Индэр    
2021 оны 5 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Ядуурлаас ангижруулахуй буюу 100 сая иргэнээ 8 жилд хэт ядуурлаас салгасан Ши Жиньпиний жор

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны зун, коронавирусийн цар тахал дэлхийг хэрэхийн өмнө, бүх зүйл нээлттэй байсан тэр сайхан үед хувийн ажлаар Хөх хотыг зорихдоо хэд хэдэн машины урд толинд тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний зураг өлгөөтэй байх нь анхаарал татсан юм. Тогтолцооны хувьд Монголоос өөр байлаа гээд ийнхүү төрийн тэргүүний зургаа машиндаа өлгөх албагүй ч Ерөнхийлөгчөө хүндэтгэхгүй байх аргагүй, амьдралд нь нөлөө үзүүлсэн хүн гэдгийг нэгэн жолооч ярьж байсан нь санаанд буув.

Хэдийгээр дэлхийн хэмжүүрээс зөрүүтэй хэмээн олон улсын байгууллагуудаас шүүмжлэх тохиолдол гарсан боловч тус улсын стандартаар бол хэт ядуурлаас иргэдээ бүрэн салгаж чадах хэмжээнд ажилласан Ши Жиньпинийг ард түмэн нь ийн хүндэтгэдэг ажээ. 

Хятад улс өнгөрсөн 40 жилд 800 орчим сая, тэр дундаа сүүлийн 8 жилд 100 сая иргэнээ ядуурлаас салгаж чадсанаа дэлхий дахинаа бахархалтайгаар тунхагласан. Өөрөөр хэлбэл, ийнхүү амжилт гаргасан хугацааны 20% нь Хятадын коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичиг, өнөөгийн төрийн тэргүүн Ши Жиньпинтэй холбоотой гэж үзэж болохоор байна. Тэрбээр БНХАУ-ын энэ амжилтыг дэлхий нийтэд зарлахдаа 2030 онд манай гарагийн улс гүрнүүдийн хүрэхээр чармайж буй Тогтвортой хөгжлийн зорилтын “Ядуурлаас ангижрах” зорилгыг 10 жилээр наашлуулсан болохыг онцолсон юм.

График 1. БНХАУ-ын ядуурлын эсрэг зорилт ба хэрэгжилт

Урд хөрш маань биднийхээр хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын хүн амаас даруй 29 дахин их хүний амьжиргааг дээшлүүлж чаджээ. Тэгвэл 4 сая ч хүрэхгүй хүн амтай манай улсад ядуурлын түвшин яагаад 25%-аас буурахгүй, улам нэмэгдсээр байна вэ?

Хамгийн сүүлд Дэлхийн банк, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар 2018 оны байдлаар Монгол Улсын хүн амын 28.4 хувь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэдэг ангилалд багтаж байгааг танилцуулж байв. Тус судалгааны үр дүнг танилцуулах үеэр дээрх 28.4 хувь буюу 904.9 мянган хүнээс гадна нийт хүн амын 15% нь эмзэг байдалд байгааг онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бага үйлчлэлд эдгээр эмзэг байгаа иргэд ядуурлын шугамаас доош унах эрсдэлтэйг сануулж байсан. Тэгвэл коронавирусийн цар тахлын нөлөөгөөр энэ хэмжээ 40% давсан гэж тоймлох боломжтой гэсэн үг

График 2. Монгол Улсын ядуурлын түвшин(ҮСХ)

Өнгөрсөн хоёр парламентын хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хэрхэн буурсныг доорх график харуулж байна.

Ялангуяа, 1995 оноос хойш монголчуудын амьжиргаа өөдлөөгүй харин ч улам муудсан хэмээн иргэдийн 40 орчим хувь нь үнэлсэн судалгаа бий. 2020 онд л гэхэд төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай буюу түүхэн дээд хэмжээндээ хүрч, 2020-2023 онд Монгол Улс 10 их наяд төгрөгийн өртэй болох хуулийг УИХ баталсан. Энэхүү алдагдлыг цар тахалтай холбож байгаа ч үүнээс өмнө ч эдийн засаг, төсвийн бодлого тийм ч сайн байгаагүй гэдгийг дурдах хэрэгтэй. 

График 3. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1991 оноос хойш

 

Улс орноороо чинээлэг амьдрахад ямар жор хэрэгтэй вэ гэдэг талаар Ши Жиньпиний “Ядуурлаас ангижруулахуй” номд тодорхой өгүүлжээ.

Тэрбээр өөрийн удирдлагын багийн хамт Хятадын Фүжянь мужийн харьцангуй ядууралтай бүс нутгаар нэрлэгдэж байсан, Миньдүний есөн хот суманд 1988-1990 онд ажиллаж байж. Монгол Улстай дөхөх хэмжээний буюу 2.7 сая хүн амтай тэрхүү бүс нутгийн зарим хотынхныг “костьюм өмссөн ядуучууд” хэмээн гоочилдог байжээ. Уулархаг, аж үйлдвэр, зам харилцаа, эрчим хүч, дэд бүтэц хөгжөөгүй тус бүс нутгийг Ши Жиньпин “Улхгар шувуу” хэмээн зүйрлэж байв. Харин хоёр жил ажиллахдаа бүс нутгийн онцлог, түүхэн нөхцөл байдлын нарийн судалгаа хийсний үндсэн дээр тооцоолол гаргаж, хэрэгжүүлснээр “Улхгар шувуу”-г олон чиглэлд, тэнгис далайг гатлан дүүлэн “нисэх” хөгжлийн суурь болсон хэмээн дүгнэдэг. 

Тэгвэл уг арга барилаараа тэрбээр Миньдүний бүс нутгаар зогсохгүй улсынхаа хөдөө тосгоны 98.99 сая хүнийг ядуурлаас бүрэн салгаж, ядуу хүн амын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшлүүлж чаджээ. Ядуу бүс нутгийн хоцронгуй байдалд маш том өөрчлөлт гарч, ядуу иргэдийн боловсрол, эмчилгээ, орон сууц, ундны ус зэрэг нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирч, Хятадын жирийн иргэдийн амьдрал улам чанаржсан бодит үр дүнд хүрсэн байна. 

“Ядуурлаас ангижруулахуй” номд өгүүлсэнчлэн ядуурлаас салахын тулд хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжлийг эн тэргүүнд тавихын зэрэгцээ чин шударга, ёс зүйтэй, нягт нямбай төрийн алба гол хүч байж нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэсэн бөгөөд тэр чигтээ Монгол Улсад сургамж болохуйц гэлтэй.

Уг жорыг тоймловол

  1. Ард түмэн төвтэй байхыг баримталж ядуурлыг бууруулах ажлыг улсын ажлын онцгой байр сууринд тавих
  2. Хөгжлөөр ядуурлыг арилгаж ядуурлыг бууруулах үйл явцыг бодит байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх
  3. Ядуу бүлгийн голлох үүргийг нэмэгдүүлж, тал бүрийн хүчийг нэгтгэн төвлөрүүлэх явдал гэжээ. 

Уг номоос санаа авахуйц олон эшлэл байсны заримаас доор товчлон хүргэж байна(Ном дээрх өгүүлбэрээр нь буулгав).

  • Нутаг орон ядуу байж болох ч үзэл санаа хэрхэв “ядуурч” болохгүй. “Хувь заяатайгаа эвлэрч, ядуур амьдрах”, “Ядуу ч гэсэн санаа амар амьдрах”, “Хүлээх, найдах, гуйх”, “Бурууг бусдаас хайх” гэх мэт бэлэнчлэх үзэл бодлуудаас салах хэрэгтэй. 
  • Өөрсдийн бодит нөхцөлийг харгалзан тохиромжтой арга замыг гаргаж ирэх хэрэгтэй. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, валют олох нөхцөл, гадаадад борлуулж болох бараа бүтээгдэхүүний квот тогтоох зэрэг болно. 
  • Гадаадын хөрөнгө оруулагч манай улсад хөрөнгө оруулахад учирдаг бэрхшээлүүдийн хамгийн олон нь бидний ажлын бүтээмж өндөр биш, албан байгууллагууд олон, хариуцлагаа бие бие рүүгээ шиддэг зэрэг нь тэдэнд таагүй санагддаг. Харин бид бичиг баримтыг хялбаршуулах, зардлыг хэмнэх, үйлчилгээг сайжруулаад “Нэг цонх, нэг тамга”-ны үйлчилгээ зэргийг бий болгох хэрэгтэй. 
  • Ойн аж ахуй гэдэг бол “Хамгаалж чадсан мод бүхэн ой мод болно” гэсэн үзэл.
  • Удирдах боловсон хүчний мөрдөх зарчмын нэгдүгээрт иргэдийг хүндэтгэж, иргэдэд үйлчлэх тухай юм. 
  • Найрал дууны хамтлаг нь зайлшгүй нэгэн жигдээр дуулахад гол ая дан, өнгөө чухалчлах хэрэгтэй. Эдийн засгийг хөгжүүлэх ажил яг үүнтэй адил. Байгууллага, нэгж болгон өөрийн ажлыг чухал гэж өөр өөрсдийнхөөрөө хандаж эхэлбэл найрал дууны хамтлаг солгой хоолойн орилоон болох нь гарцаагүй. Тиймээс байгууллага, хувь хүн болгон нэгдмэл стратегийн ойлголттойгоор сэтгэл зүрхээ нэг чигт, нэгэн зорилгот, алсын хараагаа нэгэн чигт, дуу хоолойгоо нэг тийш хандуулж чадвал уг дуу улам яруу сонсголонтой болно. 
  • Ач холбогдол бүхий үнэ цэнтэй нэг ажил хэргийг гүйцэлдүүлэхдээ зөвхөн олон нийтийн нүдний өмнөх шаардлагыг харах бус, түүний цаана урган гарах уршгийг нь ч харах хэрэгтэй. Жишээ нь нэг далан барьснаар хүн, машин нэвтрэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ газрын гадаргуу дээрх байшин суулт өгч эхэлнэ. Ингэснээр хожмын олон сөрөг дагаврыг бий болгоно. 
  • Үр ашиггүй зүйлд хүч хөдөлмөрөө зарцуулснаас огт хийхгүй байсан нь үр дүнтэй. 
  • Бид ард түмэнд үйлчилэх ёстой гэдэг бол бидний ажлын ширээн дээр байнга байлгах сургаал үг юм. 
  • Авлигатай тэмцэх, шударга төрийн тухай ярих нь бидэнд ямар ч сонголтгүй чухал зүйл юм. 
  • Албан хаагчдын боловсрол дутмаг, үзэл санааны ойлголт сайн биш байгаа нь авлига хээл хахуулийг бий болгох үндсэн шалтгааны нэг төдийгүй авлигыг залхаан цээрлүүлэх саад, харшийн нэг байх болно. 
  • Шударга төрийг цогцлоон босгоход гурван зүйлийг зайлшгүй хийх хэрэгтэй. 
    • Томоохон гэмт хэргүүдийн гүнд нь ортол үргэлжлүүлэн шалган илрүүлж, жишээ болохуйц авлигын хэргүүдийг ил тод ард түмэнд харуулна.  
    • Чухлыг нь онцолж, байнга шалгаж байх хэрэгтэй. Авлига, хээл хахуулийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж, үүнд эрх мэдлээ ашиглаж төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн, газар ашиглаж орон сууц барьсан явцыг шалгахдаа их хэмжээний дайллага, цайллага, бэлэг сэлт авах, мөрийтэй тоглох, албаны мөнгийг хувийн зорилгод ашиглах байдлыг анхааран шалгах. 
    • Шударга төрийн үүрэг хариуцлагыг бий болгоно. Өөрсдийн ах дүү, үр хүүхэд, ойр дотно ажилладаг хүмүүс, найз нөхдөдөө тулгарсан асуудлыг хаацайлахгүй, шударга цэвэр байж, дүрэм журмыг хүндэтгэн, чандлан мөрдөнө. 
  • Эдийн засгийн хөгжлийн талаар ярих үед өндөр том байшингууд, том хэмжээний үйлдвэр, аж ахуйн газруудыг барихыг чухалчилж, жүжиг тоглох шинжтэй үр дүнгийн хойноос явбал, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ойлголтыг элсэнд уусгах мэт орхигдуулж, эцэст нь тааварлашгүй муу үр дүнд хүрч, алдаа завхралыг буцаах боломжгүй болдог. Тиймээс бодитой, холыг харсан бодлогыг хэрэгжүүлж, шинэ түшмэдийн халуун эрчийг амжилт гэж өөрийгөө хуурах байдлаас зайлсхийж, эцэс төгсгөлгүй урагшлах хэрэгтэй гэжээ. 

Энэ мэтчилэн тэрбээр залуу төрийн албан хаагчийн цээрлэх зүйлс, хурган дарга(ном дээр ийн бичсэн байв)-ын хариуцлага, удирдагч хүний боловсрол зэрэг өнөөгийн Монголын эрх баригчид санаа авах олон асуудлыг хөндсөн байна. Тэр дундаа эдийн засгийн бүтээн байгуулалт бол хамгийн гол зорилго гэдгийг олонтаа сануулах аж.

Миндүнээс Фүжөүд томилогдон ажиллаж байхад нь “Ардын өдрийн сонин”-д “Миньдүн ядуурлаас салах шугамыг даван чинээлэгжих замдаа оров” хэмээх нийтлэл гарсныг найз нөхдөөсөө дуулсан Ши Жиньпин “Бидний зорьж, хүсэж мөрөөдөж байсанчлан жинхэнэ утгаараа ядуурлаас ангижрахын хажууд ядуурлаас салах шугамыг давах нь зөвхөн эхлэл төдий байв” хэмээн тэрбээр номондоо дурсжээ. 

“Номын нэрээ “Ядуурлаас ангижруулахуй” гэсний утга нь юуны өмнө үзэл ухамсар ба бодол сэтгэлгээгээ “ядуурал”-аас ангижруулж, тархинд байдаг “ядуурал”-аасаа эхлээд ангижрах нь чухал юм. Ингэж байж өөрийн хариуцан удирдаж буй нутаг орноо, бүх үндэстнээ ядуурлаас ангижруулж, хөгжин цэцэглэж, чинээлэгжих замд хөтлөн түүчээлж чадна” хэмээн номынхоо төгсгөлд онцолжээ.

Өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо хөгжиж чадсан Хятад улс хэт ядуурал, гуйланчлалаас бүрэн ангижирснаа ийнхүү албан ёсоор зарлаад зогсохгүй өөрийн туршлагыг бусад орнуудад хуваалцахаар "Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын туршлага" цагаан номоо гаргаад байгаа билээ.