Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хятад улсын ядуурлыг бууруулж буй зургаан арга

Б.Оюунчимэг, iKon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Улсаас 70,000 юаниар ядуу иргэдэд барьж өгсөн орон сууц

Хятад таван жилд 60 сая буюу нэг жилд 13 сая иргэнийг ядуурлаас гаргаж байна. Тус улсын хувьд эдийн засгийн нийт үзүүлэлт нь сайжирч, өсөлт нь нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл 300 сая иргэн ядуу гэсэн ангилалд багтаж байгаа юм. Тиймээс БНХАУ 2020 онд ядуу иргэдээ чинээлэг амьдралтай болгох зорилт тавьжээ. 

 Монгол Улсын хувьд гуравхан сая хүнтэй ч гурван хүн тутмын нэг нь буюу 900 гаруй хүн өнөөдөр ядуу гэсэн ангилалд амьдарч байна. Тиймээс ч Монголчуудын хувьд ч ядуурал, ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд төр засгийнхны маань шийдэж чадахгүй асуудлын нэг. 

Тэгвэл хятадууд ямар аргаар ядуурлаа жил бүр 10, 10 саяар бууруулж чадаж байна вэ. 

Энэ туршлагыг судлахаар Монголын сэтгүүлчдийн баг 2018 оны тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж ядуурлыг хэрхэн бууруулж байгаатай танилцлаа. 

Өдрийн зарлага нь 1.9 доллар, идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовж амьдарч байвал тэр иргэн ядуу

Хятадууд ядуурлыг: 

  1. Цахим арилжаа
  2. Экологи
  3. Алсын зайн сургалт
  4. Барилга  
  5. Мал аж ахуй
  6. Эмийн ургамал тариалах зэрэг аргуудаар ядуурлыг бууруулж байна. 

БНХАУ 1986 онд Төрийн зөвлөлийн хорооноос ядуурлыг бууруулах төв байгуулж Шадар сайд нь хариуцан ажилладаг байна. 

 
БНХАУ-ын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албаны Мэдээллийн албаны дарга, хатагтай Сү Гүочиа

Энэ тухай БНХАУ-ын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албаны Мэдээллийн албаны дарга, хатагтай Сү Гүочиа  "Манай агентлаг 46 байгууллагатай хамтарч төрийн дүрэм, тогтоол, төсвийг баталдаг. Ядуурлыг бууруулахдаа юуны түрүүнд иргэдийн эдийн засгийн баталгааг гаргасан.

2000-2010 оноос ядуурлыг бууруулах дунд, урт хугацааны төсвийг боловсруулсан.

Ядуурлыг бууруулахдаа улсаас тэтгэх биш нээн хөгжүүлэх арга хэмжээг авдаг. Үүнээс гадна хувийн ААН-үүдтэй хамтарч БНХАУ-ын баруун хэсгийн муж тосгоны иргэдийг ядуурлаас гаргахаар зорьж байна. 

Хятадын коммунист намын XVIII их хурлаар 2020 онд бүх иргэдийг чинээлэг амьдралтай болгох зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхэд ядууралтай байгаа орон нутгийг ядуурлаас гаргахад тусгай арга хэмжээ авах юм. Ядуурлыг бууруулахад төрийн тогтолцоо маш чухал. Хятад улс зургаан бүсийн тогтолцоотой. 22 муж аймгийн дарга, намын хорооны дарга нартай ядуурлыг бууруулах чиглэлээр гэрээ хийдэг. Ингэснээр тухайн аймаг, муж тосгоны ядуурал буурсан уу, ажлаа сайн хийж байгаа юу, хэрэв ядуурлыг бууруулж чадаагүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхой зааж өгдөг. 2012-2018 он хүртэл Хятадын төсөвт 89 сая хүнийг ядуурлаас гаргахаар тусгасан" гэж байлаа. 

БНХАУ төрөөсөө 240 тэрбум юанийн жижиг зээлийн санг үүсгэсэн бөгөөд иргэдийнхээ ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан гурван жилийн хугацаатай 50 мянга хүртэлх юанийн хүүгүй зээл олгохоор төсөвтөө тусгасан байна. 

Хатагтай Сү Гүочианаас "Ядуу хүн гэж хэнийг хэлэх вэ?" гэж асуухад  “Өдрийн зарлага нь 1.9 доллар, идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовж амьдарч байвал тэр иргэн ядуу байна” гэсэн хариултыг өгч байв.

Төрөөс олгодог халамжуудад: 
  • Тухайн тосгоны иргэн 2,000 юанийн орлоготой бол 1,000;
  • 60-аас дээш насны тэтгэвэрт гарсан иргэнд нэмж сар бүр 80 юань олгодог байна. 

ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ХЯТАДЫН ЗУРГААН АРГА

Ядуурлыг бууруулах зургаан арга буюу дээр дурдсан аргачлал тус бүртэй бид танилцсан бөгөөд эдгээр газруудын онцлог сонирхолтой мэдээллээс хуваалцаж байна. 

НЭГ. Цахим арилжаагаар ядуурлыг бууруулах
 

Нью-Йоркийн хөрөнгийн биржид албан ёсоор хувьцаа гаргаж, эхний өдрийн зах зээлийн үнэ нь 230 тэрбум ам.долларт хүрч байсан дэлхийн технологийн дөрөв дэх том компани Алибаба ядуурлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулдаг байна.

Хоцрогдонгуй байгаа хөдөө орон нутагт 10 тэрбум юанийн төсөв гаргаж хөгжүүлдэг байна. Taobao-аар дамжуулан газар тариалангийн лизингийг олгодог аж.

Алибаба группийн Засгийн газар, олон нийттэй харилцах хэлтсийн орон нутаг, засгийн газрын харилцаа хариуцсан ахлах менежер Ричард Чанаас Алибаба групп инновацийг дэмжиж байгаа юу?, Хэрэв дэмжиж байгаа бол хичнэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? гэсэн асуултад "Инновацийн чиглэлээр 100 гаруй компанид, Блокчэйн болон үйлдвэржилтийн автомат системд хөрөнгө оруулалт хийж байгаа".

Харин хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагаа хэлээгүй юм.

2.Экологийн аргаар ядуурлыг бууруулах

Шичан хотын Чин Ган Шү тосгонд ядуурлыг хэрхэн бууруулж байгаа талаар танилцуулсан юм. 632 өрхийн 2,560 иргэн энэ тосгонд амьдардаг байна. Тосгоны иргэд идэвхтэй оролцсноор төслүүд амжилттай хэрэгжиж аялал жуулчлалаар мөнгө олж чаддаг болсон байна. 2015 оноос эхлэн тус тосгонд өөрчлөлт хийж эхэлжээ. 2017 онд аялал жуулчлалын 4А зэрэглэлийн тосгон болж чадсан байна. Гол хийсэн ажил нь газар ашиглалтын өөрчлөлт. 3,165 га газрыг шинэ тосгоны суурьшлын бүс болгожээ. Дээрээс нь нэмээд 4,035 га газраа эргэлтэд оруулснаар 197 сая юанийн орлого олсон байна. Тосгоноо шинэчлэхэд банкнаас зээл авч, Засгийн газраас 2.2 сая юанийн нөхөн олговор олгожээ. Эргэлтийн хөрөнгөөс олсон мөнгө үндсэн хөрөнгөнд 25 сая юань үлдсэн хэмээн танилцуулж байв. Тосгоны намын хорооны дарга, иргэдэд үйлчлэх нийтийн үйлчилгээний төв, эдийн засгийн зөвлөл, иргэдийн зөвлөл гэсэн бүтэцтэй. Ингэж шинэчлэлт хийснээр хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлж иргэдийг ажлын байртай болгосноор ядуурлыг бууруулсан байна.

 

2012 онд тус тосгоны нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 14,411 юань байсан бол 2018 онд 25,000-26,000 юань болжээ.

Цаашид газраа эргэлтэд оруулж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд Засгийн газрын зүгээс дэд бүтэцтэй холбоотой бүх зардлыг гаргаж өгөх юм байна. Мөн соёлын эвентүүдийг зарлаж жуулчдыг татна гэж үзэж байгаа аж. Чин Ган Шү тосгонд жилд гадаад, дотоодын 500,000-600,000 жуулчин ирдэг.

3. Алсын зайн сургалтаар ядуурлыг бууруулах
 

Чэндү хотын Ши Ши дунд сургуулийн "Ши Ши шянг Юн" сүлжээний ангиар бид зочилсон юм. Энэ сургууль Хятадын хамгийн эртний төрийн өмчит сургууль. Чин гүрний үед энэ сургуулийн план зургийг гаргасныг гадаа байрлуулсан нь сонирхолтой байв.

Энэ жил тус сургуулийн 2159 жилийн ой тохиож байгаа юм байна. Ядуу тосгон, мужийн хүүхдүүдэд сурган хүмүүжлийн сайн талыг мэдүүлэхийн тулд онлайн хичээл явуулдаг байна. Онлайн боловсрол нь нийгмийн, аж ахуйн, туршлага хуваалцах зэрэг долоон чиглэлээр сургалт явуулдаг. Шилдэг багш нараар эдгээр хичээлийг заалгадаг бөгөөд онлайн сургалтын 42 ангитай, 550 багштай аж.

Ши Ши дунд сургуулийг төгсөгчдийн 98 хувь нь их дээд сургуульд элсэн ордог. 

Сонирхуулахад, Хятадын бага сургууль үнэ төлбөргүй. Багш нарын цалин дунджаар 6,000 орчим юань. 

Ши Ши дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч “Манай сургуулийн хувьд соёлын талын арга хэмжээгээр сургалтын агуулгаа баяжуулж өгдөг. Би онлайн сургалтаар дамжиж байгаа сургалтын сэдэв ядуу, амьдралын бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэхээр шаардлагатай гэж бодож байна“.

4.Барилгын салбарынхан ядуурлыг бууруулж байгаа нь
 
Мөнхийн баян гал компанийн үйлдвэрлэл

Мөнхийн баян гал компани ядуурлыг бууруулж байгаа талаараа бидэнд танилцуулсан юм. Барилгынхан ядуу хүмүүст судалгаа хийж, тэднийг дэмжиж тухайн орны удирдлагатай хамтарч ажилладаг байна. Тус компани зам засахад хөрөнгө оруулалт хийдэг. Үйлдвэрлэлийн орлогоор ядуу иргэдийн орлогыг нэмэгдүүлдэг. 2017 онд 1,600 ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлжээ. 

Мөнхийн баян гал компани өөрийн сандаа хоёр тэрбум төгрөгийг цуглуулж, сайн үйлсийн аянд зарцуулдаг байна. Цаашдаа ядууг тэтгэх ажлыг үргэлжлүүлэх болно гэдгийг удирдлагууд танилцуулсан юм.

Тус компани Монгол Улсад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Сэргэлэн суманд цементийн үйлдвэр барьсан байна.

5.Мал аж ахуйн аргаар ядуурлыг бууруулах

Шичан хотын Аа ху тосгонд мал мал маллах, тариа тариалах зэргээр ядуурлыг бууруулж байгаа аж. Энэ тосгоны 73 өрхийн 296 ядуу иргэнийг орон сууцжуулсан байна. Орон сууц нь цахилгаан, интернет, ТВ үзэх гээд харилцаа холбоогоор хангагдсан. Нэг өрхийг байшинтай болгоход улсаас 70,000 юань, хувь иргэн 2,000 юань гаргажээ. Энэ тосгонд хамгийн хүйтэн нь -3 хэм байдаг тул дулааны асуудлыг арайхан шийдээгүй. 

Тосгоны иргэдийн жилийн цэвэр орлого 3,300 юань. Иргэд нь аж ахуйн ашигтай тариалан эрхэлж, мах бэлтгэх мал маллаж орлогоо бүрдүүлдэг. Ингэхдээ иргэд өрх өрхөөрөө нэгдэж малаа маллаж, махны чиглэлийн борлуулагч компани махыг нь борлуулан үүнээс олсон орлогоороо амьдардаг байна.

Аа ху тосгонд цэцэрлэгтэй, харин бага сургууль нь тосгоноос 20 километрийн зайтай суманд байдаг. Дотуур байрны асуудлыг шийдсэн учир хүүхдүүд нь тэндээ байрладаг байна. Цэцэрлэгийн багш нар нь сардаа 2,000 юанийн цалинтай. Эмнэлгийн тусламжийн хувьд анхны тусламж үзүүлэх 30м.кв өрөөтэй аж. Хэрэв өвчтөн хүнд байвал сум руугаа хүргэдэг байна. 

 
И үндэстнүүд

Энд И үндэстнүүд амьдардаг. Нийт хүн амын 52.5 хувь И үндэстэн, Хятад, Түвд гэх мэт 14 үндэстний хүн амтай.

6.Эмийн ургамлын тариалан эрхлэх аргаар ядуурлыг бууруулах
 
Эмийн өвсөн ургамлын газар тариалангийн талбай

Шидээ сум Гуан Мин тосгоны иргэд, Хятадын Поверчайна компани, тосгоны захиргаа хөрөнгө оруулалт хийгээд хоршоо байгуулсан байна. Хоршоо нь эдийн засгийн хамгийн өгөөжтэй гурван төрлийн эмийн бай хо ургамлыг тариалдаг байна. Бүтэн жилийн турш судалгаа хийж 2017 оноос эхлэн энэ эмийн ургамлыг тариалж эхэлжээ.

Эмийн ургамлыг тариад хоёр жилийн дараа хурааж авдаг байна. Хоёр жилийн турш хөрөнгө оруулалтын болон бусад бүх  зардлаа хасаад эдийн засгийн үр ашиг нь 15 га газраас 40,000 юанийн ашиг олдог аж. Бай хо нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон дархлаа сайжруулах эмийн чухал түүхий эд.

Эмийн ургамлын тариалангийн талбайд Аа ху тосгоны ядуу 73 өрхийн 296 иргэн гишүүн болсон бөгөөд тэд энд ажилладаг байна. Цаашид тариалангийн газраа нэмэгдүүлнэ хэмээн тайлбарлалаа.