусгажээ.

Гэтэл Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мэдээлэл хүсэгч нь хязгаарлалттай мэдээллийг авахын тулд зөвшөөрөл авах нь нийтийн эрх ашигт хэрхэн нийцэх тухай нэг ч өгүүлбэр байхгүй нь иргэдийн мэдээлэл авах эрхэд "хаалт" болж мэдэхээр байна.

Энэ тухай "Хэдийгээр уг хуулийн төслийн 9.2.4-9.2.6 дугаар зүйлүүдэд нийтийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах хууль ёсны байж болзошгүй асуудлуудыг дурдсан байх боловч зарим нэр томьёог тодорхойгүй орхисон нь эдгээр заалтыг дур мэдэн тайлбарлаж хэрэглэхэд хүргэж болзошгүй.

Мөн нэгэнт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлахыг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулж байна" хэмээн үзэж буйгаа хуульч Б.Пүрэвсүрэн ярилаа.

Түүнчлэн 2021 оны эхний улиралд Нийтийн мэдээллийн тухай хуулийн анхны төсөлд үнэлгээ хийсэн Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн зөвлөмжид “Ардчилсан засаглалын зарчмууд болон олон улсын гэрээнд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангахад төрийн байгууллагууд нээлттэй засаглал, үүнд хамаарах ил тод байдлын соёлыг идэвхтэйгээр сурталчлан баримтлах шаардлагатай. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэхэд гол саад болдог хүчин зүйл нь нийтийн мэдээллийг хэт нууцалж хамгаалах хандлага бүхий "нууцын" тогтолцоо юм” гэж анхааруулж байжээ.

Мөн иргэний мэдээлэл авах эрхэд тавих аливаа хязгаарлалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт-д заасан Үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам, нийгмийн эрүүл мэнд эсвэл ёс суртахууныг хамгаалах эсвэл бусдын эрхийг хамгаалах зэрэг хууль ёсны зорилгын аль нэгийг биелүүлж байх шаардлагатай хэмээн шүүмжилж байв.

Гэвч уг хуулийн төслийн Хязгаарлалтай мэдээлэл гэх нэрийн дор иргэний мэдээлэл олж авах эрхийн талаар биш тухайн байгууллага нь ямар мэдээлэл өгөхөөс өөрсдөө шийдэх боломжийг бий болгож болзошгүй байгаа юм.

Магадгүй тийм ч учраас энэ хуулийг хэлэлцэн батлахдаа, иргэний мэдээлэлтэй бай эрхийг хязгаарлах, баримтлах шалгуурын талаар НҮБ-ын олон улсын гэрээ конвенц, өгсөн зөвлөмжүүдийг харгалзах ёстой гэдгийг хууль судлаачид зөвлөж байгаа болов уу.

Иймд уг хуулийн төслийг хэлэлцэхэд үг үсгийн найруулга гэхээс илүү гол зарчмын асуудлыг хөндөх шаардлага тулгарч байна.

3.Мэдээлэл олж авч чадаагүй иргэний эрх ба шуурхай мэдээллийн үнэ цэн

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн 14.1.6-д мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй гэжээ.

Гэсэн хэдий ч энэ нь мэдээлэл хүсэгчийн мэдээлэл олж авах эрхийг хангалттай хэмжээнд хангаж чадахгүй гэж үзэж болохоор байна. Учир нь зөвхөн тухайн цаг үедээ л үнэ цэнтэй мэдээлэл гэж бий.

Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед нь мэдээллийг олж авч чадалгүй хугацаа алдахад авахыг хүссэн мэдээлэл нь өөрөө хуучрах, үнэ цэнгүй болох буюу цаг үеэсээ хоцрогдох магадлалтай. 

Гэсэн хэдий ч мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн даруйд дээд шатны байгууллага эсвэл шүүхэд хандах боломжтой ч цаг хугацааны хувьд үр ашиггүй байж мэдэхээр зүйл гэдгийг анхаарах шаардлагатай.

Энэ тухай Хуульч Б.Пүрэвсүрэн хэлэхдээ “2011 оны Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар мэдээлэл олж авах эрх нь зөрчигдвөл иргэн дээд шатны байгууллагад буюу шүүхэд хандаж болно гэж зохицуулсан байдаг. Хүсвэл бас Хүний эрхийн үндэсний комисст хандаж болно гэж тусгасан.

Иргэдийн мэдээлэл олж чадахгүй байдалд санаа тавьж, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хамгаалсан байгууллага Монголд байхгүй байна. Тиймээс ч магадгүй манай иргэд мэдээлэл олж авахын араас хөөцөлддөггүй.

Тухайлбал, 2011 онд батлагдсан мэдэх эрхтэй холбоотой хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд иргэд мэдээлэл олж авч чадаагүйнхээ төлөө Захиргааны хэргийн шүүхэд хандсан тохиолдол бараг байхгүй.

Мэдээллийн үнэ цэнийн талаарх ойлголт нь хуульд заавал байх ёстой асуудал. Учир нь тухайн агшинд нь үнэ цэнтэй мэдээлэл гэж бий. Түүнийг тухайн цаг хугацаанд нь олж авч чадаагүй бол түүгээр иргэн шүүхийн маргаан өрнүүлж байх хооронд тэр мэдээлэл нь үнэ цэнээ алдах эрсдэл бий. Тийм ч учраас иргэдийн авахыг хүссэн мэдээллийг нь тухайн байгууллага өгөхгүй бол зүгээр л орхичихдог байх.

Харин олон улсад хоёрхон тохиолдолд буюу

  • Нэгдүгээрт тухайн авахыг хүссэн мэдээлэл нь төрийн байгууллагад байхгүй бол,
  • Хоёрдугаарт тухайн мэдээлэл хүсэгчийн мэдээлэл өөрөө байхгүй бол мэдээлэл өгөхгүй байж болох талаар тусгасан байдаг.

Гэтэл Монголд мэдээлэл өгөхгүй байх олон жишээ байсаар байна” хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн, 2018 оны арваннэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар, 2011 оноос хойш буюу Мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсанаас хойших долоон жилийн хугацаанд иргэд мэдээлэл олж авч чадаагүйтэй холбоотой гуравхан гомдол ирсэн байжээ.

Эдгээр нь мэдээлэл хүсэгчид одоог хүртэл мэдээлэл олж авах эрхээ эдэлж чадаагүй, зөрчигдсөн бол хуулиар хамгаалуулж чадахгүй байж болзошгүй нөхцөл байдлыг илэрхийлж байна.

4.“Хуучин нийгмээс үлдсэн нууцын соёл одоог хүртэл амь бөхтэй оршиж байна”

Нийтийн мэдээллийн хуулийн төслийн талаарх зарим асуудлыг хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодруулж байх үеэр “Өнөөдөр Монголд хуучин нийгмийн тогтолцоонд байсан нууцын соёл одоог хүртэл амь бөхтэй байна” гэдгийг тэрбээр онцолсон юм.

Тодруулбал, Төрийн байгууллага өөрийн алдаа дутагдал, ил тод байдал, хариуцлагагүйн улмаас зарим мэдээллээ албаны нууц гэж үзээд хаалттай байлгах бололцоо байсаар байна.

Энэ тухай Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд ч дурдсан байдаг.

Тодруулбал, уг хуулийн төслийн үзэл баримтлалд “Ил тод байх мэдээллийн талаар зохицуулалт байхгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц”-д хамааруулан тогтоох боломжтой байгаа нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх хөндөгдөхөд хүрч байна" тодотгожээ.

Энэ тухай тэрбээр "Хэрэв тухайн мэдээллийн албаны нууцад хамааруулж үзсэн тохиолдолд мэдээлэл хүсэгч нь шүүхэд хандаад ч тухайн мэдээллийг олж авч чадахгүй байдалд орох эрсдэл байсаар байна. Учир нь шүүх нууцтай холбоотой асуудлыг ил болго гэж шаардахгүй учраас мэдээлэл олж авч чадаагүйтэй холбоотой шүүхийн маргаан үүсэхгүй. Нөгөө талаар Хүний эрхийн үндэсний комисс ч мэдээллийн нууцтай холбоотой зүйлээр зөвлөмж гаргах боломжгүй юм.

2016 онд батлагдаж, 2017 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14.1 дэх заалтад "Албаны нууц" гэдэг ойлголтыг шинээр гаргаж ирсэн.

Албаны нууцыг өнөөдөр Засгийн газар боловсруулж, тухайн байгууллагын буюу албаны даргын шийдвэрээр баталчихдаг тогтолцоо байна. Гэтэл үндсэн зарчим, олон улсын гэрээ, конвенцод нууц мэдээлэл нь хуулиар зохицуулагдана гэсэн байдаг. Гэтэл манай хуулиар хэн нэг этгээд буюу албаны дарга /хувь хүн/ албаны нууцыг батлах боломжийг бий болгосон байгаа юм.

Энэ асуудлаар нэр бүхий хууль судлаачид шүүмжилдэг бөгөөд Үндсэн хуулийн цэцээс УИХ-д хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох чиглэлийг хүргүүлсэн байдаг.

Энэ хүрээнд ч Нийтийн мэдээллийн тухай хууль нь Төрийн болон албаны нууцын тухай хуультай зөрчилдөх хандлагыг бий болгож байна" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд “Хуульд ил тод нээлттэй байхаар заасан эсвэл төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй” гэсэн заалт оруулж өгсөн нь дэвшилттэй зүйлийн нэг болжээ.

Гэхдээ энэ нь Төрийн болон албаны нууцын тухай хуультайгаа хэрхэн уялдах нь тодорхойгүй байгаа нь зөрчил дагуулна гэдгийг хууль судлаачид анхааруулж байна.

Мөн “Хатуухан хэлэхэд өнөөдөр Албаны нууцын тухай хуультай манайхаас өөр улс дэлхийд байхгүй. Үүнийг ч ТЕГ-аас хийсэн судалгааны үр дүн харуулж байгаа.

Төрийн нууц гэдэг ангилалд нь албаны нууц гэдгийг тодорхойлж уялдуулсан хэсгүүд байгаа ч манайх шиг "Төрийн болон албаны нууцын тухай" гэж тодотгосон хуультай улс дэлхийд байхгүй.

Өнөөдөр Монголд хуучин нийгмийн тогтолцоонд байсан нууцын соёл одоог хүртэл амь бөхтэй байна. Олон улсын зарчмаар төрийн мэдээлэл нь иргэдэд дээд хэмжээнд нээлттэй байна. Гэвч хуулийн хүрээнд үндэслэж, зарим мэдээллийг нууцалж болно гэсэн зохицуулалт бий.

Монгол бол үүний эсрэг буюу төр хүсвэл зарим мэдээллийг нийтэд өгнө гэсэн зарчмыг хэрэглээд байгаа нь учир дутагдалтай” хэмээн онцлов.

Ташрамд дурдахад, 2017 оны есдүгээр сарын 1-нд шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Засгийн газрын тогтоолоор 565 зүйлийг нууцад хамааруулсан. Үүний 527 нь “маш нууц”, 54 нь “онц чухал маш нууц” зэрэглэлтэй мэдээлэл байгаа. Харин түүнээс өмнөх 13 жилийн хугацаанд 60 зүйлийг л хууль баталж, нууцад багтаасан байсан. Тэгвэл 2017-2019 онд буюу хоёрхон жилийн дотор нууцад хамаатай мэдээлэл 500 орчмоор нэмэгджээ.

 
Эх сурвалж: Глоб интернэшнл

Эцэст нь “Мэдээллийн эрх чөлөө хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас тунхагласан бусад эрх, эрх чөлөөг хэмжих үндсэн хэмжүүр мөн” гэдгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоор тунхагласан байдаг.

Өөрөөр хэлбэл, мэдэх эрх чөлөө бол хүний байгалиас заяасан эрх бөгөөд бидний бүхий л эрхээ хэрэгжүүлэх үндэс юм. 

Тиймээс мэдээлэл олж авах эрхийг хангаж, харилцааг нь зохицуулах эрх зүйн баримт бичиг болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд анхаарал татсан нэр томьёо, заалтуудад мэргэжлийн байгууллагууд, иргэд зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлага үүслээ.