УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ёс бус асуудлын талаар сошиал болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр багагүй хугацаа өнгөрөв. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага болон парламентын зүгээс хэрхэн хандаж байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрт нь болон бусад эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан гэдэг асуудлыг иргэн Б.Сүндэръяа дэлгэсэн.
Цагдаагийн байгууллагаас иргэн Б.Сүндэръяагийн гаргасан гомдол мэдээллийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж буй. Энэ нь эрхэм гишүүнийг сэжигтэн, яллагдагчаар татаагүй, иргэний гаргасан гомдлын хүрээнд шалгаж байгаа гэсэн үг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар иргэний гомдол мэдээллийг ажлын 19 хоногийн дотор хянаад хэргийг хаах уу эсвэл цааш үргэлжлүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү гэдгийг шийддэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад шаардлагатай гэж үзвэл Ц.Анандбазарыг яллагдагчаар татах процесс үргэлжлэх юм.
Тэгвэл иргэн Б.Сүндэръяа дөрөвдүгээр сарын 14-нд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж буйгаа мэдэгдэн, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн. Тэгэхээр тавдугаар сарын 11-нээс өмнө цагдаагийн байгууллага уг гомдлыг шалгаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг сэжигтэн, яллагдагчаар татах уу гэдгээ шийдэх юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч нэр төрд нь халдсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаад буй. Цагдаагийн байгууллага эдгээр гомдлыг нэгтгэн шалгаж байгаа аж.
Нийгмийн зүгээс Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудал нь ёс зүйгүй хэрэг учир түүнийг эгүүлэн татах ёстой гэдэг шаардлага тавиад буй. Гэвч уг шаардлагыг даруй биелүүлж, түүнийг эгүүлэх татах тийм ч амар зүйл биш.
Учир нь дараах нөхцөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна хэмээн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заажээ. Үүнд:
Харин УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоохын тулд юуны өмнө түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал хөндөгдөнө.
Хэдийгээр сүүлийн өдрүүдэд улс төр, нийгмийн амьдралд үйл явдал ар араасаа өрнөж байгаа ч Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудалд эрх баригчид хэрхэн хандахыг иргэд марталгүй харж, ёс зүйн хариуцлага тооцохыг шаардсаар байгаа. Парламентын цөөхөн хэдэн гишүүн #metoo хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа сошиалаар илэрхийлснээс өөрөөр улстөрчдийн зүгээс энэ асуудалд байр сууриа илэрхийлсэнгүй.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцүүлэх үүргийг тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгснөө өнгөрөгч Лхагва гарагт парламентын пэйжээр мэдээлжээ.
Гэвч өнгөрөгч Баасан гарагт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахдаа Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудлыг оруулсангүй.
Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд анхаарч, арга хэмжээ авах гэж байгаа дүр эсгэсэн болж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хамгийн их хөндөж, хоцорч, таслахгүй байхыг өөрөөрөө үлгэрлэж байна хэмээн байнга ярьдаг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ асуудалд тун хойрго хандаж байгаа. Чуулганы хуралдаанд хоцорсон гишүүдийг нэр заан, хурцаар шүүмжилдэг тэрбээр хоцролт, таслалтаас ч ноцтой асуудлыг өмөөрсөн гэмээр байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр “Өдрийн сонин”-ны 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний дугаарт өгсөн ярилцлагадаа Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудлын тухай “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдвэрлэх боломжгүй” гэжээ.
Ийнхүү Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хуулийн байгууллага иргэний гаргасан гомдлын хүрээнд шалгаж байгаа бол “ангийн нөхөд” нь түүнийг хаацайлсан, хаяагаа манасан байр суурьтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
105 СЭТГЭГДЭЛТЭЙ
|