Индэр    
2021 оны 9 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Автомашины торгуулиа төлсөн ч "ТӨЛСӨН" горимд шилжээгүй хэчнээн иргэний асуудал байгаа нь тодорхойгүй байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээлэл, технологийн эрин үед амьдарч буй монголчууд бид улсаараа "Цахим үндэстэн" болохоо албан ёсоор зарлаад буй.

Гэвч иргэд өнөөдөр зөвхөн автомашины торгуулийг цахимаар асуудалгүй төлж чадахгүй байгаа нь харамсалтай.

Тодруулбал, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.

Үүний дагуу иргэд амжиж торгуулиа төлөхөөр төлбөр төлөх цэгүүдэд сүүлийн өдрүүдэд урт дараалал үүсгээд буй.

Үүнтэй зэрэгцэн автомашин солих, шинээр авсан тохиолдолд өмнөх эзэмшигчийн торгуулийн мэдээлэл системд харагдсаар байдаг нь асуудал дагуулж байна.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, нэрээ шилжүүлэхдээ өмнөх эзэмшигч нь өөрт хамааралтай төлбөрөө бүрэн төлж барагдуулдаг. Гэвч энэ нь торгуулийн системд "төлөгдөөгүй" горимоор харагдсаар байдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

Иймд тээврийн хэрэгслийн өмнөх эзэмшигчийн торгууль шинэ эзэнд нь "өвлөгддөг" алдаа хаанаа байгааг нэхэн сурвалжиллаа.

"Авто тээврийн үндэсний төв нь торгуулийн мэдээллийг төлсөн горимд шилжүүлдэг субъект биш"

Энэ тухай Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Золжаргал “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын байгууллагын журамд тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх тухай заасан байдаг. Харин торгууль тавих болоод торгуулийн мэдээллийг төлсөн горимд шилжүүлдэг нь Тээврийн цагдаагийн алба юм.

Өөрөөр хэлбэл, Авто тээврийн үндэсний төв нь тухайн тээврийн хэрэгсэлд оноогдсон торгуулийг төлөх шаардлага тавьдаг байгууллага.  Ингэхдээ бид тухайн иргэнийг тухайн автомашинаа хүлээн авсан өдрийн гэрчилгээ дээрх хойших торгуулийг төлөхийг шаарддаг.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн зүгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг тухайн хүн авсан буюу тэрхүү автомашинаа өмчилснөөс хойших торгуулийг л нэхэж, төлүүлдэг гэсэн үг.

Тиймээс өмнөх эзэмшигчийнх нь торгууль автомашины шинэ эзэнд нь өвлөгдөх асуудал гарах боломжгүй. Учир нь бидний зүгээс худалдаж авсан автомашиных нь өмнөх торгууль системд харагдаж байсан ч бидний зүгээс төлөхийг шаарддаггүй.

Авто тээврийн үндэсний төвөөс автомашины эзэмшлийг шилжүүлэхдээ торгуулиа заавал төлөх шаардлага л тавьдаг. Тус шаардлагын дагуу иргэд торгуулиа төлж, тухайн баримтаа үзүүлсний үндсэн дээр шилжүүлэг хийдэг юм.

Харин төлсөн ч цаана нь устахгүй байгаа асуудал нь манай байгууллагатай холбоогүй. Авто тээврийн үндэсний төв торгуулийн мэдээллийг төлсөн горимд шилжүүлдэг субъект биш.

Иргэд торгуулиа төлсөн ч түүнийг нь Тээврийн цагдаагийн алба устгаагүй байх асуудал гардаг гэж дуулсан. Торгууль төлдөг төрийн санд бүртгэгдээгүй хэчнээн төгрөгийн мэдээлэл байгааг хэлж мэдэхгүй” хэмээн ярилаа.

Тиймээс уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг болохыг Тээврийн цагдаагийн албанаас тодруулсан юм.

"Торгуулийн төлбөрөө тушаасан ч "төлөгдөөгүй" горимд байвал ТЦА-ны 105 тоотод ирж тулгалт хийх боломжтой"

Харин ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо “Торгуулийг аппликэйшнээр төлж байгаа тохиолдолд зарим үед мэдээллийн дата сан нь ачааллаа дийлэхгүй, мэдээлэл нь очихгүй тохиолдол гардаг. Тийм учраас зарим мэдээлэл нь албан ёсоор бүртгэгдэхгүй байгаа юм.

Зарим иргэдийн хувьд, торгуулийг цагдаагийн байгууллагатай холбоотой гэдэг байдлаар Тээврийн цагдаагийн албанд ханддаг.

Торгуулийн төлбөрөө тушаасан ч хасагдаагүй байвал Тээврийн цагдаагийн албаны 105 тоотод төлбөр төлсөн тухайн баримтаа авчраад тулгалт хийх боломжтой.

Хэрвээ тулгалтаар төлбөр төлсөн үнэн боловч системд "төлөөгүй" горимд харагдсаар байвал бид мэдээллийг нь ЦЕГ-ын Мэдээллийн дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба руу явуулдаг. Тэндээс хасалт хийлгүүлдэг” хэмээн тайлбарлав.

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Цагдаагийн байгууллага нь автомашинтай холбоотой торгуулийг бэлэн бус хэлбэрээр оногдуулдаг. 

Тухайн байгууллага нь бүртгэгдсэн торгуулийн мэдээллийн хуулбарыг дата төв дээр байршуулдаг. Улмаар дата төв тус системээр дамжуулан гэрээ байгуулсан байгууллагад гаргаж өгдөг байна. Ингэж иргэд торгуулийн мэдээллээ аппликэйшн болон бусад системээр дамжуулан хардаг аж.

Өөрөөр хэлбэл "Гэрэгэ киоск болон бусад торгууль төлөх хувилбарт системүүд эсвэл банкууд нь Үндэсний дата төвөөс өгч буй хур системийн серверийг ашиглан торгуулийн мэдээллийг лавлах, төлөх үйлчилгээ үзүүлдэг.

Хэрэв уг системээр төлбөрөө төлсөн ч "төлсөн" гэх горимд шилжихгүй бол тухайн үйлчилгээ авсан байгууллагадаа хандах ёстой" гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

"Торгууль төлөгдөөгүй харагдах нь Дата төв болон тухайн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хур систем дэх асуудал"

Энэ тухай ЦЕГ-ийн Мэдээллийн дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албатай холбогдож тодруулахад "Торгуулийн төлбөр харах, төлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь тухайн иргэний торгуулийн төлбөрийг "төлсөн" горимд шилжүүлэх ёстой.

Торгууль төлөх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага бие дааж хариуцдаггүй бөгөөд төлбөр төлж буй хэрэгслүүд буюу банкууд, аппликэйшнүүд зэргээс дамжиж иргэд үйлчилгээ авч байгаа.

Төлбөр төлөгдөөгүй харагдах нь Дата төв болон тухайн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хур систем дэх асуудал. Хэрвээ тухайн системд алдаа байгаа бол түүнийг Үндэсний дата төвөөс шалгаж өгөх нь зүйтэй. Тиймээс ийм тохиолдолд иргэд тухайн үйлчилгээ авсан байгууллагадаа хандана. Эсвэл ТЦА-нд төлбөр төлсөн баримтаа авч очоод асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой” гэдгийг учирласан юм.

Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэний автомашины торгуулиа төлсөн ч "төлсөн" горимд шилжээгүй байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад Төрийн сангийн дансанд торгуулийн төлөлтийнх нь хасалт хийгдээгүй хэчнээн төгрөгийн үлдэгдэл байгааг ч мэдэх хүн байхгүй байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, сүүлийн хоёр хоног хасалт хийгдээгүй гэх гомдол гаргах иргэдийн тоо олширч, өдөрт 20-30 хүн ирэх болжээ.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байсан юм.
x